Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 00188

 

 

 

 

 

 

   2017          07              26                                                188

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг, А.Ууганбаяр,

Шүүгдэгч О.Оюунтунгалаг, Э.Аня нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар Оюунчимэгийн Оюунтунгалаг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар Эрдэнэчулууны Аняд тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201722000132 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Сарт туул Эрдэнэчулууны Аня, 1989 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын татварын байцаагч ажилтай, ам бүл 5, аав, ээж, дүү, охины хамт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн РА89071908 дугаартай,

Монгол улсын иргэн, Хэрэйд Оюунчимэгийн Оюунтунгалаг, 1988 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Титэм ерөнхий боловсролын сургуульд багш ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 02-05 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн РЮ88030608 дугаартай,

Шүүгдэгч Э.Аня нь 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Мөрөн сумын 11 дүгээр хорооны 14 дүгээр гудамжинд өөрийн машинд тус сумын иргэн О.Оюунтунгалагийн IPhone 4s маркийн гар утсыг эвдэлж гэмтээсэн, мөн түүний нүүрэн тус газарт цохиж бие махбодид нь зовхи, эрүүнд сорви бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч О.Оюунтунгалаг нь Мөрөн сумын 11 дүгээр хорооны 14 дүгээр гудамжинд 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Алаг-Эрдэнэ сумын иргэн Э.Анягийн цүнхтэй гоо сайхны хэрэгсэл, үнэртэй усыг хагалж, IPhone 4s маркийн гар утсыг эвдэж гэмтээсэн, мөн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Green Gold зоогийн газарт олон нийтийн өмнө Э.Анягийн нэр хүндийг доромжилсон гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Аня нь 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Мөрөн сумын 11 дүгээр хорооны 14 дүгээр гудамжинд өөрийн машинд тус сумын иргэн О.Оюунтунгалагийн IPhone 4s маркийн гар утсыг эвдэлж гэмтээсэн, мөн түүний нүүрэн тус газарт цохиж бие махбодид нь зовхи, эрүүнд сорви бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч О.Оюунтунгалаг нь Мөрөн сумын 11 дүгээр хорооны 14 дүгээр гудамжинд 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Алаг-Эрдэнэ сумын иргэн Э.Анягийн цүнхтэй гоо сайхны хэрэгсэл, үнэртэй усыг хагалж, IPhone 4s маркийн гар утсыг эвдэж гэмтээсэн, мөн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Green Gold зоогийн газарт олон нийтийн өмнө Э.Анягийн нэр хүндийг доромжилсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч О.Оюунтунгалагийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2016 оны 08-р сарын 28-ны өдөр 17 цагийн үед Мөрөн сумын 5-2-5 тоотод өөрийн гэртээ хоёр хүүхдийн хамт байж байтал нөхрийн 88997110 дугаараас нэг эмэгтэй учраа олъё, гэрээсээ гараад ир гэсэн. …Удалгүй би гэрээсээ гараад гудамжны үзүүрт очоод нөгөө дугаар луу залгахад нөгөө эмэгтэй Мөрөн сумын 11-14-17 тоотод хүрээд ир гэхээр нь такси бариад очиход саарал өнгийн Приус 20 маркын машин зогсож байсан. Би таксинаасаа буугаад Приус 20-ийн баруун хойд талын хаалгыг онгойлгоход нөхөр маань жолооны ард, хажуугийн суудал дээр уйлсан байдалтай, улаан хацартай эмэгтэй сууж байсан. …Тэгээд би юу болоод байна вэ? гэхэд Пүрэвдоржийн хажууд сууж байсан эмэгтэй чи ирчихсэн юм уу гэж над руу дооглонгуй маягтай инээж, элдвээр хэлж эхэлсэн. Тэгэхээр нь би төрөөд аравхан хонож байгаа, би хэрүүл хиймээргүй байна гэж хэлэхэд чи хаа хамаагүй хүний хүүхдийг төрүүлж явдаг янхан юм биш биз, хэн чиний нөхөр юм, архичин, алуурчин гэх мэтээр намайг доромжилж байсан. …би Аняд энэ бидний асуудал биш, би хадам ээжийгээ дуудчихсан байгаа гэж хэлэхэд миний гар утас дуугарсан. Аня миний утсыг булааж аваад жолоочийн дунд байрлах хайрцаг руу цохиж байхад нь би өөрийн утсаа булааж авах гэтэл миний зүүн гарын буглаг хэсгийг маажсан. Тэгээд Аня машинаас бууж ирээд айлын хашааны гадна миний гар утсыг чулуугаар цохиж эхэлсэн. Тухайн үед би хойд талын суудал дээр сууж байхад буцаж хүрч ирээд миний энгэрээс заамдсан. Тэгэхэд би Аняг түлхсэн боловч баруун доод шанаа руу хумсаараа маажсан. Тэгээд маажих гээд дахиад дайрахад нь хойд сандал дээр сууж байсан эмэгтэй болон Пүрэвдорж нар намайг Анягаас салгасан. …би нөхрийнхөө дүрэмт хувцсыг машины зүүн хойд онгорхой цонхоор нь авах гэтэл миний гарт цүнх баригдсан. Тэр үед машин огцом хөдөлсөн болохоор цүнх миний гарт үлдсэн. Тэгээд энэ цүнхээ аваач гэж орилсон чинь нэлээд зайтай /20метр/ болоод машин зогссон. …Тэгээд би цүнхийг газарт тавиад таксиндаа суугаад гэр лүүгээ явсан. Мөн 2017 оны 02-р сарын 17-ны өдөр 16-17 цагийн үед хоёр эгчийн хамт Грийн голд зоогийн газарт хоолонд ороод сууж байтал хөдөөний бололтой хүмүүс орж ирсэн. …Тэгээд 17 цагийн үед бид гурвыг гарах гээд тэр хүмүүсийн хажуугаар нь өнгөрөхөд нөгөө над руу муухай харж байсан /Аня/ над руу хялалзаж ширүүн харсан. Тэгэхэд би түүнийг хэн гэдгийг нь таньсан. Тэгээд намайг тооцоогоо хийгээд зогсож байхад тэр эмэгтэй байн байн хараад байсан. Тэгэхээр нь би чи яагаад над руу муухай хараад байгаа юм бэ? гэр бүлийг маань үймүүлж хоёр хүүхдийг маань өнчрүүлж хаячхаад үргэлж мессежээр намайг элдвээр дарамталж зовоохоо болиоч ээ гэж хэлсэн чинь нөгөө эмэгтэй /Аня/ над руу чи өөрөө эхлээд хоёр хүүхэдтэйгээ нөхөртөө хаягдчихаад юу гээд байгаа юм бэ? Чамайг хүмүүс анддаггүй юм байна, алуурчин гэх мэтээр намайг элдвээр доромжилсон. Тэгээд би өөдөөс нь гэр бүлийг минь яаж үймүүлснийг энэ хүмүүс мэднэ гээд гараад явсан... гэх мэдүүлэг,  

Шүүгдэгч Э.Анягийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 08-р сарын 28-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Пүрэвдоржид зээлсэн 1.000.000 төгрөгийг авах гэж уулзсан. …Пүрэвдорж найзынх нь ажлын цаг болчихлоо намайг гэр лүү хүргэж өгөөд дараа нь ажил дээр аваачаад буулгачих гэж гуйхаар нь за тэгье гэж хэлсэн. Тэгээд миний машиныг Пүрэвдорж бариад гэртээ очсон. Пүрэвдорж гэртээ 18 цаг өнгөрч байхад хариад хувцасаа аваад гэрээсээ гарч ирээд би 11-р хороонд айлд очоод буучихъя гээд машиныг маань бариад би Пүрэвдоржийн хажууд суугаад манай найз хойд талын суудал дээр суугаад 11-р хороонд очсон, яг хаана очсон хаягийг нь хэлж мэдэхгүй байна, нэг гудамжинд айлын гадаа зогссон. …араас цагаан өнгийн жижиг суудлын машин дуут дохиогоор дохисон чинь Пүрэвдорж машиныг зогсоосон. Тэр машинаас Пүрэвдоржийг гэрээсээ хувцсаа аваад гарахад хашааны гадаа үлдсэн ягаан өнгийн халаадтай эмэгтэй хойно зогссон машинаас гарч ирээд миний машины баруун талын хойд хаалгыг онгойлгоод орж ирж суугаад намайг янхан минь, гичий минь гээд миний үснээс зулгаасан, үснээс зулгаагаад туг тугаар нь үсийг минь унагаасан, мөн Оюунтунгалаг өөрийнхөө гар утсаар толгой руу цохисон бас намайг толгойн үснээс чангааж доошлуулж байгаад улаан өнгийн өмсөж явсан гэрийн углаашаар толгой руу өшиглөж байсан, тэгэхээр нь би өөрийнхөө биеийг хамгаалах зорилгоор нөгөө эмэгтэйгийн I Phone гар утсыг авч машины цонхоор шидсэн. Тэгээд нөгөө эмэгтэй дахиад миний үснээс зулгаагаад янз бүрээр доромжлоод байсан чинь Пүрэвдорж бид хоёрыг салгасан. Тэгээд Оюунтунгалаг машинаас буухдаа машины хойд суудал дээр байсан миний цүнхийг авч дотор нь байсан үнэртэй ус, нүүрний тос зэрэг зүйлсийг газарт тарааж шидсэн. Гоо сайханы хэрэглэлийг маань айлын хашаа давуулж шидсэн, үнэртэй ус, тоник, нүүр цэвэрлэгч шингэн зэргийг цүнхнээс гаргаж шидэхдээ хагалж миний хүүхдийн цамцан дээр хөлөөрөө гишгэж байгаад нөгөө хүрч ирсэн цагаан өнгийн машиндаа суугаад яваад өгсөн…гэх мэдүүлэг,  

Шүүгдэгч О.Оюунтунгалаг, Э.Аня нарын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-16, 18-22 дугаар хуудас/,

Гэрч Д.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...би 16 цаг өнгөрч байхад Анятай гэрийнхээ хашааны үзүүрт уулзсан. Би Анягаас 1.000.000 төгрөг өмнө нь хэрэг болоод зээлсэн байсан... Би тухайн үед ажилд гарах цаг дөхөж байсан учраас Аняг гуйгаад машинтай нь өөрийнхөө гэртээ очиж ажлынхаа хувцсыг авсан. Дараа нь Анягаас би чиний машиныг бариад 11-р хороонд найзындаа очъё, намайг найзынд маань буулгачих гэж гуйгаад бид гурав 11-р хороо руу явсан. …явж байтал хойноос цагаан өнгийн машин дуут дохио өгөөд байхаар нь зогссон. Тэгтэл манай эхнэр Оюунтунгалаг цагаан машинаас бууж ирээд шууд бид хэдийн машины баруун гар талын хойд хаалгыг онгойлгож орж ирээд надаас энэ юун хүн бэ? гэж надаас Аняг асуугаад шууд Аня руу дайрсан, би үг хэлэх завдалгүй Оюунтунгалаг Аня руу дайраад үсдээд авсан. Оюунтунгалаг Анягийн толгой руу дайрч үстэж аваад хойд суудал руу татсан. Тэр үед Оюунтунгалагаас Аня гар утсыг нь аваад машинаас гаргаж шидсэн. Би тухайн үед сандраад тэр хоёрыг салгах гэж оролдсон. Тэгээд салгасан чинь дахиад зууралдаад авсан тэгтэл Оюунтунгалаг миний гар утсыг эвдчихлээ гэж байснаа Анягийн машины хойд суудал дээр байсан хөх цүнхийг авч машинаас гараад тэр цүнхэнд байсан эд зүйлийг газарт хаясан. Цүнхэн дотор хүүхдийн хувцас, гоо сайхны хэрэгсэл, үнэртэй ус зэрэг эд зүйлс байх шиг байсан. Дараа нь Оюунтунгалагийг явсны дараа цүнхнээс гаргаж хаясан эд зүйлийг очиж харахад эдгээр эд зүйлс, зарим нь хагарч бяцарсан байдалтай байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,

Гэрч Г.Гантуулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Пүрэвдорж Анягийн машиныг бариад 5-02-05 тоот Пүрэвдоржийн гэрээс хөдөлсөн. Бид хэдийг машинтай хөдөлж байхад хашааны үүдэнд ягаан өнгийн халаадтай эмэгтэй гарч ирээд хоцорсон. Тэгээд Пүрэвдоржийг 11-р хорооны аль гудамж гэдгийг нь сайн санахгүй нэг гудамжинд явж байтал хойноос цагаан өнгийн жижиг суудлын машин дуут дохио өгөөд байхаар нь Пүрэвдорж машиныг зогсоосон. Тэгсэн чинь цагаан өнгийн машинаас ягаан халаадтай Пүрэвдоржийн гэрийн гадаа үлдсэн эмэгтэй гараад ирсэн. Тэгээд машинаасаа бууж ирээд Анягийн машины зүүн хойд талын хаалгыг онгойлгож орж ирээд чи нөгөө янхан уу гээд хэрүүл өдөөд Анятай хэрэлдэж эхэлсэн. Тэгээд шууд Анягийн үснээс зулгааж аваад өөр лүүгээ татаад байсан, тухайн үед Аня жолоочийн эсрэг талын урд суудалд сууж байсан. Тэгээд би тэр хоёрыг салгах гэж үзсэн чинь салаагүй, тэгэхээр нь би машинаас гарсан, машин дотор хоорондоо ноцолдож харагдаж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Аня ягаан халаадтай эмэгтэйн гартаа барьсан IPhone загварын гар утсыг аваад шидэж эвдсэн. Дараа нь ягаан халаадтай эмэгтэй Анягийн машины ард байсан цүнхийг нь авч машинаас гараад тэр цүнхэн дотор нь байсан Анягийн хүүхдийн хувцас болон гоо сайхны хэрэгслийг газарт шидэж байсан. Тэгээд гоо сайхны хэрэгсэл нь хагарсан мөн хүүхдийн хувцас дээр ягаан халаадтай эмэгтэй гэрийн углаашаараа гишгэчээд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

Гэрч Норжинхандын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...би Анягаас гар утас авч Мөрөн суманд 5-02-05 тоотод Пүрэвдорж гэдэг эрэгтэйд аваачиж өгч байсан. Яг хэдэн сарын хэдний өдөр аваачиж өгч байснаа одоо сайн санахгүй байна. Би Анягаас  IPhone 4 загварын гар утас авсан. Тэгээд намайг Пүрэвдоржид гар утсыг өгөхөд гаднаасаа харахад ямар нэгэн салж эвдэрсэн зүйлгүй зүгээр гар утас өгсөн. …нилээд хэд хоногийн дараа л Э.Аня над руу залгаад Оюунтунгалаг гэдэг эмэгтэйгээс миний найз очоод авчих гэсэн. Тэгэхээр нь Оюунтунгалагтай утсаар яриад Мөрөн сумын 5-02-05 тоотод намайг очиход хашааны гадаа нэг эмэгтэй хоёр хүүхэдтэй ярилцаад зогсож байсан. Тэгээд би явж очоод Оюунтунгалаг гэдэг хүнтэй уулзах гэсэн юм гэж тэр хашааны гадаа зогсож байсан эмэгтэйд хэлсэн чинь би байна гэж надад хэлсэн. Тэгээд би Оюунтунгалагт Аня танаас гар утас аваад ир гэсэн юм гэж хэлсэн чинь Оюунтунгалаг гэр рүүгээ орсон. Тэгээд надад өгөх гар утсаа гэрээс авч гарч ирэнгүүтээ намайг гар утас ийм байдаггүй юм гээд загнаад байхаар нь би Оюунтунгалагт над руу уурлаад яахав дээ гэж хэлээд Аняд өгөх гар утсыг аваад яваад өгсөн. Намайг гар утсыг авахад миний өмнө нь Пүрэвдорж гэдэг эрэгтэйд өгсөн IPhone 4 гар утас мөн байсан ба тэр гар утасны хойд тагийг нь салгаад хөндийрүүлж, задаргаа оруулсан бололтой Оюунтунгалаг надад өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Гэрч Т.Цолмон-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 02-р сарын 17-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Грийн голд гэх зоогийн газарт Алаг-Эрдэнэ сумын засаг даргын тамгын газрын эмэгтэй баг тамирчид болон сумын засаг дарга Ганболд бид нар хоолонд орсон юм. Тэр зоогийн газарт ороход манай ширээний баруун талын ширээн дээр 3 хүүхэн пиво уугаад сууж байсан. Бид хэд зоогийн газарт ороод хоолоо захиалаад байж байсан чинь нөгөө гурван хүүхэн босоод текэн дээр ирээд тооцоогоо хийж байсан чинь нэг эмэгтэй нь болох Оюунтунгалаг Анягийн харалдаа хүрч ирээд Анягийн нуруун дундуур алгадаж аваад цуг явж байсан хоёр хүүхэндээ Аня гэдэг нөгөө хүүхэн чинь энэ ш дээ гэж хэлээд Аняг муухай бузар хүүхэн гэж хэлж доромжилсон, дараа нь бид нарт хандаж Аняг ямар хүүхэн гэдгийн та нар мэдэж байгаа биз дээ надаар хэлүүлсэн хэлүүлээгүй мэдэж байгаа гээд байсан. Тэгээд энэ Аня гэдэг хүүхнийг харж ав, мэдэж ав гэсэн утгатай зүйл хэлээд зоогийн газраас гараад явсан. Тухайн үед Аня маш эвгүй байдалд ороод үлдсэн. Тухайн үед зоогийн газарт байгаа хүмүүст сонсогдохоор чанга чанга хашгирч хэлж байсан. Аняг тэр эмэгтэй доромжлох үед Түмэн-Өлзий, Балжинням, Энхтуул, Батзаяа, Хишигдэлгэр, Ганболд, Дэлгэрдалай нарын хүмүүс нэг ширээнд сууж байсан. Манай ажлынхан бүгдээрээ Аняг доромжилсон талаар сонссон... гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

Гэрч Г.Балжиннямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 02-р сарын 17-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Грийн голд гэх зоогийн газарт Алаг-Эрдэнэ сумын засаг даргын тамгын газрын эмэгтэй баг тамирчид болон сумын засаг дарга Ганболд бид нар хоолонд орсон юм. Тэр үед хажуу ширээн дээр 3 хүүхэн сууж байснаа гарч явах замдаа нэг танихгүй хүүхэн ирээд Аняг нуруун тус газар нь гараараа цохиод цуг явж байсан хоёр хүүхэндээ Аняг нөгөө хүүхэн чинь энэ хүүхэн ш тээ гэж хэлээд Аняг бузар хүүхэн, янхан гэх мэтээр олон удаа хэлж доромжилсон дараа нь бид нарт хандаж танай энэ хүүхэн чинь бузрын янхан хүүхэн шүү дээ та нар энэ хүүхнийг харж ав мэдэж ав гэсэн утгатай зүйл хэлээд зоогийн газраас гараад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Хишигдэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 02-р сарын 17-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Грийн голд гэх зоогийн газарт Алаг-Эрдэнэ сумын засаг даргын тамгын газрын эмэгтэй баг тамирчид болон сумын засаг дарга Ганболд бид нар хоолонд орсон юм. Тэр үед хажуу ширээнд сууж байсан танихгүй өндөр эмэгтэй босож ирээд Анягийн ард очсоноо хамт сууж байсан 2 эмэгтэйдээ хандаж энэ нөгөө бузар эмэгтэй чинь шүү дээ гэж хэлсэн. Би танихгүй ямар асуудлаас болж тийм зүйл ярьсныг нь мэдээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,

Гэрч Б.Алимаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 02-р сарын 17-ны өдөр 15-16 цагийн хооронд би Оюунтунгалаг, Болормаа бид хэд Грийн голд гэх зоогийн газарт уулзсан. Тэгээд бид гурав хоолоо захиалаад идээд сууж байсан чинь Оюунтунгалаг хажуугийн ширээний хүүхэн над руу муухай хараад байхын ямар сонин юм бэ? гэж хэлж байсан. Тэгээд бид гурав хоолоо идээд нэг нэг пиво уугаад нэлээн удаан юм ярилцаж суусан. Тэгээд 17 цаг 30 минутаас 18 цагийн хооронд бид хэд сууж байсан газраасаа босож текин дээр очиж тооцоогоо хийсэн. Тэгсэн чинь нөгөө муухай харж байсан хүүхнийг Оюунтунгалаг “нөгөө хүүхэн чинь энэ ш тээ гэж хэлсэн” тэгэхээр нь би юун хүүхэн, ямар хүүхэн гэж асуусан чинь Оюунтунгалаг намайг амьдралгүй болгодог, нөхрөөс маань салгасан хүүхэн чинь энэ байна” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 263 дугаартай:

  1. О.Оюунтунгалагийн биед гэмтэл тогтоогдлоо.
  2. О.Оюунтунгалагийн биед зовхи, эрүүнд сорви бүхий гэмтэл тогтоогдлоо.
  3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байна.
  5. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  6. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 50-р хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 54 дүгээр хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.

Шүүгдэгч О.Оюунтунгалагийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон гэмт хэргийг, шүүгдэгч Э.Аняг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд тооцлоо.

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заажээ.

Шүүгдэгч Э.Анягийн хохирогч О.Оюунтунгалагийн IPhone 4s маркийн гар утсыг эвдэлж гэмтээсэн үйлдлийг 2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна

Харин шүүгдэгч О.Оюунтунгалагт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн шинжийг Монгол улсын 2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй, гэмт хэрэгт тооцохгүй болсон байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэрэг нь Монгол улсын 2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан…” гэж байх ба, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт “бага хэмжээний хохирол гэж 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” заасан бөгөөд шүүгдэгч О.Оюунтунгалаг нь хохирогч Э.Аняд 240.000 төгрөгийн хохирол учруулсан нь  Монгол улсын 2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцохооргүй байна.

Мөн шүүгдэгч Э.Аня нь 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хохирогч О.Оюунтунгалагийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан байх боловч 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлд хамаарагдаж байна.

Иймд шүүгдэгч О.Оюунтунгалаг, Э.Аня нарын үйлдэл, гэмт хэргийн шинжийг 2017 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлж, “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн” эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар шүүгдэгч О.Оюунтунгалагт,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч Э.Аняд тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Шүүгдэгч Э.Анягийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар торгох ял оногдуулах боломжтой гэж үзэв.

Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд шүүгдэгч Э.Анягаас 355.900 төгрөгийг гаргуулж хохирогч О.Оюунтунгалагт, шүүгдэгч О.Оюунтунгалагаас 240.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Аняд олгож,  хохирогч нар нь бусад хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн 201722000132 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Оюунтунгалагт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110 дугаар зүйлийн 110.1, 153 дугаар зүйлийн 153.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.
  2. Шүүгдэгч Сарт туул Эрдэнэчулууны Аняг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн, хүний эрүүл мэндэд санаатай халдсан, хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч Э.Аняд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Аняд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 451 /дөрвөн зуун тавин нэг/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 451.000 /дөрвөн зуун тавин нэгэн мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар ялтны торгох ялыг 1/нэг/ жилийн хугацаанд төлөхөөр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч О.Оюунтунгалагаас 240.000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Аняд, шүүгдэгч Э.Анягаас 355.900 /гурван зуун тавин таван мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч О.Оюунтунгалагт тус тус олгож, хохирогч нар нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн 201722000132 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Оюунтунгалаг, Э.Аняд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР