| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/0018/э |
| Дугаар | 2025/ШЦТ/68 |
| Огноо | 2025-07-28 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | **** |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр,
Улсын яллагч Н.Бадам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ү********
Шүүгдэгч Н.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
С***** аймаг С****** сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч Н.Б******* холбогдох 24330009201*** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны *** дугаар сарын **-ны өдөр Б**** аймагт төрсөн, эрэгтэй, 51 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “М*****” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 3, **** хамт, С**** аймгийн Б***** сумын **-р багт орших суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х******* овогт Н. Б*** /РД:*****/.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Яллагдагч Н.Б**** нь "Хуш модны самар бэлтгэх хориотой үед буюу 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд С***** аймгийн Б**** сумын ** дугаар багийн нутаг "****** ам" гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр нийт 121,7 кг хуш модны самар бэлтгэж, байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр 60,180,650 төгрөгийн хохирол учруулсан, улмаар бэлтгэсэн 121,7 кг самрыг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны 22 цагийн орчим ***** аймгийн Б*** сумын **дугаар багийн нутагт ***** ОРО улсын дугаартай "К*****" маркийн "Б*****" загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Б******** нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаар:
1. 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мэдээлсэн зөвшөөрөлгүй самар түүж тээвэрлэсэн гэх гомдол мэдээллийг С****** аймгийн С******* сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн бүртгэлийн 289/1100-4253/ дугаарт хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,
2. 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр С***** аймгийн Б***** сумын 2 6 дугаар багийн нутаг "Т******" гэх газарт байрлах Киа бонго маркийн ***** ОРО тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, 5 ширхэг фото/ /хх-ийн 4-6, 7-р хуудас/,
3. 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр С****** аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутагт байрлах Цагдаагийн хэсгийн байрны мэдүүлэг авах өрөөнд байрлах 3 шуудай самар болох эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, 4 ширхэг фото зураг /хх-ийн 8-9, 10-р хуудас/,
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***** “...2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тус сумын иргэн Н.Б***** нь "****** ам" гэх газраас хууль бусаар зохих зөвшөөрөлгүй 3 шуудай хуш модны самар бэлтгэсэн талаар мэднэ. Эргүүл шалгалтаар ажиллах үед илрүүлсэн юм. Тухайн үед самар бэлтгэх зөвшөөрөл олгоогүй. Журамдаа бол хуш модны самрыг түүх зөвшөөрлийг 2024 оны 10 дугаар сарын 20 ноос дараа оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хооронд олгодог юм. Ахуйн зориулалтаар иргэнд 1 удаа 30 кг самар бэлтгэх зөвшөөрөл олгодог юм. Н.Б**** байгаль экологид учруулсан хохирлыг мөнгөн дүнгээр гаргаж холбогдох дансанд тушааж сум орон нутгийг хохиролгүй болгох шаардлагатай гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/,
5. Гэрч Н.Б*** “...Би тухайн тээврийн хэрэгслийг хэзээ авсан гэдгээ санахгүй байна. 10 орчим жил ашиглаж байгаа. 2023 онд задаргаанд өгөх гээд О***** аймаг руу оруулсан чинь манай нутгийн танил залуу болох Н.Б***** гэдэг хүн засаж авна гэхээр нь 500,000 төгрөгөөр зараад нотариатаар оруулаад өгсөн. Одоо надад хамаарал байхгүй. Би тухайн тээврийн хэрэгслийг нэр шилжсэн гэж бодож байсан юм. Би иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй. Н.Б******* эзэмшилд шилжүүлсэн тул Б***** өөрөө хариуцна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 60-р хуудас/,
6. Шүүгдэгч Н.Б******** яллагдагчаар өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би Б**** сумын Т***** ам гэх газар луу самарт гарахдаа **** ОРО улсын дугаартай Б***** маркийн тээврийн хэрэгсэлтэй очоод тэндээ 2 хоног самар бэлтгэсэн. Тэгээд цайруулсан байсан 3 шуудай самраа авч бууж байгаад цагдаад баригдсан. ***** ОРО тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Би 2024 оны 07 сард 1 сая төгрөгөөр Б**** аймгийн нэг хүнээс авч байсан. Тухайн самрыг түүж бэлтгэсэн. Ер нь самар унасан байсныг түүсэн. Модноос унагааж бэлтгээгүй. Уулнаас гараар ашигладаг цайруулдаг машин олж цайруулсан. Би самар бэлтгэх хориотой гэдгийг мэдэхгүй. Ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Би мөнгө олох зорилгоор түүсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-p хуудас/,
7. О**** бүсийн сум дундын Ойн ангийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаартай экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон тухай: С**** аймгийн Б***** сумын ** дугаар баг Т*** ам гэх газар тус аймгийн М***** сумын ** дугаар багт оршин суух Н.Б***нь зохих зөвшөөрөлгүй, хуш модны самар бэлтгэх хориотой үед бэлтгэж, тээвэрлэсэн 3 шуудай "Ховор" ургамал болох Сибирь хуш модны үр болох самрыг хэмжихэд нийт 121.7 кг /цэвэр жингээр/ тооцоход бэлтгэсэн байна.
Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалаар Сибирь хуш модны самрын экологи эдийн үнэлгээ нь 1 кг /нойтон жин/ тутамд 98,900 төгрөг байна. Иймд иргэн Н.Б**** зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, тээвэрлэсэн 121.7 кг Сибирь хуш модны самар нь 12,036,130 төгрөг болж байна.
Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Ховор, ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тогтоох А/603 дугаар тушаалыг хавсралтаар хүргүүлэв. Дүгнэлт гаргасан: О****бүсийн сум дундын ойн ангийн дарга Э.С*****...” гэх дүгнэлт /хх-ийн 125-р хуудас/,
8. С***** аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 01/29-02/279/01 дугаартай хохирлын үнэлгээ тогтоосон тухай “...Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3- т/ургамлын аймаг учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/ тогтооно заасны дагуу 12,036,130x5=60,180,650 төгрөг болов. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг "Т***** ам" гэх газраас хууль бусаар хуш модны самар бэлтгэсэн иргэн Н.Б********* нь ургамлын аймагт учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр нийт 60,180,650 төгрөгийн хохирол учруулсан байна. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Р.С******... гэх акт /хх-ийн 132-р хуудас/,
9. Шинжээч Э.С******* “...Хадгалсан өрөөний нөхцөлөөс шалтгаалж хуш модны самар нь хатаж хуучин жингээ алдах боломжтой. Хаана ямар нөхцөлд хадгалснаас шалтгаалан хэмжээ хаталт явагдах, чанар муудах, зэргээс шалтгаалан хэмжээ харилцан адилгүй өөрчлөгдөх боломжтой. Ямар нөхцөлд яаж хадгалах, тээвэрлэх талаар 18 дугаартай дүгнэлтийн 6 дахь заалтад заагдсан байгаа. Самрыг унасан үед түүж бэлтгэх аргачлалтай байдаг бөгөөд зөвшөөрөгдсөн хуулийн хугацаанд түүж бэлтгэх ёстой. Н.Б***** нь хориглосон зөвшөөрөлгүй цаг хугацаанд түүж бэлтгэсэн байна. Хууль бусаар самар бэлтгэсэн учир экологи эдийн засагт тодорхой хэмжээний хохирол учирсан гэж үзнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 136-р хуудас/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үйл баримтыг үгүйсгэсэн, эргэлзээтэй, нотлох чадвараа алдсан нотлох баримт байхгүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Н.Б***** нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд С****** аймгийн Б******* сумын 2 дугаар багийн нутаг "Т****** ам" гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 121,7 кг хуш модны самар бэлтгэсэн, хууль бусаар түүж бэлтгэсэн самраа 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 22 цагийн орчим С****** аймгийн Б******* сумын ** дугаар багийн нутагт **** ОРО улсын дугаартай "К****** "Бонго" загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх үйл баримт нь:
2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мэдээлсэн зөвшөөрөлгүй самар түүж тээвэрлэсэн гэх гомдол мэдээллийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн бүртгэлийн 289/1100-4253/ дугаарт хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр С**** аймгийн Б******* сумын * дугаар багийн нутаг "Т***** ам" гэх газарт байрлах ****** маркийн ***** ОРО тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, 5 ширхэг фото/ /хх-ийн 4-6, 7-р хуудас/, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр С****** аймгийн Б**** сумын ** дугаар багийн нутагт байрлах Цагдаагийн хэсгийн байрны мэдүүлэг авах өрөөнд байрлах 3 шуудай самар болох эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, 4 ширхэг фото зураг /хх-ийн 8-9, 10-р хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.******* мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/, гэрч Н.Б******** мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/, яллагдагч Н.Б****** мэдүүлэг /хх-ийн 70-p хуудас/, О***** бүсийн сум дундын Ойн ангийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаартай “экологи эдийн засгийн үнэлгээ” тогтоосон дүгнэлт /хх-ийн 125-р хуудас/, С*** аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 01/29-02/279/01 дугаартай акт /хх-ийн 132-р хуудас/, шинжээч Э.С****** мэдүүлэг /хх-ийн 136-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Байгаль орчныг хамгаалах тухай хууль нь хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулсан суурь хууль бөгөөд уг хуулиар байгаль орчинд хамаарах объектуудыг газар, ус, агаар, ургамал, амьтан гэх зэргээр төрөлжүүлсэн салбарын нарийвчлан хуулиар зохицуулсан байна.
Тухайлбал: Байгалийн ургамлын тухай хуулиар ой болон таримал ургамлаас бусад ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулсан байх бөгөөд хуулийн 3 дугаар зүйлийн 2-т зааснаар ургамлын нөөц, нөхөн сэргэх чадварыг харгалзан нэн ховор, ховор, элбэг ургамал гэж ангилан, ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамлыг хамааруулж, энэ ургамлын жагсаалтыг Засгийн Газраас батлахаар хуульчилжээ.
Үүний дагуу Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153, 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 410 дугаар тогтоолоор Нарсны төрлийн модны үр /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/-г ховор ургамлын жагсаалтад оруулсан тул энэ төрлийн мод, түүний үр, идээг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлээр хамгаалсан байна.
Самар нь Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т зааснаар ойн дагалт баялагт тооцогдох бөгөөд хуулийн 38 дугаар зүйлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тодорхой төлбөртэйгөөр тухайн ойн анги, эсхүл байгаль хамгаалагчаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр ашиглах журмыг тогтоосны зэрэгцээ тухайн зүйлийн 38.5-д “Хушны самрын дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацтай жилд аль ч зориулалтаар ашиглахыг зөвшөөрнө” гэж хуш модны самрын ашиглалтын талаар тухайлан заасан нь байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, хамгаалах, жам ёсоор нөхөн сэргээх шинж чанарыг хадгалах зорилгыг илэрхийлж буйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч зохих зөвшөөрөл авч самар түүдэг талаар мэдэхгүй гэж мэдүүлж байгаа ба хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн идэвхтэй үйлдлээр хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Н.Б******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал түүж бэлтгэсэн, зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол, иргэний нэхэмжлэл бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийгмийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.
Шүүх шүүгдэгчийн байгаль экологид учруулсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр 12,036,130 төгрөг гэж тогтоогдсоныг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.
Учир нь: С****** аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 01/29-02/279/01 дугаартай “хохирлын үнэлгээ тогтоох тухай” актаар: Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасны дагуу 12,036,130х5=60,180,650 төгрөг болов.
С****** аймгийн Б***** сумын нутаг “Т***** ам” гэх газраас хууль бусаар хуш модны самар бэлтгэсэн иргэн Н.Б*** нь ургамлын аймагт учруулсан экологи, эдийн засгийн үнэлгээгээр нийт 60,180,650 төгрөг учруулсан байна гэжээ.
Улсын байцаагчийн дээрх актыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчид танилцуулсан байгаа боловч уг актыг эс зөвшөөрсөн нөхцөлд гомдол гаргах эрхийг уг актад тусгаагүй, тайлбарлаж өгөөгүй, хууль зүйн шаардлага хангахгүй байгаа зэргийг харгалзан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэн шууд буюу бодит хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь хохирол төлбөрт 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 200,000 төгрөг төлснийг дурдах нь зүйтэй
Иймд шүүгдэгч Н.Б***** хохирол 11,836,130 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд оруулж шийдвэрлэв.
Киа Бонго маркийн ОР**** улсын дугаартай автомашин нь Н.Б***** өмчлөлийн болох нь 00762741дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 79/
Иймд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийн болох нь тогтоогдож байх тул шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 800,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд оруулж шийдвэрлэв.
Мөрдөгч эд мөрийн баримтаар 121,7 кг самар хураан авсан байх боловч хэрэг прокуророос шүүхэд шилжих үед самрын хэмжээ 90,7 кг болсон нь шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтны тэмдэглэлээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,5-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 90,7 килограмм самрыг худалдан борлуулж орлогыг Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Н.Б******* нь хуш модны самар бэлтгэх хориотой үед буюу 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд С****** аймгийн Б****** сумын 2**дугаар багийн нутагт байрлах “Т******* ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хуш модны самар бэлтгэж байгаль орчин экологи орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр 60,180,650 төгрөгийн хохирол учруулан улмаар бэлтгэсэн самрыг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны 22 цагийн орчимд С***** аймгийн Б****** сумын 2 дугаар багийн нутагт ****** ОРА улсын дугаартай К**** загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлон тогтоогдож байна. Н.Б****** үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, улмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж ирсэн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрөөс 200,000 мянган төгрөгийг төлж барагдуулсан. Зохих зөвшөөрөлгүйгээр хориотой үед самар түүж, бэлтгэсэн улмаар тээвэрлэсэн гэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцох саналыг шүүхэд оруулж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэхэд хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй ховор ургамал болох хуш модны самар түүж бэлтгэсэн тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж улсын яллагчийн зүгээс дүгнэж байна. Н.Б*** үйлдсэн гэмт хэрэг бичгийн баримтаар бүрэн тогтоогдсон тул түүнд ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б***** 01 жил 10 сарын хугацаагаар зорчихыг хязгаарлах ял оногдуулах, ялыг оршин суух нутаг болох С**** аймгийн Б****** сумын нутгаас гарахыг хязгаарлах саналыг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас байгалийн ургамлыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэмт хэргийн улмаас байгаль орчин 60,150,650 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Н.Б****** хохирлоос 200,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд бусдад төлөх төлбөртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Экологи эдийн засгийн үнэлгээгээр хохирол учруулсан ба гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашиглаж тээвэрлэсэн байх бөгөөд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ***** ОРА улсын дугаартай К*** тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгох саналыг оруулж байна. Н.Б****** энэ хэрэгтээ урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хуш модны самрыг хурааж улсын орлого болгох саналыг оруулж байна. Шүүгдэгч Н.Б**** энэ хэрэгтээ өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлэх саналыг оруулж, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох, шүүгдэгч албадлагын арга хэмжээ авах холбоотой асуудал болбол байхгүй өмнөх саналаа дэмжиж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ү*******: “... Н.Б****** хувьд гэм бурууд маргахгүй, хохирол төлбөрийн хувьд тухайн шинжээчийн дүгнэлт болон улсын байцаагчийн актаар нийт 60 сая төгрөгийн хохирлыг Н.Б**** нь учруулсан гэсэн дүгнэлт гарсан байдаг. Энэ улсын байцаагчийн актад шүүгдэгч Н.Б********нь гомдол гаргах талаар тайлбарлаж өгөөгүй нөхцөл байдал хавтаст хэргийн баримтуудаас харахад энэ нөхцөл байдал тогтоогддог. Шүүгдэгч Н.Б******** нь одоо тухайн хуш модны самрыг бэлтгэхдээ байгаль экологид ямар нэгэн байдлаар хохирол, байгаль экологи нь дахин нөхөн сэргээгдэх боломжгүй нөхцөл байдлаар тухайн самрыг бэлтгэсэн нөхцөл байдал мөн хавтаст хэргийн бичгийн баримтуудаас харахад тогтоогддоггүй. Иймд Иргэний хуулийн 514.1.2, 510.1-д заасны дагуу гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн нөхцөл байдлыг харгалзан шүүх багасгаж болно гэж заасны дагуу Н.Б********* үйлдсэн гэмт хэргийн бодит хохирол болох 12,036,130 шүүгдэгчээс гаргуулж, дээрх хохирлоос 200,000 төгрөг төлж барагдуулсан. Эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон,гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрдөг. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, ам бүлийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож үлдэгдэл хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлж байгаа нөхцөл байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч Н.Б****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэг нь урьд мэдэх тооцоолох боломжгүй гэнэт үүссэн нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн байхыг ойлгоно.
Шүүгдэгч нь “********” ХХК-д мужаанаар ажилладаг, 1 сарын үндсэн цалин 2,500,000 төгрөг бөгөөд цалингийн орлогоосоо хохирлыг төлж барагдуулахаа шүүх хуралдааны шатанд илэрхийлсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэгт тооцно гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарна.
Шүүгдэгч нь өөрийн хууль бус үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна.
Шүүгдэгч “*****” ХХК-д мужаанаар ажилладаг, 2,500,000 төгрөгийн цалинтай болох нь тус компаний 2025 оны 03 дугаар сарын 11-нийн өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байгаа ба цалингийн орлогоос хохирлоо төлж барагдуулна гэж мэдүүлж байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэв.
Шүүгдэгч хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эхнэр ***** умайн хүзүүний хоргүй хавдар оноштой, биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Б****** хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.Б****** тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч нь С****** аймгийн Б******** суманд амьдардаг, Улаанбаатар хотын ****** дүүрэгт ажилладаг байх тул түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах прокурорын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
Учир нь зорчих эрхийг хязгаарлах ял шүүгдэгчид оногдуулснаар ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх боломжийг хязгаарлах тул түүний хувийн байдалд тохирохгүй гэж шүүх дүгнэв.
Бусад:
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х****** овогт Н.Б******* зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал түүж бэлтгэсэн, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б***** хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б******* шүүхийн шатанд хохирол төлбөрт 200,000 төгрөг төлсөн ба түүнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 11,836,130 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд оруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,5 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 90,7 килограмм самрыг худалдан борлуулж, орлогыг Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 800,000 төгрөгийг шүүгдэгч Н.Б******* гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд тус тус оруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.Б****** тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
7.Энэ хэрэгт шүүгдэгч Н.Б*** нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛГИРМАА