Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 221/MA2017/0219

 

      

 

 

 

                                                                                                           

 

 

 

 

 

 

“Бидвикэн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Номиндарь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болорцэцэг нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 49 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Бидвикэн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст  холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 49 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Бидвикэн” ХХК-ийн “Ашигт малтмалын хайгуулын 12646Х тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “....Шүүхээс С.Болдын хадам аав нас барсан гэх хүндэтгэн үзэх шалтгааныг 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дуусаж буй тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл гаргах хугацааг хожимдуулсаныг зөвтгөх үндэслэл болохгүй гэж үзжээ. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж...” гэж заасан хуулийн хугацаа нь 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр бөгөөд заагдсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болно. Бодит байдал дээр хүсэлт хүлээн авдаг ажилтан тухайн үед ажлын байранд байгаагүй, цагийн бүртгэлд бүртгэгдсэн ч ажил албан тушаалын томилгоо хийгдээгүй байсан тул өглөө, оройд цагаа бүртгүүлдэг боловч ажлын байрандаа байдаггүй байсан. Энэ бодит нөхцөл байдлыг зөвхөн цагийн бүртгэлээр нотлогдож байна хэмээн үзэх хангалтгүй юм. Тухайн үеийн Ашигт малтмалын газрын ажилчдын бүрэн эрхийн байдал болон ажил үүрэгтээ хандаж байсан бодит байдлыг бүрэн тогтоогоогүй. Ашигт малтмалын газрын тухай үеийн ажилчид хуулийн дагуу томилогдон ажиллаж байсан эсэх талаар нотлох баримтыг гаргуулахаар анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг хангаагүй. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “Бидвикэн” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан тус компанийн эзэмшдэг ХV-12646 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хугацаа сунгахыг даалгахыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан  хэрэглэсэн байна.  

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 22.1.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар”, 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 22.1.4-т “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” гэж зааснаар нэхэмжлэгч нь хоёр дахь удаа сунгасан хугацаа дуусах 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1 сарын өмнө хүсэлт болон холбогдох баримтаа өгөх үүрэгтэй.

Гэтэл “Бидвикэн” ХХК нь хуульд заасан хугацаанд хүсэлтээ өгөөгүй, 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах үйлчилгээний хөлс төлөөгүй, “Байгаль орчныг хамгаалах ажлын төлөвлөгөө”-г батлуулаагүй, хайгуулын ажлыг гүйцэтгэсэн талаарх тодорхойлолт зэрэг баримтаа бүрдүүлээгүй байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх ба тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт болон холбогдох баримтаа хуульд заасан хугацаанд гаргаагүй нэхэмжлэгчийн үйлдэлд хариуцагчийг буруутгах боломжгүй, захиргааны байгууллагыг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

           Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн үндэслэлээ “2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хугацаа сунгуулахаар очиход хүсэлт авдаг ажилтан ажлын байрандаа байгаагүй, “Бидвикэн” ХХК-ийн захирал С.Болдын хадам аав нас барсан байсан нь хүндэтгэн үзэх шалтгаан болсон” гэж тайлбарлаж байх ба дээрх нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох боломжгүй. Тодруулбал,

Хэрэгт авагдсан баримтаар “Бидвикэн” ХХК-ийн захирал С.Болдын хадам аав 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нас барсан, оршуулгын болон буяны ажилтай байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх боловч энэ нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хуульд заасан үүргээс чөлөөлөх, хугацаа хэтрүүлснийг зөвтгөх үндэслэл болохгүй.

Мөн эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрлийн сунгах асуудал хариуцсан мэргэжилтэн тухайн өдөр ажил дээрээ байсан нь хэрэгт авагдсан цагийн бүртгэл, өөрийнх нь тайлбараар нотлогдсон төдийгүй хуульд заасан хугацаа дуусч байхад сунгалт хийлгэхэд шаардлагатай баримтаа бүрдүүлээгүй байсан тул тухайн ажилтан байсан эсэх үйл баримт ач холбогдолгүйг дурьдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “захирал С.Болдын хадам аав нас барж хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, хугацаа сунгуулах өргөдөл хүлээн авдаг ажилтан бодит байдал дээр ажлын байрандаа байхгүй байсан атал зөвхөн цагийн бүртгэлээр ажлын байрандаа байсан нь нотлогдож байна гэж үзсэн” гэх гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 49 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч болон өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

               

                          ШҮҮГЧ                                            Г.БИЛГҮҮН  

                          ШҮҮГЧ                                                   Б.ТУНГАЛАГСАЙХАН  

                                     ШҮҮГЧ                                           О.НОМУУЛИН