Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2018/03207

 

 

 

 

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2018/03207

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 0-р хороо Бага тойруу 00 өөрийн байр ТБ ХХК-ний /РД:000000/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 0-р хороо 0-р байр 00 тоотод оршин суух Б овогт А.Б /РД:00000/-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 8,896,797 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.А хамтран зээлдэгч түүний охин А.Б нар нь 2014 оны 05 сарын 05-ний өдөр тэтгэвэрийн зээлийн гэрээ байгуулан жилийн 18%-ийн хүүтэй 12 сарын хугацаатай 498,700 төгрөгийн зээлийг нэмж авсан. Зээл авах өдрийн байдлаар зээлдэгч Ц.А нь 5,626,354 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан.

Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлж байгаад өвчний улмаас 2014 оны 06 сарын 05-ны өдөр нас барсан. Түүний хамтран зээлдэгч буюу батлан даагч А.Б нь манай тооцооны төвд ирж эцгийн авсан зээлийг ах нартайгаа ярьж байгаад төлнө гэж амлалт өгсөн боловч төлөөгүй.

Хамтран зээлдэгчийн хаягаар очсон боловч уг хаягт оршин суудаггүй тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр эрэн сурвалжлах шийдвэр гаргуулсан. Зээлдэгч Ц.А нас барснаар хамтран зээлдэгч А.Бд эрх, үүрэг шилжсэн тул 8,667,960 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Ц.Аг нас барсныг 2014 оны 6 сард мэдсэн, хамгийн сүүлд 2014 оны 6 сарын төлөлт хийгдсэн түүнээс хойш төлөлт хийгээгүй.

Нэхэмжлэл гаргах 2018.08.13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 5,257,141 төгрөг, үндсэн зээлийн хүү 3,410,818 төгрөг, нийт 8,667,960 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 223,837 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч А.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний аав Ц.А нь тэтгэвэрийн зээл авсан нь үнэн. Уг авсан зээлийг аав маань өндөр үнэтэй элэгний эм тариа хэрэглэдэг тул түүндээ зориулсан. Аав маань 2014 оны 06 сарын 05-ний өдөр өвчний улмаас нас барсан. Зээлдэгч нас барахад зээлийн гэрээний үүрэг дууссан гэж бодсон.

Би хаягаа өрчлөн алга болсон зүйл байхгүй, би өрх толгойлсон ганц бие эмэгтэй саяхан ажилд орсон, зээлийг бүтэн төлж чадахгүй үндсэн зээлийн 50%-ийг сард 50,000 төгрөгөөр цувуулан төлөх боломжтой гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хурал дээр болон бичгээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч ТБ ХХК-нь хариуцагч А.Бд холбогдуулан зээлийн гэрэээний үүрэгт нийт 8,667,960 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 223,837 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг, нийт 8,896,797 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч А.Б нь аав маань зээл авсан уг зээлээ элэгний эм тариандаа зориулдаг байсан боловч нас барсан зээлдэгч нас барахад зээл хаагдсан гэж бодсон. Одоо үндсэн зээлээс 50% ийг нь сар бүр 50,000 төгрөгөөр төлөх боломжтой бусдыг нь төлөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч ТБ ХХК-нь 2014 оны 05 сарын 05-ний өдөр 6,125,055 төгрөг, 12 сарын хугацаатай, жилийн 18 %-ийн хүүтэйгээр байгуулсан зээлийн гэрээг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгожээ.

Дээрхи гэрээ Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан тул зохигчдын хооронд гэрээг бичгээр хийгдсэн гэж үзэн, нэхэмжлэгч ТБ ХХК хариуцагч Ц.А, А.Б нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний харилцаа үүсжээ.

Зохигчид 2014 оны 05-р сарын 05-ний өдөр тэтгэвэрийн цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулан 6,125,055 төгрөг, 12 сарын хугацаатай, жилийн 18 %-ийн хүүтэйгээр зээлж 2 тал гарын үсэг зурж баталгаажуулан зээл авсан байна.

Хариуцагч /зээлдэгч/ Ц.А нь 2014 оны 06 сарын 05-ний өдөр нас барсан болох нь №0000143891 тоот нас барсны гэрчилгээгээр тогтоогдсон.

Хариуцагч Ц.А нь 2014 оны 06 сарын 05-ний өдөр нас барсан, 2014 оны 06 сард төлөлт хийсэн, хариуцагч нарыг эрэн сурвалжилж хаяг тогтоох ажиллагаа хийсэн гэж тайлбарласан боловч шүүхэд нотлох баримтаа ирүүлээгүй.

Нэхэмжлэгч ТБ ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Зохигч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй нэхэмжлэгч нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар хуульчилжээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 05 сарын 05-ний өдөр дууссан бөгөөд шаардах эрх нь 2018 оны 05-р сарын 05-ний өдөр дууссан байна. Учир нь хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нь зөрчигдсөн эрхийг хамгаалуулах эрхийг тодорхойлж буй хугацаа юм.

Хавтас хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв.

Иймд нэхэмжлэгч ТБ ХХК-ний хариуцагч А.Бд холбогдуулан 8,896,797 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч А.Баас 8,896,797 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ТБ ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ТБ ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 153,637 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ