| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/0072/Э/ |
| Дугаар | 2025/ШЦТ/74 |
| Огноо | 2025-08-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Солонго |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Улсын яллагч Т.Солонго,
Шүүгдэгч ..........,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, ......... овгийн ............. холбогдох эрүүгийн ....... дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...... оны .... дугаар сарын ....-ны өдөр ..... аймгийн ..... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ...... замын цэрэгжүүлсэн хамгаалалт, ...... албанд харуул ажилтай, ам бүл ....3, эхнэр, хүүхдийн хамтаар .... аймгийн ..... сум .... тосгон .... дүгээр баг, ...... хорооллын ...... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ..... овогт ................. (РД:..............),
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч ............. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ............. ......... аймгийн ........... сум .............. тосгон ......... дүгээр баг ............. хорооллын .......... тоотод өөрийн гэртээ 2025 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр ............ үл ойлголцон улмаар маргалдаж эрх чөлөөнд нь халдан баруун өвдөгт шарх гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:
1. Хохирогч ............. мөрдөн байцаалтад өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр манай нөхрийн найзууд нь хотоос орой 20 цагийн үед манай гэрт ирээд манай нөхрийг ажлаас нь буухад цай унд уучхаад архи ууцгаасан. Шөнөжингөө найзуудтайгаа архи уугаад чимээ ихтэй байсан тул өглөө нь нөхөртэйгөө хүүхэд унтаж амраасангүй гэж маргалдаж эхэлсэн. Манай нөхөр над руу найзуудыг минь хөөж туулаа гэж уурлан намайг хүзүүнээс минь боож унагаад дээрээс өшиглөж, худлаа ухаан алдаж уналаа гэж орилж байсан. Тухайн үед боолтод ороод ухаан алдаад балартсан байсан учраас сайн санахгүй байна. Тэгээд би ажил дээрээ очоод тараад эмнэлэгт үзүүлсэн юмаа....тухайн үед нөхөр бид хоёр л байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 16-р хуудас)
2. Иргэний нэхэмжлэгч ............ мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн тодорхойлолтыг гаргасан учир сайн мэдэж байна. .......... сумын эрүүл мэндийн төвөөс гаргасан байсан. Би дээрх хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан мөнгөн дүнг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-р хуудас)
3.Гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, (хх-ийн 4-р хуудас),
4.Аюулын зэргийн үнэлгээ, (хх-ийн 11-12-р хуудас),
5.......... аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч ........ 2025 оны 06-р сарын 12-ны өдөр гаргасан ........... дугаартай
“............... биед баруун өвдөгт шарх гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
-Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-н 25-26-р хуудас),
6. 2025 оны 07 дугаар сарын 24-ны ............ аймгийн ........... сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” .............. дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 31-33-р хуудас/,
7. 2025 оны 07 дугаар сарын 09-ны өдөр сэжигтэн ................. мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 18-р хуудас/,
8. 2025 оны 07 дугаар сарын 24-ны өдөр яллагдагч ............. мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 37-р хуудас/,
9. 2025 оны 07 дугаар сарын 04-ны өдөр Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-49-р хуудас/,
10. Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан тухай баримт /хх-ийн 55-56-р хуудас/,
11. Эрүүл мэндийн даатгалын санд төлбөр тушаасан тухай ............... мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 52-р хуудас/,
12. 2025 оны 08 дугаар сарын 04-ны .......... аймгийн ............ сум дахь сум дундын прокурорын газрын “Хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай” 27 дугаартай прокурорын тогтоол, яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээний тухай прокурорын санал /хх-ийн 64-68-р хуудас/,
17. Яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 41-47-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж, зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул шүүх дээрх баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэрэгт хамааралтай гэж үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Прокурорын газраас шүүгдэгч ........... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч ........... биед баруун өвдөгт шарх гэмтэл тогтоогдсон бөгөөд шүүгдэгч ........... нь ............ өшиглөсний улмаас бие махбодид нь хөнгөн гэмтэл учирсан нь нотлогдсон бөгөөд Э.Болор-Эрдэнийн үйлдэл, хохирогчид учирсан гэмтэл хоёр нь шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч ............., хохирогч ............. нар нь гэр бүлийн албан ёсны баталгаа байхгүй боловч хамтран амьдраад 10 гаруй жил болсон гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1.1-т заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд байна.
Шүүгдэгч нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж заасан бие махбодын хүчирхийлэл үйлдэж, гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгч ............ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэмт хэргийг санаатай хэлбэрээр үйлджээ. Өөрөөр хэлбэл өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч ............ нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй.
Шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэгслээр хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокурор дээрх хүсэлтийг хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоогдсон эсэхийг хянаж, шүүгдэгч ............... холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
........... аймгийн .......... сум дахь сум дундын прокурорын газраас яллагдагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн болох нь Прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, эрүүгийн хариуцлагын талаарх” саналаар нотлогдож байна. /хавтаст хэргийн 66-68-р хуудас/,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж зааснаас үзвэл шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага нь хуульд заасан төрөл, хэмжээний дотор байх тул хуульд нийцсэн гэж дүгнэлээ.
Энэ хэргийн улмаас хохирогч ........... нь “...Миний бие нөхөр ............ эвлэрсэн нөхөр маань надаас уучлалт гуйсан. гомдолгүй...” гэсэн хүсэлтээр шүүгдэгч .......... нь эрүүгийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй. /хавтаст хэргийн 57-р хуудас/,
Мөн шүүгдэгч ............ нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 26,250 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн баримтаар нотлогдоно. /хх-ийн 52 хуудас/
Иймд шүүгдэгч ................ прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон хэмжээгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 4 сарын хуулийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.
Хохирогч нь шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1............ овогт ............. (РД:............)-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ........... 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ........... мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ............. авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН