| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/0942/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1271 |
| Огноо | 2025-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганзориг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1271
2025 05 14 2025/ШЦТ/1271
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
улсын яллагч Г.Ганзориг /томилолтоор/,
хохирогч О.Д,
гэрч Г.Э,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн “2409 01300 2091” дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны шөнийн 01 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... дугаар байрны дотор иргэн О.Д-тай "амгалан тайван байдал алдагдууллаа" хэмээн маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж, татаж унагааж эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, дух, хацар, хамарт зулгаралт, хүзүү, хамарт цус хуралт, хацар, хамар, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр эхнэр Э хоёр хүүхэдтэйгээ Сүхбаатар дүүргийн .... дугаар байранд байдаг байсан. Би хоёр хүүхэд дээрээ уулзаагүй жил болчихсон, гадаад руу ажиллагаанд яваад ирчихсэн байсан. Сургуулийнх нь ойролцоо хүргэж өгөхөд амар гээд байр түрээсэлсэн байсан. Хоёр хүүхэд дээрээ оччихсон байж байхад эхнэр надад яам дээр ажилтай гэж хэлээд нэлээд оройтсон байдаг. 23 цагийн үед яамнаас гараад таксинд сууж байна гээд утас нь холбогдохоо байсан. Шөнө 01 цагийн үед орж ирсэн бөгөөд хоёр хүүхдээ унтлагын өрөөнд унтуулаад өөрсдөө нөгөө өрөөнд амрах гээд байж байсан. Үүнээс 30-40 минутын дараа хаалга нүдээд эхэлсэн бөгөөд араас чинь хүн байгаа юу гэхэд ганцаараа явж байгаа, мэдэхгүй гэж хэлсэн. Айл андуурсан юм болов уу гээд хэсэг байсан бөгөөд гараад очиход энэ нөхөр шал согтуу хаалга цохичхоод Э-с утсаа авъя гэсэн. Би гайхаад байрны код, орцны код мэддэг юм байх гэж бодсон. Чи хаалга андуурсан гээд түлхээд гаргасан. Энэ хүнд явах боломж байсан байх гэж хардаг. Шөнө 01 цагт айл амьтан унтаж байхад зүгээр байсан гэр бүлийн амгалан тайван байдал алдагдуулчхаад ингээд байхаар гомдолтой байна. Гараад явчихсан байх гэж бодтол яваагүй эргээд ороод ирсэн. Тэгэхээр дахиж түлхсэн бөгөөд би гадуур хувцасгүй байсан тул хувцсаа өмсөөд гарахад орцны жижүүртэй маргалдаад зогсож байсан. Би барьцалдаад авахад үүдний жижүүр шил, толь хагаллаа гар гэхэд нь би энэ нөхрийг түлхээд орцноос гаргасан. Түлхэхэд энэ хүн орцны үүдэнд намайг хэд хэдэн удаа мөргөсөн, мөргөх хугацаанд өөртөө гэмтэл аваад тэр хавиар дүүрэн цус болсон. Гарахаас өмнө жижүүрт цагдаа дууд гээд хэлсэн. Гадаа гарахад гудамжинд байсан хоёр хүүхэд ирээд дуудлага өгсөн, сүүлд би дуудлага өгөх гээд явж байхдаа нөхөр чинь ирээд агсам тавиад байна гээд эхнэрт нь залгаж хэлсэн. Тэр хавьд зууралдаад танай эхнэртэй явалддаг байсан чамайг ална гээд баахан зүйл хэлсэн. Орцны үүдний цэцгийн мандлыг тойрч гүйгээд намайг ална гээд энэ хүн намайг хөөгөөд байсан. Энэ хугацаанд эргүүлийн хоёр цагдаа ирсэн бөгөөд энэ хүн тэр хоёр цагдаагийн шаардлагыг огт биелүүлээгүй. Хацрын зулгаралт хүзүү зэргийг гавлах явцад үүссэн байх, энэ хүн эсэргүүцээд болохгүй байсан. Тухайн үед миний цаг алга болсон байсан бөгөөд мултраад унасныг мэдэхгүй байсан. Гадаа харанхуй байсан тул хэний цаг гэдэг нь мэдэгдэхгүй байхад энэ нөхрийн суусан сандлын хажууд миний цаг байсан. Эргүүлийн цагдаа унасан цагаа ав гэхэд энэ нөхөр авсан, би сүүлд нь миний цаг гэж мэдсэн” гэв.
Хохирогч О.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг бүгд худлаа байна. Тухайн үед би гэр рүү нь орсон, ажил дээр хурал зөвлөгөөнтэй байж байгаад хэлтсийн хүмүүстэй газар суугаад миний цэнэг дуусаж байсан. Э-г замдаа хүргэж өгье гээд такси бариад явсан бөгөөд тэгэхэд миний утас байсан. Би нэлээд согтсон байсан бөгөөд хүн зодох хэмжээнд эрүүл байгаагүй. Э гэр лүү утас аваад орчихлоо гээд бодоод араас нь ороход орцны үүд нээлттэй байхаар нь гэрийнх нь хаалгыг тогштол Б эхлээд нүцгэн гарч ирсэн. Эхнэрээс тань утсаа авах гэсэн юм илүү дутуу зүйлгүй гэхэд эргэж гэр лүүгээ ороод хувцсаа өмсөж гарч ирээд шууд намайг цохисон. Би гараад явсан бөгөөд би эргээд орох гэтэл оруулахгүй байсан, араас шүүгдэгч гарч ирсэн. Энэ хүн намайг завсар зай өгөхгүй зодсон бөгөөд чи миний амьдралыг сүйрүүлсэн гэж байсан. Хүрч чадахгүй учраас дургүй хүрээд шаралхаад тэгж хэлсэн. Намайг зодоход миний хамраас аймар цус гарчихсан, нүүр халцраад нүүрэндээ хүрч чадахгүй байсан. Цагдаа ирсэн бөгөөд Сүхбаатар дүүрэг рүү авч явсан. Цагдаагийн газар сууж байсан хүний утсаар төрсөн дүүгээ дуудаж, төрсөн дүү ирээд шүүх эмнэлэг рүү авч явж үзүүлсэн. Утсыг бол нэхэмжлээгүй, .......... гэх эмнэлэг дээр очиж зураг үзүүлсэн бөгөөд эмчилгээ, эм тариа 4.000.000 төгрөг болно гэсэн” гэв.
Эрүүгийн 2409013002091 дугаартай хэргээс:
Гэрч Ч.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Тухайн шөнө би өөрийн ажил дээрээ жижүүрийн үүрэг гүйцэтгэж байтал гаднаас манай байр руу нэг өндөр манайд амьдардаггүй залуу согтуу орж ирсэн. Тэгэхээр нь би "хаашаа орох гэж байгаа юм бэ" гэж асуухад "найзынхаасаа гар утас авах гэсэн юм аа" гэж хэлээд ороод .... тоот айлын хаалгыг тогшиж байгаад буцаад бууж ирсэн. Тэгээд гараад 5-10 минут орчим гадаа зогсож байгаад буцаж орж ирээд тус тоотын хаалгыг дахин цохиж байгаад буцаад бууж ирээд гараад нэлээн удаан буюу 30 орчим минут болж байтал .... давхар ........ тоотод амьдардаг намхан бор залуу бууж ирээд "амгалан тайван байдал алдагдууллаа" гэж хэлээд хоорондоо зодолдоод байсан. Тухайн үед манай байр шилэн хаалгатай байсан учир би тухайн 2 залууг "гараад учраа ол, айлууд амарч байна амгалан тайван байдал алдагдуулаад байна" гэж хэлээд гаргасан. Тэгээд тухайн 2 залуу гараад согтуу өндөр залуу нь намхан залуугаа хөөгөөд хөөцөлдөөд байсан тэгэхээр нь би цагдаа дуудсан... Намайг гарч очиход хамраас нь маш их цус гарсан байсан бөгөөд хамар руу нь дэлссэн юм шиг байсан... Тухайн намхан залуугийн биед гэмтэл шарх үүссэн зүйл байхгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/
Гэрч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2024 оны 4 дүгээр сарын 10-ны шөнө манай ажлынхан буюу .........-ийнхан бүгдээрээ буюу ....... караокед уулзаж сууцгаасан. Тэгээд тухайн газар үйлчлүүлж байгаа хүмүүс нэлээн согтоод байхаар би түрүүлээд гэр рүүгээ явсан. Тэгсэн Д араас гарч ирээд гар утсаа нэхээд байсан. Тэгэхээр нь би “ надад чиний утас байхгүй” гэж хэлээд би зам гараад ........ автобусны буудлын хажуугаас буюу замынхаа хойд талаас нь такси бариад таксиндаа суутал Д нь "би ч бас гэр рүү гээ явна" гэж хэлээд миний барьсан таксинд цуг суусан. Тэгээд би Д-с "чи түрүүлээд гэртээ буух юм уу би буух юм уу" гэж асуутал Д нь "чамайг гэрт чинь буулгаж өгье" гээд намайг хүүхдийн 100-д байрлах гэр рүү хүргэж өгсөн. Тэгээд би гэрийнхээ гадаа ирээд "за, чи энэ такситайгаа гэр рүү гээ явчих" гэж хэлэхэд Д нь надаас дахин гар утас нэхээд байсан. Тэгэхээр нь би гэртээ ороод орондоо ороод хэвтээд удаагүй байж байтал хаалга тогшсон. Тэгсэн манай нөхөр болох Б "хэн бэ" гэж асуугаад хаалга нээсэн нээсэн чинь цаана нь Д нь "Э-с гар утсаа авах гэсэн юм" гэж хэлсэн. Тэгэхээр нь манай нөхөр "байхгүй, унтаж байна" гэж хэлээд хаалгаа хаасан. Тэгснээ гэнэт манай нөхөр "энэ муу яахаараа хаалга тогшдог юм бэ" гэж хэлээд хувцсаа өмссөн. Тэгэхээр нь би "наад хүн чинь согтуу байна, чи эрүүл байна" гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр гараад явсан...манай нөхөр гаднаас удаагүй амьсгаадсан орж ирээд гал тогоонд эд зүйл түжигнүүлж байгаад буцаад гараад явсан. Тэгээд нэлээн удсан бөгөөд орж ирэхдээ "Д-г чинь би зодчихлоо" гэж хэлээд орж ирээд байж байгаад цагдаа руу явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 66-67-р хуудас/,
Хяналтын камерын бичлэгт 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 70-71-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 509 дугаартай “...О.Д-н биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, дух, хацар, хамарт зулгаралт, хүзүү, хамарт цус хуралт, хацар, хамар, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь бүгд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 28-30-р хуудас/,
Хохирогч О.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр гаргасан: “...Миний бие өөрт учирсан хамрын гэмтлээ иргэний журмаар холбогдох баримтаа бүрдүүлэн нэхэмжилнэ. Одоо баримтаар нэхэмжилсэн зүйл байхгүй. Мөн сэтгэцийн хор уршигийн талаар холбогдох дүгнэлтийг гаргуулж иргэний журмаар шүүхэд хандан нэхэмжлэх болно. Д.Б гэх нөхөр цагаа алдсан гээд байгаа би зодуулсан газраас малгай, утас хоёроо хайж байгаад олоод өөртөө байлгаж байгаад Д.Б-н эхнэр Д.Э-д өгсөн. Тухайн зодооны үед би гар утсаа алдсан, Уг гар утсыг нэхэмжлэхгүй” гэх хүсэлт /ххийн 109/,
Шүүгдэгч Д.Б-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 147, 76-84/,
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд О.Д-с гаргаж өгсөн хохирлын баримтууд зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 4 дүгээр сарын 10-ны шөнийн 01 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... дугаар байрны дотор иргэн О.Д-тэй "амгалан тайван байдал алдагдууллаа" хэмээн маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж, татаж унагааж эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, дух, хацар, хамарт зулгаралт, хүзүү, хамарт цус хуралт, хацар, хамар, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч О.Д-н мэдүүлэг /хх-ийн 12-13/, гэрч Ч.А-н мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/, гэрч Г.Э-н мэдүүлэг /хх-ийн 66-67-р хуудас/, хяналтын камерын бичлэгт 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 70-71-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 509 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-30-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу гэмт хэрэг үйлдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршиг болох хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, гэмтэл учруулсан, тодорхой хувийн сэдэлт, маргаан, тохиолдлын үндсэн дээр бий болдог. Хувийн сэдэлт дээр бий болсон гэмт хэрэг үйлдэгчийн довтолгоон, үүний улмаас хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол тодорхойлогдсоноор энэ гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинж хангагддаг.
Шүүгдэгч Д.Б-н хувьд хохирогч О.Д-г гэрт нь шөнө оройн цагаар ирж амгалан тайван байдал алдагдуулсан гэж маргалдсан ба гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөлийн хувьд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэх боловч энэхүү гэмт хэрэг гарахгүй байх, хохирогчийн биед гэмтэл учруулахгүй байх боломж шүүгдэгчид байсан байна.
Тухайлбал, шүүгдэгч Д.Б-н эхнэр Г.Э нь ажлын хамт олонтойгоо 2024 оны 4 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө караокед үйлчлүүлж байгаад гэртээ 01 цагийн орчим ирэхэд нь түүний араас хохирогч О.Д “гар утсаа авна” гэх шалтгаанаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байранд очжээ.
Улмаар шүүгдэгч Д.Б гэрийн хаалгаа тайлтал хохирогч О.Д зогсож байсан ба тэдний дунд урьдын таарамжгүй харилцаанаас үүдэлтэй хэрүүл маргаан болж, Д.Б гэртээ орон О.Д доошоо буусан байна.
Энэхүү маргаанаас үүдэлтэйгээр шүүгдэгч Д.Б гадуур хувцсаа өмсөн, гэрээс гарч байрны орцны үүдэнд байсан хохирогч О.Д-тай дахин маргалдаж эхлэн тэд бие биенийхээ биед халдсан бөгөөд хохирогчийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан байна.
Тухайн хэрэг маргаан болох үед байрны жижүүр Ч.А байсан ба хохирогч, шүүгдэгч нарыг хоорондоо зодолдсон, бие биенийхээ эрх чөлөөнд халдсан талаар мэдүүлсэн мэдүүлэг нь бодит байдалтай нийцсэн болно.
Мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс тайлбарлаж маргасан “Шүүгдэгч аргагүй хамгаалалт хэрэглэсэн, хохирогч өөрөө шүүгдэгчийг мөргөх явцдаа хамраа хугалсан” гэх үндэслэлийг нотолсон, шүүгдэгчийн гэм бурууг няцаан үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй ба шүүгдэгч дээрх гэмт үйлдлээ хэрэгжүүлэхгүй байх, цагдаагийн байгууллагад хандах боломжит хугацаа, нөхцөл байдлууд байсаар байтал өөрөө маргааныг хүсэж нэгэнт дууссан байсан маргааныг дахин үргэлжлүүлэхээр гэрээс гарч хохирогчтой зодолдсон үйл баримт бий болжээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “Аргагүй хамгаалалт”-ын нөхцөл байдалтай тохирохгүй, шүүгдэгчийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэхгүй.
Учир нь аргагүй хамгаалалтын үйлдэл бол тухайн цаг хугацаанд зайлшгүй тулгарсан довтолгооны эсрэг хийсэн үйлдэл хамаардаг ба хохирогч дээр өөрөө дахин очиж маргалдсан үйлдэл тооцогдохгүй.
Түүнчлэн, хохирогч нь шүүгдэгчийг мөргөх явцдаа өөрийн хамраа гэмтээсэн болохыг нотлох бусад баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.
Иймд шүүгдэгч Д.Б-н үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйл анги шүүгдэгчийн үйлдэлтэй тохирсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч О.Д нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “гар утсыг бол нэхэмжлээгүй, “.........” гэх эмнэлэг дээр очиж үзүүлсэн бөгөөд эмчилгээ, эм тариа 4.000.000 төгрөг болно гэсэн тэр мөнгийг нэхэмжилнэ” гэсэн боловч хохирогчийн гаргаж өгсөн нэг эх сурвалжтай, нэг байгууллагын тодорхойлолт, нэхэмжлэлд тулгуурлан дээрх эмчилгээ, үйлчилгээг хохирогчид зайлшгүй хийх ёстой гэж үзэх боломжгүй ба Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бусад улсын болон өөр бусад хувийн эмнэлгүүд энэхүү үйлчилгээг үзүүлж буй эсэх, зах зээлийн, эсхүл бодит эмчилгээний зардал хэрхэн тодорхойлогдож буйг нотолсон бусад нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна.
Иймд хохирогч нь цаашид хийлгэх болон хийлгэсэн эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Д.Б-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шүүхээс шүүгдэгч Д.Б-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа дараах нөхцөл байдлуудлыг харгалзлаа. Тухайлбал шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”, болон мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл байдлыг харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасан ба хэрэг гарахад хохирогч, гэрч нарын зүй бус ажиллагаа, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн байж болох нөхцөл байдлууд нөлөөлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт нэгэнт тодорхой болсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлага нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх хэдий ч гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг бүхэлд нь харгалзан нотлох баримтуудыг шүүгч дотоод итгэлээрээ үнэлэн шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалах болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
4.Хохирогч О.Д нь цаашид гарах эмчилгээ, сэтгэл санааны хохирлоо иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР