| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхөө |
| Хэргийн индекс | 214/2021/0004 |
| Дугаар | 2021/ДШМ/07 |
| Огноо | 2021-02-25 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2021/ДШМ/07
А.Л холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолтой А.Л холбогдох 2015000000186 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч нарын өмгөөлөгч Х.Удавж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалтайгаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд прокурор Э.Г, шүүгдэгч А.Л , түүний өмгөөлөгч Р.Ц, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э, С.Б/онлайнаар/, амь, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б, тэдний өмгөөлөгч Х.У, нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.
Шүүгдэгч: Л, Булган аймгийн ........... төрсөн, Булган .................. тоот хаягт оршин суух, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,
Шүүгдэгч А.Л нь 2020 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 03 цагийн орчим “Toyota Mark 2” загварын **-** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зорчигч Б.Н ын амь насыг хохироож, Б.Э, С.Ө нарын биед хүнд хохирол, М.Ц, Д.Н нарын биед хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолоор:
1. Шүүгдэгч Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.Н ын амь насыг хохироосон, Б.Э, С.Ө нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, М.Ц, Д.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч А.Л ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч А.Л нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн “B” ангилалын 1192918 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг үндсэн ялаа эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан гэм хорын хохиролд шүүгдэгч А.Л амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.Бд 9.909.729 /есөн сая есөн зуун есөн мянга долоон зуун хорин ес/ төгрөгийн, Б.Эт 3.242.873 /гурван сая хоёр зуун дөчин хоёр мянга найман зуун далан гурав/ төгрөгийн хохиролд Булган аймгийн .............................шилжүүлж өгөхөөр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь хохиролд тооцон авахаар харилцан тохиролцсон болохыг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Э, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ж.Н нь 10.000.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч С.Бнь 4.000.000 төгрөгийн нэхэмжлэл болон цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг, хууль ёсны төлөөлөгч М.Л нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Хэрэгт шүүгдэгч А.Л ын өмчлөлийн 17.096.553 төгрөгийн үнэ бүхий ............................ хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4/20 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Л авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай” гэж шийдвэрлэжээ.
Насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Х.У давж заалдах гомдолдоо: “Тус аймгийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч овогт Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.Н амь насыг хохироосон, Б.Э, С.Ө нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, М.Ц, Д.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч А.Л ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 / нэг / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан гэм хорын хохиролд шүүгдэгч А.Л амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.Бд 9.909.729 төгрөгийн, Б.Э 3.242.873 төгрөгийн хохиролд Булган аймгийн ..............................газрыг тус тус шилжүүлж өгөхөөр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь хохиролд тооцон авахаар харилцан тохиролцсон болохыг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Э нарыг дурьдаж, Иргэний журмаар хохирол төлбөр нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэнийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 2020 Оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаартай шүүхийн шийтгэх тогтоол нь hэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Учир нь: шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн хувьд нэг хүний амь нас эрсдсэн, 2 хүний биед хүнд гэмтэл, 2 хүний биед хүндэвтэр хохирол учруулсан ба олон хохирогч, иргэний нэхэмжлэгчтэй бөгөөд гомдол санал тасраагүй болох нь хэргийн баримтаас харагдаж байна. ..................... хамт олноос амь хохирогчийн ар гэрт 1.000.000 төгрөг, Өын ар гэрт 800.000 төгрөгийг тус бүр өгч, энэ хохирол төлбөртөй хамааралгүй гэх ба шүүхийн шатанд хохиролоос хасч тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Гэтэл шүүхээс шүүгдэгчид нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэж байгаа нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас гомдол, саналтай байгаагаас гадна, ял шийтгэл хөнгөдсөн үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй гэж үзэн гомдлож явна. Мөн шүүх хуралдааны явцад амь хохирогч Б.Н ын хууль ёсны төлөөлөгч Б, С.Ө хууль ёсны төлөөлөгч Б.Э нар шүүгдэгчтэй тохиролцсон гэх боловч / дээрх зүйл нь хуулийн шаардлага хангахгүйн зэрэгцээ хохирол төлбөрт өгөгдөж буй зүйлийн биет байдлыг нүдээр харж үзээгүй, нөхцөл байдалд хийсвэрээр хандсан болох нь шүүхийн тогтоол болон өөрсдийнх нь мэдүүлснээр харагдаж байна. Энэ нь шүүгдэгчийн зүгээс хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөр төлөгдөөгүй буюу гэм хорын хохирол арилаагүй болохыг илтгэж байна. Жич: эд хөрөнгө нь эрхийн бүртгэлийн доголтой, зөрчилгүй болохыг шалгаж тогтоогоогүй, шүүхийн хуралаас өмнө хууль ёсны шаардлагын дагуу нотариатаар гэрчилүүлээгүй, хуульд заасан журмыг баримтлаагүй байна. Иймд хэргийг бүхэлд нь сайтар хянан үзэж, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг эдлүүлж, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1- д заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчмыг хангаж өгнө үү” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б, Б.Э нарын өмгөөлөгч Х.У давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч А.Л нь 2020 оны 07 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 03 цагийн орчим “Toyota Mark 2” загварын **-** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсгийн А заалт: “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 3 дахь заалт: “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас Б.Э, С.Ө нарын эрүүл мэндэд хүнд хохирол, М.Ц, Д.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Н амь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон байна.
Шүүгдэгч А.Л нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Д.Н ын "... Булган сум руугаа хөдлөөд нисэхийн гүүрний овгор хэсэг дээр машин цохигдоод жолоо барьж явсан ах жолоодлогоо алдах шиг болсон. Тэгээд л замын хажуу талын жалга руу орсон. Машин байнгын 110-120 километр цагийн хурдтай явж байсан...” гэх мэдүүлэг.
Насанд хүрээгүй хохирогч М.Цийн “...Н, Н хоёр А ах, Л ах хоёртой танилцаад, Л ах машины суудал доороос 2.5 литрийн савтай “Нийслэл” нэртэй пиво гаргаж ирсэн. Тэгээд зургуулаа пивоо хувааж уучихаад А ах “архи зардаг дэлгүүр хаана байна” гэж асуутал “буриадын хороонд нэг дэлгүүр байдаг юм тийшээ явах уу” гэтэл А ах, Л ах хоёр “тэгье, пиво авч ууя” гээд буриадын хороо явсан. Тэгээд замдаа яг хаана гэдгийг нь сайн санахгүй байна хоёр өндөр байшингийн гадаа зогссон. Тэгээд Л ах, А ах хоёр хоорондоо хэрэлдээд машинаас буусан. Тэгэхээр нь Н, Н хоёр очиж салгах гээд араас нь буугаад байж байтал байшин дотроос нэг эмэгтэй, нэг эрэгтэй хоёр хүн гарч ирээд “яв” гэж хэлэх шиг болсон. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. ...Машиныг Л ах барьж явсан. Л ахын машин гэж байсан...” гэх мэдүүлэг.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарынг 17-ны өдрийн №205 дугаартай Б.Эийн биед үзлэг хийсэн дүгнэлт, 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №236 дугаартайС.Ө биед үзлэг хийсэн дүгнэлт, 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №232 дугаартай М.Ц биед үзлэг хийсэн дүгнэлт ,2020 оны 08 дугаар сарынг 17-ны өдрийн №233 дугаартайД.Н биед үзлэг хийсэн дүгнэлт, 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №48 дугаартай Б.Н ийн цогцосонд үзлэг хийсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Булган аймгийн прокурорын газраас А.Л ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэхь хэсгийн 4.2 дэхь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Шинжээчийн дүгнэлтээр А.Л ын нь Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсгийн А заалт: “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.3-д заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас шалтгаалсан нь тогтоогдсон ба уг буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийжээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.У нь “....шүүхээс шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж байгаа нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас гомдол, саналтай байгаагаас гадна, ял шийтгэл хөнгөгдсөн үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй гэж үзэн гомдолж байна. Хохирол төлбөр төлөгдөөгүй буюу гэм хорын хохирол арилаагүй ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
Анхан шатны шүүхэд гэмт хэргийн улмаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Л.Б оршуулгын зардалд 11.869.729 төгрөгийг нэхэмжилж нотлох баримтаа ирүүлснээс яллагдагч Д.Л нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагааны шатанд 1.960.000 төгрөгийг төлсөн,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Э нь хохирогч С.Ө ын эмчилгээ, оношлогоотой холбоотой зардалд 4.662.873 төгрөгийг нэхэмжилж нотлох баримтаа ирүүлснээс яллагдагч А.Л нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагааны шатанд 1.420.000 төгрөгийг төлсөн,
Хохирогч Б.Эгийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч С.Бэмчилгээний зардалд 4.000.000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч М.Цийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ж.Нарангэрэл эмчилгээний зардалд 10.000.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байх боловч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж буй нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй ба яллагдагч А.Л нь С.1.200.000 төгрөг, Ж.Н 800.000 төгрөгийн хохирлыг тус тус төлсөн байна.
Анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хуралдсан шүүх хуралдаанд яллагдагч А.Л нь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Л.Б, Б.Э нарт хохирлын төлбөрт өөрийн өмчлөлийн Булган аймгийн .......................... газрыг тус тус шилжүүлж өгөхөөр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь хохиролд тооцон авахаар харилцан тохиролцож, үл хөдлөх хөрөнгийн болон газрын гэрчилгээг авсан, шүүхээс уг хөрөнгийг битүүмжилсэн битүүмжлэлийг хүчингүй болгомогц өөрсдийн нэр дээр шилжүүлж авахаа илэрхийлж тохиролцсон байдал нь нотлох баримтын хэмжээнд хохирлыг төлсөн гэж үзэхээр байна.
Насанд хүрээгүй хохирогч М.Цийн хууль ёсны төлөөлөгч Ж.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон цаашид гаргах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрх нээлттэйг дурдах нь зүйтэй байна.
Иймд хохирогч нарын өмгөөлөгч Х.Уийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Л нь 2020 оны 12 дугаар 28-ны өдөр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор цагдан хорьж, давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл нийт 59 хоног урьдчилан цагдан хоригдсон бөгөөд энэ хугацааг эдлэх ялд оруулан тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.Удавж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л ын цагдан хоригдсон нийт 59 хоногийн хугацааг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар шүүх анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН
ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР
Д.МӨНХӨӨ