2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1686

 

 

 

 

 

 

 

   2025       06         30                                     2025/ШЦТ/1686

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгч А.Н , түүний өмгөөлөгч Ч.Болд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Н-д  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2503 00180 0455 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд,

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Н  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Н  мэдүүлэхдээ: “Би лагераас доош уруудаад явж байсан. Манай эхнэр жирэмсэн бие нь жаахан тавгүй байсан учир яаралтай явж байсан нь бол үнэн. Замын хажуунаас хохирогч шууд гараад ирсэн. Би машинаасаа буугаад хохирогч ах дээр очоод “та зүгээр үү” гэж асуухад “ахынх нь хөл жаахан эвгүй байна” гэж хэлсэн. Би машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэгт очсон. Үүнээс хойш дандаа холбоотой байсан. Эхнэрийг нь явах газар руу нь хүргэх, эмнэлэгт байхад нь очиж, дандаа уулзаж холбоотой байсан. Одоо ч гэсэн холбоотой байгаа.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газар, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс /хх-ийн 4/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 5-6/, Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 18-22/, хохирогч С.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 25/, Иргэний нэхэмжлэгч С.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 28/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ц.О ийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ0725/3345 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-33/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Г ийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ЕГ0225/312 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-50/, Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 41190913 дугаартай дүгнэлт /хх-ийн 62-69/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхтөрийн магадлагаа /хх-ийн 77-78/, шүүгдэгч А.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 94/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 96/,

Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 97/,

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 98/,

Жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 99/,

Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: “Шүүгдэгч А.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Мөн шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Мөн шүүгдэгч А.Н аас 1,384,400 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүлэгч гэм буруу дээрээ маргаагүй.” гэх дүгнэлтийг,

            Шүүгдэгч “Хэлэх зүйлгүй.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч А.Н  нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо “...” худалдааны төвийн баруун урд 2025 оны 02 дугаар сарын 12-ны шөнийн 02 цаг 55 минутын орчим Toyota prius 30 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 12.4 Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно, мөн дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Б ын мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газар, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс /хх-ийн 4/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 5-6/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай “Хэрэг учрал болсон гэх газар нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, ... төвийн баруун урд замд тээврийн хэрэгсэл явган зорчигчийг мөргөх хэлбэрээр үйлдэгдсэн байх бөгөөд  ослын газрын зам орчны байдлыг суурингийн дотор, шулуун тэгш, гадаргуутай, хуурай зохицуулагддагүй явган хүний гарцтай үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, 4 эгнээтэй, тусгаарлагч зурвастай, явган хүний замтай, хашлагатай хайстай зам орчин байв. Тухайн осол нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны шөнийн 03 цагт болсон байх бөгөөд явган зорчигч эмнэлэгт хүргэгдэн жолооч ослын газраас хөдөлсөн байдалтай байна. Явган зорчигч анх мөргүүлсэн цэгийг хяналтын камераар тогтоож “А” үсгээр газарт унасан цэгийг “Б” үсгээр, үл хөдлөх цэгийг дугааргүй гэрэлтүүлгийн шонг “В” үсгээр тус тус тэмдэглэж хэмжилт хийхэд А цэгээс Б цэг хүртэл 1,50 метр, А цэгээс үл хөдлөх В цэг хүртэл тэгш өнцөгт гаргаж хэмжихэд 10,40*5,8см, А цэгээс засмалын голын тусгаарлах зурвас хүртэл 4,50м, Б цэгээс 3,10м, А цэгээс урагш явган хүний гарц хүртэл 100м, зорчих хэсгийн нийт өргөн 20,80м тус тус хэмжээстэй байв. Явган зорчигч ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд тээврийн хэрэгсэл хойноос урагш чиглэлтэй зорчин явсан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11/

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “17-ийн автобусны буудал” нэртэй бичлэг бүхий сидинд үзлэг хийв. Бичлэг эхлүүлэхэд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо ... худалдааны төвийн зүүн талын эсрэг урсгалтай 4 эгнээ, автобусны буудал бүхий зорчих хэсэг харагдаж байна. Бичлэгийн цагаар 01 минут 26 секундэд буюу дэлгэцийн цагаар 02 цаг 53 минут 26 секундэд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй явган зорчигч зам гарахаар алхаж байгаа харагдана. Бичлэгийн цагаар 01 минут 33 секундэд буюу дэлгэцийн цагаар 02 цаг 53 минут 33 секундэд явган зорчигч ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зорчих хэсгийн 2-р эгнээнд зүүнээс баруун тийш чиглэлтэй явган зорчигч алхаж байгаа харагдана. Бичлэгийн цагаар 01 минут 36 секундэд буюу дэлгэцийн цагаар 02 цаг 53 минут 36 секундэд явган зорчигч зорчих хэсгийн голын тусгаарлах зурвас дээр зогсож байгаа харагдана. Бичлэгийн цагаар 01 минут 37 секундэд буюу дэлгэцийн цагаар 02 цаг 53 минут 37 секундэд явган зорчигч замын голын тусгаалах хэсэг дээр зогсож байхад ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зорчих хэсгийн 2-р эгнээнд саарал өнгийн дунд оврын тээврийн хэрэгсэл явган зорчигчийн урдуур өнгөрөх бөгөөд явган зорчигч тээврийн хэрэгслийн өнгөрөхтэй зэрэгцэн хөдөлгөөнөө үргэлжлүүлэн зорчих хэсэг рүү орж байгаа харагдана. Мөн тухайн цаг хугацаанд саарал өнгийн тээврийн хэрэгслийн араас зорчих хэсгийн 2-р эгнээнд цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгсэл гарч ирж байгаа харагдана. Бичлэгийн цагаар 01 минут 39 секундэд буюу дэлгэцийн цагаар 02 цаг 53 минут 39 секундэд ертөнцийн зүгээх хойноосоо урагшаа чиглэлтэй зорчих хэсгийн 2-р эгнээнд зорчиж явсан саарал өнгийн дунд тээврийн хэрэгсэл явган зорчигчийн урдуур өнгөрч яваад замын баруун талын автобусны буудлыг өнгөрч байгаа харагдана. Бичлэгийн цагаар 02 цаг 53 минут 43 секундэд цагаан өнгийн тээврийн хэрэгсэл зогсоод аваарын гэрлээ асаагаад 02 цаг 53 минут 48 секундэд жолооч нь автомашинаасаа бууж ирэх бөгөөд зам гарч явсан явган зорчигч зам дээр унасан байдалтай байгаа харагдана. Бичлэгийн цагаар 02 цаг 53 минут 50 секундэд цагаан өнгийн тээврийн хэрэгслийн жолооч нь зам дээр унасан байгаа явган зорчигч руу алхаж байгаа харагдана..” гэх тэмдэглэл /хх-ийн 18-22/,

Хохирогч С.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Тэгээд цагдаагаас гараад гэртээ ирээд амрах гэж байгаад тамхигүй байхаар нь ТҮЦ-нээс тамхи авахаар эргээд 02 цаг 50 минутын орчимд гэрээсээ гараад гэрийнхээ гудамжнаас ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй гарч ирээд замын эсрэг талын ТҮЦ орохоор зам гарсан бөгөөд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зорчих хэсгийг өгөрөөд хойноосоо урагшаа чиглэлтэй зорчих хэсгийн 2-р эгнээн дээр алхаж явтал миний баруун гар талаас цайвар өнгийн Toyota Prius-30 маркийн машин орж ирээд миний баруун хөлийг шүргээд би газар унасан. Тэгээд би босох гэсэн чинь баруун хөл сажиганаад босч чадахгүй байсан бөгөөд нөгөө хөо шүргэсэн машины жолооч машинаасаа бууж хүрч ирээд намайг үүрээд машиндаа суулгаад шууд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр болсон. Ослын улмаас миний баруун хөлийн шагай хэсгээр хугарч хагалгаанд орсон. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Би ганцаараа явж байсан. Миний зам гарч явсан газрын хойд талд 100 метр хүрэхгүй зайд явган хүний гарц байдаг бөгөөд би явган хүний гарцгүй хэсгээр зам гарч явсан. Би тэр үед ухаан санаа сэргээд овоо гайгүй болсон, дунд зэргийн согтолтой биеэ удирдах чадвартай байсан. Цаг агаар тогтуун, үзэгдэх орчин чөлөөтэй, зам гэрэлтүүлэгтэй, замын хөдөлгөөн ачаалал бага сийрэг чөлөөтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

Иргэний нэхэмжлэгч С.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч С.Б  нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,384,400 /нэг сая гурван зуун наян дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөг гарсныг яллагдагч А.Н аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ц.О ийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ0725/3345 дугаартай: “С.Б ын биед баруун шилбэний гадна, дотор хавчаар ясны хугарал, шагайн үений мултрал, зүүн шууны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 32-33/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Г ийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ЕГ0225/312 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “D12_20250212025200.mp4” нэртэй дүрс бичлэгээс тогтоолд дурдсан автомашины хурдыг тогтоох боломжтой. ”D12_20250212025200.mp4” нэртэй дүрс бичлэгт дүрслэгдсэн, тогтоолд дурдсан тээврийн хэрэгсэл нь хэмжилт хийсэн 16.10 метр зайг 80км/цаг дундаж хурдтай туулсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 48-50/,

Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 41190913 дугаартай: “Уг автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд: Дуут дохио, хурдны хайрцагны ажиллагаа, дугуйн хээний гүн, урд хойд тэнхлэгийн тооромсны хүч, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ зэрэг нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангаж байна. Харин дугаарын гэрэл асахгүй, зүүн гар талын толь хугарсан, дагалдах иж бүрдэл байхгүй, зүүн гар талын хаалга хонхойсон байгаа нь автотээьрийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 63100cd, хол дээрээ 26,900cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 27,900 cd, хол дээрээ 27,000 cd, байгаа нь зүүн талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна. Дугаарын гэрэл асахгүй, зүүн гар талын толь хугарсан, дагалдах иж бүрдэл байхгүй, зүүн гар талын хаалга хонхойсон байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага хангахгүй байна. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй бөгөөд техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмж дээр үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан шалгаж үзэхэд тоормос хэвийн ажиллагаатай авто тээвэрт тавигдах стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогсож байсан. Урд дугуйны хүч зүүн талдаа 1,2кН, баруун талдаа 1кН, зөрүү нь 17%, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,1кН, баруун талдаа 0,8кН, зөрүү нь 27% стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогсож байсан. Уг тээврийн хэрэгсэл нь 2022, 2023 онд техник хяналтын үзлэгт орж тэнцсэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 62-69/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхтөрийн “Toyota Prius-30 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч А.Н  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно, мөн дүрмийн 1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас осол болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна..” гэх магадлаа /хх-ийн 77-78/,

Шүүгдэгч А.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тээврийн хэрэгслийг жолоодоод ... урууддаг зам дээр эсрэг урсгалтай 4 эгнээ зорчих хэсгийн ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зорчих хэсгийн 2-р эгнээгээр 61-62 орчим км/цагийн хурдтайгаар зорчиж явтал миний зүүн гар талаас ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй залуу эрэгтэй хүн гарч ирээд миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн зүүн талын толь хэсэгт шүргүүлээд би баруун гар тийшээ дараад нэлээн урд очиж зогсоод машинаасаа буугаад очтол нөгөө ах нэлээн согтуу газар суусан хөлөө барьсан байдалтай байсан бөгөөд би тэр хүнээс биеийг нь асуутал ахынх нь хөл өвдөөд байна шууд эмнэлэг явъя гэхээр нь үүрээд машинаад суулгаад гэмтлийн эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 94/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг жолооч зөрчсөн, мөн энэхүү үйлдэл нь болгоомжгүй хэлбэртэй байх ба жолоочийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг байна.

 

Шүүгдэгч А.Н  нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо “...” худалдааны төвийн баруун урд 2025 оны 02 дугаар сарын 11-ний шөнийн 02 цаг 55 минутын орчим Toyota prius 30 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 12.4 Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно, мөн дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Б ын мөргөсөн болгоомжгүй үйлдэл болон хохирогчид учирсан “баруун шилбэний гадна, дотор хавчаар ясны хугарал, шагайн үений мултрал, зүүн шууны цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч А.Н ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “..Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус заасан.

 

Уг гэмт хэргийн улмаас хохирогч С.Б ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Эрүүл мэндийн даатгалын санд 1,384,400 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Б  нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.  

 

Хавтаст хэргийн 84 дэх талд хохирогч С.Б ын “Миний бие 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр арван долоогийн замд тээврийн хэрэгсэлд мөргүүлж зам тээврийн осолд өртсөн. Уг ослын улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол зардлыг жолоочийн зүгээс бүрэн барагдуулсан тул миний бие ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх хүсэлт авагдсан бөгөөд түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд тэрээр гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байна.

 

Хохирогч С.Б  нь гэм хорын хохирол болон сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.Н аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гаргасны дараа хохирол төлөх зорилгоор ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлага авсан ба дээрх хугацаанд иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сангийн ... тоот дансанд 1,384,400 төгрөгийг “..., ...” гэх утгатайгаар шилжүүлсэн баримтыг гаргаж өгсөн байх тул шүүгдэгч А.Н ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “Шүүгдэгч А.Н ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлоо нөхөн төлсөн. Урьд ял шийтгэл эдлэж байгаагүй. Одоо эхнэр нь төрөх гэж байгаа. Тээврийн цагдаагийн газарт ажилладаг. Цаашид цагдаагийн байгууллагад ажиллах чин хүсэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч “Би тээврийн цагдаагийн газарт ажиллаж байгаа. Цагдаагийн байгууллагад цаашид ажиллах чин хүсэлтэй байгаа. Намайг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүхээс шүүгдэгч А.Н ад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус хангаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч А.Н  нь хэрэг хариуцах чадвартай, тухайн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч А.Н ад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”, 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус .. үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч А.Н ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргав.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.Н ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч А.Н ыг чөлөөлсүгэй. 

 

3. Хохирогч С.Б  нь гэм хорын хохирол болон сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.Н аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Н  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Н ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.СОЛОНГОО