Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 126/ШШ2022/0035

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргасан прокурор: Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б,

Дүгнэлтийн шаардлага: Холбогдогч И.М-д шийтгэл оногдуулсан 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0001555 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б, хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ө нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Прокурорын дүгнэлтийн талаар.

1.1. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б нь Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0001555 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар.

2.1. Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч нь И.М-ийг зохих зөвшөөрөлгүйгээр 20 ширхэг түүхий загас тээвэрлэсэн гэх зөрчлийг гаргасан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтаар 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0001555 дугаартай шийтгэлийн хуудсаар 150,000 төгрөгийн торгууль болон 256,000 төгрөгийн нөхөн төлбөр, нийт 406,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2.2. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б нь 2238000089 дугаартай зөрчлийн хэргийн материалыг шалгалтаар хянаад улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0001555 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 43 дугаартай дүгнэлт бичжээ.

Гурав. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б тус шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ:

3.1. Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн И.М нь зохих зөвшөөрөлгүйгээр 32 кг түүхий загас тээвэрлэсэн гэх 2238000089 дугаартай зөрчлийн хэрэг хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч И.М-д 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 256 000 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

3.2. Материалд цугларсан нотлох баримтуудтай танилцахад холбогдогч М.Мөнх-Эрдэний ... Би өөрөө Дэлгэрмөрөн голын нугын тохой гэдэг газраас гэр бүлийн хүн, хүүхдийн хамт барьсан. Бичиг номыг нь авсан байсан. 32 кг түүхий загас байсан. Зөрчил гарах үед зөвшөөрлийн бичиг байхгүй байсан. Зөвшөөрлийн бичиг Мөрөн сумаас авсан байсан. Эгч нь хайрцаг савандаа хийж явуулахаа мартсан байсан ... гэх мэдүүлэг, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0006576 дугаартай гарал үүслийн бичиг, тус аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан ажилтан, цагдаагийн дэслэгч Ц.Б-ийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 23-04-020/01 дугаартай улсын байцаагчийн эд зүйл хураан авах тухай акт зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

3.3. Дээрх нотлох баримтуудаар холбогдогч И.М нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт байх Дэлгэрмөрөн голоос нөхөр, хүүхдийн хамт зохих зөвшөөрлийн дагуу агнасан гэх 20 ширхэг түүхий загасыг тус аймгийн Мөрөн сумаас Улаанбаатар хот руу нийтийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн явуулсныг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр амьтны гаралтай түүхий эдийг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэсэн үндэслэлээр цагдаагийн албан хаагч ачааг саатуулсан байна.

3.4. Гэтэл эрх бүхий албан тушаалтан дээрх үйлдэлд зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа холбогдогчийн өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг шалгаагүй буюу мэдүүлэгт дурдсан хамт загас барьсан хүмүүс болон тэдэнд загас агнах эрхийн бичиг олгосон албан тушаалтнаас гэрчийн мэдүүлэг тэдэнд загас агнах эрхийн бичиг олгосон албан тушаалтнаас гэрчийн мэдүүлэг авах, эрхийн бичгийг хураан авч хэрэгт хавсаргах, 20 ширхэг загас агнасны улмаас экологид учирсан хохирлын хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлт, эрх бүхий албан тушаалтны магадлагаа гаргах зэрэг зайлшгүй хийгдэх шаардлагатай ажиллагаануудыг хийж, зөрчлийн нөхцөл байдал буюу шийтгэл оногдуулах хуульд заасан үндэслэлийг шалгаж тогтоолгүйгээр И.М-д Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0001555 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

3.5.Иймд эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.6 хэсгүүдийг ноцтой зөрчиж, холбогдогч И.М-д шийтгэл оногдуулсан байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Болормаагийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0001555 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Дөрөв. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1. Зөрчлийн материалыг хянаж үзэхэд холбогдогч И.М гэдэг хүнээс мэдүүлэг авсан. Эрх бүхий албан тушаалтан тухайн хураан авсан загасыг хүлээн авч акт бичсэн, цагдаагийн ажилтан илтгэх хуудас бичиж зөрчлийг илрүүлж шалгасан. Үүнийг харьяаллын дагуу Мэргэжлийн хяналтын газар луу шилжүүлсэн гэсэн ийм баримтууд байдаг. Холбогдогч И.М-ийг зөрчил үйлдсэн гэдгийг нотлох баримт нь Би өөрөө Дэлгэрмөрөн голын Нугын тохой гэдэг газраас зохих зөвшөөрлийн дагуу 20 ширхэг түүхий загасыг барьсан. Уг загсаа Улаанбаатар хот руу тээвэрлэж явуулсан гэсэн өөрийнх нь өгсөн мэдүүлэг байдаг.

4.2. Эрх бүхий албан тушаалтан мэдүүлэгт дурдснаар загасыг зөвшөөрөлтэй барьсан эсэхийг шалгахгүйгээр зөвшөөрөлгүй барьсан загас байна гэж дүгнээд шийдвэрлэж байгаа нь нотлох баримтад үндэслэж шийдвэрлээгүй нь харагдаж байна. хэрэв энэ мэдүүлэгт дурдагдсан зохих зөвшөөрлийн дагуу барьсан загас болох нь тогтоогдсон тохиолдолд зөрчил биш болно.

4.3. Гэтэл холбогдогчийн мэдүүлгийн үнэн зөвийг шалгахгүйгээр энэ бол зөрчил байна гэж үзсэн шийтгэлийг хүчингүй болгох үндэслэлтэй. Нотлох баримт байхгүй байхад хүнд шийтгэл оногдуулсан нь хууль бус үйлдэл юм. Хэрвээ байгаль орчинд хохирол учруулсан зөрчил үйлдсэн бол зөрчлийг шалгаж тогтоож хохирлыг нөхөн төлүүлэх талаар арга хэмжээ авдаг. Хохирлыг нөхөн төлсөн талаар баримт авагдаагүй. Хариуцагчийн хариу тайлбарт хавсаргаж ирүүлсэн баримт нь зөрчлийн хэрэг шийдэгдсэний дараа захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж ирүүлж байгаа баримт байгаа юм. Эрх бүхий албан тушаалтны магадалгааг өмнө нь гаргачихсан байсан, хэрэгтээ хавсаргаагүй гэсэн тайлбарыг бичсэн байсан. Энэ бол үндэслэлгүй тайлбар байна гэж үзсэн.

4.4.Тухайн шийтгэлийн үндэслэл болсон нотлох баримт тухайн цаг хугацаандаа авагдаад түүнийг үндэслэж шийдвэр гаргах ёстой байтал дараа нь магадалгаа гаргасан нь үндэслэлгүй. Тэр магадалгааг мөн шинжээчийн дүгнэлтийн хэмжээнд үнэлж үзэх боломжгүй магадалгаа байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл загасны сүүл сэрвээ нь гэмтээгүй учир шинэ загас байна. 9 сард авсан зөвшөөрлийн бичгээр агнасан загас биш байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.5. Тиймээс хэзээ агнасан гэдгийг тогтоолгох шаардлагатай. Мөн эрхийн бичгийг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх шатанд эрх бүхий албан тушаалтанаас хуулбар авсан байгаа нь өмнө нь шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны үндэслэл болохгүй байна. Эрх бүхий албан тушаалтан, шаардлагатай гэрчүүдээс мэдүүлэг авах гэсэн боловч мэдүүлэг өгөхөөс татгалзсан гэсэн зөрчлийн хэргийг шалгах явцад мэдүүлэг авахаар дуудсан, ирээгүй гэсэн баримт хэрэгт байхгүй байсан. Мэдүүлэг өгөхөөс татгалзах гэдэг ойлголт нь тухайн хүнээс мэдүүлэг авахад би мэдүүлэг өгөхгүй гэж татгалзаад үүгээр мэдүүлэг дууссан тохиолдолд мэдүүлэг өгөхөөс татгалзсанд тооцно. Гэтэл тухайн үед ямар үйл явдал болсон нь тодорхойгүй байна. Энэ талаар шийтгэл оногдуулсан баримт хэрэг дотор байхгүй байна. Дуудах хуудас авагдаагүй. Хэрэгт зөрчлийг нотолсон талаар баримт авагдаагүй.

4.6. Шийтгэл оногдуулахдаа гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэж явсан нь тогтоогдсон. Гарал үүслийн гэрчилгээгүй амьтаны гаралтай түүхий эдийг тээвэрлэж явсан тохиолдолд шийтгэл оногдуулахгүй. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шийтгэл оногдуулсан нь огт болоогүй зүйлд шийтгэл оногдуулсан байна. Амьтныг барих гэдэг бол ямар нэгэн байдлаар барьж ашиглаж байгааг хэлдэг. Загас барих гэдэг нь амьтан агнах гэдэг зүйл ангид хамаарна гэтэл барих гэдэг зүйл ангиар шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй юм гэв.

Тав. Хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

5.1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 4-т заасны дагуу (эрх бүхий албан тушаалтан хүнийг албадан ирүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг /эх/, үр хүүхдүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах эрхгүй) гэсний дагуу мэдүүлэг аваагүй ба холбогдогч И.М нь мэдүүлэгт дурьдагдсан нөхөр болох Чадраабалаас гэрчийн мэдүүлэг авахаар утсаар холбогдсон боловч би гэр бүлийнхэн хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй ээ, мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна гэсэн хариуг хэлсэн. Тэгээд энэ хүн болон төрсөн хүү Ч.Энхбаяр, хүргэн Гантулга нараас мэдүүлэг аваагүй ээ. Холбогдогч И.М нь дээрх хүмүүсээс мэдүүлэг авахыг зөвшөөрөөгүй ба өөрөө энэ үйлдлээ хүлээж, дээрх хүмүүсийг энэ хэрэгт оролцуулахгүй байхыг хүссэн.

5.2. Мөрөн сумын байгаль хамгаалагч Б.Д-ийн 2021 оны үнэт цаасны тайлангаас шүүлт хийж үзэхэд холбогдогч И.М-д ахуйн зориулалтаар ан амьтан агнах, загас барих 0009526 дугаартай эрхийн бичгийг 2021 оны 09 дүгээр сарын 25-наас 2021 оны 09 дүгээр сарын 28-ныг хүртэл 3 хоногийн хугацаатай 5 ширхэг загас барих, түүний нөхөр болох Д.Ч-д 0009527 дугаартай эрхийн бичгийг 2021 оны 09 дүгээр сарын 25-наас 2021 оны 09 дүгээр сарын 28-ныг хүртэл 3 хоногийн хугацаатай 5 ширхэг загас, хүү Ч.Э-д 0009526 дугаартай эрхийн бичгийг 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал 3 хоногийн хугацаатай 5 ширхэг загас, хүргэн Б.Г-д 00009528 дугаартай эрхийн бичгийг мөн адил хугацаанд 5 ширхэг загас барих зөвшөөрлийг тус тус олгосон байна.

5.3. 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хот хооронд зорчигч тээврийн автобусаар Улаанбаатар хот руу явуулж байсан 32 кг 2 хайрцаг түүхий шинэ загас /нүд, хамар, гадна биеийн хайс гэмтээгүйгээс гадна загаснуудын заламгай, цээж, нурууны, хэвлийн, махан, хойд сүвийн, сүүлний сэлүүрүүд гэмтээгүй шинэ загаснууд/ байсан дээрх эрхийн бичгүүдээр барих боломжгүй. Холбогдогч И.Мөнх-Эрдэнэ болон түүний гэр бүлийн хүн болох Д.Ч, Ч.Э, хүргэн Б.Г нарын нэр дээр 2021 оны 10, 11, 132 дугаар саруудад загас барих зөвшөөрлийн бичиг буюу эрхийн бичиг аваагүй байна.

5.4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 4-д заасны дагуу тусгай мэдлэг, мэргэжил, мэргэшсэн гэж үзээд улсын байцаагч би өөрөө эрх бүхий албан тушаалтны магадлагаагаа гаргасан. Хэрэгт магадлагаагаа хавсаргаагүй байсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр хуульчилсан байдаг. Хавсралтаар: 0009526, 0009527, 0009528, 0009529 дугаартай ахуйн зориулалтаар ан амьтан агнах, загас барих эрхийн бичгүүдийг хуулбарлан авч аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын хуулбар үнэн гэсэн тэмдэгийг даруулсан хуулбарууд болон эрх бүхий албан тушаалтны магадлагааг одоогийн он, сар, өдрөөр хэвлэж тус тус хавсаргав гэв.

Зургаа. Гуравдагч этгээд И.М шүүхэд гаргасан тайлбартаа:

6.1. Тухайн үед би загас барих зөвшөөрлийн бичгээ Мөрөн сумаас авсан байсан ба загасаа Улаанбаатар хот руу явуулахдаа хайрцаг савандаа зөвшөөрлийн бичгээ хийхээ мартсан байсан. Загасыг минь хураасан байна гэж намайг Цагдаагийн газраас дуудахад нь ирж уулзаад зөвшөөрлийн бичгээ авсан талаараа тайлбарлаж, учир байдлаа хэлтэл миний тайлбарыг сонсоогүй ба зөвшөөрлийн бичгийг минь үзээчгүй. Та одоо зөвшөөрлийн бичгээ өгөөд ч нэмэргүй гэж хэлээд намайг явуулсан.

6.2. Надад шийтгэлийн хуудас оногдуулахдаа М.Б байцаагч нь намайг тухайн шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй бол гомдол гаргах эрхтэй талаар тайлбарлаж өгөөгүй. Удаа дараа дээрх торгуулиа төл гэж намайг шаардсан тул би гомдол гаргах эрхтэй талаараа мэдээгүй туд уг торгуулийг бүрэн төлж барагдуулсан.

6.3. Иймд Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б-ийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0001555 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх прокурорын гаргасан дүгнэлт, түүний үндэслэл, хариуцагч болон гуравдагч этгээдийн хариу тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б-ийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0001555 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

2.Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар гуравдагч этгээдийг зохих зөвшөөрөлгүйгээр 20 ширхэг түүхий загас тээвэрлэсэн гэсэн зөрчлийг гаргасан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг үндэслэн шийтгэл оногдуулжээ.

3. Уг шийтгэлийн хуудсыг прокуророос ...холбогдогчийн өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг шалгаагүй буюу мэдүүлэгт дурдсан хамт загас барьсан хүмүүс болон тэдэнд загас агнах эрхийн бичиг олгосон албан тушаалтнаас гэрчийн мэдүүлэг авах, эрхийн бичгийг хураан авч хэрэгт хавсаргах, 20 ширхэг загас агнасны улмаас экологид учирсан хохирлын хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлт, эрх бүхий албан тушаалтны магадлагаа гаргах зэрэг зайлшгүй хийгдэх шаардлагатай ажиллагаануудыг хийж, зөрчлийн нөхцөл байдал буюу шийтгэл оногдуулах хуульд заасан үндэслэлийг шалгаж тогтоогоогүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргажээ.

4. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтныг, мөн хэсгийн 1.2 дахь заалтад барьсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна.

5. Дээрх зохицуулалтын дагуу захиргааны байгууллагаас олгосон зөвшөөрөл, түүнтэй байгуулсан гэрээгүйгээр амьтныг барьсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг эрх бүхий албан тушаалтнаас тооцож зөрчил гаргагчаас түүнийг гаргуулж, улмаар торгуулийн арга хэмжээ авахаар заажээ.

6. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна, мөн хэсгийн 1.1-д Тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх гэж заасны дагуу эрх бүхий албан тушаалтан нь зөрчил гаргагчийн зөрчил үйлдсэнийг нотлох баримтыг бүрэн бүрдүүлж, зөрчил гаргасан гэх үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг заалтад нийцэж байгаа эсэхийг зайлшгүй тогтоох ёстой.

7. Холбогдогч И.М нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хот хоорондын 12-13 ХӨҮ зорчигч тээвийн автобусанд зохих зөвшөөрөлгүй 2 хайрцагтай, 32 кг загас тээвэрлэсэн зөрчлийг гаргасан гэж үзэн хариуцагчаас шийтгэл оногдуулахдаа зөвхөн холбогдогчийн мэдүүлгийг үндэслэсэн болох нь хэрэгт авагдсан зөрчлийн хэргийн хувийн хэргээр нотлогдож байна.

8. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ2 дахь хэсэгт Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ гэж заасан бөгөөд уг заалтын дагуу эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг шалган тогтоохдоо шаардлагатай нотлох баримтуудыг дээр дурдсан хуульд зөвшөөрөгдсөн арга замаар цуглуулж бэхжүүлэн, зөрчлийн хэрэг бүртгэлийн материал бүрдүүлэх үүрэгтэй.

9. Гэтэл хариуцагчаас гуравдагч этгээдийг түүхий загас барих зөвшөөрлийг холбогдох байгууллагуудаас авсан эсэх талаар баримтыг цуглуулаагүй, мөн экологид учирсан хохирлыг тооцсон шинжээчийн дүгнэлтийг тухайн үед гаргаж хавсаргаагүй болох нь хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан ... хэрэгт магадлагаагаа хавсаргаагүй байсан... гэх тайлбар болон прокурорын дүгнэлтэд хавсаргасан зөрчлийн хэргийн хувийн хэргээр тус тус тогтоогдож байна.

10.Түүнчлэн хариуцагчаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан ...холбогдогч зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрч, биелүүлсэн... гэх тайлбар нь холбогдогчийг зөрчил гаргасан гэдгийг шууд нотлох баримт биш тул уг зөрчилдоногдуулсан улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0001555 дугаар шийтгэлийн хуудсыг зөвтгөх үндэслэл болохгүй гэдгийг дурдах нь зүйтэй.

11.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр прокурорын гаргасан дүгнэлтийг хангаж, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Болормаагийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0001555 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг заасныг тус тус баримтлан Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Б.Б-ийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 43 дугаар дүгнэлтийг хангаж, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б-ийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0001555 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  113 дугаар зүйлийн 113.2 дахь заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.МӨНХБОЛОР