Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 120/2017/0012/з |
Дугаар | 47 |
Огноо | 2018-01-29 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 47
“И х т” ХХК-ний нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: М.Батсуурь
Шүүгчид: Х.Батсүрэн
Б.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн: Т.Өлзийтүвшин
Нэхэмжлэлийн шаардлага: “Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 75, 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн а/29 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай”
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 120/ШШ2017/00015 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2017/0776 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Хэрлэнхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Пүрэвсүрэн нар,
Гуравдагч этгээд “М А” ХХК-ний захирал Ч.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 120/ШШ2017/00015 дугаар шийдвэрээр:Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг баримтлан “И х т” ХХК-ийн “Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн а/29 дүгээр, 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 75 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2017/0776 дугаар магадлалаар: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Гуравдагч этгээд “М А” ХХК-ний захирал Ч.М гомдолдоо: ... 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд”И х т” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг авч шийдвэрлэсэн.
120/ШШ2017/00015 тоот уг шийдвэрийн тогтоол хэсэгт:
4. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг баримтлан “И х т” ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн а/29, 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 75 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай ... гэж шийдвэрлэсэн.
5. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны 15 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр221/МА2017/0776 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
6. ХБНГУ-ын иргэн Вернер Вайглайн, МУ-ын иргэн Т.Нарангэрэл нар 1999 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Монгол-Германы хамтарсан “Монгол хаад тур” ХХК үүсгэн байгуулж, “Гүюг хаан” жуулчны баазыг Ханхонгор сумын Мандах багийн нутагт 1.5 га газар эзэмшсэн. Энэ нь Ханхонгор сумын Засаг даргын Тамгын газрын 1999 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 17 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу 1999 оны 11 дүгээр сарын 05 өдрийн №18 тоот захирамжаар гэрчилгээг “Монгол хаад тур” ХХК-д олгосон. (Тухайн хүсэлтэд захирал Нарангэрэл гээд “Монгол хаад тур” ХХК-ийн тамгатай)
7. “Монгол хаад тур” ХХК нь “Гүюг хаан” жуулчны баазын нэрээр 2004 оны 02 дугаар сарын 23-ныөдөр №13 дугаар захирамжаар 10 жилийн хугацаагаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан.
8. “Гүюг хаан” жуулчны баазыг өмчлөгч гэж Арбитрын шүүхийн шийдвэрээр тогтоогдсон “Монгол хаад тур” ХХК-ийн эзэмших эрхийг2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №75 захирамж гарсан бөгөөд №0173586гэрчилгээг олгосон.
9. 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн а/29 тоот захирамжаар Газар эзэмших эрхийгшилжүүлэх гэрээгээр “Монгол хаад тур” ХХК-иас “Мөнгөн-Ауруг” ХХК-дгазрыг шилжүүлсэн.
Дээрх үйл явдлаас харахад:
10. “И х т” ХХК-д эзэмшүүлсэн шийдвэр огт гараагүй. “И х т” ХХК-д “Монгол хаад тур” ХХК газар шилжүүлэх хүсэлт гаргаагүй, аливаа нэгэн шилжүүлэх гэрээ хийгээгүй.”И х т” ХХК-д гэрчилгээг Газрын алба өгсөн боловч эзэмшүүлэх гэрээ огт хийгдэлгүйгээр гэрчилгээ авсан.”И х т” ХХК-ийн захирал Нарангэрэл нь “Монгол хаад тур” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг гүйцэтгэж байхдаа дур мэдэн өөрийн эзэмшлийн газар мэт үзэж, “Монгол хаад тур” ХХК-ийн зөвшөөрөлгүй Газрын албанд хүсэлт гарган 2004 оны 10 дугаар сарын 23-нд дээрх газарт №0039032 тоот гэрчилгээ авсан. Үүнийг мэдсэн “Монгол хаад тур” ХХК-ийн ерөнхий захирал Вернер Вайглайн Нарангэрэлийг 2004 оны 6 дугаар сард “Монгол хаад тур” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, уг компаний ажилд оролцуулахгүй болгосон байдаг.
11. Үүнийг Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 61 дүгээр зүйл, Арбитрын шүүхийн тогтоолыг үндэслэн сумын Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №75 тоот захирамжаар “Монгол хаад тур” ХХК-д 1,5 га газрыг 5 жилийн хугацаатай эзэмших захирамж гарч №0173586 тоот гэрчилгээ олгогдсон.
12. Гуравдагч этгээд болох “Мөнгөн-Ауруг” ХХК нь хуулийн хүрээнд газар эзэмшсэн газрыг “Монгол хаад тур” ХХК-иас шилжүүлэн авсан болох нь дээрх баримтуудаар нотлогдож байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх илэрхий нэг талыг баримтлан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүйгээр, хуулийг буруу тайлбарлан хэргийг хянан шийдвэрлэсэн.
13. 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 120/ШШ2017/00015 тоот шийдвэр зөв байх тул хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
14. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвэээр үлдээж шийдвэрлэлээ.
15. Нэхэмжлэгч “И х т” ХХК-иас “Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн а/29, 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 75 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “...шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах”-аар тусгайлан заасан байх тул захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч маргаан бүхий Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн а/29, 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 75 дугаар захирамжуудын талаар хэзээ мэдсэн үйл баримтыг тогтоож, хуулиар тогтоосон нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн эсэх талаар дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай.
16. Түүнчлэн, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Тухайлбал, маргаан бүхий газар эзэмших эрх анх үүссэн гэх “Монгол хаад тур” ХХК-нд газар эзэмших эрх олгосон Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 1999 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 18 дугаар захирамж, Гүег хаан жуулчны баазад газар эзэмших эрх олгосон гэх мөн сумын Засаг даргын 2002 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаар захирамж, “Их хаад тур” ХХК-нд газар эзэмшүүлсэн гэх мөн сумын Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар захирамж зэрэг нь хэрэгт авагдаагүй, 1999 онд байгуулагдсан “Монгол хаад тур” ХХК-ийн эрх зүйн байдал тодорхойгүй, уг хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй этгээд нь хэн болох зэргийг анхан шатны шүүх тодруулалгүй, хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.
17. Харин, хэргийн оролцогчид газар эзэмших эрх олгосон сумын Засаг даргын шийдвэрт захиргааны хэргийн шүүхэд маргаж байхад, давж заалдах шатны шүүхээс, “... Баянгол дүүргийн иргэний шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1310 дугаар шийдвэрээр “И х т” ХХК-ийг ... /маргаан бүхий/ газрыг эзэмших эрхтэй ... /болох нь тогтоогдсон/” мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
18. Энэ үндэслэлээр, гуравдагч этгээд “М А” ХХК-ний захирал Ч.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2017/0776 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “М А” ХХК-ний захирал Ч.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд “М А” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА