Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 788

 

Ц.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00312 дугаар шийдвэртэй, Ц.О-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.О-т холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 8 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Н.О-ийн хүсэлтээр зээлийн гэрээ байгуулж 1 300 000 төгрөг бэлнээр, 10 дугаар сарын 17-ны өдөр 800 000 төгрөг, 10 дугаар сарын 22-ны өдөр 300 000 төгрөг, 10 дугаар сарын 24-ний өдөр 1 500 000 төгрөг, 11 дүгээр сарын 07-ны өдөр 700 000 төгрөгийн 100 000 төгрөгийг хүүд тооцож 600 000 төгрөг, 11 дүгээр сарын 18-ны өдөр 100 000 төгрөгийг хүүд тооцож 2 300 000 төгрөг шилжүүлсэн тул 2 400 000 төгрөг, 11 дүгээр сарын 22-ны өдөр 50 000 төгрөгийг зээлийн хүүд тооцож, 1 650 000 төгрөг шилжүүлсэн учир 1 700 000 төгрөг, нийт 8 700 000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлдүүлсэн.

Зээлийн гэрээг 3 хувь үйлдэж, нотариатаар гэрчлүүлж, нотариат 1 хувь, бид тус бүр 1 хувийг авсан. Мөнгөн хөрөнгийг тухай бүрт нь “Хаан банк” ХХК-ийн мобайл банкаар Н.О-т шилжүүлсэн. Тэрээр “цалингийн зээл авах гэж байгаа удахгүй гарна”, “өмнөх зээлийн төлбөрийг төлсөн тохиолдолд зээл авна”, “охин хамтран зээлдэгчээр орно, банк зээлийн төлбөрөө төл гэнэ” гэж удаа дараа тайлбарласнаар дээрх мөнгийг зээлж, өөрийн банкны зээл, тээврийн хэрэгслийн зээл зэрэг төлбөрүүдийг төлүүлсэн боловч одоог хүртэл банкны зээл гараагүй байна гэдэг.

Дансаар 510 000 төгрөгийг эргэн төлсөн. Бэлнээр мөнгө аваагүй. Зээлийн гэрээний дагуу хүү нэхэмжлэхгүй, зөвхөн үндсэн зээлийн төлбөр болох нийт 8 700 000 төгрөгийг хариуцагч Н.О-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ц.О-тай мөнгө зээлэх талаар харилцан тохиролцоод 1 300 000 төгрөг авсан. Үүнээс хойш 300 000 төгрөг, 1 500 000 төгрөг, 700 000 төгрөг, 2 400 000 төгрөг тус тус зээлж нийт 6 200 000 төгрөгийг зээлсэн. 2018 оны 3 дугаар сарын сүүлээр 300 000 төгрөгийн зээлийг Ц.О-ын дансаар, мөн 400 000 төгрөгийн зээлийн хүүгийн төлбөрийг бэлнээр төлсөн тул зээлийн үлдэгдэл төлбөр 5 900 000 төгрөг юм. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 8 700 000 төгрөгөөс 5 900 000 төгрөгийг төлнө. Үлдэгдэл 2 800 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх:             Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч Н.О-ээс зээлийн гэрээний үүрэгт 7 940 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.О-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 760 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 141 990 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.О-ад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хөлөө гэмтээсэн байсан тул шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтээ эмнэлгийн магадлагаа болон тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийн хамт өөрийн охин П.Дэлгэрсүрэнгээр хүргүүлэхэд Ц.Оюунбилэг шүүгчийн туслах н.Отгончимэг нь “шаардлага хангахгүй нотлох баримт” гэж хэлээд хүлээн авахаас татгалзсан байсан. Энэ талаар шүүгчийн туслахтай утсаар ярьж тодруулахад “та дараа нь давж заалдах шатны шүүхэд хандахдаа хүсэлт, эмнэлгийн магадлагаагаа хавсаргаад өг” гэж хэлсэн.  Өөрөөр хэлбэл, шүүхийн буруутай хууль бус үйлдлийн улмаас миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээ эдэлж чадаагүй. 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс хойш шүүхээс над руу холбогдоогүй бөгөөд шүүх хуралдааныг хойшилсон гэж ойлгож, хурлын товыг надад мэдэгдэх байх гэж бодсон. Гэтэл 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шуудангаас яриад “Хан-Уул дүүргийн шүүхээс танд шуудан ирсэн, ирж ав” гэхэд нь очиж авсан. Иймд давж заалдах хугацааг шууданд магадлал хийсэн огноогоор тоолох учиртай.

Мөн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж зөвхөн нэхэмжлэгчийн тайлбар, шаардлагыг үндэслэж, хууль зүйн дүгнэлт хийсэн байна. Тухайлбал, нэхэмжлэгчээс нийт 6 200 000 төгрөг зээлсэн бөгөөд 1 300 000 төгрөгийн үнийн дүнгээр зээлийн гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, зээлсэн нийт мөнгөн хөрөнгөний 1 300 000 төгрөг нь гэрээ байгуулж, 4 900 000 төгрөгийг гэрээгүйгээр зээлсэн юм. Гэтэл шүүх зээлийн гэрээний дүнг нийт зээлсэн дүнд багтаахгүй нэмж тооцсон байна. Иймд шүүхийн шийдвэрээс 6 200 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 1 740 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Ц.О- хариуцагч Н.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 8 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг нь эс зөвшөөрч маргажээ.

 

 Хэрэгт авагдсан “Хоорондын тохиролцооны гэрээ” болон зохигчдын тайлбараас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

 

Шүүх, талуудын хооронд зээлээр өгсөн авсан мөнгөн хөрөнгийн хэмжээ, түүнд  холбоотой нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байдлаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасантай нийцэж, тооцооллын хувьд алдаа гаргаагүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч Ц.О- нь хариуцагч Н.О-тэй 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж бэлнээр 1 300 000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд дансаар буюу 5 удаагийн гүйлгээгээр 7 150 000 төгрөг, нийт 8 450 000 төгрөг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан “Хоорондын тохиролцооны гэрээ”, Ц.О-ын “Хаан банк” ХХК дах 5030198612 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогджээ. /хх3-8/

 

Хариуцагч Н.О-ийн хувьд нэхэмжлэгчээс 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1 300 000 төгрөг, түүнээс хойш 300 000 төгрөг, 1 500 000 төгрөг, 700 000 төгрөг, 2 400 000 төгрөг, нийт 6 200 000 төгрөг зээлсэн. Нэхэмжлэгчид дансаар 300 000 төгрөг, зээлийн хүүд бэлнээр 400 000 төгрөг төлсөн гэж маргах боловч хариуцагч нь нэхэмжлэгч талаас дансны гүйлгээгээр шилжүүлэн авсан зээлийн төлбөрийг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй болно.

 

Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг, талуудын тайлбартай харьцуулан дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас 7 940 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ. Өөрөөр хэлбэл, шүүх зээлийн төлбөр болон түүний тооцооллын хувьд алдаа гаргаагүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Түүнчлэн, хариуцагч нь анхан шатны шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн гэж давж заалдах гомдлын нэг үндэслэлээ тайлбарласан байна. Хэргийн 17 дугаар талд авагдсан “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримтаас үзвэл хариуцагч Н.О-т 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 12 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдсэн байх бөгөөд хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй, хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Иймээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00312 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.О- давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                                           ШҮҮГЧИД                                        С.ЭНХТӨР

 

                                                                                                   Т.ТУЯА