Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2018/03333

 

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2018/03333

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 00-р хороо 0 хороолол 00/Б байр 00 тоотод оршин суух Ш овогт С.П /РД:000000/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 00-р хороо 0 байр 00 тоотод оршин суух  Б. Ц /РД:000000/-т холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 17,000 ам доллар буюу 42,092,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Ц нь 2013 оны 12 сарын 30-ний өдөр надаас 17,000 ам доллар зээлдэж аваад өнөө маргаашгүй өгнө гэсээр зээлсэн мөнгөө өгөхгүй маш их хугацаа алдсан. Ингээд миний бие 2017 оны 02 сарын 22-ний өдөр зээлсэн мөнгөндөө хүү тооцохгүй харин доллараар нь буцаан авахаар тохиролцон 2017 оны 05 сарын 01-ний дотор төлөхөөр болсон.

Иймд хариуцагч Б.Ц-с 17,000 ам доллар /1 ам доллар 2476.02/ буюу 42,092,000 / төгрөгийг нэхэмжилж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй учир нь зохигчдын хооронд хамтран ажиллахаар тохиролцон мөнгө өгч авдаг байсан тэр мөнгийг төлж барагдуулсан.

Миний үйлчлүүлэгч 2017 оны 02 сарын 22-ний өдрийн хэлцэлийн дагуу 17,000 ам доллар бэлнээр болон дансаар хүлээн аваагүй. Харин С.П, Ц нар нь хөрөнгө оруулалт хийн хамтран ажилладаг байсан. 2013 оны 12 сарын 30 өдөр авсан гэх 17,000 долларыг төлөөд дууссан мөн С.П өөрийн 000000 дугаарыг АБКбанк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан байсан төлбөрийг төлж барагдуулж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хурал дээр болон бичгээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч С.П нь хариуцагч Б.Ц-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,000 ам доллар буюу 42,092,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй 2013 оны 12 сарын 30-нд авсан мөнгөө төлж барагдулсан. 2017 оны 02 сарын 22-ний өдрийн хэлцэлийн дагуу 17,000 ам доллар хүлээн аваагүй гэж маргасан.

Нэхэмжлэгч С.П нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2017.02.22-ний өдрийн хэлцэл баримтыг ирүүлсэн бөгөөд 2017 оны 02 сарын 22-ний өдөр 17,000 ам долларыг бэлнээр болон дансаар хүлээлгэн өгөөгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Харин зохигчдын хооронд 2013 оны 12 сарын 30-ний өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тэдний тайлбараар нотлогдов.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар хуульчилжээ.

Зохигчдын хооронд 2013 оны 12 сарын 30-ний өдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн боловч бичгээр гэрээ хийгдээгүй, хугацаа тохиролцоогүй бөгөөд шаардах эрх нь 2016 оны 12 сарын 30-ний өдөр дууссан байна. Учир нь хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нь зөрчигдсөн эрхийг хамгаалуулах эрхийг тодорхойлж буй хугацаа юм.

Хавтас хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв.

Иймд нэхэмжлэгч С.П-ийн хариуцагч Б.Ц-т холбогдуулан 17,000 ам доллар буюу 42,092,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Ц-оос 17,000 ам доллар буюу 42,092,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч С.П-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.П-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 368,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ