| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхтөмөрийн Солонгоо |
| Хэргийн индекс | 194/2025/1384/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1620 |
| Огноо | 2025-06-17 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Өнөбат |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1620
2025 06 17 2025/ШЦТ/1620
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
улсын яллагч Б.Өнөбат,
шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ч-т холбогдох эрүүгийн 2509 00000 0798 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.
Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 8/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 32-35/, хохирогч Ц.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 40, 42/, гэрч Х.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-47/, “Дамно” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн СБ1-25-84 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 48-50/, шүүгдэгч Б.Ч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 57/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 61/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 63/,
Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Нэг: Гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Б.Ч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,
шүүгдэгч Б.Ч “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Б.Ч нь согтуугаар 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо .. давхарт үйл ажиллагаа явуулдаг “.. ” ХХК-ийн оффист нэвтэрч “...аваарын хаалтын цоож, эрэгтэйн ариун цэврийн хаалганы цоож, менежерийн өрөөний шилэн хаалга, шилэн хана, ариун цэврийн цаасны сав, гар хатаагч, автомат агааржуулагч зэрэг эд зүйлсийг санаатайгаар хууль бусаар устгаж, гэмтээж бага хэмжээнээс дээш буюу 1,263,520 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/,
Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 8/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай: “Бичлэгийн 00:00:12 гэх хэсэгт саарал өнгийн юүдэнтэй цамцтай, хар өнгийн куртиктэй, хар өнгийн масктай, улаан өнгийн гуталтай хүн баруун гараа хаалганаас гаргаж байгаа хэсэг харагдана. Бичлэгийн 04:44:12 гэх хэсэгт тухайн залуу өөр өрөө рүү явж байгаа хэсэг харагдана. Бичлэгийн 04:45:00 гэх хэсэгт тухайн залуу лифтний хаалгыг 2 гараараа татаж байгаа хэсэг харагдана. Үзлэгийг үргэлжлүүлж дараагийн хуулбарласан бичлэгийн хэсэгт үргэлжлүүлэхэд бичлэгийн эхэнд 2025.04.11 04:43:31 гэх хэсэгт цагаан пудволктой 20-25 орчим насны залуу өөр өрөөний хаалгыг гараагаа хүчтэй татан онгойл/гож орж байгаа хэсэг харагдана. Үзлэгийг үргэлжлүүлж дараагийн хуулбарласан бичлэгийн хэсэгт үргэлжлүүлэхэд бичлэгийн эхэнд 2025.04.11 04:57:41 гэх хэсэгт цагаан пудволктой 20-25 орчим насны залуу өрөө рүү орж ирж байгаа хэсэг харагдана. Бичлэгийн эхэнд 2025.04.11 04:58:02 гэх хэсэгт цагаан пудволктой залуу өрөөний шилэн хаалгыг саарал өнгийн сандлаар цохин хагалж байгаа хэсэг харагдана. Бичлэгийн эхэнд 2025.04.11 04:58:34 гэх хэсэгт цагаан пудволктой залуу өрөөний шилэн хаалгыг хөлөөрөө өшиглөж хагалаад дотогшоо орж байгаа хэсэг харагдана. Үзлэгийг үргэлжлүүлж дараагийн хуулбарласан бичлэгний хэсэгт үргэлжлүүлэхэд бичлэгийн эхэнд 2025.04.11 04:58:34 гэх хэсэгт цагаан пудволктой залуу өрөө рүү орж ирж байгаа хэсэг харагдана. Бичлэгийн эхэнд 2025.04.11 04:58:45 гэх хэсэгт цагаан пудволктой залуу өрөөний цонхыг нээж байгаа хэсэг харагдана. Бичлэгийн эхэнд 2025.04.11 04:59:32 гэх хэсэгт цагаан пудволктой залуу өрөөнөөс гарч байгаа хэсэг харагдана. Бичлэгийн эхэнд 2025.04.11 05:02:26 гэх хэсэгт цагаан пудволктой залуу өрөө рүү буцаад орж ирж байгаа хэсэг харагдана. Бичлэгийн эхэнд 2025.04.11 05:02:52 гэх хэсэгт цагаан пудволктой залуу дугуйтай сандлаар цонхыг цохиж байгаа хэсэг харагдана. Бичлэгийн эхэнд 2025.04.11 05:03:04 гэх хэсэгт цагаан пудволктой залуу өрөөний шилэн хаалгыг гар болон хөлөөрөө үргэлжлүүлэн цохиж, өшиглөж байгаа хэсэг харагдана. Бичлэгийн эхэнд 2025.04.11 05:03:58 гэх хэсэгт цагаан пудволктой залуу өрөөний буйдан дээр хэвтсэн байгаа хэсэг харагдана.” гэх тэмдэглэл /хх-ийн 32-35/,
Хохирогч Ц.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө 08 цаг 10 минутын үед манай байгууллын хамгаалагч Х.С /../ над руу залгаж танай байгууллага дээр үл таних согтуу хүн хаалга эвдэн орж унтаж байна гэсэн. Тэгэхээр нь би ажил дээрээ 08 цаг 38 минутанд ирээд цагдаад дуудлага өгсөн. Тэр хооронд нь тэр хүн унтаж байсан ба тэр хооронд байгууллагын хүмүүсийг оруулж ирээд хаагуур орж ирснийг нь шалгуулсан.Камер шүүж үзэхэд үүрийн 04 цагт 43 минутын үед аваарын шатны хаалгыг эвдэн орж ирж байгаа нь харагдсан. Тухайн камерийн бичлэгээс хархад манай байгууллагын эд зүйлийг эвдэж байгаа нь харагдсан. Аваарын шатны хаалганы цоож, цахилгаан шатны баруун талын мэдрэгчтэй хаалганы цоож, том заалны 1 ширхэг хөшиг тогтоогч, шалны булан, хаалганы шил, ариун цэврийн өрөөний гар хатаагч, ОО-н цаасны төмөр сав, автомат агааржуулагчийн машиныг тус тус эвдсэн байсан. Зах зээлийн үнэлгээг сайн мэдэхгүй байна.. Хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 40, 42/,
Гэрч Х.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2025 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө 07:30 минутын үед гаднаас нь картаар 19 давхрын мухарын өрөөг онгойлготол үл таних залуу хаалганы шилийг сандлаар хагалсан байдалтай дотор нь орж унтаж байсан. Тэгээд манай зүгээс цагдаагийн байгууллагад хандсан. Дараа нь камер шүүж үзэхэд үүрийн 04-05 цагийн хооронд орж ирэхэд хаалганы шилийг сандлаар хагалаад өрөөнүүдээр сэлгүүцээд явж байгаа нь харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,
“Дамно” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн СБ1-25-84 дугаартай: “Аваарын хаалганы 25*15см хэмжээтэй соронзон цоож 204,000 төгрөг, ариун цэврийн өрөөний 200*60см хаалга 288,000 төгрөг, цахилгаан шатны баруун талын хаалганы 20*5см хэмжээтэй соронзон цоож 102,000 төгрөг, шилэн 190*68см хэмжээтэй хаалга 206,720 төгрөг, хажуугийн шилэн 200*100см хэмжээтэй хана 320,000 төгрөг, 00 цаасны 25-25см хэмжээтэй сав 9,000 төгрөг, 25*16см хэмжээтэй гар хатаагч 45,000 төгрөг, Glade загварын автомат агааржуулагч 16,800 төгрөг, 180*200см хэмжээтэй хөшиг 72,000 төгрөг, нийт 1,263,520 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 48-50/,
Шүүгдэгч Б.Ч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 57/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Шүүгдэгч Б.Ч нь согтуугаар хохирогч “.. ” ХХК-ийн оффист нэвтэрч аваарын хаалтын цоож, эрэгтэйн ариун цэврийн хаалганы цоож, менежерийн өрөөний шилэн хаалга, шилэн хана, ариун цэврийн цаасны сав, гар хатаагч, автомат агааржуулагч зэрэг эд зүйлсийг устгаж, гэмтээсний улмаас түүнд 1,263,520 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь уг гэмт хэргийн шинжийг хангаж байна.
“Гэмтээх” гэдэг ойлголтод эд зүйлс, өмч хөрөнгийн анхны байдал нь гэмт үйлдлээс шалтгаалан, ашигтай байдал нь муудаж, чанар үр дүн нь алдагдсан, түр хугацаагаар зориулалтаар нь ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгохыг ойлгох бөгөөд дээрх гэмтлийг засвар үйлчилгээгээр сэргээн анхны байдалд нь эргүүлэн оруулж болдог бөгөөд “Эд хөрөнгө устгасан” гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй, өөрөөр хэлбэл сэргээн засварлахааргүй болгосныг ойлгоно.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ч ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Ч ыг “Бусдын эд хөрөнгийг гэмтээж устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө...” гэж тус тус хуульчилжээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Э д “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 1,263,520 төгрөгийн хохирол учиржээ.
Шүүгдэгч Б.Ч нь мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч “.. ” ХХК-д хохирол болох 3,000,000 төгрөгийг төлсөн болох нь “.. ” ХХК-ийн 21/25 дугаартай албан тоотоор тогтоогдож байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “тэрээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Ч-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Шүүгдэгч Б.Ч т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгчийн зүгээс улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлсэн болно.
Шүүгдэгч Б.Ч т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлоо төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Б.Ч т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг уг хэргийг архивт хадгалах хугацаагаар хавсарган үлдээх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Ч т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг гэмтээж, устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч Б.Ч ыг чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг уг хэргийг архивт хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Ч т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.СОЛОНГОО