Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сураагийн Отгонтуяа |
Хэргийн индекс | 115/2020/0002/З |
Дугаар | 115/ШШ2021/0012 |
Огноо | 2021-11-16 |
Маргааны төрөл | Бусад, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2021 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 115/ШШ2021/0012
Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа би, ... НҮТББ-ын нэхэмжлэлтэй Дорноговь аймгийн ... сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хэргийн оролцогчдоос ирүүлсэн Эвлэрлийн гэрээ-тэй танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
...НҮТББ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорноговь аймгийн ... сумын Засаг дарга, ...ХХК-ийн хооронд 2019 оны 03 сарын 06-ны өдөр байгуулсан 15/2019 дугаар Хамтран ажиллах гэрээ нь илт хууль бус болохыг тогтоолгох,
Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу Сонсох ажиллагаа зохион байгуулсны үндсэн дээр Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу Хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ...НҮТББ, хариуцагч Дорноговь аймгийн ... сумын Засаг дарга нараас 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээ-г шүүхэд ирүүлсэн байх ба, Үүнд:
Эвлэрлийн гэрээ
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй ...НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн ... сумын Засаг даргад холбогдох,
... сумын Засаг дарга болон ...ХХК-ийн хооронд 2019 оны 03 сарын 06-ны өдөр байгуулсан 15/2019 дугаартай Хамтран ажиллах гэрээ-г илт хууль бусад тооцуулах, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг зохион байгуулсны үндсэн дээр дахин гэрээ байгуулахыг даалгах шийдвэрийг шүүхээр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийн оролцогчид бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дахь хэсэг, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 67, 68 дугаар зүйлд заасныг удирдлага болгон энэхүү эвлэрлийн гэрээг дараахь нөхцлөөр байгуулав.
Нэг: Эвлэрлийн нөхцөл
1.1. Нэхэмжлэгч нь ... сумын Засаг дарга болон ...ХХК-ийн хооронд 2019 оны 03 сарын 06-ны өдөр байгуулсан 15/2019 дугаар Хамтран ажиллах гэрээ-г илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
1.2. Хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 42-р зүйлийн 42.1 дэх хэсэг Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана заалтаар ...ХХК байгуулсан Хамтран ажиллах гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.1-дэх хэсэгт зааснаар захиргааны гэрээ болох тул 2019 оны 03 сарын 06-ны өдрийн гэрээний хугацаа дуусч дараагийн Хамтран ажиллах гэрээ байгуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг зохион байгуулсны үндсэн дээр гэрээ байгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
1.3. ... сумын Засаг дарга болон ...ХХК-ийн хооронд 2019 оны 03 сарын 06-ны өдөр байгуулсан 15/2019 дугаартай Хамтран ажиллах гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан шаардлага хангаж дахин байгуулах өдөр хүртэл дуусгавар болохгүй болохыг хариуцагч баталж байна.
Хоёр: Бусад зүйл
2.1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тохиролцон эвлэрэн хэлэлцсэн тул хэргийн оролцогчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг ойлгож байна.
2.2. Гэрээнд талууд гарын үсэг зурж, тамга дарснаар хүчинтэй болж, шүүгчийн захирамжаар баталгаажна гэсэн байх ба, нэхэмжлэгч ...НҮТББ-ын тэргүүн ..., хариуцагч Дорноговь аймгийн ... сумын Засаг дарга ...нар гарын үсэг зурж, тус тусын тамгыг даран баталгаажуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно гэж заасан.
Нэхэмжлэгч ...НҮТББ-ын тэргүүн ..., хариуцагч Дорноговь аймгийн ... сумын Засаг дарга ...нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзах, мөн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу харилцан буулт хийх замаар тохиролцон байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Эвлэрлийн гэрээ-г хянан үзвэл уг гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т заасан эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байх хэлбэрийн шаардлагыг хангасан бөгөөд, хуульд харшлаагүй, бусад /гуравдагч/ этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдож байх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарт нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд үүсэх үр дагаврыг танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч ...НҮТББ-ын тэргүүн ..., хариуцагч Дорноговь аймгийн ... сумын Засаг дарга ...нарын эвлэрлийг баталж, ...НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн ... сумын Засаг даргад холбогдох, Дорноговь аймгийн ... сумын Засаг дарга, ...ХХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 15/2019 дугаар Хамтран ажиллах гэрээ нь илт хууль бус болохыг тогтоолгох, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу Сонсох ажиллагаа зохион байгуулсны үндсэн дээр Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу Хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА