| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2017/0159/э |
| Дугаар | 2017/ШЦТ/188 |
| Огноо | 2017-07-26 |
| Зүйл хэсэг | 153.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2017/ШЦТ/188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг, А.Ууганбаяр,
Шүүгдэгч О.О-, Э.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар О.О-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар Э.А-д тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201722000132 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Э.А-,
Монгол улсын иргэн, О.О-,
Шүүгдэгч Э.А- нь 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Мөрөн сумын 11 дүгээр хорооны 14 дүгээр гудамжинд өөрийн машинд тус сумын иргэн О.О-ийн IPhone 4s маркийн гар утсыг эвдэлж гэмтээсэн, мөн түүний нүүрэн тус газарт цохиж бие махбодид нь зовхи, эрүүнд сорви бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
Шүүгдэгч О.О- нь Мөрөн сумын 11 дүгээр хорооны 14 дүгээр гудамжинд 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Алаг-Эрдэнэ сумын иргэн Э.А-гийн цүнхтэй гоо сайхны хэрэгсэл, үнэртэй усыг хагалж, IPhone 4s маркийн гар утсыг эвдэж гэмтээсэн, мөн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Green Gold зоогийн газарт олон нийтийн өмнө Э.А-гийн нэр хүндийг доромжилсон гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.А- нь 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Мөрөн сумын 11 дүгээр хорооны 14 дүгээр гудамжинд өөрийн машинд тус сумын иргэн О.О-ийн IPhone 4s маркийн гар утсыг эвдэлж гэмтээсэн, мөн түүний нүүрэн тус газарт цохиж бие махбодид нь зовхи, эрүүнд сорви бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
Шүүгдэгч О.О- нь Мөрөн сумын 11 дүгээр хорооны 14 дүгээр гудамжинд 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Алаг-Эрдэнэ сумын иргэн Э.А-гийн цүнхтэй гоо сайхны хэрэгсэл, үнэртэй усыг хагалж, IPhone 4s маркийн гар утсыг эвдэж гэмтээсэн, мөн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Green Gold зоогийн газарт олон нийтийн өмнө Э.А-гийн нэр хүндийг доромжилсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч О.О-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2016 оны 08-р сарын 28-ны өдөр 17 цагийн үед Мөрөн сумын ... тоотод өөрийн гэртээ хоёр хүүхдийн хамт байж байтал нөхрийн ... дугаараас нэг эмэгтэй учраа олъё, гэрээсээ гараад ир гэсэн. …Удалгүй би гэрээсээ гараад гудамжны үзүүрт очоод нөгөө дугаар луу залгахад нөгөө эмэгтэй Мөрөн сумын ... тоотод хүрээд ир гэхээр нь такси бариад очиход саарал өнгийн Приус 20 маркын машин зогсож байсан. Би таксинаасаа буугаад Приус 20-ийн баруун хойд талын хаалгыг онгойлгоход нөхөр маань жолооны ард, хажуугийн суудал дээр уйлсан байдалтай, улаан хацартай эмэгтэй сууж байсан. …Тэгээд би юу болоод байна вэ? гэхэд Пүрэвдоржийн хажууд сууж байсан эмэгтэй чи ирчихсэн юм уу гэж над руу дооглонгуй маягтай инээж, элдвээр хэлж эхэлсэн. Тэгэхээр нь би төрөөд аравхан хонож байгаа, би хэрүүл хиймээргүй байна гэж хэлэхэд чи хаа хамаагүй хүний хүүхдийг төрүүлж явдаг янхан юм биш биз, хэн чиний нөхөр юм, архичин, алуурчин гэх мэтээр намайг доромжилж байсан. …би Э.А-д энэ бидний асуудал биш, би хадам ээжийгээ дуудчихсан байгаа гэж хэлэхэд миний гар утас дуугарсан. Э.А- миний утсыг булааж аваад жолоочийн дунд байрлах хайрцаг руу цохиж байхад нь би өөрийн утсаа булааж авах гэтэл миний зүүн гарын буглаг хэсгийг маажсан. Тэгээд Э.А- машинаас бууж ирээд айлын хашааны гадна миний гар утсыг чулуугаар цохиж эхэлсэн. Тухайн үед би хойд талын суудал дээр сууж байхад буцаж хүрч ирээд миний энгэрээс заамдсан. Тэгэхэд би Э.А-г түлхсэн боловч баруун доод шанаа руу хумсаараа маажсан. Тэгээд маажих гээд дахиад дайрахад нь хойд сандал дээр сууж байсан эмэгтэй болон Пүрэвдорж нар намайг Э.А-гаас салгасан. …би нөхрийнхөө дүрэмт хувцсыг машины зүүн хойд онгорхой цонхоор нь авах гэтэл миний гарт цүнх баригдсан. Тэр үед машин огцом хөдөлсөн болохоор цүнх миний гарт үлдсэн. Тэгээд энэ цүнхээ аваач гэж орилсон чинь нэлээд зайтай /20метр/ болоод машин зогссон. …Тэгээд би цүнхийг газарт тавиад таксиндаа суугаад гэр лүүгээ явсан. Мөн 2017 оны 02-р сарын 17-ны өдөр 16-17 цагийн үед хоёр эгчийн хамт Грийн голд зоогийн газарт хоолонд ороод сууж байтал хөдөөний бололтой хүмүүс орж ирсэн. …Тэгээд 17 цагийн үед бид гурвыг гарах гээд тэр хүмүүсийн хажуугаар нь өнгөрөхөд нөгөө над руу муухай харж байсан /Э.А-/ над руу хялалзаж ширүүн харсан. Тэгэхэд би түүнийг хэн гэдгийг нь таньсан. Тэгээд намайг тооцоогоо хийгээд зогсож байхад тэр эмэгтэй байн байн хараад байсан. Тэгэхээр нь би чи яагаад над руу муухай хараад байгаа юм бэ? гэр бүлийг маань үймүүлж хоёр хүүхдийг маань өнчрүүлж хаячхаад үргэлж мессежээр намайг элдвээр дарамталж зовоохоо болиоч ээ гэж хэлсэн чинь нөгөө эмэгтэй /Э.А-/ над руу чи өөрөө эхлээд хоёр хүүхэдтэйгээ нөхөртөө хаягдчихаад юу гээд байгаа юм бэ? Чамайг хүмүүс анддаггүй юм байна, алуурчин гэх мэтээр намайг элдвээр доромжилсон. Тэгээд би өөдөөс нь гэр бүлийг минь яаж үймүүлснийг энэ хүмүүс мэднэ гээд гараад явсан... гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Э.А-гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 08-р сарын 28-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Пүрэвдоржид зээлсэн 1.000.000 төгрөгийг авах гэж уулзсан. …Пүрэвдорж найзынх нь ажлын цаг болчихлоо намайг гэр лүү хүргэж өгөөд дараа нь ажил дээр аваачаад буулгачих гэж гуйхаар нь за тэгье гэж хэлсэн. Тэгээд миний машиныг Пүрэвдорж бариад гэртээ очсон. Пүрэвдорж гэртээ 18 цаг өнгөрч байхад хариад хувцасаа аваад гэрээсээ гарч ирээд би 11-р хороонд айлд очоод буучихъя гээд машиныг маань бариад би Пүрэвдоржийн хажууд суугаад манай найз хойд талын суудал дээр суугаад 11-р хороонд очсон, яг хаана очсон хаягийг нь хэлж мэдэхгүй байна, нэг гудамжинд айлын гадаа зогссон. …араас цагаан өнгийн жижиг суудлын машин дуут дохиогоор дохисон чинь Пүрэвдорж машиныг зогсоосон. Тэр машинаас Пүрэвдоржийг гэрээсээ хувцсаа аваад гарахад хашааны гадаа үлдсэн ягаан өнгийн халаадтай эмэгтэй хойно зогссон машинаас гарч ирээд миний машины баруун талын хойд хаалгыг онгойлгоод орж ирж суугаад намайг янхан минь, гичий минь гээд миний үснээс зулгаасан, үснээс зулгаагаад туг тугаар нь үсийг минь унагаасан, мөн О.О- өөрийнхөө гар утсаар толгой руу цохисон бас намайг толгойн үснээс чангааж доошлуулж байгаад улаан өнгийн өмсөж явсан гэрийн углаашаар толгой руу өшиглөж байсан, тэгэхээр нь би өөрийнхөө биеийг хамгаалах зорилгоор нөгөө эмэгтэйгийн I Phone гар утсыг авч машины цонхоор шидсэн. Тэгээд нөгөө эмэгтэй дахиад миний үснээс зулгаагаад янз бүрээр доромжлоод байсан чинь Пүрэвдорж бид хоёрыг салгасан. Тэгээд О.О- машинаас буухдаа машины хойд суудал дээр байсан миний цүнхийг авч дотор нь байсан үнэртэй ус, нүүрний тос зэрэг зүйлсийг газарт тарааж шидсэн. Гоо сайханы хэрэглэлийг маань айлын хашаа давуулж шидсэн, үнэртэй ус, тоник, нүүр цэвэрлэгч шингэн зэргийг цүнхнээс гаргаж шидэхдээ хагалж миний хүүхдийн цамцан дээр хөлөөрөө гишгэж байгаад нөгөө хүрч ирсэн цагаан өнгийн машиндаа суугаад яваад өгсөн…гэх мэдүүлэг,
Шүүгдэгч О.О-, Э.А- нарын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-16, 18-22 дугаар хуудас/,
Гэрч Д.П.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...би 16 цаг өнгөрч байхад Э.А-тай гэрийнхээ хашааны үзүүрт уулзсан. Би Э.А-гаас 1.000.000 төгрөг өмнө нь хэрэг болоод зээлсэн байсан... Би тухайн үед ажилд гарах цаг дөхөж байсан учраас Э.А-г гуйгаад машинтай нь өөрийнхөө гэртээ очиж ажлынхаа хувцсыг авсан. Дараа нь Э.А-гаас би чиний машиныг бариад 11-р хороонд найзындаа очъё, намайг найзынд маань буулгачих гэж гуйгаад бид гурав 11-р хороо руу явсан. …явж байтал хойноос цагаан өнгийн машин дуут дохио өгөөд байхаар нь зогссон. Тэгтэл манай эхнэр О.О- цагаан машинаас бууж ирээд шууд бид хэдийн машины баруун гар талын хойд хаалгыг онгойлгож орж ирээд надаас энэ юун хүн бэ? гэж надаас Э.А-г асуугаад шууд Э.А- руу дайрсан, би үг хэлэх завдалгүй О.О- Э.А- руу дайраад үсдээд авсан. О.О- Э.А-гийн толгой руу дайрч үстэж аваад хойд суудал руу татсан. Тэр үед О.О-аас Э.А- гар утсыг нь аваад машинаас гаргаж шидсэн. Би тухайн үед сандраад тэр хоёрыг салгах гэж оролдсон. Тэгээд салгасан чинь дахиад зууралдаад авсан тэгтэл О.О- миний гар утсыг эвдчихлээ гэж байснаа Э.А-гийн машины хойд суудал дээр байсан хөх цүнхийг авч машинаас гараад тэр цүнхэнд байсан эд зүйлийг газарт хаясан. Цүнхэн дотор хүүхдийн хувцас, гоо сайхны хэрэгсэл, үнэртэй ус зэрэг эд зүйлс байх шиг байсан. Дараа нь О.О-ийг явсны дараа цүнхнээс гаргаж хаясан эд зүйлийг очиж харахад эдгээр эд зүйлс, зарим нь хагарч бяцарсан байдалтай байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,
Гэрч Г.Г.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Пүрэвдорж Э.А-гийн машиныг бариад ... тоот Пүрэвдоржийн гэрээс хөдөлсөн. Бид хэдийг машинтай хөдөлж байхад хашааны үүдэнд ягаан өнгийн халаадтай эмэгтэй гарч ирээд хоцорсон. Тэгээд Пүрэвдоржийг 11-р хорооны аль гудамж гэдгийг нь сайн санахгүй нэг гудамжинд явж байтал хойноос цагаан өнгийн жижиг суудлын машин дуут дохио өгөөд байхаар нь Пүрэвдорж машиныг зогсоосон. Тэгсэн чинь цагаан өнгийн машинаас ягаан халаадтай Пүрэвдоржийн гэрийн гадаа үлдсэн эмэгтэй гараад ирсэн. Тэгээд машинаасаа бууж ирээд Э.А-гийн машины зүүн хойд талын хаалгыг онгойлгож орж ирээд чи нөгөө янхан уу гээд хэрүүл өдөөд Э.А-тай хэрэлдэж эхэлсэн. Тэгээд шууд Э.А-гийн үснээс зулгааж аваад өөр лүүгээ татаад байсан, тухайн үед Э.А- жолоочийн эсрэг талын урд суудалд сууж байсан. Тэгээд би тэр хоёрыг салгах гэж үзсэн чинь салаагүй, тэгэхээр нь би машинаас гарсан, машин дотор хоорондоо ноцолдож харагдаж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Э.А- ягаан халаадтай эмэгтэйн гартаа барьсан IPhone загварын гар утсыг аваад шидэж эвдсэн. Дараа нь ягаан халаадтай эмэгтэй Э.А-гийн машины ард байсан цүнхийг нь авч машинаас гараад тэр цүнхэн дотор нь байсан Э.А-гийн хүүхдийн хувцас болон гоо сайхны хэрэгслийг газарт шидэж байсан. Тэгээд гоо сайхны хэрэгсэл нь хагарсан мөн хүүхдийн хувцас дээр ягаан халаадтай эмэгтэй гэрийн углаашаараа гишгэчээд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,
Гэрч Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...би Э.А-гаас гар утас авч Мөрөн суманд - тоотод Пүрэвдорж гэдэг эрэгтэйд аваачиж өгч байсан. Яг хэдэн сарын хэдний өдөр аваачиж өгч байснаа одоо сайн санахгүй байна. Би Э.А-гаас IPhone 4 загварын гар утас авсан. Тэгээд намайг Пүрэвдоржид гар утсыг өгөхөд гаднаасаа харахад ямар нэгэн салж эвдэрсэн зүйлгүй зүгээр гар утас өгсөн. …нилээд хэд хоногийн дараа л Э.А- над руу залгаад О.О- гэдэг эмэгтэйгээс миний найз очоод авчих гэсэн. Тэгэхээр нь О.О-тай утсаар яриад Мөрөн сумын - тоотод намайг очиход хашааны гадаа нэг эмэгтэй хоёр хүүхэдтэй ярилцаад зогсож байсан. Тэгээд би явж очоод О.О- гэдэг хүнтэй уулзах гэсэн юм гэж тэр хашааны гадаа зогсож байсан эмэгтэйд хэлсэн чинь би байна гэж надад хэлсэн. Тэгээд би О.О-т Э.А- танаас гар утас аваад ир гэсэн юм гэж хэлсэн чинь О.О- гэр рүүгээ орсон. Тэгээд надад өгөх гар утсаа гэрээс авч гарч ирэнгүүтээ намайг гар утас ийм байдаггүй юм гээд загнаад байхаар нь би О.О-т над руу уурлаад яахав дээ гэж хэлээд Э.А-д өгөх гар утсыг аваад яваад өгсөн. Намайг гар утсыг авахад миний өмнө нь Пүрэвдорж гэдэг эрэгтэйд өгсөн IPhone 4 гар утас мөн байсан ба тэр гар утасны хойд тагийг нь салгаад хөндийрүүлж, задаргаа оруулсан бололтой О.О- надад өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Гэрч Т.Ц-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 02-р сарын 17-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Грийн голд гэх зоогийн газарт Алаг-Эрдэнэ сумын засаг даргын тамгын газрын эмэгтэй баг тамирчид болон сумын засаг дарга Г- бид нар хоолонд орсон юм. Тэр зоогийн газарт ороход манай ширээний баруун талын ширээн дээр 3 хүүхэн пиво уугаад сууж байсан. Бид хэд зоогийн газарт ороод хоолоо захиалаад байж байсан чинь нөгөө гурван хүүхэн босоод текэн дээр ирээд тооцоогоо хийж байсан чинь нэг эмэгтэй нь болох О.О- Э.А-гийн харалдаа хүрч ирээд Э.А-гийн нуруун дундуур алгадаж аваад цуг явж байсан хоёр хүүхэндээ Э.А- гэдэг нөгөө хүүхэн чинь энэ ш дээ гэж хэлээд Э.А-г муухай бузар хүүхэн гэж хэлж доромжилсон, дараа нь бид нарт хандаж Э.А-г ямар хүүхэн гэдгийн та нар мэдэж байгаа биз дээ надаар хэлүүлсэн хэлүүлээгүй мэдэж байгаа гээд байсан. Тэгээд энэ Э.А- гэдэг хүүхнийг харж ав, мэдэж ав гэсэн утгатай зүйл хэлээд зоогийн газраас гараад явсан. Тухайн үед Э.А- маш эвгүй байдалд ороод үлдсэн. Тухайн үед зоогийн газарт байгаа хүмүүст сонсогдохоор чанга чанга хашгирч хэлж байсан. Э.А-г тэр эмэгтэй доромжлох үед Тү-, Б-, Э-, Б-, Х-, Г-, Дэ- нарын хүмүүс нэг ширээнд сууж байсан. Манай ажлынхан бүгдээрээ Э.А-г доромжилсон талаар сонссон... гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,
Гэрч Г.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 02-р сарын 17-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Грийн голд гэх зоогийн газарт Алаг-Эрдэнэ сумын засаг даргын тамгын газрын эмэгтэй баг тамирчид болон сумын засаг дарга Ганболд бид нар хоолонд орсон юм. Тэр үед хажуу ширээн дээр 3 хүүхэн сууж байснаа гарч явах замдаа нэг танихгүй хүүхэн ирээд Э.А-г нуруун тус газар нь гараараа цохиод цуг явж байсан хоёр хүүхэндээ Э.А-г нөгөө хүүхэн чинь энэ хүүхэн ш тээ гэж хэлээд Э.А-г бузар хүүхэн, янхан гэх мэтээр олон удаа хэлж доромжилсон дараа нь бид нарт хандаж танай энэ хүүхэн чинь бузрын янхан хүүхэн шүү дээ та нар энэ хүүхнийг харж ав мэдэж ав гэсэн утгатай зүйл хэлээд зоогийн газраас гараад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,
Гэрч Ч.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 02-р сарын 17-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Грийн голд гэх зоогийн газарт Алаг-Эрдэнэ сумын засаг даргын тамгын газрын эмэгтэй баг тамирчид болон сумын засаг дарга Ганболд бид нар хоолонд орсон юм. Тэр үед хажуу ширээнд сууж байсан танихгүй өндөр эмэгтэй босож ирээд Э.А-гийн ард очсоноо хамт сууж байсан 2 эмэгтэйдээ хандаж энэ нөгөө бузар эмэгтэй чинь шүү дээ гэж хэлсэн. Би танихгүй ямар асуудлаас болж тийм зүйл ярьсныг нь мэдээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,
Гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 02-р сарын 17-ны өдөр 15-16 цагийн хооронд би О.О-, Б- бид хэд Грийн голд гэх зоогийн газарт уулзсан. Тэгээд бид гурав хоолоо захиалаад идээд сууж байсан чинь О.О- хажуугийн ширээний хүүхэн над руу муухай хараад байхын ямар сонин юм бэ? гэж хэлж байсан. Тэгээд бид гурав хоолоо идээд нэг нэг пиво уугаад нэлээн удаан юм ярилцаж суусан. Тэгээд 17 цаг 30 минутаас 18 цагийн хооронд бид хэд сууж байсан газраасаа босож текин дээр очиж тооцоогоо хийсэн. Тэгсэн чинь нөгөө муухай харж байсан хүүхнийг О.О- “нөгөө хүүхэн чинь энэ ш тээ гэж хэлсэн” тэгэхээр нь би юун хүүхэн, ямар хүүхэн гэж асуусан чинь О.О- намайг амьдралгүй болгодог, нөхрөөс маань салгасан хүүхэн чинь энэ байна” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 263 дугаартай:
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 54 дүгээр хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.
Шүүгдэгч О.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон гэмт хэргийг, шүүгдэгч Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд тооцлоо.
2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заажээ.
Шүүгдэгч Э.А-гийн хохирогч О.О-ийн IPhone 4s маркийн гар утсыг эвдэлж гэмтээсэн үйлдлийг 2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна
Харин шүүгдэгч О.О-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн шинжийг Монгол улсын 2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй, гэмт хэрэгт тооцохгүй болсон байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэрэг нь Монгол улсын 2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан…” гэж байх ба, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт “бага хэмжээний хохирол гэж 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” заасан бөгөөд шүүгдэгч О.О- нь хохирогч Э.А-д 240.000 төгрөгийн хохирол учруулсан нь Монгол улсын 2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцохооргүй байна.
Мөн шүүгдэгч Э.А- нь 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хохирогч О.О-ийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан байх боловч 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлд хамаарагдаж байна.
Иймд шүүгдэгч О.О-, Э.А- нарын үйлдэл, гэмт хэргийн шинжийг 2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлж, “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн” эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар шүүгдэгч О.О-т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч Э.А-д тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Э.А-гийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар торгох ял оногдуулах боломжтой гэж үзэв.
Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд шүүгдэгч Э.А-гаас 355.900 төгрөгийг гаргуулж хохирогч О.О-т, шүүгдэгч О.О-аас 240.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.А-д олгож, хохирогч нар нь бусад хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн 201722000132 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР