Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2022/01972

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2022/01972

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Ч

Хариуцагч: Т.А

Юнителийн .... дугаарыг буцааж шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцож, нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хариуцагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Ч нь хариуцагч Т.А холбогдуулан юнителийн ... дугаарыг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд

2. Нэхэмжлэгч Г.Чанцал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ТБ ХХК-наас өөрийн эзэмшлийн юнителийн ... дугаарыг барьцаанд тавьж 6,000,000 төгрөгийг 3,8 хувийн хүүтэй зээлдэн авч, 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэн Т.А өөрийн юнителийн ... дугаарыг 7.075.010 төгрөгөөр чөлөөлүүлсэн. Иргэн Т.А нь уг дугаарыг чөлөөлөхдөө өөрийн нэр дээр шилжүүлж авсан. ... дугаарын зах зээлийн үнэ 20,000,000 орчим төгрөг болсон. Иргэн Т.А нь өдийг хүртэл миний дугаарыг нэр дээр минь шилжүүлж өгөхгүй байгаа бөгөөд дугаараа авмаар байна гэхэд хариу өгөхгүй эсвэл үгүй гэж хэлдэг. Иймд хариуцагч Т.А миний эзэмшлийн юнителийн ... дугаарыг буцааж миний нэр дээр шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Т.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Ч нь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ТБ ХХК-ийн ломбардад өөрийн эзэмшлийн юнителийн ... дугаарыг барьцаанд тавьж 6.000.000 төгрөгийг 3,8 хувийн хүүтэй зээлдэж авсан байсан. Зээлээ төлөөгүй тул дугаар нь ломбардад хураагдах болоход нөхрийн хамт надтай холбогдож энэ дугаарыг чамд барьцаалж 12.000.000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлье гэсэн тул дугаарыг нь өөрийн нэр дээр шилжүүлж ломбардны төлбөрт 7,075,017 төгрөг өгч чөлөөлж, дээр нь нэмж ярианы төлбөр 114,730 төгрөгийг нь төлж, тэр өдрөө 4,851,000 төгрөгийг Г.Ч данс руу шилжүүлж нийт 12,040,730 төгрөг зээлдүүлсэн. Түүнээс хойш Г.Ч мөнгөө эргүүлж төлөх талаар болон утсаар залгахаар утсаа авахаа ч больсон. Харин нэг удаа утсаа аваад нялх биетэй намайг битгий дарамтлаад бай, надад хамаагүй, манай нөхөр Н.Д холбогдоорой гэсэн. Энэ явдлаас хойш бүтэн жил нөхөр болон өөрийнх нь утас руу ээлжлэн залгаж мөнгөө нэхдэг, дугаараа ав мөнгөө авъя гэж зурвас бичсэн боловч нэг ч төгрөг эргүүлж өгөөгүй. Утсаа авахгүй, дугаараа авч мөнгийг минь өгөхгүй болохоор нь өөрөө мөнгөө гаргаж авахаар ... дугаарыг худалдсан. Дугаарыг нь зарахдаа өөрсдөд нь мэдэгдээд худалдсан. Одоо дугаар нь өөр хүний нэр дээр шилжсэн тул буцаах боломжгүй. Түүнээс хойш чимээгүй байж байснаа хоёр жилийн дараа сая намайг шүүхэд өгсөн байсан гэв.

4. Нэхэмжлэгчээс Юнител ХХК-ийн тодорхойлолт, суурь хураамж төлбөр төлсөн баримт, ТБ ХХК-ийн тодорхойлолт, хариуцагчаас Хаан банкны дансны хуулга,

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Юнител ХХК-наас ... дугаарын эзэмшигчийн тодорхойлолт, хариуцагчийн хүсэлтээр гар утсанд үзлэг хийж бэхжүүлэх баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч миний эзэмшлийн ... дугаарыг буцаан шилжүүлэхгүй байгаа тул дугаараа авна гэж шаардсан бол хариуцагч нь ломбардад хураагдах гэж байсан дугаараа чөлөөлүүлж, 12.000.000 төгрөг зээлдсэн. Зээл авснаас хойш холбогдоогүй, дугаараа ав мөнгөө авъя гэхэд утсаа аваагүй тул дугаарыг зарлаа гэдгийг мэдэгдэж, худалдан мөнгөө гаргаж авсан тул зөвшөөрөхгүй гэж татгалзсан байна.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Юнител ХХК-ийн тодорхойлолт, суурь хураамж төлбөр төлсөн баримт, ТБ ХХК-ийн тодорхойлолт, хариуцагчийн Хаан банкны дансны хуулга, Юнител ХХК-наас ирүүлсэн ... дугаарын эзэмшигчийн тодорхойлолт, хариуцагчийн гар утсанд хийсэн үзлэгийн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч Г.Ч нь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн ... дугаарыг ТБ ХХК-ний ломбардад барьцаалж 6,000,000 төгрөгийг 3,8 хувийн хүүтэй зээлдэж, зээлийн эргэн төлөлтөд хариуцагч Т.А 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 7,075,010 төгрөг ломбардад, .... дугаарын багцын төлбөр, сарын суурь хураамжид 114,730 төгрөгийг Юнител ХХК-нд тус тус төлж, нэхэмжлэгч Г.Ч дансанд 4,851,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, Юнител ХХК-нд сарын суурь хураамж, ярианы төлбөр төлсөн баримт, Хаан банкны хуулга болон бусад бичгийн баримтаар тогтоогдсон.

5.Хариуцагчаас .... буюу нэхэмжлэгч Г.Ч нөхөр Н.Д утсанд мөнгөө дансаар хий, дугаар хаалаа одоо болно, маргааш хүн авна гэж байна гэсэн зурвас илгээж хариуд нь хот руу орно яваад очъё гэсэн зурвас илгээсэн зэргээс дүгнэхэд хариуцагч нь зээлдүүлсэн мөнгөө нэхэж, ... дугаарыг худалдах болсныг мэдэгдсэн байна.

6. Нэхэмжлэгч Г.Ч нь хариуцагч Т.А 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр .... дугаарыг ломбардны барьцаанаас чөлөөлүүлж дугаарын эзэмшлийг түүний нэр дээр шилжүүлж 12,000,000 төгрөгийг зээлсэн боловч зээлээ эргүүлэн төлөөгүй, хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлж дугаарыг буцаан шилжүүлж авахыг шаардаж байсан боловч нэхэмжлэгчээс өнгөрсөн хугацаанд зээлсэн мөнгөө эргүүлэн төлж дугаарыг буцаан авах талаар тодорхой үйлдэл хийгээгүйгээс ... дугаар худалдагдаж, 2021 оны 07 дугаар сарын 21-нээс Д.Ц эзэмшилд шилжсэн тул нэхэмжлэгч Г.Ч ... дугаарыг буцаан эзэмшилдээ шилжүүлэн авхаар шаардах эрхгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ... дугаарын эзэмшлийг Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар өөрийн буруугаас алдаж дуусгавар болгосон тул буцаан өөрийн эзэмшилд авахаар шаардах эрхгүй гэж дүгнэв.

7. Иймд хариуцагч Т.А холбогдох Юнителийн ... дугаарыг буцааж шилжүүлэхийг даалгах нэхэмжлэгч Г.Ч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шйдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар хариуцагч Т.А холбогдох юнителийн ... дугаарыг буцааж шилжүүлэхийг даалгах нэхэмжлэгч Г.Ч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА