| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхөө |
| Хэргийн индекс | 163/2020/0206/Э |
| Дугаар | 2021/ДШМ/05 |
| Огноо | 2021-02-08 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2021/ДШМ/05
Д.А д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоолтой Д.А д холбогдох 2015000000196 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э ийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд прокурор П.Шижиртуяа, шүүгдэгч Д.А , түүний өмгөөлөгч Р.Цэрэнханд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э , түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.
Шүүгдэгч: Х овгийн Д.А /рд:А ******** /, Архангай аймагт 1975 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, ... од оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, дээд боловсролтой, сэтгэл зүйч, багш мэргэжилтэй, 45 настай, эмэгтэй, ам бүл 4, сургуулийн насны 3 хүүхдийн хамт амьдрах, ял шийтгэлгүй,
Шүүгдэгч Д.А нь 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр улсын чанартай А-27 дугаартай асфальтан зам дээр **-** АРА улсын дугаартай Тоёото Приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна мөн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн Б-д зааснаар хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж Д.Х ийн эрүүл мэндэд хөнгөн, Э.Н ийн эрүүл мэндэд хөнгөн, А.Б ын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирол тус тус учруулж, А.Ч ы амь нас хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоолоор:
1. Шүүгдэгч Х овгийн Д.А ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э давж заалдах гомдолдоо:
2015000000195 тоот эрүүгийн хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э миний бие Булган аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11-р сарын 10-ны өдрийн Дугаар 2020/ШТЦ/218 шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр давж заалдах гомдлоо гаргаж байна. Шүүх нотлох баримтыг үнэлж үзэлгүй хэт нэг талыг баримтлан шийдвэрээ гаргасан тухайд:
Миний ээж хохирогч Ч нь өрх толгойлсон ганц бие эмэгтэй байсан бөгөөд энэ талаар шүүх хурал дээр болон хэргийг мөрдөн байцаах явцад мэдүүлж холбогдох бичиг баримтыг гаргаж өгсөөр байтал шүүх бүтэн өнчин үлдсэн дүү нарын минь тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоож өгөлгүй орхисонд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл шүүх тэжээгчээ алдсаны тэтгэмжид 32,600,000 төгрөг нэхэмжилсэнийг нотлох баримт бүрдүүлж өгөөгүй гэсэн шалтгаанаар хэрэгсээгүй, гэтэл энэ эрүүгийн хэргийн шүүх хуралдаан миний ээжийн амь насаа алдсан тухай шүүх хурал шүү дээ шүүх эмнэлэг миний ээжийг үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдоогүй, ослын улмаас амь насаа алдсан гээд дүгнэлтээ гаргаад шүүх амь насаа алдсан гэж хурал хийж байж нотлох баримт бүрдүүлээгүй гэж үзэж шийдвэрээ гаргаад байгааг ойлгохгүй байна. Шүүхийн шийтгэх тогтоолд иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхтэй гэж заасан ч миний дүү нарын өнөөдөр хүртэл хоолтой байх үгүй эсэх, ирээдүйд яаж амь зуух, учирч болзошгүй хор уршгийг огт харалгүйгээр дахин шүүхээр явуулж цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хохиролд оруулахаар шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ иргэний нэхэмжлэгчээр тогтоож гэмт хэргийн улмаас үүссэн хохирлыг хамтад нь шийдвэрлэх ёстой байхад тэжээгчээ алдаж өнчирч хоцорсон биднийг ахин шүүхээр явж олж авбал ав гэсэн шиг орхисон шүүхийн шийдвэрт маш их гомдож байна. Миний талийгаач ээж хэрэв амьд сэрүүн байсан бол хоёр дүү минь хэнээс ч дутахгүй дулаан гэрт ээжтэйгээ элэг бүтэн байх байсан гэтэл ээжийн минь амь нас үрэгдэж ахин балчир дүү нар минь эцэг эхийн хайр Э алийг ч мэдрэхгүйн дээр амьдрахад нь хэрэгцээтэй бүх зүйлээр дутагдаж гачигдаж өснө гэдгийг шударга шүүх харж, сонсож мэдсээр байж орхигдуулан оршуулгын бодит зардал болох 14.311.000 төгрөгөөр миний ээжийн амь насыг үнэлэн шийдвэрээ гаргасанд гомдолтой байна. Шүүгдэгчийн гаргаж өгсөн мөнгө бидний ээжийгээ оршуулахад л зарцуулагдсан мөнгөний зарим нь бөгөөд шүүхээс мөн л нотлох баримтыг үнэлэн үзэлгүй үлдсэн төлбөрийг гаргуулаагүй. Тус нэхэмжлэл гаргасан 2.186.400 төгрөг бол миний ээжийн нас барсны дараах 21, 49 хоногуудад зан үйлийн холбогдолтой гарсан зарлага болно. Тухайн үед зарлагын баримт дээр гарын үсэг зуран баталгаажуулан шүүхэд өгөхийг мэдээгүй, анзаараагүй өгсөн. Гэвч энэ зардал гаран тухайн зүйлсийг авсан нь үнэн болно. Мөн хойшид 2 бага насны хүүхдийн хэрэгцээг хэрхэн хангах бодит нөхцөл байдлыг шийдвэрлээгүй шүүхийн шийдвэр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хохирогчын хууль ёсны төлөөлөгч болох миний нэхэмжилсэн мөнгөн дүнг дүйцүүлж 2 дүүг минь насанд хүртэл нь тогтоож өгнө үү. Шүүгдэгчид оноосон ял шийтгэл хөнгөдсөн талаар дараах гомдлыг гаргаж байна. Миний ээж А.Ч амь насаа алдаж миний бага насны хоёр дүү минь өнчин үлдэж байхад шүүгдэгч ижил эх хүн байж өнчирч үлдсэн бидэнд тус дэм болж оршуулгын дараах хоногуудад болон шүүх хурал болсноос хойш үзэгдэх нь байтугай утсаар ганц удаа ч холбогдоогүй. 21, 49 хоногуудад гарсан зардал болох 2.186.400 төгрөгийг хүртэл төлөх сэтгэл байсангүй. Би одоо ялаас мултарсан эд нар надад хамаагүй гэсэн шиг орхисонд гомдолтой байгаа бөгөөд бүтэн нэг айлын амьдралыг үгүй хийж 3 хүүхдийг өнчрүүлж хүний амь насыг бүрлэгсэн байхад 2 жил тэнсэн харгалзаж шийтгэсэнд ял хөнгөдсөн, хэтэрхий нэгталыг баримтлан шийдсэн гэж үзэж гомдолтой байна. Хийсэн хэрэгтээ ял нь дүйцэх ёстой байтал амьдрал үр хүүхдээ авч явдаг ээжийг минь хайхрамжгүй хэнэггүй үйлдлээсээ болж амь насыг нь хохироочихоод өнчирч үлдсэн үр хүүхдүүдэд нь ядаж 18 нас хүртэл нь тэтгэмж өгөе гэж өөрөө дугарахгүй, бидний нөхцөл байдалтай ирж танилцах, байдал ямар байгааг бодолцож үзэн 1 удаа ч холбогдоогүй ийм хүнд шүүхээс оноосон ял хөнгөдөж байна гэж үзэж байгаа тул шүүх үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ялыг оноож тэнсэн харгалзах ялыг өөрчилж өгнө үү. Бидний ээжгүй үлдсэн зовлонг биднээс өөр хүн ойлгохгүй ч ээжгүй болгосон, тэжээгчгүй болгосон ялаа биеэр эдлэх ёстой гэж үзэж байна. Хэдийгээр шүүгдэгч ял эдэллээ гээд ээж минь босоод ирэхгүй ч ял эдлээгүй гээд дүү нарыг минь тэжээхэд тус дэм болохгүй, өөрөө мөн адил эх байж хүн чанар огт гаргахгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж миний гомдлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э ийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т заасан “эрүүгийн хуулийг буруу хэрэглэх”, “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх үндэслэл тогтоогдож байна. Үүнд:
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.А д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах хэсэгт заасныг журамлан ял оногдуулахгүйгээр тэнссэн нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээг хэрэглэх зүйл заалтад нийцээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээг” бүрэн гүйцэт тооцож гаргаагүй байна.
Учир нь: хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн баримтуудыг анхан шатны шүүхээс хүлээн авагчийн гарын үсэг зурагдаагүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай байна.
Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э ийн “шүүгдэгчээс тэжээгчээ алдсаны тэтгэмж 32.600.000 төгрөг, орон сууцны төлбөр 90.000.000 төгрөг, хоёр дүүгийнхээ дээд сургуулийн төлбөрт 36.000.000 төгрөг, 21, 49 хоногийн зан үйлийн зардал 2.186.400 төгрөг, нийт 160.842.400 төгрөгийг гаргуулах” гэсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо баримтыг хэрэгт ирүүлээгүй шалтгаанаар нэхэмжлэлийг шууд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь энэ талаарх баримтаа бүрдүүлж иргэний шүүхэд хандах түүний эрхийг шууд хязгаарласан байна.
Шүүгдэгч Д.А ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа боловч түүний үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирч, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдлаас үзэхэд дээрх хуульд заасан хор уршгийг арилгасан гэх шалгуурыг хангасан гэж үзэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээдэд хариуцан арилгахыг үүрэг болгожээ.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зааснаар “хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг нөхөн төлнө.
Хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хүний амь нас хохирсон хэргийн хохирол, хор уршиг арилаагүй талаар тайлбар, гомдол гаргасаар байтал анхан шатны шүүх үүнийг арилсан гэж үзэх үндэслэлээ тодорхой зааж өгөөгүй, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э ийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Д.А д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН
ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР
Д.МӨНХӨӨ