Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 126/ШШ2022/0034

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхболор би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн иргэд Нийтийн Хуралд холбогдох Мөрөн сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас багийн Засаг даргад нэр дэвшигч Э.Б нь олонхийн санал аваагүй учир 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Ч.Б-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ч.Б миний бие Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн Засаг даргын сонгуулийн үр дүнг эс хүлээн зөвшөөрч тухайн багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан нэхэмжлэл гаргасан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад надтай цуг өрсөлдөж олонхийн санал авсан гэх Э.Б-ыг Мөрөн сумын Засаг дарга нь батламжилсан байх тул миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан Мөрөн сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас багийн Засаг даргад нэр дэвшигч Э.Б нь олонхийн санал аваагүй учир 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж заасантай нийцсэн байх ба мөн зүйлийн 66.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхээс нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан Мөрөн сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас багийн Засаг даргад нэр дэвшигч Э.Б нь олонхийн санал аваагүй учир 2022 оны 11 сарын 05-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР