Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 100

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2017/0102/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

       Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга

      Улсын яллагч: Я.Сансар

  Хохирогч: Г.Буянхишиг

  Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Нарангэрэл

  Шүүгдэгч: Г.Гүрдаш нарыг оролцуулан            

 

Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Г.Гүрдашид холбогдох 201723000059 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт : Монгол Улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав ээж дүү нарын хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг С-29 байрны 10 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Их Мэргэд овог Ганчулууны Гүрдаш /РД: СЮ93071416/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Гүрдаш нь 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Түмэнбэмдэбэрэл” бааранд иргэн Г.Буянхишигийг сандлаар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Г.Гүрдаш нь 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Түмэнбэмдэбэрэл” бааранд иргэн Г.Буянхишигийн толгойн тус газар нь сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Г.Буянхишигийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 21 цагийн үед .... Түмэндэмбэрэл бааранд орсон юм. Тэр үед Дашаагийн төрсөн өдөр болоод уг бааранд бөөнөөрөө орсон юм. Бид хэдийг зааланд ороод бүжиглэж байхад надтай хамт ажилладаг Хонгороо гэх эмэгтэйн бөгсийг огт танихгүй тухайн үед бааран дотор бүжиглэж байсан нэг залуу базаад авсан юм. Тэгэхээр бид нар уурлаад уг танихгүй залуу хувцас хунараа тайлаад бид хэдтэй маргалдаж муудалцаж Дашаагийн нөхөр Мөнхбаяр руу дайрч давшлаад байхаар нь би Мөнхбаяр болон танихгүй залуу хоёрыг салгах гэж байхад уг таниргүй залуу бааран дотор байсан сандалыг аваад уг сандалаараа миний толгой руу 3 удаа хүчтэй цохиж миний тархийг хагалсан.... Гүрдаш гэдэг залуу анх удаа сандалаар цохиход л би манараад дүүрээд явчихсан. Намайг анх эмнэлэгийн яаралтай тусламж дээр очиход толгойн орой маань хагарч 6 оёдол тавиулсан бас толгойн баруун дээд хэсэг маань хаван үүссэн байна лээ. Тэгэхээр Гүрдаш намайг 1-2 удаа сандалаар цохьсон байх...” гэсэн мэдүүлэг /ХХ-14-17х, 100-101х/

 

Гэрч Г.Нандинцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 2 дугаар сарын 21-ний өдөр манай ажлын газрын Дашаа гэх эмэгтэйн төрсөн өдөр нь болоод 21 цагийн үед Түмэндэмбэрэл бааранд орж хоёрдугаар давхарт нь караокед дуулж сууцгасан. Тэгээд бөөнөөрөө заал руу орж бүжиглэж байхад тухайн үед зааланд бүжиглэж байсан танихгүй залуу гараараа миний бөгсийн базаж, нурууг маань хатгаад байсан. Тэгэхээр нь би уг залууд хандан чи болиоч гэж хэлчихээд уг залуугаас холдоод зогсож байхад уг залуу над дээр хүрч ирээд намайг гараараа мангасдсан. Тэгээд би удалгүй харъя гэж баарнаас гарч явж байгаад ажлынхаа газрын хүмүүсийг гэрт нь хүргэж өгье гэж бодоод буцаад бааран дээрээ ирэхэд манай ажлын газрын Буянхишиг толгойгоо хагалуулчихсан байж байсан. Тэгэхээр нь би ажлынхаа хүмүүсээс асуухад миний бөгсийг базаж, нуруу хатгаад байсан залуу манай ажлын. Маргалдаж муудалцаж манай ажлын Мөнхбаяр гэх залуутай зууралдаж барьцалдсан гэж байсан. Тэгээд уг танихгүй залуу манай Буянхишиг эгчийн бараан дотор байсан сандлыг бвббд толгойг нь цохьчихсон юм байна лээ...” гэсэн мэдүүлэг /ХХ-20-21, 34х/

 

Гэрч Н.Даш-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр миний төрсөн өдөр болоод... Түмэндэмбэрэл бааранд ойролцоогоор 21 цагийн үед орсон 23 цагийн үед караокед суухаа болиод заал руу орж бүжиглэсэн юм. Тэгээд бүжиглэж байхад минийй найз Нандиаг зааланд бүжиглжу байсан огт танихгүй залуу өдөж хоргоон бөгсийг нь базсан байсан. Тэр талаар надад Нандиа өөрөө хэлсэн. Тэгээд уг танихгүй залуу намайг харж байхад Нандиагийн нүүр лүү манастаж түлхсэн. Тэгээд манай найз Нандиа харъя гээд баарнаас гарсан. Би тэр залууд хандаж “чи яагаад байгаан бэ ингэж болохгүй гэж хэлсэн чинь намайг огт тоохгүй янхан гичий гэх зэргээр доромжлж байхыг Мөнхбаяр сонсоод уг танихгүй залуутай маргалдаж барьцалдаад авсан. Тэгэхэд нь Буянхишиг Уранхайч нар салгах гэтэл бааранд байсан сандлыг аваад сандалаар Буянхишиг эгчийг нэг удаа цохьчихоод болиод байсан гэтэл 3 удаа сандалаар цохиж толгойг нь хагалсан. Уг залуу гаднаас нь харахад согтуу юм шиг байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-22-23х, 31х/

Гэрч Х.Мөнхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Түмэндэмбэрэл бааранд караокеп дуулж байгаад доошоо заал руу орж бүжиглэсэн. Тэгээд байж байхад нэг танихгүй залуу манай ажлын газрын Нандиаг уг бааранд бүжиглэж байхад миний огт танихгүй нэг залуу өдөж хоргоон бөгсийг нь базаж, нүүрийг нь гараараа мангастсан. Манай эхнэр Даш-Эрдэнэ бухимдаад уг танихгүй залууд уурласан. Тэгэхэд тэр залуу янхан гичий гэх зэргээр доромжлохоор нь миний уур хүрээд уг залуутай маргалдаж муудалцаж барьцалдсан. Тэгэхэд манай ажлын Буянхишиг, Уранхайч нар болиулах гэж оролдож байхад тэр залуу баарнаас сандал аваад Буянхишиг эгчийн толгой руу 2-3 удаа сандалаараа цохьсон. Толгой хагараад цус гараад байсан. Уг залуу нилээн согтолттой байх шиг байсан. Бүжгийн талбай дээр нэг залуу Солонгоог өдөөд хоргоогоод байсан Солонго уурласан чинь тэр залуу баруун гарын таван хуруугаараа нүүрэнд нь наагаад түлхээд унагасан. Тэгэхээр би очоод чи яагаад эмэгтэй хүнийг түлхэж унагааж байгаа юм бэ гэж хэлээд уурлаад бид хоёр барьцалдаад авсан. Тэгсэн эхнэр болон Уранхайч нар салгасан ...” гэсэн мэдүүлэг /ХХ-24-25,31х/

Гэрч П.Баярцогтын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би бааранд ажиллаж байсан юм. Гүрдаш гэх залуу орж ирээд надаас 0.5 граммын лаазтай пиво авсан. Тэгээд удалгүй текин дээр ирээд дахиад нэг пиво авах гэсэн нэг эрэгтэй эмэгтэй хүн Гүрдаш дээр ирээд эмэгтэй нь Гүрдаштай хэрэлдээд байсан хамт зогсож байсан. Тэгээд удалгүй бүжиг эхэлсэн чинь бүжгийн голд дахиад зодоон болсон. Тэр үед Буянхишигийн толгой нь хагарсан байсан. Чиний толгой яасан юм бэ гэхэд Гүрдаш хагалсан гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-26-27х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Гүрдашийн иргэн Г.Буянхишигийн толгойн тус газар нь сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Дээрх үйлдэлд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн тул уг хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Буянхишигийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч эмчилгээний зардалд 1.500.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч холбогдох нотлох баримтууд нь бүрэн бүрдээгүй, зайлшгүй хийгдэх ёстой эмчилгээ байсан талаар зохих баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул зохих нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сандал нь “Түмэндэмбэрэл” баарны өмчлөлийн эд зүйл тул буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Их Мэргэд овогт Ганчулууны Гүрдашийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гүрдашийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн бор өнгийн түшлэгтэй модон сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Түмэндэмбэрэл” бааранд буцаан олгосугай.  

 5. Хохирогч Г.Буянхишиг нь хохирлоо нотлох баримтаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Гүрдашид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      Д.ГАНЗОРИГ