| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/0067/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/67 |
| Огноо | 2025-07-24 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | *** |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр,
Улсын яллагч Т.Солонго,
Шүүгдэгч О.Ч******, түүний өмгөөлөгч Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б**** овогт О.Ч******холбогдох эрүүгийн 25330009500*** дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын ***-ний өдөр С***** аймгийн О***** суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, ****хамт С******** аймгийн С**** сумын *-р баг *********тоотод оршин суух, 2 удаагийн ял шийтгэлтэй, Б****** овогт О.Ч******* /РД:**********/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Ч******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ ****** аймгийн С******* сумын ****** дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ****** СЭА улсын Тоёота приус 11 загварын тээврийн хэрэгслийг 0.58 хувийн согтолттойгоор жолоодож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн шинжлэн судалсан болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Ч********* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ С******** аймгийн С********сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ******** СЭА улсын Тоёота приус 11 загварын тээврийн хэрэгслийг 0.58 хувийн согтолттойгоор жолоодож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн гэм буруутай үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч О.Ч******** өгсөн: Миний буруу. Гэм буруу дээрээ маргахгүй. Надад торгох ял оногдуулж өгнө үү. Миний бие өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж оролцож байна гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад:
1.2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн эрх бүхий албан тушаалтан Б.С***** 1100.045.25.0002265 дугаартай “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг ирүүлсэн тухай” тэмдэглэл/хх-ийн 3/,
2.О.Ч******* согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг/хх-ийн 16-17/,
3.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар 06-ны өдрийн 2025/3Ш/52 дугаартай О.Ч******* холбогдох шийтгэвэр/хх-ийн 10-12/,
4.2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Цагдаагийн еренхий газрын хэрэгсэл жолоодох эрх хасагдсан лавлагаа/хх-ийн 43/,
5.2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ГХЗ/42 дугаартай О.Ч****** холбогдох Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхийн гүйцэтгэх хуудас/хх-ийн 14/,
6.2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын цагдаагийн албан хаагч д/******* “…****** би дэд ахлагч Б.А****** хамт С******** 1,2,4-р багийн нутаг дэвсгэрт явж эрүүгийн үүрэг гүйцэтгэх үед С****** сумын *-р багт оршин суух О.Ч***** гэгч нь тус сумын *-р баг Д**** хорооллоос Ө***** дэлгүүр орох зам дагуу ****** СЭА маркийн Prius автомашины 0,58 хувийн согтолттой жолоодож явсныг илрүүлж ажиллаа...” гэх илтгэх хуудас/хх-ийн 15/,
7.Яллагдагч О.Ч********: “...******** сумын *** дугаар баг ж****** хороолол ****** тоот суманд өөрийн гэртээ 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байж байхад манай гэрт А****** гэж дууддаг бүтэн нэрийг мэдэхгүй О**** сумын залуу мотоцикол ачаад 15 цагийн орчим ирсэн. Ингээд мотоциклоо янзлаад өгөөрэй гээд үлдээгээд явсан. Үүний дараа би мотоциколыг үзэхэд сэлбэг дутахаар нь би өөрийн ******* СЭА улсын дугаартай Тоёота приус 11 маркийн тээврийн хэрэгсэлтэй С******** сумын *-р баг Д****** хороололд хаягийг мэдэхгүй эхний гудамжид байдаг М******* гэх айлд очих үед М****** миний танихгүй хүнтэй хамт Боргио нэртэй 2 литрийн савалгаатай пиво задлаад хашаандаа уугаад сууж байсан. Би тэр хоёртой 1 цаг орчим юм ярьж суухдаа 200 грамын аягаар хоёр удаа пиво хийж уусан. Ууж дуусаад өөрийн тээврийн хэрэгсэл болох **** СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад М******* гэрийн гаднаас хөдлөх гэтэл И,Г,Н нар ирж замдаа Ө**** дэлгэр дэлгүүрийн үүдэнд танилууд болох И,Г,Н нарыг буулгах гээд зогсож байтал цагдаа хүрээд ирсэн. Миний ардаас дагаад явж байсан юм шиг байгаа юм. Ингээд хоёр цагдаа ирээд намайг уусан уу гэж асуухад би уусан гэж хэлтэл С****** суманд очиж шалгуул гэж хэлээд С***** суманд ирж драгер багажаар шалгатал 0.58 гарсан…” гэх мэдүүлэг/хх-ийн 30-31/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Тус шүүхийн 2025 оны 03 дугаар 06-ны өдрийн 2025/3Ш/52 дугаартай шийтгэврээр шүүгдэгч О.Ч******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон эрхээ хасуулсан хүн дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт орж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж дагаж мөрдөхөөр хуульчилсан.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгодог.
Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэмт үйлдэл нь хангалттай нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...гэсэн зарчмын дагуу шүүгдэгч О.Ч*****Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн О.Ч******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 05 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаанд тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөх, өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах…” гэх саналыг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч О.Ч******** гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй нөхцөл байдал, мөн түүний хувиараа тээврийн хэрэгсэл болон мотоцикл болон бусад эд зүйлсийг засварлаж гэр бүлийн санхүүгийн хэрэгцээгээ зохицуулан амьдардаг. Эхнэр А********* нь тодорхой ажил хөдөлмөр эрхлэн ажилладаг, шүүгдэгч тодорхой орлоготой гэдэг нь өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Хаан банкны дансны хуулгаар нотлогдож байгаа. Мөн уг хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, болон 6.6 заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн тогтоогдоогүй. Иймд дээрх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, уг торгох ялыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэх дүгнэлтийг гаргаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино... гэж тус тус заажээ.
2025 оны 03 дугаар 06-ны өдрийн 2025/3Ш/52 дугаартай шийтгэврээр шүүгдэгч О.Ч********* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байхад гаргасан зөрчилдөө дүгнэлт хийгээгүй дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон.
Өөрөөр хэлбэл урьд зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийн төрлийг дараагийн үйлдсэн гэмт хэрэгт давтан оногдуулах нь эрүүгийн хариуцлагын үр нөлөөг бууруулна гэж үзэв.
Мөн шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй байх тул түүнд торгох ял оногдуулах нь түүний хувийн байдалд тохирохгүй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заасан.
Иймд шүүгдэгч О.Ч****** нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 05 сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч О.Ч****** нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ч*****-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б***** овогт О.Ч******-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч**** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 05 сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч О.Ч******* нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заагдсан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулж болохыг шүүгдэгчид тайлбарласугай.
5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.АЛГИРМАА