Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2017/ШЦТ/43

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалан, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолоор баталж ирүүлсэн Б.*******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                       З.Ганцоож

 Улсын яллагч                                                      Х.Эрдэнэтуяа 

 Хохирогч                                                             Ү.*******

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                                     Д.Цэнд-Аюуш

 Шүүгдэгч                                                             Б.******* нар оролцов.

 

            Монгол улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эхнэр *******ийн хамт ******* аймгийн ******* сум ******* 2 дугаар багт оршин суух хаягтай боловч одоогоор ******* дүүргийн 5 дугаар хороо, Хөдөө хэсэг, Улаан эрэг гэх газарт хаваржиж байгаа ******* дүүргийн шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, ******* дугаарын регистертэй,   овгийн ийн *******.

         Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/:

          Яллагдагч Б.******* нь 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн үед ******* дүүргийн 5 дугаар хороо, Хөдөө хэсэг, Улаан эрэг гэх газар малын бэлчээр дээр Ү.*******тай “хонио хариулагагүй явуулж манай малтай нийлүүллээ” гэсэн шалтгаанаар маргалдаж, түүний  нүүрэн тус газар нь гараараа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Манайх 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр ******* дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Улаан эрэг” гэх газар хонь, ямаагаа бэлчээсэн. Тухайн үед *******ын хонь хариулгагүй явж байгаад манай хоньтой нийлсэн. Би ганцаараа хонио салгах гээд тэр олон хонин дотор гүйж явахад ******* гэрээсээ гарч ирэхгүй байсан. Тэгээд хонио салгачихаад байж байхад ******* морьтой ирсэн. Би *******т хандан “хонио харахгүй яасан юм бэ? манай хоньтой нийлчихлээ” гэж хэлэхэд “мал нийлээ л биз, пизда минь” гэж хэлэхээр нь би мориноос нь татаж буулгаад нүд болон уруул дээр нь цохьсон. Учир нь өмнө жил *******ын хонь хамуутай байсан болохоор уурласан юм. Эмчилгээний зардалд 180.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бид хоёр сая хурлын явцад харилцан ярьж тохирсон, эвлэрсэн гэв.

 

Хохирогч Ү.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Манайх аймгийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нүүж ирээд маргааш нь *******ын гэрийн ойролцоо “Улаан Эрэг” гэх газар хонио бэлчээгээд, гэрээсээ хонио харангаа гэрийнхээ гадаа ойр зуурын ажлаа хийгээд байж байсан. Гэтэл *******ын хонь манай хоньтой нийлчих шиг болохоор нь морьтой давхиад очиход ******* намайг “чи яагаад малаа харахгүй байгаа юм бэ, яасан даварсан юм бэ” гэхээр нь “би яаж даварсан юм, мал нийлээ л биз” гэж хэлсэн. Тэгтэл ******* намайг морин дээрээс заамдаж татаж унагаагаад зүүн нүдэнд гараараа 1 удаа, бас уруул дээр 1 удаа  цохиод яваад өгсөн. Хавтаст хэрэгт эмчилгээний зардал 180.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн, үүнийгээ бүрэн авсан. Манай мал ноднин жил хамуутай байсан нь үнэн. Шүүх хуралдааны явцад би *******тай эвлэрсэн, надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр сая харилцан тохиролцоод эвлэрсэн” гэв.

 

Хэрэг бүртгэлтэд гэрч Л.*******ийн өгсөн “...Манай нөхрийн хүн цохиж гэмтээдэг нь буруу гэхдээ ******* адилхан малчин хүн байж нийлсэн хонийг ганц хүн салгаж байхад ирээд салгалцаад өгөхгүй гэрийнхээ гаднаас хараад байсанд нь гомдолтой байна. ******* бид хоёр цөөн тооны хонь малтай тэр малаараа амьжиргаагаа залгуулдаг юм” гэсэн мэдүүлэг /хх-н 12/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 09 шэ/139 тоот актын “Ү.*******ын биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хий хуралт, зүүн нүдний доод хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, зүүн нүдний дээд болон доод зовхинд цус хуралт, дээд уруулын баруун дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл. Уг гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг буюу түүнээс дээш удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь учирсан үедээ хохирогчийн амь насанд аюулгүй, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Ө.Шарийбуу” гэсэн дүгнэлт /хх-н 14/

         

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Ү.*******ын “эмчилгээний зардалд 180.000 төгрөг өгсөн” тухай мөнгө хүлээлцсэн баримт /хх-н 52/

 

Б.*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 30, 60, 61/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан  болно.

 

         Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/139 дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

         Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

         Шүүгдэгч Б.******* 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн үед ******* дүүргийн 5 дугаар хороо, Хөдөө хэсэг, Улаан эрэг гэх газар малын бэлчээр дээр Ү.*******тай “хонио хариулагагүй явуулж манай малтай нийлүүллээ” гэсэн шалтгаанаас болж маргалдан, улмаар түүнийг унаж явсан мориноос нь татаж унагаан гараараа зүүн нүд болон уруул хэсэгт нь тус тус нэг удаа цохиж түүний биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хий хуралт, зүүн нүдний доод хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, зүүн нүдний дээд болон доод зовхинд цус хуралт, дээд уруулын баруун дээд хэсэгт баруун дээд хэсэгт шарх бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн “Би *******ыг мориноос нь татаж буулгаад гараараа нүүр болон уруул хэсэгт нь цохьсон” гэсэн мэдүүлэг болон хохирогч Ү.*******ын “******* намайг мориноос татаж газар унагаагаад гараараа зүүн нүдэнд нэг удаа, уруул дээр 1 удаа цохьсон” гэсэн мэдүүлэг, хэрэг бүртгэлтэд гэрч  Л.*******ийн “Манай нөхрийн хүн цохиж гэмтээдэг нь буруу гэхдээ ******* адилхан малчин хүн байж нийлсэн хонийг ганц хүн салгаж байхад ирээд салгалцаад өгөхгүй гэрийнхээ гаднаас хараад байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 12/, хохирогчийн биед үзлэг хийж учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 2017 оны 5 сарын 04-ний өдрийн 09 шэ/139 тоот актын “Ү.*******ын биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хий хуралт, зүүн нүдний доод хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, зүүн нүдний дээд болон доод зовхинд цус хуралт, дээд уруулын баруун дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлий хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Ү.*******ыг “хонио хариулагагүй бэлчээж, манай хоньтой нийлүүллээ” гэж уурлан, тэдний хооронд хэрүүл маргаан үүсчээ. Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.******* “*******ын хонь өмнө жил хамуутай байсан болохоор миний уур хүрч, түүнийг цохьсон” гэж мэдүүлсэн. Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь үйлдэлдээ хувийн сэдэлттэй, шууд санаатай хандаж, улмаар хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээр нь тогтоогдов.

  

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Б.*******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн “хонь малаа хариулагагүй бэлчээсэн” үйлдэл нөлөөлсөн гэж үзлээ.

Хохирогч Ү.******* нь толгойн компьютерт томографикийн шинжилгээ хийлгэж 120.000 төгрөг төлсөн баримт, ******* дүүргийн Эрүүл мэндийн төвд үзлэг хийлгэсэн 15.000 төгрөгийн баримт, мөн эмчилгээ хийлгэсэн 40.000 төгрөгийн баримт, хот хоорондын зорчих тасалбар 6100 төгрөгийн баримт зэрэг нийт 181.100 төгрөгийн эмчилгээний зардлын баримтыг хэрэгт ирүүлжээ. /хх-н 35/     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ү.******* нь “эмчилгээний зардалд 180.000 төгрөг авсан, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, бид эвлэрсэн” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн  гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.******* нь ******* дүүргийн шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар шийтгэгдсэн бөгөөд дээрх ялаа 2004 оны 8 дугаар сарын 04-ний өдөр эдэлж дууссан болох нь “Суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт”-оор /хх-н 55/ тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь хэсэгт “хөнгөн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд ялаа эдэлж дууссанаас хойш нэг жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно” гэж заажээ.

Дээрх хөнгөн гэмт хэрэгт ял шийтгэгдсэн Б.*******ын ялтай байдал нь 2005 оны 8 дугаар сарын 04-ний өдөр арилсан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл бий болж байна.    

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдана.

           Иймд шүүгдэгч Б.******* нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байгаа боловч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хөнгөн гэмт хэргийн хохирогч Ү.******* нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэж мэдүүлж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч овгийн ийн *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч овгийн ийн *******т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  3. Шүүгдэгч Б.******* нь хохирогч Ү.*******ын эрүүл мэндэд учирсан гэм хорын зардалд нийт 180.000 /нэг зуун наян мянган/ төгрөгийг төлсөн,  хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  4. Б.*******т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тогтоож ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.*******т урьд авсан гадагш явж болохгүй байх тухай баталгаа авсан тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Б.******* болон хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
  7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.*******т урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.БАЙГАЛМАА