Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2021/ДШМ/09

 

Л.Г  Ж.Л нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                               

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                               

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/14 дугаар шийтгэх тогтоолтой Л.Г  Ж.Л нарт холбогдох 2015000860239 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд прокурор М.С, шүүгдэгч Л.Г  Ж.Л ,  нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов

Шүүгдэгч: Б овогт Л.Г   /рд:Г ******** /, Булган аймгийн Булган суманд 1966 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, Булган аймгийн, ...  хаягт оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 54 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 150,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

Шүүдэгч: Б овогт Ж.Л , Архангай аймгийн Эрдэнэмандал суманд ..................... өдөр төрсөн, Булган аймгийн ..........................тоотод оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 47 настай, эмэгтэй, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

Шүүгдэгч Л.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Ж.Л нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа Ж.Д ийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлж, гүтгэсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолоор:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Л т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн  өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Б н овогт Л.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд,

    Шүүгдэгч Б овогт Ж.Л ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Г ыг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Ж.Л ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацагаар Булган аймгийн ............ нутгаас гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Л д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 /таван зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г д оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Булган аймгийн ......... нутагт өдрийн найман цагаар хийлгэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Г д, Булган аймгийн ............. нутгаас гадагш зорчих эрхийг хязгаарласан ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Л д  тус тус сануулсугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Л , Л.Г нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүгдэгч Л.Г  Ж.Л нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай” гэж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ: Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.С би, тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Яллагдагч Б овогт ын Г нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутагт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ж.Л тай хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Л нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Булган ............ нутаг дэвсгэрт Ж.Л нь бусдад зодуулсан гэх хэрэгт 2020 оны 02 дугаар сарын 14, 19-ний өдрүүдэд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа Ж.Д ийг бусдын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлж, гүтгэсэн гэмт хэрэгт холбогдсон.

Аймгийн прокурорын газраас яллагдагч Л.Г ын дээрх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дугаар зүйлд заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, яллагдагч Ж.Л ын дээрх гэмт үйлдэлд нь Монгол Улсын Эрүүгийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж прокурорын яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 14 дугаартай шийтгэх тогтоолд:

Шүүгдэгч Ж.Л ыг 2020 оны 02 дугаар сарын 14, 19-ний өдрүүдэд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа Ж.Д ийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлж, гүтгэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Прокурорын яллах дүгнэлтэд авагдсан шүүгдэгч Ж.Л ын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Би 2020 оны 02 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед эгчийндээ орох гээд Л.Г  гэх 5 настай хүүгээ дагуулаад гудамжинд байсан чинь Д гэдэг хүн гартаа чулуу барьчихсан. явж байснаа “пизда минь ээ” гэж хэлээд ... толгой руу 2 удаа цохьсон, ... хайч гаргаж ирээд “алчихна шүү” гээд дайраад байсан...” гэх /хх-14 тал/ мэдүүлгийг түүний гаргасан гомдол, мэдээллийн хүрээнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлд заасны дагуу зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор түүнд үнэн зөв мэдүүлэг өгөхийн ач холбогдлыг тайлбарлаж авсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд буюу шүүгдэгч Ж.Л ын гаргасан гомдол, мэдээлэлд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 201500086 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, уг хэрэгт 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Ж.Л ыг хохирогчоор тогтоож /хх-19 тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хохирогчийн эрх, үүргийг тайлбарлан хууль сануулж баталгаа гаргуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнөх хуулийн зүйл заалтыг хэрэглэж мэдүүлэг авсан нь хууль зөрчсөн, түүнчлэн хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх зөрчигдсөн гэж үзнэ. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар дээрх мэдүүлгүүдийг нотлох баримтаар тооцоогүй болно.

Харин хохирогч Ж.Л ын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өгсөн .... “хх-23 тал”, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн ..../хх-25 тал/ гэж мэдүүлсэн байгаа хэдий ч хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Л нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө Ж.Д ийг шууд зааж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлсэн, гүтгэсэн түүний үйлдэл нотлогдоогүй, харин болсон үйл баримтын талаар зориуд худал мэдүүлэг өгсөн нь нотлогдож байна.

Шүүгдэгч Ж.Л ын зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдэл нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна” гэж дүгнэн шүүгдэгч Б.Л холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн байна.

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолыг судалж үзэхэд:

Нэгдугээрт: Эруугийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орсон байх бөгөөд уг өөрчлөлт нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр албан ёсоор Төрийн мэдээллийн №07/1109; дугаарт хэвлэгдсэн, уг хууль хүчин төгөлдөр мөрдөх талаар шууд заагаагүй тул Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Монгол Улсын хуулийг Улсын Их хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөс заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөс болно” гэсэн заалтыг зөрчөөгүй мэдүүлэг авсан байх ба уг мэдүүлгийг шүүхээс Эрүүгийн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтад мэдээллийг нотлох баримтаас тооцохгүй” гэж дүгнэсэн үндэслэлгүй шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглээгүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт нь 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс албан ёсоор хүчин төгөлдөр мөрдөгдсөн байна.

201500086 дугаартай хэрэгт 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...би 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ... 19 цагийн үед өөрийн бага хүү 5 настай Ганбаярын хамт хашааныхаа гүйдэг хаалгыг онгойлгоод гарч байхад Д согтуу хүрч ирээд миний толгой руу чулуугаар 2 удаа цохисон... миний толгой хагалаад хаячихлаа гэж хэлсэн чинь пизда янхан авгай минь хохь чинь гэж хэлээд гэр лүүгээ яваад өгсөн” гэж, /хх-н 21-22/ мэдүүлсэн нь хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлж Ж.Д ийг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэсэн болох нь түүний 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр түүний хохирогчоор дахин өгсөн мэдүүлгээр нотлогдож тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Ж.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

Худал мэдүүлэх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг, гэмт үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй бөгөөд гэрч, хохирогч бусдыг гэмт хэрг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд худал мэдүүлсэн, гүтгэсэн бол хүндрүүлэн зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан байтал Ж.Л ын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Ж.Д ийг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэж, худал мэдүүлсэн мэдүүлэгт шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж нотлох баримтаар тооцоогүйгээс шалтгаалан шүүгдэгч Ж.Л ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Иймд тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн ...” , мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэж байна.

Иймд тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Улсын яллагчийн эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцоно гэжээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан прокурорын эсэргүүцэлийг давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Л.Г нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутагт өөрийн гэртээ болон Ж.Д ийн гэрт хамтын амьдралтай Ж.Л ыг зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Ж.Л нь мөрдөн шалгах ажиллагаанд буюу 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа болсон үйл баримтын талаар зөрүүтэй, зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь хэсэгт зааснаар, дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэв. 

Хохирогч Ж.Л мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “2020 оны 02 дугаар сарын 10-ны 05 цагийн үед манай нөхөр Л.Г надад агсам согтуу тавиад байхаар нь би Даваадорж ахынд очсон ба 07 цагийн үед манай нөхөр Л.Г миний араас Д ахынд хүрч ирээд намайг орон дээрээс татаж унагаагаад миний нуруу хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Би нөхөр Л.Г ын хамтаар гэр лүүгээ харьсан. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр орой байх цагийг санахгүй байна нөхөр Л.Г бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийсэн тэрнээс болж манай нөхөр Л.Г намайг газар түлхэж унагаагаад миний толгой хэсэг рүү нэг удаа дэвсэж байхад Д ах хүрч ирээд Л.Г ыг надаас салгасан. Д ах намайг газраас татаж босгоход миний толгой хагарсан байсан. Урьд өмнө нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө бага насны хүүхдээ болон нөхрийгөө бодоод Ж.Д  ах намайг зодсон гэж худал мэдүүлсэн юм. ...Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. ...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Ж.Л мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Тухайн үед манай нөхөр миний толгой руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд миний толгой хагарч цус гарсан. Тухайн үед Д ирж явсан юм. Тэгэхээр нь нөхрийгөө өмөөрч хамгаалаад Ж.Д ийг зодсон гэж худал мэдүүлсэн юм. Урьд өмнө Ж.Д  бид хоёрын хооронд хэрүүл маргаан, зодоон хийж байгаагүй” гэх мэдүүлэг тус тус өгчээ.

Анхан шатны шүүхийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хохирогчийн эрх, үүргийг тайлбарлан хууль сануулж баталгаа гаргуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнөх хуулийн зүйл заалтыг хэрэглэж мэдүүлэг авсан нь хууль зөрчсөн, түүнчлэн хохирогчийн Монгол улсын Үндсэн хуулиийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаагүй байх тул эрх нь  зөрчигдсөн гэж үзнэ.

Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар дээрх мэдүүлгүүдийг нотлох баримтаар тооцоогүй болно.” гэсэн дүгнэлт нь алдаатай болжээ. Учир нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.14-д /энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн өөрчлөлт нь/ 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр албан ёсоор төрийн мэдээллийн №07/1109/ дугаарт хэвлэгдсэн бөгөөд уг хууль хүчин төгөлдөр мөрдөх талаар шууд заагаагүй тул Монгол улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтгэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтлэснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж тодорхой заажээ.

Дээрх заалт 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон тул анхан шатны шүүх хохирогч Ж.Л  2020 оны 02 дугаар сарын 19-ны өдөр өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцоогүй нь буруу байна.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйл заалт нь “гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, ...үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа худал мэдүүлэг өгөх.”, “гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед,...зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн бол,/ гэдгээрээ тус тус ялгаатай байна.

Анхан шатны шүүх дүгнэхдээ “шүүгдэгч Ж.Л  зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдэл нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.” гэж  үзсэн нь Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарахгүй ба Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь “гэрч, хохирогч нь өөрөө баталгаа гаргасны дараа үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийсний дараа худал мэдүүлэг өгөх”, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь “гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн”-ээрээ тус тус өөр өөр байна.

Шүүгдэгч Ж.Л  хувьд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “Тухайн үед Даваадорж ирж явсан юм. Тэгэхээр нь нөхрийгөө өмөөрч хамгаалаад Ж.Д ийг зодсон гэж худал мэдүүлсэн” гэдэг нь “бусдыг гэмт хэрэг үйлдсэн” гэх шинжид хамаарч байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл анги зөв байна.

Иймээс хууль хэрэглээтэй холбоотой прокурорын эсэргүүцэл хангаж, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/14 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцэлийг бүхэлд нь хүлээж авсныг дурьдсугай.

2. Шүүгдэгч Ж.Л , Л.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ё.БЯМБАЦЭРЭН

                                          ШҮҮГЧИД                                       М.ХҮРЭЛБААТАР

                                                                                                Д.МӨНХӨӨ