| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхөө |
| Хэргийн индекс | 2015001280161 |
| Дугаар | 2021/ДШМ/10 |
| Огноо | 2021-03-03 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2021/ДШМ/10
Б.М холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй,
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/212 дугаар шийтгэх тогтоолтой Б.М холбогдох 2015001280161 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.М давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд прокурор Э.Г, шүүгдэгч Б.М , нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов
Шүүгдэгч: Ш овогт Бн Булган аймгийн ................... төрсөн, Булган аймгийн ..................... оршин суух, малчин, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, 33 настай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ............ аймгийн. ............. сумын нутаг .............гэх газраас зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 1658880 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/212 дугаар шийтгэх тогтоолоор:
“1.Шүүгдэгч Ш овогт Бын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М т оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох торгуулийн ялыг 1 /нэг/ жлийн хугацаанд сар бүр 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
4.Энэ хэрэгт Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн **-** улсын дугаартай ** загварын тээврийн хэрэгслийг битүүжилэлээс чөлөөлж эзэмшигч Пийн Бд буцаан олгож, БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн 80,000 төгрөгний үнэ бүхий цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчээс **-** улсын дугаартай ** загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 2,700,000 төгрөг, мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн 25 ширхэг буюу 9.6 м3 модыг гаргуулж, тус тус улсын орлогод шилжүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч Б.М ас байгаль экологид учирсан хохиролд 4,976,640 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /рд:9085084/ Төрийн сан дахь 1009000013040 тоот дансанд шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй” гэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.М давж заалдах гомдолдоо: “Миний бие Б.М нь Булган аймгийн Сэлэнгэ сумын Сангалтай багт амьдардаг. Ам бүл 5лаа. Миний бие эрүүгийн иргэний шүүхэд гомдол гаргах нь аав, ээждээ зуны бууц болон өвөлжөө сэлгэх зорилгоор 25 ш мод бэлдсэн намайг ойд хохирол учируулсан гэж үзэж нийт 7,300,000 төгрөгний хохирол төлүүлнэ гэж шүүх дүгнэсэн. Би уг модыг шатсан түймэрт орсон мод байсан. Би 3 дугаар сарын 02-нд бэлтгэсэн үнэн болно. Уг модны зөвшөөрлыг 8-р сард авсан. Уг модны зөвшөөрлийг ойн анги сум өгөх цагтаа өгдөггүй би уг модыг хавар хуурайшилтаас өмнө бэлдсэн зөвшөөрөл нь оройтож ирдэг, тийм болохоор би модыг цагт нь ой зөвшөөрөлтэй үед бэлтгэсэн. Модны зөвшөөрлийг би 250000 төгрөг, тусгаарлалтын мөнгө 1250000 тушаасан нь үнэн болно. Миний бие ашиг сонихрлын журмаар хийгээгүй өөрийн болон өрх гэрийн амьжиргаанд хэрэглэсэн болно. Иймд миний анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна” гэжээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч Б.М давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.
Шүүгдэгч Б.М гэм буруутай байдал нь гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хууль бусаар бэлтгэсэн гэх модонд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, иргэний нэхэмжлэгч болон гэрч нарын мэдүүлгүүд, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 210041 дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар/, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн цахилгаан хөрөөний үнэлгээ, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 5 дугаар Экологи эдийн засгийн үнэлгээгээр 25 ширхэг нойтон модны үнэлгээ 1.658.880 төгрөг болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон энэ хэрэгт хамаарал бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ.
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зөвшөөрөлгүйгээр хууль бусаар иргэдэд түлээний мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй газраас мод бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 1.658.880 төгрөгийн хохирол учруулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 4 дэхь хэсгийн 1-д тус тус зааснаар “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” буюу 4.976.640 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Зохих зөвшөөрөлгүйгээр гэдгийг иргэн ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэх буюу ойн дагалт нөөцийг ашиглахдаа эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.М хувьд зөвшөөрөл болон төлбөр хураамж төлсөн нь баримтаар тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.М гэмт хэрэг үйлдсэн газар нутаг нь Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 дугаар тушаалаар “Төлбөрийн муж тогтоох тухай”, “Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлдэж ашигласны төлбөр тогтоох мужлал”-ын Нэгдүгээр мужийн 1 дэх хэсэгт “Монгол улсын ойн сангийн хамгаалалтын бүсийн бүх ой”-д хамаарч байгаа газар байна.
Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар “Хамгаалалтын бүсийн ойд цармын бүслүүрийн ой, тусгай хамгаалалттай газрын болон сургалт, судалгааны зориулалттай ой, ногоон бүс, хориотой зурвасын ой, заган ой, баянбүрдийн ой, 100 га хүртэлх хэмжээний төгөл ой, бут, сөөг, 30 хэмээс илүү газрын ой хамаарна” гэжээ. Мөн хуулийн 8.6 дахь хэсэгт зааснаар “Хамгаалалтын бүсийн ойд зам гүүр барих, ...ойн дагалт баялагийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг зөрчсөн байна.
Шүүгдэгч Б.М нь давж заалдах гомдолдоо:“...25 ш мод бэлдсэн намайг ойд хохирол учируулсан гэж үзэж нийт 7.300.000 төгрөгний хохирол төлүүлнэ гэж шүүх дүгнэсэн. Би уг модыг шатсан түймэрт орсон мод байсан. Модны зөвшөөрлийг би 250.000 төгрөг тусгаарлалтын мөнгө 1.250.000 тушаасан нь үнэн болно. Миний бие ашиг сонирхолын журмаар хийгээгүй өөрийн болон өрх гэрийн амьжиргаанд хэрэглэсэн болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна” гэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.М гэм буруутай үйлдлийн улмаас ойн сан бүхий газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн, тээвэрлэж ойн санд 4.976.640 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ”гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв бөгөөд хэргийн бодит байдалтай нийцсэн, анхан шатны шүүхээс оногдуулсан ял гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.М гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заалтныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/212 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар шүүх анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН
ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР
Д.МӨНХӨӨ