| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/0071/Э/ |
| Дугаар | 2025/ШЦТ/72 |
| Огноо | 2025-08-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Солонго |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Улсын яллагч Т.Солонго,
Шүүгдэгч ..............,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, ........... овгийн ............ холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........ оны ...... дүгээр сарын .......-ны өдөр ...... аймгийн ....... суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, Тусгай дунд боловсролтой, Малчин, ам бүл ....., эхнэр ...... хүүхдийн хамтаар .......... аймгийн ..... сумын ....... дугаар баг ......... гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ......... овогт ............. (РД:..............),
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч .......... нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ......... нь ........... аймгийн .......... сумын .......... дугаар баг ....... гэх газарт 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ........... үл ялих зүйлээр маргалдаж, улмаар нүүр хэсэгт нь аягаар цохисны улмаас дээд уруулын салстад шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн дээд 2-р шүдний эмтрэл гэмтэл үүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:
1. Хохирогч ........... мөрдөн байцаалтад өгсөн: “............. зах дээр очиж бид хэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд ойр зуурын хуучны дурсамжуудаа ярьж сууж байгаад 17:00 цагийн орчимд .......... ахын гэрт би ганцаараа ирээд гэрт нь орон дээр дээшээ хараад хэвтэж байсан чинь сэнжтэй цайны ногоон өнгөтэй аягаар миний нүүрэн дээр цохисон. Тэгээд босоод харсан чинь тус сумын 2 дугаар багийн иргэн .............. байсан. Тэгээд босоод л миний хамар, уруул хэсгээс маш их хэмжээний цус гоожсон. Тэгсэн ........... ахын эхнэр болох ............. эгч орж ирээд манай эхнэр лүү ярьсан бололтой, удалгүй цагдаа эмч ирсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 6-8-р хуудас)
2. Гэрч ............ мөрдөн байцаалтад өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр манай төрсөн дүү ........... нь над руу утсаар залгаад эгчээ манай нөхөр урд долоо дээр хүнд зодуулчхаж ам хамраас нь цус гараад байна гэж надад хэлэхээр нь би сумын хэсгийн төлөөлөгч болон сумын ЭМТ-рүү дуудлага өгч шалгуулсан. Манай нөхөр сумын ЭМТ-д жолоочоор ажилладаг ба тухайн дуудлага мэдээлэлд очсон ба нөхрөөсөө асуухад уруул нь язарсан шархтай ба баруун нүд хөхөрсөн байна, ........ аймгийн нэгдсэн эмнэлэг рүү яаралтай авч яв гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 11-12-р хуудас)
3. Гэрч ........... мөрдөн байцаалтад өгсөн: “...Өчигдөр буюу 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 18 цаг 52 минутад манай эрүүл мэндийн төв рүү тус сумын 2 дугаар багийн нутаг ....... гэх газарт бусдад зодуулсан хүн байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад ........... гэх хүн бусдад зодуулсан байдалтай дээд уруул нь гүн язарсан шархтай дээд шүд нь бага зэрэг хөдөлсөн болон баруун нүд нь хөхөрч хавдсан байдалтай байсан. Биеийн байдлыг нь үзээд өвчин намдаах тариа хийгээд уруулын язарсан шарханд оёдол тавих боломжгүй байсан тул .......... аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж оёдол тавиул гээд явуулсан... гэх мэдүүлэг (хх-ийн 15-16-р хуудас)
4. Гэрч ........... мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай нөхөр над руу видео калл хийгээд хөгшин нь хүнд зодуулчихлаа .......... ахыг ирээд аваач гээд хэлээд өг гэхээр нь би төрсөн эгч ......... руу ярьж мэдэгдсэн. Тэгсэн манай эгч сумын Эрүүл мэндийн төв болон сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн байсан. Тэгээд сумын эрүүл мэндийн төвөөс эмч очиж үзэхэд дээд уруул нь гүн язарсан шархтай байна гээд ......... аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж оёдол хийлгэ гээд явуулсан байсан. Тэгээд орой нь ярихад 11 оёдол тавиулсан гэж байсан. Манай нөхөр надад хэлэхдээ ........ ахын гэрт орон дээр унтах гээд дээшээ хараад хэвтэж байхад .............. нь сууж байсан газраасаа огцом босч ирээд аягаар нүүрэн тус газарт цохисон гэж хэлсэн. Тэгээд хамар болон уруул хэсгээс маш их хэмжээний цус гарсан гээд ......... нь би чамайг ална аa гээд дайраад байсан гэж хэлсэн. Тэгээд ........... ахын эхнэр ............ эгчийг дуудаад тухайн маргааныг зогсоосон гэж хэлсэн. Тэгэхгүй бол дээр нь суучхаад хоолойг нь боочхоод тавихгүй байсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20-р хуудас)
5. Гэрч ........... мөрдөн байцаалтад өгсөн: “...Би зуны байшиндаа тогоо, шанагаа угаагаад байж байхад манай хажуу байшинд юм дугараад хүн орилоод байхаар нь орж ирээд харсан чинь ....... нүүрэн нь цус болчихсон ........... дээр нь гарчихсан хоолойг нь боочихсон байхаар нь би очиж салгасан. Тэгээд ........ юу болсон гээд асуусан чинь орон дээр дээшээ хараад унтах гээд хэвтэж байхад ............ нь миний нүүр лүү ногоон өнгийн аягаар цохисон гэж хэлсэн. Тэгээд уруулыг нь харахад дээд уруул нь дотор талдаа гүн язарсан шархтай болсон байсан. Тэгээд удалгүй гаднаас сумын эмч болон хэсгийн төлөөлөгч нар ирсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 23-25-р хуудас),
6. ........аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 528 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
-..........-н биед дээд уруулын салстад шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн дээд 2-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.
- Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
-Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх шинжээчийн дүгнэлт. (хх-ийн 27-28-р хуудас)
7. 2025 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,
8. 2025 оны 06 дугаар сарын 23-ны Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” .......... дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 34-37-р хуудас/,
9. 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр яллагдагч .......... мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 41-42-р хуудас/,
10. 2025 оны 07 дугаар сарын 04-ны өдөр Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-59-р хуудас/,
11. 2025 оны 07 дугаар сарын 28-ны .......... аймгийн ......... сум дахь сум дундын прокурорын газрын “Хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай” 25 дугаартай прокурорын тогтоол, яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээний тухай прокурорын санал /хх-ийн 67-71-р хуудас/,
12. Яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 45,47-57-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж, зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул шүүх дээрх баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэрэгт хамааралтай гэж үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Прокурорын газраас шүүгдэгч ......... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч ............ биед дээд уруулын салстад шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн дээд 2-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдсон бөгөөд шүүгдэгч ............. нь ............ ногоон өнгийн аягаар нүүрэн тус газарт цохисоны улмаас бие махбодид нь хөнгөн гэмтэл учирсан нь нотлогдсон бөгөөд ........... үйлдэл, хохирогчид учирсан гэмтэл хоёр нь шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч .......... нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэмт хэргийг санаатай хэлбэрээр үйлджээ. Өөрөөр хэлбэл өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч ............ нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй.
Шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэгслээр хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокурор дээрх хүсэлтийг хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоогдсон эсэхийг хянаж, шүүгдэгч ......... холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
........ аймгийн ....... сум дахь сум дундын прокурорын газраас яллагдагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн болох нь Прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, эрүүгийн хариуцлагын талаарх” саналаар нотлогдож байна. /хавтаст хэргийн 69-71-р хуудас/,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ...” гэж зааснаас үзвэл шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага нь хуульд заасан төрөл, хэмжээний дотор байх тул хуульд нийцсэн гэж дүгнэлээ.
Энэ хэргийн улмаас хохирогч ............ нь “...2025 оны 05 дугаар сарын 31-ны өдөр .......... аймгийн .......... сумын .......... дугаар багийн нутагт тус сумын иргэн ......... зодуулж шинжээч эмчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон. Иймд 2025 оны 07 дугаар сарын 09-ны өдөр миний ...........банкны ........... тоот данс руу эмчилгээний зардал болох 3 сая төгрөгийг шилжүүлсэн тул надад гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтээр шүүгдэгч .......... нь эрүүгийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй. /хавтаст хэргийн 60-р хуудас/,
Иймд шүүгдэгч ............. прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон хэмжээгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Улсын яллагчаас оногдуулахаар санал болгосон 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай санал нь хуульд нийцэхгүй байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хуулийн хугацаанд хамаарч байх тул шүүгдэгч .............. оногдуулсан 500,000 төгрөгийг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хохирогч нь шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ......... овогт ........... (РД:..............)-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ............ 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ............ мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ............. авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН