Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2022/02934

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2022/02934

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ...........................,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч ............................, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1989 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс Илгээмжийн худалдаа компанид үйлчлэгч, худалдагчаар ажилд орсон. 1989 оны 5 дугаар сарын 30-1995.01.01 хүртэл ажилласан талаарх орсон гарсан тушаал бичигдээгүй. Илгээмжийн худалдаа конторт ажилласан талаар баримтыг шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. надад өгөх өөр ямар ч баримт байхгүй энэ тэнд шүүлгэж үзэхэд баримт олдоогүй. Иймд намайг 1989.05.30-1995.01.01-ны өдрийг хүртэл Илгээмжийн худалдаа конторт үйлчлэгч, худалдагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ........................ нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.

Хүсэлт гаргагч нь 1989 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Илгээмжийн худалдаа конторт үйлчлэгч, худалдагчаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Мод боловсруулах комбинатын захиргаанаас 1987 оны 3 дугаар сарын 23-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ш.Цэвэлмаа, У.Нарантуяа нарын тайлбар, мэдүүлэг, дурсамжийн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч ........................ ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал архивд хадгалагдаагүйн улмаас ажилласан жил тогтоох боломжгүй байх тул түүний ажиллаж байсныг нотлох дээрх баримтуудыг үндэслэн шүүхийн журмаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд хүсэлтийг хангаж хүсэлт гаргагч ..........................-г 1989 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Илгээмжийн худалдаа конторт үйлчлэгч, худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ............................. регистрийн дугаартай Сартуул овогт .......................................-н 1989 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Илгээмжийн худалдаа конторт үйлчлэгч, худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ