Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2018/03265

 

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2018/03265

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 0-р хороо, Сүхбаатарын талбай 0, Сити Тоуэр бизнес төв 00 давхарт байрлах Б ХХК /РД:00000/-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0-р хороо, Американ дэнж хотхон 00/0 байр 00 тоотод байрлах Ц хайрхан ХХК /РД00000/-д холбогдох,

түрээсийн гэрээний төлбөрт 125,678,500 төгрөг, алданги 65,916,125 төгрөг, хэв хашмалын үнэ 76,288,405 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 267,953,230 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, Ч.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц Хайрхан ХХК нь түүнийг төлөөлж захирал Б.Э нь манай Б ХХК-иас компаниас хэв хашмал дагалдах хэрэгсэл түрээсээр авах хүсэлтэй илэрхийлсэн бөгөөд уг саналыг хүлээн авч түрээсийн гэрээг 2017.09.05-ны өдөр 17/51 дугаартай гэрээг харилцан тохиролцож байгуулсан билээ.

Уг гэрээний хавсралтад 4.102.500 төгрөгөөр 10 хоног хэв хашмалыг түрээслэхээр барьцаа 2.051.250 төгрөгийг нэмээд гэрээний төлбөрийг 6.153.750 төгрөгөөр тогтоосон билээ. Ц Хайрхан ХХК гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлэн түрээсийн төлбөр төлөөгүй болон гэрээний түрээсийн эд зүйл болон манай байгууллагын эд хөрөнгө болох хэв хашмал дагалдах хэрэгсэл 1847 ширхэгийг эргүүлэн хүлээлгэн өгөөгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй өдийг хүрээд байна.

Одоо буюу 2018.07.31-ийн өдрийн байдлаар түрээсийн гэрээний төлбөр төлөөгүй 125.678.500 төгрөг, түрээсийн гэрээний 5.2-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги 161.355.584 төгрөг, түрээсийн гэрээний 6.4-т зааснаар гэрээний сунгалт хийгээгүй тул түрээсийн нэгжийн үнийн 5 хувь болох 3.800.000 төгрөг, түрээсийн гэрээний 5.4, 5.7-т зааснаар түрээсийн зүйл болон хэв хашмалыг үрэгдүүлэх, засварлах боломжгүй болсон тохиолдолд хэв хашмалыг зах зээлийн ханшаар 3 нугалж төлөх үнэ 234.865.215 төгрөг нийт 525.519.299 төгрөг болоод байна.

Ц Хайрхан компани түүний захирал Б.Э-тай гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш гэрээг сунгуулах, гэрээний төлбөр төлөх, хэв хашмалыг эргүүлэн өгөхийг олон шаардсан боловч сүүлдээ утас нь холбогдохгүй, гэрээнд заасан хаягтаа компани нь болон өөрөө байхгүй болсон тул арга буюу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж эрэн сурвалжлах нэхэмжлэл шүүх хангаж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр Б.Э-аар өөрөөр нь баталгаа гаргаж өгсөн баримтын хамт мэдээллийг албан тоотоор манай Б" ХХК-д ирүүлсэн.

Бид бүхний зүгээс Э-тай эвлэрэх бүхий л талын арга хэмжээг авч ажиллаж ирсэн бөгөөд одоо үүнээс цааш ямар ч боломжгүй болсон тул арга буюу шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.

Ц Хайрхан компани, түүний захирал Б.Э-аас 2018.07.31-ний өдрийн байдлаар түрээсийн зүйл хэв хашмалын үндсэн үнэ 76.288.405 төгрөг, төлөөгүй түрээсийн төлбөр 125.678.500 төгрөг, түрээсийн төлбөр төлөөгүй буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоног тутам 0.5 хувийн алданги 65.916.125 төгрөг, Ц Хайрхан ХХК, захирал Б.Э ыг эрэн сурвалжлуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг нийт 267.953.230 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байх тул уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбартаа:

Ц хайрхан ХХК-н захирал Б.Э би нэхэмжлэгч Б ХХК-ийн тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч байгууллага нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ худал зүйл бичиж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх бөгөөд үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө шаардсан байна. Учир нь бидний хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь Дүр Үзүүлэн хийсэн хэлцэл буюу хууль бус хэлцэл юм.

Учир нь нэхэмжлэгч Б ХХК нь уг түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөр болон уг тоног төхөөрөмжтой холбоотой асуудлыг манай байгууллага бус өөр 3 дагч этгээд хариуцах ёстой гэдгийг хамгийн сайн мэдэх атлаа уг дүр үзүүлэн хийсэн хэлцлийг нэхэмжлэлийн үндэслэлээ болгон түрээсийн төлбөр, алданги, тоног төхөөрөмжийн үнэ гэх мэт зүйлсийг манай байгууллагаас нэхэмжилсэн байгаа нь үндэслэлгүй. Холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлж шүүхэд өгөх болно. Иймд шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Ц хайрхан ХХК-д холбогдуулан хэв шахмалын үндсэн үнэ 76,288,405 төгрөг, түрээсийн гэрээний төлбөрт 125,678,500 төгрөг, алданги 65,916,125 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 267,953,230 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ц хайрхан ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй бидний хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэсэн бичгийн тайлбар шүүхэд ирүүлсэн.

Нэхэмжлэгч нь шүүхэд манай компаниас түрээслэхээр авч явсан хэв хашмалаа гэрээнд заасан Орхон аймагт биш Дархан-Уул аймагт гуравдагч этгээдэд шилжүүлсэн байсан. Гуравдагч этгээдээс бид шаардах боломжгүй тул хэв хашмалын үнэ болон түрээсийн гэрээний төлбөр алдангийг нэхэмжилсэн гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2017 оны 09 дүгээр сарын 05-ний өдрийн бараа материал түрээслэх гэрээ-г шүүхэд гаргаж өгсөн. /х.х-ийн 43-47/

Зохигчид /бараа материал түрээслэх гэрээ/ гэрээг хэрхэн нэрлэснээс үл хамааран Иргэний хуулийн 287 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүсжээ.

Гэрээнд талууд өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлж гарын үсгээ зурсан, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байна.

Зохигчидын хооронд 2017 оны 04 сарын 05-ний өдөр бараа материал түрээслэх гэрээ нэртэйгээр барилгын хэв хашмалыг Орхон аймаг Баян-Өндөр сум 1-р хорооны нутаг дэвсгэр 1-р микро 10-82 тоот байршилд барилгын талбайд ашиглахаар, хавсралт №1-д заасан 13 нэр төрлийн бараа материалыг 4,102,500 төгрөгөөр тооцон 10 хоногийн хугацаатай, гэрээний нийт дүн 6,153,750 төгрөг байхаар тохиролцон гэрээг бичгээр байгуулан хоёр тал баталгаажуулан гарын үсэг зурж гэрээ хүчин төгөлдөр болжээ.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг хүлээнэ,

мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.1-д хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл зориулалтын дагуу ашиглах,

289.1.2-т эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх,

289.1.5-д гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэйгээр тус тус хуульчилсан.

Б ХХК-ний бараа материал тоног төхөөрөмж багаж хэрэгсэл гаргах зөвшөөрлийн хуудас 0000109 тоот баримтаар хэв хашмал, булан, труба 2-6 метр гэх эд хөрөнгүүдийг хүлээлгэн өгч, хариуцагч Ц хайрхан ХХК нь гэрээний 6.1-д заасан 6,153,750 төгрөгийг нэхэмжлэгч Б ХХК-ний Хаан банкны дансанд шилжүүлсэн болох нь дансны хуулга, харилцахын дэлгэрэнгүй баримтаар тогтоогдсон. /х.х-ийн 41,42/

Гэрээний 6.4-т Гэрээт хугацаанд хүлээн авсан байршилд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хүлээлгэн өгөх хүртэл төлбөр үргэлжлэх бөгөөд хуанлийн 2 өдрийн дотор гэрээг сунгаж төлбөрийг төлж ашиглана 5.2-т ...төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5%-ийн алданги төлнө гэж тус тус заажээ.

Зохигчид эд хөрөнгийг 10 хоногийн хугацаатай хөлслүүлэхээр тохиролцсон, хөлслөгч тал гэрээг сунгах хүсэлт ирүүлээгүй, эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж хүлээлгэн өгөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул эд хөрөнгө хүлээлгэн өгсөн 2017 оны 09 сарын 05-ний өдрөөс 2018 оны 07 сарын 31-ний өдрийг хүртэл 330 хоног эд хөрөнгө хөлслөн ашигласны төлбөр 125,678,500 төгрөг, алданги 62,839,250 төгрөг, нийт 188,517,750 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б ХХК нь  ХХК-ний хооронд байгуулсан 2014 оны 06 сарын 07-ний өдрийн худалдах худалдан авах гэрээ болон №Б-Т-03/44 тоот гэрээний нэгдүгээр хавсралтанд заасан эд хөрөнгийг нийт 224,931,600 төгрөгөөр худалдан авсан болох нь тэдний хооронд байгуулсан гэрээ, хавсралтаар тогтоогдсон тул хэв хашмал, булан, трубаны үндсэн үнэ 76,288,405 төгрөгийг хариуцагч Ц хайрхан ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-нд олгох зүйтэй гэж үзэв. /х.х-ийн 21-24/

Мөн тус шүүхийн 101/ШШ2018/01719 тоот шийдвэрээр Ц хайрхан ХХК, түүний захирал Б.Э нарыг эрэн сурвалжилсан бөгөөд улсын тэмдэгтийн хураамжинд 70,200 төгрөг төлсөн байх тул хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй.

Иймд хариуцагч Ц хайрхан ХХК-иас 264,876,355 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-нд олгож, 3,076,875 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Ц хайрхан ХХК-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2018 оны 10-р сарын 23-ний өдрийн 11.00 цагт хийхээр товлон зарлаж хариуцагчид албан ёсоор мэдэгдэн гарын үсэг зуруулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

Мөн зохигчдын мэтгэлзэх зарчмыг хангах үүднээс 2018 оны 10 сарын 16-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагч Ц хайрхан ХХК-ний захирал Б.Эыг оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Ц хайрхан ХХК-иас 264,876,355 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-нд олгож, 3,076,875 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1,497,716 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц хайрхан ХХК-иас 1,482,331 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ