Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/224

 

 

 

 

 

                                                                                       2025/ШЦТ/224

 

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: Т.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П

Шүүгдэгч: Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Бын М /ИБД:......../-д холбогдох эрүүгийн ..........  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Э суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 ээжийн хамт, А аймгийн Э суманд оршин суух хаягтай, урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн ................ дугаар шийтгэх тогтоолоор 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Б овогт Бын М (ИБД:...................)  

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь А аймгийн нутаг дэвсгэрт 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 02-ны хооронд зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар хохирогч хохирогч Б.Даас 8,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны .......дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт  хэрэгт холбогджээ.   

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

      

            Эрүүгийн 2412................. тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            Хохирогч Б.Дын өгсөн “....2023 оны 04 дүгээр сарын 17-ноос эхлэн Б.М гэх хүн над руу чат бичээд надаас мөнгө төгрөг зээлэх талаар ярьж эхэлсэн. Тухайн үед би мөнгө өгөөгүй байж байхад 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Б.М нь над руу залгаад надад 800.000 төгрөг зээлээч 2 хоногийн дараа хүүтэй нь өгье, надад ном хэвлүүлэх гээд жоохон мөнгө хүрэхгүй дутаад байна гэхээр нь би 800.000 төгрөгийг .......тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд 2 хоногийн дараа Б.М нь ээж болох Г.Оийн хамт миний .......... дугаар руу ......дугаараас залгаад ном гаргах гээд мөнгөний хэрэг гараад байна нэмж мөнгө зээлэх боломж байна уу гэхээр нь тийм их мөнгө зээлэх боломжгүй байна гэж хэлж байсан. Тэгээд 2023 оны 04 дүгээр сарын 24-нд 200.000 төгрөг, 04 дүгээр сарын 25-нд 100.000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 26-нд Б.М нь миний номны нээлт болж байна нутгийн нөлөө бүхий хүмүүс урьсан хүрэлцэн ирсэн байна гээд над руу зураг явуулж байсан. Тэгээд Б.М нь ээж Г.Оийн хамт над руу залгаад ахиухан хэдэн төгрөг зээлээч арга хэмжээ дуусвал нэлээн хэдэн төгрөгтэй болох гээд байна. Удахгүй номныхоо нээлтийг Э сум орж хийнэ гээд байсан. 2023 оны 27-нд 2.000.000 төгрөг шилжүүлсэн, 04 дүгээр сарын 29-нд 1.500.000 төгрөг, 04 дүгээр сарын 30-нд 300.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би Б.М гэх хүнийг нийт авсан 5.000.000 төгрөгөө хүүтэй нь хурдан өгөхийг шаардсан. Гэтэл удахгүй суманд очоод тэнд арга хэмжээ хийнэ тэндээс овоо ашиг орлого олчихоод номоо худалдаалчихаад өгнө гээд байсан. Тэгээд 2023 оны 05 дугаар сарын 2-нд 3.000.000 төгрөг зээлээ ч суманд хийх арга хэмжээнд мөнгө дутаад байна гээд Б.М надаас гуйгаад байсан. Олны танил хүмүүс суманд очно гээд надад чатаар харуулаад гуйгаад байхаар нь би 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд суманд ямар ч арга хэмжээ болоогүй, өөрөө ч ирээгүй ........ дугаар руу залгахаар утас нь холбогдохгүй байсан чатаар үе үе холбогдоод би удахгүй мөнгийг чинь өгнө ном зарагдаж байгаа гэж хэлж байсан. Сүүлдээ миний ном зарагдахгүй байна мөнгийг чинь удахгүй өгнө гэж байсан. Тэгээд мөнгөө өгөхгүй байхаар нь би түүний ээж болох  О рүү залгаад мөнгө төгрөгөө авъя гэж хэлэхэд чи тийм их мөнгийг яах гэж зээлсэн юм, би өөрөө холбоогүй байгаа та хоёрын асуудал надад ямар ч хамаагүй гэж хэлсэн. Надад мэдэгдэхгүй мөнгө өгчихөөд надад одоо наад асуудал чинь ямар ч хамаагүй гээд байсан. Б.М нь надтай холбогдоод Архангай аймгийн түүхт-100 жилийн үйл ажиллагаанд оролцож байгаа тэндээс хөлсөө аваад өгнө гэж байсан. Надаас авсан мөнгөө гадагшаа сургуульд сурах гээд дансанд байршуулсан байгаа хариу нь гарангуут мөнгийг чинь аваад өгнө гэж байсан. Тэгээд зам ангид орчуулагч хийж байгаа удахгүй цалин оронгуут мөнгийг чинь бөөнд нь өгнө гэж хэлээд түүнээс хойш ор сураггүй алга болсон. Би Б.М гэх хүнд нийт 8.000.000 төгрөг өгсөн тэр мөнгөнөөсөө нэг ч төгрөг аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/

 

Хохирогч Б.Дын дахин өгсөн “....би гомдолтой байна. Би Мд залилуулсан 8,000,000 төгрөгийн хохирлоо барагдуулж авмаар байна. Би сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 225 хуу/

Гэрч Г.Оийн өгсөн “...Би 2023 оны хавар Э сумын Өлзийт багийн Өлзийт хороолол 1013 тоотод оршин суух гэртээ байж байхад Д гэх залуу над руу залгаад танай охин М надаас мөнгө зээлээд өгөхгүй байна, надаас 800.000 төгрөг зээлсэн гэж сонсоод 5-6 хоногийн дараа Д гэх залуу над руу утсаар залгаад мөнгөө гэхээр нь би над руу дансаа явуулчих эгч нь чам руу ядаж талыг нь 400.000 төгрөг шилжүүлэе чи өөрөөс нь 400.000 төгрөгийг нь олж ав гэхэд эгчээ 800.000 төгрөг бишээ 8.000.000 төгрөг гэж байсан. Тэгэхээр нь би “өө наад мөнгө чинь эгчид нь ахдах мөнгө байна чи наад мөнгөө өөрөөс ав даа” гэж хэлсэн. Тэгээд над руу Д гэх залуу хэд хэдэн удаа залгаад “эгчээ танай охин надад мөнгөө өгөхгүй байна” гээд байсан. Тэгээд Б.Мтай утсаар холбогдож асуухад би мөнгийг нь өгч байгаа гэж хэлж байсан. Би тэр Д гэх залууд хандаж чи наад их мөнгөө өгөхөөсөө өмнө эгчдээ хэлэхгүй яав даа гэж хэлж байсан. М нь Улаанбаатар хотод нийтийн байранд байгаа талаар надтай 5 хоногийн өмнө чатаар холбогдоод хэлж байсан. Одоо барьж байгаа дугаар нь ........ дугаар дээр байдаг. Үүнээс өөр дугаар байгаа үгүйг би сайн мэдэхгүй байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/

 

Гэрч Г.Оийн дахин өгсөн “...Би 2024 оны 07 сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд байдаг хүргэнийхээ гэрийг сахихаар очсон юм. Энд үед 2024 оны 07 сарын 17-ны өдөр миний охин М нь аймгийн төвд над дээр ирээд 2 хоночихоод буцаад Улаанбаатар хот явсан. Би охиноосоо амарч байгаа юм уу гэж асуухад үгүй, би 2 хоногийн чөлөөтэй явна гэж байсан. Би охин руугаа мессеж болон утсаар харьцаж юм бичихээр над руу хариу бичдэггүй. Би түүний ............ дугаарын утас руу нь залгахаар дуудаж байгаад англиар ярьсан хариу өгөөд ярьж болдоггүй. М надад хэлэхдээ байр түрээсэлж амьдардаг гэж хэлсэн. Би өөрөө хот ордоггүй болохоор хаана байгаа газрыг нь мэдэхгүй. Ажил хийж байгаа, та надад санаа зоволтгүй гээд ямар ажил хийж байгаа талаараа надад хэлдэггүй. Хааяа надаас 20000, 30000 төгрөг байна уу гэж асуухаар нь би байгаа үедээ мөнгө шилжүүлдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101 хуу/

 

Гэрч А.Тийн өгсөн “...Б.М гэх хүн нь урьд өмнө надаар ном хэвлүүлж байгаагүй харин тухайн үед ном хэвлүүлэх талаар саналаа хэлж байсан юм. Тухайн А гэх хүн нь “ДХХК”-д ажилладаггүй юм, миний таньдаг хүн бөгөөд хувиараа номын эх бэлтгэлийн ажил хийдэг ба тухайн Б.М гэх хүнийг ном хэвлүүлье гэхээр нь А гэх хүнтэй холбон танилцуулж өгсөн юм. Бын М гэсэн зохиогчтой “Т” нэртэй анхны дэвтэр гэсэн дэд гарчигтай номыг би анх удаа харж байгаа ба бусад хэвлэлийн компаниудаар хэвлүүлэх боломжтой юм” гэх мэдүүлэг /хх-ийн 105-106 хуу/

 

Гэрч Б.Аы өгсөн “...Би “Т” нэртэй номыг хэвлэж байгаагүй. 2023 оны 07 дугаар сард үед “Дэвшил дизайн” ХХК-ийн захирал Т миний гар утас руу залгаад ном эх бэлтгэх захиалга байна гэж хэлээд чам руу тухайн ном захиалах хүнийг холбогдуулъя гэж хэлсэн. Би “Т” нэртэй ном захиалга өгсөн хүнтэй “З Б.М’’ гэсэн фейсбүүк цахим хаягаар холбогдсон тухайн хүнд ном эх бэлтгэж өгөөд фейсбүүкээр ном эх явуулсан. Би “Т” нэртээ номыг эхийг бэлтгэсэн хөлс гээд 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр миний Хаан банкны ............. тоот данс руу 150,000 төгрөг шилжүүлсэн байна. Би болон манай найзын “Дэвшил дизайн” ХХК хэвлэж байгаагүй гэсэн. Т нэртэй номыг хаана ямар ч газар хэвлүүлж болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 114-115 хуу/

 

Гэрч Б.Хын өгсөн “...манай ээжээс Д гэх хүн очиж мөнгөө нэхсэн талаар болон сумын цагдаагаас залгахаар нь мэдсэн. Би яг хэдэн төгрөгийг мэдэхгүй байна ээжид 8.000.000 төгрөг өгөх ёстой гэж хэлсэн байсан. Би ямар нэртэй ном гаргасан талаар мэдэхгүй номын нээлт хийх гэж байна гэж ярьж байсан. Би цаг хугацааг нь сайн мэдэхгүй байна. Улаанбаатар хотод нийтийн орон сууцанд байр түрээсэлж амьдарч байгаа ямар ажил хийж байгаа талаараа надад хэлээгүй. 2024 оны 11 дүгээр сард урд говьд замын компанид ажиллаж байгаад ирсэн, одоо хотод байна гэж 2024 оны 11 дүгээр сарын сүүлээр чат бичиж байсан би тэр болгон холбоотой байгаад байдаггүй. Хэрэг гарсан үедээ өөрийн фэйсбүүк чат нь З.Б.Н гэсэн чатаар холбогддог. Тэрнээс бол утсаар залгаж ярьж байгаагүй. Залгахаар шууд тасраад байдаг утас нь ............ гэсэн дугаартай. 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр над руу чат бичсэн. Архангай аймгийн Э сум руу явах гэж байна, хоолны мөнгө байна уу гэж бичсэн байсан. Тэгэхээр нь би хариу бичээгүй. Ээж Мд мөнгө явуулсан байсан болохоор би мөнгө явуулаагүй юм. М бага багаар төлж байгаа л гэж хэлдэг би өгсөн үгүйг нь мэдэхгүй байна. Одоо гэртээ хариагүй 6 сар гаруй болж байна. Тэрнээс өмнө гэртээ хариагүй 2 жил гаруй болж байсан. Ээжээс очих гэж байна гэж хэлээд мөнгө авчихаад очихгүй байгаад байдаг. Ер нь мөнгөний хэрэг болохоороо холбоо барьдаг. Хааяа хот ороод уулзъя гэхээр уулзахгүй, хаана байгаагаа ч хэлдэггүй. Энэ мөнгөний асуудлаас болоод ар гэртэйгээ хөндий харилцаатай болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 143-144 хуу/

 

Яллагдагч Б.Мын өгсөн “...Би 2022, 2023 онд Б нэртэй яруу найргийн уралдаанд түрүүлээд ном хэвлүүлэх эрхийн бичиг болон бусад шагналаар шагнагдаж байсан. 2023 оны 4 сараас ном хэвлүүлэх ажилдаа ороод 2023 оны 05 сард “Т” нэртэй яруу найргийн ном хэвлүүлсэн боловч ном хэвлүүлэх эрх өгсөн хүнтэй холбогдож чадахгүй болоод хэвлэлийн үйлдвэрээс мөнгө болох 6,300,000 төгрөг нэхэгдэж нутгийн ах Даас цувуулж мөнгө авсаар 8,000,000 төгрөгийн өрөнд ороод төлж чадаагүй. Би Д ахаас ном хэвлүүлж байгаа, номын баяраа хийчихээд дараа нь зээлсэн мөнгөө төлөе гэж хэлээд өөрийн эзэмшлийн Хаан банкны .......тоот данс руу мөнгө авч байсан. Би зээлсэн мөнгөнөөсөө төлж байсан удаа байхгүй. Надад мөнгө төлөх боломжгүй байсан юм. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, Хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 164-167 хуу)

Иргэн Б.Даас гаргаж өгсөн иргэн Б.Мтай харьцсан чаатад 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, зураг /хх-ийн 37-52 хуу/

Шүүгдэгч Б.Мын Хаан банкны .......тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 53-57 хуу/

Иргэн Б.Даас гаргаж өгсөн иргэн Б.Мтай харьцсан чаатад 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 58-62 хуу/

Эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 79-81 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа (хх-ийн 222 хуу)

Б.Мын хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 219-221 хуу)

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн ............... дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 238-244 хуу/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэл (хх-ийн 227-228 хуу), шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Б.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

 

                1.Гэм буруугийн талаар:

 

               1.1 Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь Архангай аймгийн нутаг дэвсгэрт 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 02-ны хооронд ном хэвлүүлээгүй, номын нээлт зохион байгуулаагүй байж, уг үйл ажиллагааг хийх гэж байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Б.Даас 8,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны .......дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

 

             1.2 Шүүгдэгч Б.М нь бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан болох нь хохирогч Б.Дын өгсөн “....2023 оны 04 дүгээр сарын 17-ноос эхлэн Б.М гэх хүн над руу чаат бичээд надаас мөнгө төгрөг зээлэх талаар ярьж эхэлсэн. Тухайн үед би мөнгө өгөөгүй байж байхад 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Б.М нь над руу залгаад надад 800,000 төгрөг зээлээч 2 хоногийн дараа хүүтэй нь өгье гээд надад ном хэвлүүлэх гээд жоохон мөнгө хүрэхгүй дутаад байна гэхээр нь би 800.000 төгрөгийг .......тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд 2 хоногийн дараа Б.М нь ээж болох Г.Оийн хамт миний ............. дугаар руу ........ дугаараас залгаад ном гаргах гээд мөнгөний хэрэг гараад байна нэмж мөнгө зээлэх боломж байна уу гэхээр нь тийм их мөнгө зээлэх боломжгүй байна гэж хэлж байсан. Тэгээд 2023 оны 04 дүгээр сарын 24-нд 200.000 төгрөг, 04 дүгээр сарын 25-нд 100.000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 26-нд Б.М нь миний номны нээлт болж байна нутгийн нөлөө бүхий хүмүүс урьсан хүрэлцэн ирсэн байна гээд над руу зураг явуулж байсан. Удахгүй номныхоо нээлтийг Э сум орж хийнэ гээд байсан. 2023 оны 27-нд 2.000.000 төгрөг шилжүүлсэн, 04 дүгээр сарын 29-нд 1.500.000 төгрөг, 04 дүгээр сарын 30-нд 300.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би Б.М гэх хүнийг нийт авсан 5.000.000 төгрөгөө хүүтэй нь хурдан өгөхийг шаардсан. Гэтэл удахгүй суманд очоод тэнд арга хэмжээ хийнэ тэндээс овоо ашиг орлого олчихоод номоо худалдаалчихаад өгнө гээд байсан. Тэгээд 2023 оны 05 дугаар сарын 2-нд 3.000.000 төгрөг зээлээч суманд хийх арга хэмжээнд мөнгө дутаад байна гээд Б.М надаас гуйгаад байсан. Олны танил хүмүүс суманд очно гээд надад чатаар харуулаад гуйгаад байхаар нь би 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд суманд ямар ч арга хэмжээ болоогүй, өөрөө ч ирээгүй ........ дугаар руу залгахаар утас нь холбогдохгүй байсан чатаар үе үе холбогдоод би удахгүй мөнгийг чинь өгнө ном зарагдаж байгаа гэж хэлж байсан. Сүүлдээ миний ном зарагдахгүй байна мөнгийг чинь удахгүй өгнө гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/,  гэрч Г.Оийн өгсөн “...гэртээ байж байхад Д гэх залуу над руу залгаад танай охин М надаас мөнгө зээлээд өгөхгүй байна, надаас 800,000 төгрөг зээлсэн гэж сонсоод 5-6 хоногийн дараа Д гэх залуу над руу утсаар залгаад мөнгөө гэхээр нь би над руу дансаа явуулчих эгч нь чам руу ядаж талыг нь 400.000 төгрөг шилжүүлэе чи өөрөөс нь 400.000 төгрөгийг нь олж ав гэхэд эгчээ 800.000 төгрөг бишээ 8.000.000 төгрөг гэж байсан. Тэгэхээр нь би өө наад мөнгө чинь эгчид нь ахдах мөнгө байна чи наад мөнгөө өөрөөс ав даа гэж хэлсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/, гэрч А.Тийн өгсөн “...Б.М гэх хүн нь урьд өмнө надаар ном хэвлүүлж байгаагүй харин тухайн үед ном хэвлүүлэх талаар саналаа хэлж байсан юм. Тухайн А гэх хүн нь “Д ХХК”-д ажилладаггүй юм, миний таньдаг хүн бөгөөд хувиараа номын эх бэлтгэлийн ажил хийдэг ба тухайн Б.М гэх хүнийг ном хэвлүүлье гэхээр нь А гэх хүнтэй холбон танилцуулж өгсөн юм. Бын М гэсэн зохиогчтой “Т” нэртэй анхны дэвтэр гэсэн дэд гарчигтай номыг би анх удаа харж байгаа ба бусад хэвлэлийн компаниудаар хэвлүүлэх боломжтой юм” гэх мэдүүлэг /хх-ийн 105-106 хуу/, гэрч Б.Аы өгсөн “...Би “Т” нэртэй номыг хэвлэж байгаагүй. 2023 оны 07 дугаар сард үед “Дэвшил дизайн” ХХК-ийн захирал Т миний гар утас руу залгаад ном эх бэлтгэх захиалга байна гэж хэлээд чам руу тухайн ном захиалах хүнийг холбогдуулъя гэж хэлсэн. Би “Т” нэртэй ном захиалга өгсөн хүнтэй “З Б.М’’ гэсэн фейсбүүк цахим хаягаар холбогдсон тухайн хүнд ном эх бэлтгэж өгөөд фейсбүүкээр ном эх явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 114-115 хуу/, яллагдагч Б.Мын өгсөн “...ном хэвлүүлэх эрх өгсөн хүнтэй холбогдож чадахгүй болоод хэвлэлийн үйлдвэрээс мөнгө болох 6,300,000 төгрөг нэхэгдэж нутгийн ах Даас цувуулж мөнгө авсаар 8,000,000 төгрөгийн өрөнд ороод төлж чадаагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 164-167 хуу), иргэн Б.Даас гаргаж өгсөн иргэн Б.Мтай харьцсан чаатад 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, зураг /хх-ийн 37-52 хуу/, шүүгдэгч Б.Мын Хаан банкны .......тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 53-57 хуу/, иргэн Б.Даас гаргаж өгсөн иргэн Б.Мтай харьцсан чаатад 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 58-62 хуу/, эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 79-81 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.   

 

            1.3 Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлж, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөхгүй байх, хариу төлбөргүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа маргаанаас ялгагдах бөгөөд шүүгдэгч Б.М нь 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 02-ны хооронд ном хэвлүүлээгүй, номын нээлт зохион байгуулаагүй байж, уг үйл ажиллагааг хийх гэж байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Б.Даас 8,000,000 төгрөг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч хохирогч Б.Дд 8,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилж авсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

            1.4 Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Мыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв

 

           1.5 Иймд шүүхээс шүүгдэгч Б.Мыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

               2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

              2.1 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Б.Дд 8,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно.

 

              2.2. Шүүгдэгч Б.М нь хохирогч Б.Дд учруулсан хохирол 8,000,000 төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинээр гаргаж өгсөн Голомт банкны 2025 оны 8 сарын 06-ны өдрийн орлогын мэдүүлгээр (данс эзэмшигчийн нэр Д Баяраа, дансны дугаар Голомт банк, ............... тоот, гүйлгээний утга Б.Маас хохирол барагдуулав) тогтоогдож байх тул Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 08 сарын 14-ний өдрийн 53 дугаар Б.Мын Хаан банкны .......тоот дансны зарлагын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Мыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Д нь мөрдөн байцаалтын шатанд “...сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгохгүй...” гэж мэдүүлсэн тул хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол тогтоолгохгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.   

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

            3.1 Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

            3.2. Шүүгдэгч Б.М болон түүний өмгөөлөгчийн зүгээс нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдалд, түүний учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн түүний ар гэрийн байдал, хувийн байдал зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

          3.3 Шүүгдэгч Б.Мд  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн .............. дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байх бөгөөд тухайн хорих ял болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй байна.  

               4. Бусад асуудлын талаар:

              4.1 Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 2 /хоёр/ хоног, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 54 /тавин дөрөв/ хоног, нийт 56 /тавин зургаа/ хоногийг түүний эдлэх ял оруулан тооцож, шүүгдэгчийн цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /56х15.000=840.000/ тооцож торгох ялаас хасаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

              4.2 Шүүгдэгч Б.М нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хавсарган ирүүлсэн “Т” шүлгийн түүврийн номыг /зохиолч Б.М/ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч Б.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                     ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овгийн Бын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс оногдуулсан 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.  

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн ............... дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын энэ хэрэгт цагдан хоригдсон 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 2 /хоёр/ хоног, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 54 /тавин дөрөв/ хоног, нийт 56 /тавин зургаа/ хоногийг түүний эдлэх ял оруулан тооцож, шүүгдэгчийн цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /56х15,000=840,000₮/ тооцож торгох ялаас хассугай.            

 

          6. “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” А аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 08 сарын 14-ний өдрийн ........... дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

 

           7. Шүүгдэгч Б.М нь хохирогч Б.Дд учруулсан хохирлоо нөхөн төлсөн болохыг, хохирогч сэтгэцэд учирсан хохирол, нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн “Т” шүлгийн түүврийн номыг /зохиолч Б.М/ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

          8.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

          9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА