Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 45

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалан, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолоор баталж ирүүлсэн Б.Алтанхуягт холбогдох эрүүгийн 201701070088 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                    З.Ганцоож

 Улсын яллагч                                                     Д.Дашцэрмаа

 Хохирогч                                                        Э.Сарантуяа

 Шүүгдэгч                                                       Б.Алтанхуяг нар оролцов.

 

Монгол улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, эксковаторын туслах машинч мэргэжилтэй, Багануур ХК-нд Уулын 1 дүгээр хэсэгт эксковаторын туслах машинч ажилтай, ам бүл 3, эхнэр Э.Сарантуяа, 5 настай хүүхдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 81 тоотод оршин суух, УГ87030915 дугаарын регистертэй, Боржигон овгийн Баасанжавын Алтанхуяг.

         Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/:

          Яллагдагч Б.Алтанхуяг нь 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 81 тоотод өөрийн эхнэр Э.Сарантуяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүр лүү нь өшиглөх, гараараа цохих зэргээр зодож улмаар биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    

Шүүгдэгч Б.Алтанхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр эхнэр бид хоёр гэртээ жижиг асуудлаас болоод муудалцсан юм. Тэгээд манай эхнэр гэртээ хоноогүй, маргааш нь 16 цагийн үед гэртээ ирэхээр нь  би уурлаад хацар луу нь хөлөөрөө нэг удаа өшиглөж, гараараа 1 удаа цохьсон. Бид хоёр тухайн үед эрүүл байсан. Би гэмшиж байна, энэ алдаагаа дахин давтахгүй” гэв.

 

Хохирогч Э.Сарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би нөхөртэйгээ 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өр зээлний асуудлаас болж маргалдсан. Тэгээд би нөхөртөө тунирхаад гэртээ хонолгүй найзындаа хоноод маргааш нь 16 цагийн үед гэртээ ирэхэд Алтанхуяг намайг “хаагуур яваад ирэв, эмэгтэй хүн байж ингэж болохгүй шүү дээ” гэж асуухаар нь би уурлаж, өөдөөс нь хэрэлдсэн. Тэгээд манай нөхөр миний нүүр лүү хөлөөрөө 1 удаа өшиглөж, гараараа нэг удаа цохьсон. Одоо гэр бүлийн уур амьсгал гайгүй болсон. Энэ маргаанаас хойш бид хоёр бие биенээ ойлгож, хамт амьдарч байгаа. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, уучлалт гуйж эвлэрсэн” гэв.

          

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 5 сарын 17-ны өдрийн 09 шэ/147 тоот актын:

  1. Э.Сарантуяагийн биед тархины доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, баруун хацар зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
  2. Турхайн гэмтэл нь шинэ гэмтэл.
  3. Уг гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Дээрх гэмтэл нь учирсан үедээ хохирогчийн амь насанд аюулгүй.
  5. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Ө.Шаарийбуу гэсэн дүгнэлт /хх-н 13/

 

Б.Алтанхуяг нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 22/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 4/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/147 дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

      Шүүгдэгч Б.Алтанхуяг нь 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 81 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Э.Сарантуяаг “гэртээ хоносонгүй” гэж уурлан хоорондоо маргалдаж, улмаар түүний нүүр лүү өшиглөх, гараараа цохих зэргээр зодож, биед тархины доргилт, баруун нүдний дээд болон доод зовхи, баруун хацарт цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Миний уур хүрээд нүүр лүү нь нэг удаа өшиглөж, гараараа нэг удаа цохьсон” гэсэн мэдүүлэг болон хохирогч Э.Сарантуяагийн “манай нөхөр миний нүүр лүү нэг удаа өшиглөж, нэг удаа гараараа цохьсон”  гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийж учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 2017 оны 5 сарын 17-ны өдрийн 09 шэ/147 тоот актын “Э.Сарантуяагийн биед тархины доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, баруун хацар зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 13/, хохирогчийн биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-н 4/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь хохирогч Э.Сарантуяаг гэртээ хоноогүйд нь уурлаж, тэдгээрийн хооронд хэрүүл маргаан үүсчээ. Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Алтанхуяг “миний уур хүрээд эхнэрийнхээ нүүр лүү өшиглөж, гараараа цохьсон” гэж мэдүүлсэн. Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд шүүгдэгч Б.Алтанхуяг нь үйлдэлдээ хувийн сэдэлттэй, шууд санаатай хандаж, улмаар хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээр нь тогтоогдов.

 

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Б.Алтанхуягийн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг хохирогч, шүүгдэгч нарын үл ойлголцол, харилцан бие биенээ үл хүндэтгэсэн харилцаатай холбоотой гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Сарантуяа нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

      Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдах ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-22/ тогтоогдсон болно.    

           Иймд шүүгдэгч Б.Алтанхуяг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байгаа боловч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хөнгөн гэмт хэргийн хохирогч Э.Сарантуяа нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэж мэдүүлж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2,  208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Баасанжавын Алтанхуягийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Баасанжавын Алтанхуягт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  3. Хохирогч Э.Сарантуяа нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
  4. Б.Алтанхуягт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тогтоож ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Алтанхуягт урьд авсан гадагш явж болохгүй байх тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Б.Алтанхуяг болон хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
  7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Алтанхуягт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА