Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 154/ШШ2020/00101

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 154/ШШ2020/00101

Булган сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багт оршин суух, РД:ПМ41043003, Халзан овогт Чүлтэмийн Амаржаргалын хүсэлттэй садан төрлийн холбоо тоггоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, прокурор Б.Оюунцэцэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ариунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Даваагийн Чүлтэм нь Ховд аймгийн ардын шүүн таслах газрын 1954 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 38 дугаар хурлын тоггоолоор эрүүгийн хуулийн 66, 137 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгджээ. Хэргийг хянаад дээд шүүхийн эрүүгийн коллегийн 1993 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 11 дүгээр магадлалаар цагаатгажээ. Даваагийн Чүлтэм нь миний төрсөн аав юм. Иймд Монгол улсын дээд шүүхийн лавлагаа, ТЕГ-ийн архивын лавлагаа

Ч.Амаржаргал нарын тодорхойлолт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн намайг хэлмэгдэгч Даваагийн Чүлтэмийн охин Амаржаргал мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ариунжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ч.Амаржаргал нь Даваагийн Чүлтэмийн төрсөн охин мөн гэдгийг тогтоолгох хүсэлт гаргасан. Ч.Амаржаргалд анхны өгсөн нэр нь Нохойхүү гэдэг нэртэй байсан. Улмаар бага байхад нь бие нь өвдөөд байхаар нь нэрийг нь сольж Амаржаргал болгож өөрчилсөн гэж хэлж байсан. Тэрнээс биш албан ёсны нэр өөрчилсөн баримт байхгүй. Тиймээс Ч.Амаржаргалыг Даваагийн Чүлтэмийн төрсөн охин мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Прокурор Б.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч Амаржаргал нь Чүлтэмийн хүүхэд мөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Үндэсний төв архивын лавлагаа Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, хүн амын тооллого зэргээс харахад Амаржаргал нь Чүлтэмийн төрсөн охин мөн болох нь тогтоогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн

нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Амаржаргал нь садан төрлийн холбоо тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаан болон шүүхэд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Даваагийн Чүлтэм нь Ховд аймгийн ардын шүүн таслах газрын 1954 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 38 дугаар хурлын тогтоолоор эрүүгийн хуулийн 66, 137 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэн боловч Д.Чүлтэмд холбогдох хэргийг БНМАУ-ын Дээд шүүхийн эрүүгийн коллегийн 1993 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 11 дүгээр магадлалаар цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь БНМАУ-ын Дээд шүүхийн эрүүгийн коллегийн хяналтын шатны шүүхийн 1993 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 11 дугаартай магадлалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.

Хүсэлт гаргагч Д.Чүлтэм нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Даваагийн Чүлтэмийн төрсөн охин мөн болох нь Үндэсний төв архивын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 03-2/888 дугаартай лавлагаа, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 03- 5/6397 дугаартай лавлагаанууд, Ховд аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 264 дугаар шийдвэр, 2000 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн 79 дугаар шүүгчийн захирамж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдлоо.

Үндэсний төв архивын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 03-2/888 дугаартай лавлагаанд Ховд аймгийн Цэцэг сумын 6 дугаар багийн 1944 оны хүн амын тооллогын бүртгэлд Чүлтэмийн Нохойхүү гэж бичигдсэн нэр нь Чүлтэмийн Амаржаргал болох нь гэр бүлийн бусад гишүүдийн нэр болон 1956 оны хүн амын тооллогын бүртгэлд Чүлтэмийн Амаржаргал 15 настай гэж бүртгэгдсэн бүртгэл зэргээр нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Чүлтэмийн Амаржаргал нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Даваагийн Чүлтэмийн төрсөн охин мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар хүсэлт гаргагч Чүлтэмийн Амаржаргал нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Даваагийн Чүлтэмийн төрсөн охин мөн болохыг тогтоосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хүраамжинд төлсөн 70200 төгрөгийг үлсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ