Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2018/03322

 

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2018/03322

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 0-р хороо 00 тоотод байрлах П ХХК /РД:00000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 0-р хороо 0-р байр 00 тоотод байрлах УББУ ХХК, түүний захирал Б.О /РД:00000/-д холбогдох

ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 31,090,315 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгсэн төлөөлөгч М.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНАСАУ-ын иргэн К овогтой Ё С миний бие Пэ ХХК-ийг төлөөлж УББУ ХХК-тай 2016 оны 01 сарын 31-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гэрээний гүйцэтгэлийн дагуу хана, шал, шатны ажил хийж гүйцэтгэсэн болно. Манай компани урьдчилгаа хөлс 14,500,000 төгрөг авсан. УББУ ХХК гэрээний гүцэтгэлийн үлдэгдэл төлбөр 31,090,315 төгрөгийг төлөхгүй биднийг хохироож байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд УББУ ХХК-иас 31,090,315 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш шүүхэд болон шүүх хуралдаанд гргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Пэ ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөр нэхэмжилж байгаа бол гэрээндээ ямар ажил хийхээр тохирсон, уг ажлын хүлээлгэн өгч акт үйлдсэн эсэх нь тодорхойгүй байхад манай УХХК-иас их хэмжээний төлбөр нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нотлох үүрэгтэй 31,090315 төгрөг нь ямар тооцоогоор гарсан нь тодорхойгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Пэ ХХК нь УББУ ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 31,090,315 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч УББУ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, хаана ямар ажил хэдэн төгрөгөөр хийхээр тохиролцсон нь тодорхойгүй гэрээг үндэслэн 31,090,315 төгрөг нэхэмжилсэнийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч Пэ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгон 2016 оны 01 сарын 31-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ-г шүүхэд ирүүлжээ.

УББУ ХХК болон Пэ ХХК-ний хооронд 2016 оны 01 сарын 31-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ мөн хуулийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. мөн 343.3-т ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлсийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус хуульчилжээ.

Дээрхи гэрээнд ямар ажлыг хэдэн төгрөгийн өртөгтэй хаана гүйцэтгэх нь тодорхойгүй бөгөөд уг гэрээгээр ямар ажлыг хэн хаана гүйцэтгэн хэнд хэзээ хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй, нэхэмжлэгч Пэ ХХК-нь үүнийгээ бичгийн баримтаар нотлоогүй.

Нэхэмжлэгч Пэ ХхК иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Зохигч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй нэхэмжлэгч нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй, шүүх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болоогүйг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч Пэ ХХК-ний УББУ ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 31,090,315 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Пэ ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Уббу ХХК-д холбогдох 31,090,315 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Пэ ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 313,402 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ