| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2019/02498/И |
| Дугаар | 102/шш2019/02995 |
| Огноо | 2019-11-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 102/шш2019/02995
|
|
|
|
0000 оны 00 сарын 00 өдөр Дугаар000/00000/00000 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороолол, 0 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух Г.М нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс-0000, 00 тоотод Д ХХК-д холбогдох орон сууцны үнэ 000.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.И, Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Мягмарсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Д ХХК-тай 00/00/00 дугаартай Захиалгаар орон сууц барих гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 0 дүгээр хороолол, 0 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс-0000 Энгельсийн гудамжны 00/0 дүгээр байрны 00 тоот, 00.00 метр квадрат талбайтай, 0 өрөө орон сууцыг худалдаж авсан.
Уг орон сууцны 0 метр квадрат талбайн зах зээлийн үнэ 0.000.000 төгрөг бөгөөд нийт үнэ 000.000.000 төгрөгийг Д ХХК-д бэлнээр төлсөн.
Анх орон сууцыг сонирхож очиход тухайн барилгыг 0000 онд баригдсан гэж хэлсэн боловч сүүлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ гаргуулах үед барилга 0000 онд ашиглалтанд орсныг мэдсэн.
Үүнээс гадна дээрх гэрээ худалдах, худалдан авах гэрээ биш захиалгын гэрээ байсныг мэдсэн.
Бид орон сууцыг хүлээж авах үед бохирдсон байдалтай байсан бөгөөд амьдарч эхэлснээсээ хойш эхнэр бид 2 цэвэрлэгээ хийж, булан тохойг нь ухаж үзэхэд, байр хуучирсан, өмнө нь хүн амьдарч байсан байж болзошгүй нөхцөл байдал мэдэгдэж, хэрэглээд хаясан ариун цэврийн хэрэглэл, хуучин алчуур, ханын цаас нь халтартаж урагдсан, паарнууд хуучирсан, өрөөнүүдийн хаалганы гуя эвдэрсэн, тааз нь харалсан, шалны паркет зурагдсан гэх зэрэг доголдлууд илэрч, засаж өгөхийг хүссэн боловч одоог хүртэл засаж өгөөгүй.
Үүнээс гадна орон сууц худалдан авсан татварын хөнгөлөлт эдлэх хүсэлт гаргах үүднээс Д ХХК-иас НӨАТ-ын баримт авъя гэхэд уг компани мөнгө хүлээж авсан баримтыг 0000 оноор огноолон үйлдэж өгсөн учраас НӨАТ-ын хөнгөлөлт эдлэх боломжгүй болж бид хохирч байна.
Иймээс дээрх шалтгаануудын улмаас орон сууцны үнэ 000.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.М болон Д ХХК-ийн хооронд 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельсийн гудамжны 00/0 дүгээр байрны 00 тоот хаягт байрлах 00.00 метр квадрат талбай бүхий 0 өрөө орон сууцыг худалдаж авахаар тохиролцсон.
Ингэж тохиролцохдоо метр квадрат талбайг 0.000.000 төгрөгөөр тооцож, бэлнээр 000.000.000 төгрөгийг хүлээлгэж өгсөн байдаг.
Энэхүү орон сууцыг хүлээж аваад гэрээ хийснээс хойш маш богино хугацаанд байрыг хүлээлцэх асуудал яригдаж, үзүүлээд, хүлээлгэн өгч, үүний үндсэн дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн.
Худалдан авагч нар тухайн орон сууцад ороод цэвэрлэгээ хийх байдлаар нөхцөл байдалтай танилцахад явцын дунд байранд элэгдэл хорогдол, эвдрэл гэмтэл болон шинэ байранд байхад тохиромжгүй нөхцөл байдал үүссэн байсныг хариуцагчид хандаж хэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл орон сууцад хийсэн зүйл байхгүй, жилийн баталгаа өгсөн ч засвар үйлчилгээ хийгээгүй байна.
Тухайн үед хоосон байр үзсэн учраас нарийн доголдлууд мэдэгдээгүй гэж нэхэмжлэгч хэлдэг. Мөн орон сууцны төлбөрийг бэлнээр тушаасан учраас НӨАТ-ийн баримтаа авах гэтэл гэрээг 0000 оноор огноолж хийсэн тул баримт олгогдоогүй ба энэ үйл явдлаас болж байрыг солиулъя эсвэл орон сууцаа буцаая гэх саналыг Д ХХК-д өргөдөл бичиж гаргахад ямар нэгэн ажиллагаа хийгдэж, хариу өгөөгүй тул хариуцагчаас байрны үнэ 000.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү, гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.М Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Энгельсийн гудамжны 00 тоот орон сууцыг өөрөө үзэж шалган, боломжтой байрнуудаас өөрийн хүсэлтээр сонгож, орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан.
Түүнээс бидний зүгээс ямар нэгэн байдлаар шахаж, ав гэж дарамталсан зүйл байхгүй.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан шиг хуучин, өөр хүн амьдарч байсан, эвдэрхий, гэмтэлтэй байсан гэх зэрэг нөхцөл бодит байдалд нийцэхгүй байна.
Манай компани шинэ, урьд өмнө хэн нэгэн амьдарч байгаагүй орон сууцыг хүлээлгэн өгч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.
Хэрэв нэхэмжлэлд дурдсан шиг уг орон сууц бохирдсон, ханын цаас халтардаж урагдсан, паарнууд хуучирсан, өрөөнүүдийн хаалга эвдэрч хэмхэрсэн байсан бол нэхэмжлэгч орон сууцыг хүлээж авах үедээ эд хөрөнгийн доголдолын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байсан.
Гэтэл ямар ч доголдолгүй гэж хүлээн авсан тул тайлбар үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгч дээрх байрыг олон байрнуудаас өөрийн хүсэлтийнхээ дагуу сонгож, үзэж хараад авсан. Тухайн үед манайд олон байр байсан. Ганц энэ байр байгаагүй мэдэж байгаа. Би өөрөө энэ үед байж, хэлж танилцуулсан хүн.
НӨАТ-ын баримтыг гаргаж өгье гэхэд өөрөө авахгүй гэсэн. Өгөхөд татгалзах зүйлгүй. Иймээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 0000 онд ашиглалтад орсон орон сууцыг 0000 онд ашиглалтад орсон гэж борлуулагч хэлсэн гэж байгаа боловч ямар албан тушаалтай, хэн гэдэг хүн тэгж хэлсэн нь ойлгомжгүй байна.
Энэ тухай баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй. Талуудын хооронд байгуулсан гэрээг Г.М хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг.
Ямар ч үл хөдлөх хөрөнгийг худалдан авахдаа гэрээтэй уншиж танилцахгүй, нүдээр харж үзэхгүйгээр гарын үсэг зурна гэж байхгүй.
Компанийн зүгээс хүч хэрэглэн уншиж танилцах эрхийг нь хааж хүчээр гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. 0000 онд ашиглалтад орсон орон сууц гэдгийг Г.М мэдэж байсан.
Өмнө нь хүн амьдарч байгаагүй шинэ орон сууцыг хүлээлгэж өгсөн байдаг.
Гэвч тухайн орон сууцыг олон байрнуудаас сонгож авсан гэдгийг төлөөлөгч хэлж байна. Нэхэмжлэгч талын хэлээд байгаа доголдлууд тэр үед байсан бол хүлээн авахдаа мэдэх боломжтой байсан гэж үзэж байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт захиалагчаас баталгаат хугацаа тогтоосон. Энэ хугацаанд засвар үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг заавал бичгээр гаргана гэж заасан бөгөөд энэ хугацаанд худалдан авагчаас бичгээр гаргаж өгсөн санал хүсэлт байдаггүй.
Мөн гэрээний 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт талууд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа тогтоож үүргийн гүйцэтгэлийн сануулсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлахаар зохицуулсан нь Иргэний хуулийн 204 зүйлийн 204.4 хэсэгтэй нийцэж байна.
Хариуцагч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн буюу сонгож авсан орон сууцыг худалдан авагчид хүлээлгэн өгсөн, өмчлөлийг шилжүүлсэн учраас энэ шаардлага үндэслэлгүй байна.
Орон сууц захиалгын гэрээ байгуулсан гэж байна. Талууд гэрээг юу гэж байгуулсанаас үл шалтгаалаад шинжээр нь авч үзвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулж байна.
Иймд худалдагч тал биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээж, Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2, 252 дугаар зүйлийн 252.1 хэсэгт зааснаар шаардлага хангасан орон сууцыг хүлээлгэн өгч, гэрээний тогтвортой байдал, талуудын баталгааг хангах үүднээс дуртай үедээ, үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзах үндэслэл гэрээнд болон хуульд байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.М, х Д ХХК-д холбогдуулан орон сууцны үнэ 000.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, бид үүргээ биелүүлсэн гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн, 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Захиалгаар орон сууц барих гэрээ байгуулж, Е хотхоны 0/0 блонкны 00/0 дүгээр байрны 0 дүгээр давхарын 00 тоот, 00.00 метр квадрат талбайтай, 0 өрөө орон сууцыг 000.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, нэхэмжлэгч 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр орон сууцны үнэ 000.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн болох нь талуудын тайлбар, кассын орлогын ордероор тогтоогдож байна.
Хэдийгээр зохигчид бичгээр байр захиалах гэрээ байгуулсан боловч талуудын мэтгэлцээнээс үзэхэд, худалдах, худалдан авах гэрээ байна гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн нэхэмжлэгч гэрээг 0000 онд байгуулаагүй, 0000 онд байгуулсан, захиалгын гэрээ биш, худалдах, худалдан авах гэрээ гэж тайлбараараа илэрхийлсэн ч хэлцлийг хэлбэрийн хувьд дүгнэхэд хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй юм гэж үзлээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээхээр заасан байдаг ба хариуцагч, нэхэмжлэгчийн өмчлөлд дээрх орон сууцыг хүлээлгэн өгсөн болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн 0000000 дугаартай, 00000000 дугаарт бүртгэгдсэн 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр олгогдсон гэрчилгээ, гэрч Б.О, Г.Б нарын мэдүүлгээр нотлогдож мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч уг орон сууцны өмчлөгч мөн болох нь тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараас үзэхэд, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийг хүн хэрэглэсэн хуучин байр өгснийг тухайн үед мэдээгүй тул төлсөн мөнгөө эргүүлж авахаар нэхэмжилж байна гэж тайлбарлан маргаж байгаа бөгөөд дээрх үйл баримт,
Гэрч Б.О бид өөрсдөө 0-0 байр үзүүлснээс энэ байрыг сонгож авсан. Байр зарсан хүмүүс уг байрыг ав гэж хэлээгүй. Сүүлд байранд ороход ханын цаас, шал, хаалга нь хуучин байсныг мэдсэн
Гэрч Г.Б би байрыг үзүүлж, борлуулсан хүн биш. Түлхүүр хүлээлгэн өгөхөд оролцсон. Одоо санаж байхад энэ байрны эгч ирээд, бүгд нийлээд 00-иод байр байсан байх заавал фенг-шү-гээр нойлын өрөө нь баруун талдаа байрлалтай байрыг сонгон гэж хэлээд сонгосныг санаж байна гэх мэдүүлэгээр хариуцагч хууран мэхлэж, хүч хэрэглэн тулгаж, заналхийлэн орон сууцыг худалдан борлуулсан нь тогтоогдоогүй мөн нэхэмжлэгч хуучирсан байр хүлээн авсан гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг зааснаар үгүйсгэж нотлож чадаагүй, гэрээний чөлөөт эрхийн зарчмаар нэхэмжлэгч өөрийн хүсэл зориг, зорилгын дагуу үл хөдлөх хөрөнгийг худалдан авч, төлбөрийг төлсөн нь нотлогдож байна.
Иймээс хариуцагчийг эрхийн доголдолтой эд хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгчээ гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 000.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хуухч овогт Г.М нэхэмжлэлтэй, хариуцагч Д ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 000.000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА