2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1110

 

   2025        04         30                                   2025/ШЦТ/1110

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

улсын яллагч С.Бат-Орших,

шүүгдэгч Ш.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Г-д холбогдох эрүүгийн 2406090840445 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Г нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ......... зочид буудлын гадаа 2024 оны 11 дугээр сарын 24-ний өдөр хохирогч О.О-н эзэмшлийн айфоне 16 про макс загварын гар утсыг хүн рүү залгах гэлээ гэх шалтгаанаар санаатайгаар шидэж гэмтээсний улмаас 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.Г нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би утсыг нь бол эвдэлсэн, эхнэрийг алгадсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Утсаа гаргаж ирэхдээ бичлэг хийгээд байсан бөгөөд болиоч гээд цохиод унагаасан.” гэв.

Эрүүгийн 24060908404454 дугаартай хэргээс:

2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт "миний гар утсыг эвдчихлээ" гэх гэмт хэргийн талаарх мэдээлэл /хх-ийн 06/

Хохирогч О.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... 2024 оны 11 дүгээр сарын 24-ний оройн 21 цагийн үед манай найз Ц надруу залгаад хамт нэг тийшээ явчихаад ирье гэж хэлээд бид 2 Жуковын урд талын буудлын ........ нэртэй зочид буудлын гадаа очсон ба найз тухайн үед буудлын дотогшоо орсон. Удалгүй найз Ц-н нөхөр Г өөр эмэгтэй хүнтэй хамт буудал руу орж байхад нь тэр хоёр хоорондоо таараад маргалдаж ноцолдож эхэлсэн. Нөхөр нь найзын дундаас нь нөхөр Г нь миний гар утсыг булааж аваад "зайлаач янхан минь гэж хэлээд 5-6 метр орчим газар шидээд намайг хана руу түлхчихээд гараад зугтчихсан." гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

Гэрч Б.Ц-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 21 цагийн үед өөрийн найз О-той холбогдож хоёулаа нэг тийшээ явчихаад ирье найздаа машинаараа туслаад өгөөч гэж гуйгаад бид хоёр хамтдаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо ........ зочид буудалд очсон юм. Гол зорилго нь манай нөхөр хөдөө 3 сарын хугацаанд ажиллаад 11 дүгээр сарын 23-ны шөнө ирсэн ба ирсэн гэдгээ надаас нууж худлаа яриад байхаар нь би хаана хэнтэй юу хийгээд явж байгаа өөр эмэгтэй хүнтэй буудал орно гэдгийг нь мэдчихээд найзыгаа гуйгаагаад очсон. Тэгээд буудал руу ороод ресепшнээс асуугаад буцаад гарч байсан чинь манай нөхөр гаднаас 1 эмэгтэй хүн дагуулчихсан ороод ирсэн намайг уурлахад нөхөр шууд намайг барьж аваад хоолой ам боогоод багалзуурдаж байх хооронд нөгөө эмэгтэй зугтаад явчихсан.

Харин тэр хооронд манай найз машинаасаа буугаад ороод ирсэн.  Тэхээр нь би найзыгаа хадам руу залгаад өгөөч гэхэд найз залгаад надад өгөх хооронд Г шууд булааж аваад зайлаач муу янхан минь гэж хэлээд гар утсыг нь булааж аваад газар руу шидээд зугтсан. Тэгээд найзын утасны дэлгэц хагараад, хүрээ нь гэмтсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-/,

2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн "Тэнцвэр Эстимэйт хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 30-32-р хуудас/,

Шүүгдэгч Ш.Гын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 47-57/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Ш.Г-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Ш.Г  нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.

1. Гэм буруугийн талаар:

1.1. Улсын яллагч “шүүгдэгч Ш.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.

Шүүгдэгч Ш.Г нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ........ зочид буудлын гадаа 2024 оны 11 дугээр сарын 24-ний өдөр хохирогч О.О-н эзэмшлийн айфоне 16 про макс загварын гар утсыг хүн рүү залгах гэлээ гэх шалтгаанаар санаатайгаар шидэж гэмтээсний улмаас 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/

Хохирогч О.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12/,

Гэрч Б.Ц-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16/,

2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн "Тэнцвэр Эстимэйт хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 30-32-р хуудас/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Шүүгдэгч Ш.Г нь бусдын эд хөрөнгө болох эзэмшлийн айфоне 16 про макс загварын гар утсыг хүн рүү залгах гэлээ гэх шалтгаанаар санаатайгаар шидэж  гэмтээсэн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт хамаарна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд гэмт хэрэг үйлдэгчийн хууль бус идэвхитэй, санаатай үйлдлийн улмаас эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш хохирол учирч, хохирол хор уршиг бодитоор тодорхойлогдох материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Хохирол, хор уршгийн хэмжээг үнэлгээний болон эдийн засгийн мэргэжлийн байгууллага тодорхойлох бөгөөд Ш.Г-д холбогдох хэрэгт хохирогчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний “Тэнгэр Эстимэйт” ХХК тогтоосон нь хууль зөрчөөгүйн дээр уг үнэлгээг бодитой гэж үзнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнг нэгтгэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий болсон байх тул шүүгдэгч Ш.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд зүйл устгаж, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

1.2. Гэмт хэргийн улмаас хохирогч О.О-н утсанд 1,900,000 төгрөгийн хохирол учирсныг /хх-ийн 30-32/ шүүгдэгч Ш.Г нь төлж барагдуулсан түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “шүүгдэгч Ш.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал”-ыг гаргасан болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Ш.Г-д  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас санал болгосон ялын төрөл, хэмжээний саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид торгох ял оногдуулан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

3. Бусад асуудлын талаар.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ш.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г-г 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Г-д оногдуулсан 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.УУГАНБААТАР