Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 462

 

Д.Ц-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, Ч.Наранцэцэг,  нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 470 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 777 дугаар магадлалтай, Д.Ц-т холбогдох 1703000010087 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, Ч.Наранцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Харчу овогт Д-ын Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан үедээ зөрчиж, хүний амь нас хохироох” гэмт хэрэгт холбогджээ. 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Ц-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 4 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, Ч.Наранцэцэг нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны болон давж заалдах шатны шүүх Д.Ц-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзаж үзэлгүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэх боломжгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл болгон хуульчилжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан.  Уг зүйлийн 1.3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар заасан байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Д.Ц, иргэний хариуцагч Н.Б нараас нийт 14,132,393 төгрөг гаргуулж, хохирогч А.Баярцэцэг нарт 12,363,143 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч И.Гомбосүрэнд 1,769,250 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн. Д.Ц нь давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогч А.Б-т 15,000,000 төгрөг,  И.Гомбосүрэнд 1,800,000 төгрөгийг тус тус төлсөн болохыг давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан байна. Өөрөөр хэлбэл Д.Ц нь гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлоо төлж барагдуулсан. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан хуулийн урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, Д.Ц-т оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Наранцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Хохирогч нар гомдол саналгүй, шүүгдэгч санаатай гэмт хэрэг үйлдээгүй тул хуульд заасан хорих ялын хамгийн доод хэмжээг оногдуулах өгнө үү гэж хэлсээр байтал давж заалдах шатны шүүх хүлээж аваагүй нь хуульд нийцэхгүй байна. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитой дүгнээгүй, хохирол төлбөр бүрэн төлөгдсөн нотлох баримтуудыг үнэлж, ач холбогдол өгөөгүйгээс болж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Шүүгдэгч Д.Ц гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, шүүгдэгчийн ар гэрийн гачигдалтай байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар түүний хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Ц-ын үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн нотлогдсон байна. Шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед жолоо барьж, зам тээврийн осол гаргасан бөгөөд шүүхээс оногдуулсан хорих ял түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, Ч.Наранцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн Д.Ц-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Ц нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, “Ар гүнт” зуслангийн замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 01-29 УНЧ улсын дугаартай “Lexus-470” загварын автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно; а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас “Toyota crown” загварын 89-75 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг ослын улмаас зорчигч Б.У-ын амь нас хохирч, зорчигч А.Б, М.Г нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Ц-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх эрхтэй бөгөөд ингэхдээ уг зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар заажээ.

Шүүгдэгч Д.Ц нь хуулийн дээрх зохицуулалтад заасан шаардлагыг хангаж байх тул шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлж 1 жил хорих ял болгон өөрчлөхөөр шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, Ч.Наранцэцэг нарын гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 470 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 777 дугаар магадлалд:

“Шүүгдэгч Д.Ц-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН