| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Бямбацэрэн |
| Хэргийн индекс | 1815004000038 |
| Дугаар | 2021/ДШМ/11 |
| Огноо | 2021-03-03 |
| Зүйл хэсэг | 21.1.2., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2021/ДШМ/11
Э.Э холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй,
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/11 дугаар шийтгэх тогтоолтой Э.Э холбогдох 1815004000038 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд прокурор М.С, нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.
Шүүгдэгч: Т овогт Э Э /рд:Ф ******** /, Дархан-Уул аймгийн Дархан суманд 1977 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, Орхон аймгийн ... хаягт оршин суух, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, цэргийн байнгын тэтгэвэрт байгаа, 43 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй.
Шүүгдэгч Э.Э нь хууль сахиулагчаар ажиллаж байхдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримт хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 11 дугаар шийтгэх тогтоолоор:
1. Шүүгдэгч Т овогт Э Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э ыг 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э оногдуулсан 5 400 000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг сар бүр 300000 /гурван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Э сануулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар У.Ц , С.Э нарын 4 хуудас мэдүүлэг хавтаст хэргийн 46-49 дүгээр талд хавсаргагдсан байгааг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай” гэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О нь давж заалдах гомдолдоо: Э.Э ыг Эрүүгийн хуулийн 21.1 р зүйлийн 2-т зааснаар нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэж буруутган ялласан прокурорын яллах дүгнэлтийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, тус хэрэгт Э.Э гэм буруутайг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардлыг бүрэн төлсөн. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсныг үндэслэн гаргасан прокурорын санал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн мэдүүлэг, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж, торгуулийн ялыг хэрэглэж өгөхийг хүссэн өмгөөлөгчийн санал хүсэлт зэрэг үндэслэлүүдийг анхан шатны шүүх анхаарч үзэж Э.Э ын анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад учруулсан зардлыг төлсөн байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан торгуулийн ял хэрэглэсэн нь хуульзүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Харин торгуулийн ялыг биелүүлэх хугацааны талаарх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3-р заалтын ...торгох ялыг сар бүр 300,000 /гурван зуун мянган төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 1 /нэг/ жил, 6/ зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай гэсэн заалтыг буюу нэг жил зургаан сарын хугацаагаар тогтоосон хэсгийг өөрчилж 3 / гурван жил/ хүртэл хугацаагаар гэж тогтоон, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.05 ны өдрийн 2021/ШЦТ/11 тоот шийтгэх тогтоолын 3-р заалтад өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч өмгөөлөгч Х.О давж заалдах гомдлыг үндэслэн Э.Э холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.
Анхан шатны шүүхээс Э.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э ыг 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 400 000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э оногдуулсан 5 400 000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг сар бүр 300000 /гурван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Э сануулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судалж, бусад нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээд тухайн үед болсон үйл баримтын талаарх гэрч нарын мэдүүлгүүдийг шалгахад хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдалд эргэлзээ төрүүлэх, үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Шүүгдэгч Э.Э нь Булган аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, Орхон сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа иргэн С.Эгаргасан хулгайлах гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгахдаа 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр С.Э, У.Цнараас гэрчийн мэдүүлэг хуурамчаар үйлдэж, улмаар хэргийн талаарх гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж шийдвэрлүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Булган аймгийн Прокурорын газрын 2018 оны 11 сарын 07-ны өдрийн 5/560 дугаар тоот, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/391 дугаартай тушаалаар цагдаагийн ахмад Э.Э ыг Булган аймаг дахь Цагдаагийн газарт Орхон сум дахь хэсгийн төлөөлөгчөөр томилсон мэдэгдэл болон түүнийг танилцуулсан тухай тэмдэгдэл /хх1-134 тал/, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч Э.Э ын иргэн С.Эын хулгайн гэмт хэргийн талаарх Г-236 дугаартай гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж прокурорт хүргүүлсэн материалын хуулбарууд /хх1-190-202 тал/, Прокурорын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 4/19 дугаартай “Дахин шинжилгээ хийлгэх” тухай тогтоолын дагуу хийгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О давж заалдах гомдолдоо: “...торгуулийн ялыг биелүүлэх хугацааны талаарх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3-р заалтын ...торгох ялыг сар бүр 300,000 /гурван зуун мянган төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 1 /нэг/ жил, 6/ зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай гэсэн заалтыг буюу нэг жил зургаан сарын хугацаагаар тогтоосон хэсгийг өөрчилж 3 / гурван жил/ хүртэл хугацаагаар гэж тогтоон Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.05 ны өдрийн 2021/ШЦТ/И тоот шийтгэх тогтоолын 3-р заалтад өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар “шүүх нь ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болох” бөгөөд шүүгдэгч Э.Э нь өмнө нь хууль сахиулагчаар ажиллаж байсан, одоогоор цэргийн байнгын тэтгэвэрт байгаа байдлыг харгалзан анхан шатны шүүх хэсэгчлэн төлөөлсэн хугацаа нь үндэслэлтэй болсон гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/11 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүх анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН
ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР
Д.МӨНХӨӨ