2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1547

 

 

 

 

 

 

 

 

 

    2025      06         09                                    2025/ШЦТ/1547

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

улсын яллагч Л.Наранхүү /томилолтоор/,

шүүгдэгч Л.А  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.А д холбогдох эрүүгийн 2406 02237 0905 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.А  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.А  нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би тухайн хэрэг болсон баарны гадаа зогсож байсан. Надтай хамт явж байсан найз маань сугандаа нэг хүн хавчуулаад чирээд гараад ирсэн. Би очиход хохирогч миний өөдөөс гараа далаахаар нь би өвдөглөчихсөн юм.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14/, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлсийн шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 15/, хохирогч М.Ө ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21, 58/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 24-26/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5075 дугаартай дүгнэлт /хх-ийн 31-32/, шүүгдэгч Л.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 54-55/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/,

Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 38/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39/,

Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 40/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 41/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Л.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,

            Шүүгдэгч “Хэлэх зүйлгүй.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Л.А  нь 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг А  нэртэй шөнийн цэнгээний газрын үүдэнд хохирогч М.Ө той маргалдаж, улмаар цохиж зодон эрүүл мэндэд нь баруун талын хоншоорын хөндийн урд, гадна, арын хананы зөрүү бүхий хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14/,

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлсийн шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 15/,

Хохирогч М.Ө ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 01 цагийн орчим манай найз А  над руу залгаж намайг А  нэртэй бааран дээр хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд би яваад очоод найзтайгаа баарны ширээн дээр сууж байтал үл таних хоёр залуу ирээд манай найзыг аваад гарчихсан. Тэгээд би хойноос гараад очтол цохилцоод байхаар нь салгаж байгаад нэгийг нь цохих гээд далайтал миний нүүр рүү нэг удаа цохиод газар унагаагаад миний нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид нар салчихаад би найзыгаа үлдээгээд гэртээ харих гээд явж байгаад нүүр хэсэгтээ дарж үзтэл баруун нүдний ухархайн яс цөмөрсөн байна, хамар мурийсан байна гэж хэлсэн.., Би энэ асуудалтай холбоотойгоор Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 400,000 төгрөгийн хамрын таславч янзлуулж, эрүү хадах хагалгаанд орж, шинжилгээ өгөхөд болон эм тариа худалдаж авахад нийт 350,000 төгрөгийн зарцуулсан ба эдгээр төлбөр болон цаашид хамрын хагалгаа хийлгэх зарцуулах 1,800,000 төгрөгийн нэмж нэхэмжилж байна. Одоогоор хагалгаа хийлгэсэн болон эм тариа худалдан авахад зарцуулсан өөрт байгаа 750,000 төгрөгийн баримтыг хавсаргуулж өгч байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 58/,

 Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “2024-04-13-нд 01:02:10 цагт улбар шар өнгийн богино ханцуйтай цамц өмссөн Л.А  нь тухайн баарны үүдэнд зогсож байгаад саарал өнгийн автомашины хажууд зогсож байсан бараан өнгийн хувцастай хохирогч М.Ө ын баруун шанаа хэсэг рүү зүүн гараараа нэг удаа цохих үеийн дүрс бичлэг бичигдэж үлдсэн байна. Бичлэгийг үргэлжлүүлэн тоглуулахад 01:03:54 цагт М.Ө  болон Л.А  нар нь ноцолдож буй дүрс бичлэг үргэлжилж байна. Уг бичлэг дээр Л.А ийг хохирогч М.Ө  нь баруун гараараа бүсэлхий хэсгээс нь зуурсан байдалтай байгааг дүрс бичлэгт харуулж байна. Хохирогч М.Ө ыг Л.А  нь удаа дараа цохиж байгааг харуулав. Бичлэгийг цааш үргэлжлүүлэн тоглуулахад 01:04:08 цагт Л.А  нь хохирогч М.Ө ын нүүрний хамар руу бөруун өвдгөөрөө өшиглөж байгааг харуулав. Л.А  нь хохирогч М.Ө ыг зүүн гараараа толгой хэсэг рүү цохиж, баруун хөлийн өвдгөөрөө өшиглөж байгааг харуулав...” гэх тэмдэглэл /хх-ийн 24-26/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5075 дугаартай: “М.Ө ын биед баруун талын хоншоорын хөндийн урд, гадна, арын хананы зөрүү бүхий хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруун цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тотоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..” гэх дүгнэлт /хх-ийн 31-32/,

Шүүгдэгч Л.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 04 дүгээр сарын 12-ны 23 цагийн орчим найзууд болох Т , Л  нартай А  баарны гадна уулзаж тухайн баараар үйлчлүүлж пиво ууж байгаад одоо санаж байгаагаар 03 цагийн орчим намайг баарнаас гараад зогсож байхад найз Л  нэг залууг сугадаж гарч ирээд тонгорч унагах гэхэд хойноос нь нөгөө залуугийн найзууд нь бололтой танихгүй залуучуудыг түүн рүү дайрахаар нь ойртож очиход нэг танихгүй залууг түлхэхэд сүүлд нэрийг мэдэх болсон М.Ө  болон цохиж авах гэж далайж дайрахаар нь доош тонгойж бултаад түүний хөлнөөс өргөж машин налуулаад унагаад цээж хэсэг рүү нь баруун гараараа 1 удаа цохиж аваад дараа нь зууралдахдаа зүүн гараар шанаа хэсэг рүү нь 1 удаа өвдөглөөд салж наана болж байсан маргаан руу очсон. Тэгээд хэсэг хугацааны дараа бид нарын маргаан дууссан ба тухайн газарт өөр ямар нэгэн маргаан зодоон цохион болсон зүйл байхгүй. Намайг М.Ө ыг цохиж болон өвдөглөж авсны улмаас түүний биед гэмтэл шарх учирсан эсэхийг анзаарч хараагүй. Миний хувьд өөрийн гэм буруутай байдлыг хүлээн зөвшөөрч М.Ө од учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байгаа..” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Шүүгдэгч Л.А ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж хохирогч М.Ө ын эрх чөлөөнд халдаж, хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Мөн шүүгдэгч Л.А  нь хохирогч М.Ө ын нүүрэн тус газарт цохисон, өшиглөсөн үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсанбаруун талын хоншоорын хөндийн урд, гадна, арын хананы зөрүү бүхий хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруун цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.А ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохиржээ.

 

Иймд шүүгдэгч Л.А ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус хуульчилжээ.

 

Уг гэмт хэргийн улмаас хохирогч М.Ө ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд эмчилгээ, эм тарианы зардалд баримтаар 742,000 төгрөг нэхэмжилсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс шинээр хохирогч М.Ө ын .... тоот дансанд 2,200,000 төгрөг шилжүүлсэн баримт гарган өгсөн байх тул шүүгдэгч Л.А ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч М.Ө  нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа хуульд зааснаар бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Л.А ээс жич нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээж шийдвэрлэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “Шүүгдэгч Л.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял шийтгэх, уг ялыг 3 сарын хугацаанд  саналтай байна..” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Л.А  “Хэлэх зүйлгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүхээс шүүгдэгч Л.А д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

                 

Шүүгдэгч Л.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлоо төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Л.А  нь хэрэг хариуцах чадвартай, тухайн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Л.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А д оногдуулсан 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс биелэгдээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргав.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Л.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А д 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А д оногдуулсан 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс биелэгдээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч М.Ө  нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа хуульд зааснаар бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Л.А ээс жич нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.А  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.СОЛОНГОО