Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 48

 

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Б.Алтаншагайд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дүгээр зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201701070079 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд:

           Нарийн бичгийн дарга:                                             Ц.Баясай

           Улсын яллагч:                                                              Б.Буяндэлгэр

            Хохирогч:                                                                       О.Ганболд

           Шүүгдэгч:                                                                Б.Алтаншагай нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн ажилгүй байсан, ам бүл 5, эхнэр Оюун-Эрдэнэ 5-15 насны 3 хүүхэд нарын хамт, Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо 26 дугаар байрны 330 тоотод  оршин суух,  ял шийтгэлгүй, Боржигон овгийн Баатарын Алтаншагай /РД:УГ77072517/

Прокурорын яллах дүгнэлтэд дүгнэснээр:

Б.Алтаншагай нь 2017 оны 4 дүгээр сарын 29-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хорооны 80 дугаар байрны 30 тоотод оршин суух О.Ганболдын гэрт төрсөн дүү Б.Адъяацэцэгийн толгой руу нь цохиж, түлхэж унагалаа гэх шалтгаанаар О.Ганболдын өмсөж байсан цамцны хормойг дээш нь шууж хоёр гарыг нь уургалж доош нь дарж, ноцолдох явцдаа түүний биед зүүн гарын бугалга ясны ташуу хугарал бүхий бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх эмнэлгийн шинжээчийн 09шэ/131 тоот дүгнэлтэд:

  1. О.Ганболдын биед зүүн гарын бугалга ясны ташуу хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл.
  3. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг буюу түүнээс дээш удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Дээрхи гэмтэл нь учирсан үедээ хохирогчийн амь насанд аюулгүй.
  5. Дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн А/216/422 тоот журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна гэжээ /хх-32/

Шүүгдэгч Б.Алтаншагай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2017 оны 4 дүгээр сарын 28-ний орой дүү Адъяацэцэгийн гэрт ороход түүний нөхөр Ганболд архи уусан байсан. Би эрүүл байсан. Хүргэн Ганболд 1 шил 75 граммын архи задалж хувааж уугаад сууж байтал Ганболд миний дүү Адъяацэцэгт агсам тавиад байсан. Би эр эмийн хооронд ороод яахав гээд сууж байтал сүүлдээ дүүг маань шанаанд нь гараараа нэг удаа цохиж, нүүр лүү нь гараараа түлхэхэд дүү  ар дагз хэсгээрээ хананд цохигдсон тул би тэсэлгүй босож ирээд Ганболдын цамцных нь араас барьж толгой дээгүүр нь давуулж татаад газарт унагаасан чинь босч ирээд над руу дайрсан. Энэ үед нь цамцных нь мөрний хэсгээс татаад газарт унагаагаад дээрээс нь дараад байж байтал цагдаа орж ирсэн. Энэ үйлдлээс болж Ганболдын гар хугарсан байсан. Дүүг маань зодсон учраас ийм үйлдэл хийчихлээ гэв.

/шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч О.Ганболдын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн гэртээ хоёр найзын хамтаар 3 шил архи хувааж уучихаад  21 цагийн үед найзууд явсан. Гаднаас хадам ах Алтаншагай манайд хонох гэж ирсэн ба хадам ахтай 1 шил архи хувааж уугаад сууж байгаад намайг гарч явна гэхэд эхнэр Адъяацэцэг зөвшөөрөхгүй байснаас эхнэртэйгээ маргалдсан гэсэн. Архи ууж байгаад тасарсан байсан тул зарим үйлдлээ санахгүй байна. Хадам ахтай ноцолдоод газар унаж байснаа санаж байна. Хадам ах Алтаншагай надад эмчилгээний зардалд 300 000 төгрөг өгсөн. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.

Гэрч  Б.Адъяацэцэгийн мөрдөн байцаалтын шатанд  өгсөн “манай нөхөр нүүр лүү нэг удаа цохиход ах уурлаад босч ирээд Ганболдтой зууралдаж цамцыг нь толгой дээгүүр нь татаад доош нь дараад хоёр удаа газар дарж унагаасан. Тухайн үед Ганболд сарвалзаад байхаар нь хөдөлгөөнийг нь хорих гэж цамцаар нь уургалж байгаад дарж унасан. Тэгээд босоод ирэхэд гар нь хугарчихсан байсан тул гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орсон. Яг унахад нь хугарсан уу, ноцолдож байхад нь хугарсан уу гэдгийг үнэхээр хэлж мэдэхгүй байна. Манай нөхөр өмнө нь надад гар хүрч цохиж зодож байгаагүй, гэр бүл болсон хойно хааяа нэг маргах асуудал гарч байсан гэжээ. /хх23-24/

Насанд хүрээгүй гэрч А.Хонгорзулын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт

“...2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр би зааланд тоглож байгаад 22 цаг өнгөрч байхад гэртээ буюу Ганболд ахынд ороход аав ирчихсэн Адъяацэцэг эгчтэй юм яриад сууж байсан. Ганболд ах байхгүй байж байгаад удалгүй гаднаас орж ирсэн. Аав, Ганболд ах, Адъяацэцэг эгч гурав нэг шил архи хувааж ууж байгаад Ганболд ах Адъяацэцэг эгч хоёр хоорондоо муудалцсан. Ганболд ахыг гарах гэхэд Адъяацэцэг эгч “чи хаачих гээд байгаа юм бэ” гээд хориход Ганболд ах Адъяацэцэг эгчийг мангасдаж унагаасан. Адъяацэцэг эгчийг босч ирэхэд нүүр лүү нь 2-3 удаа цохисон. Тэгтэл аав босч ирээд Ганболд ахын куртикнээс нь татаад толгой дээгүүр нь давуулж угзраад доошоо дарсан. Цагдаа ирсний дараа Ганболд ах гар эвгүй болчихлоо гэж байсан гэжээ. /хх-26/

Багануур дүүргийн эрүүл мэндийн төвд яаралтай түргэн тусламжийн эмч Г.Батбаатарын гэрчээр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 4 дүгээр сарын 28-ны шөнийн 02 цаг 14 минутад дуудлагаар Багануур дүүргийн 1 дүгээр хороо 80 дугаар байрны 30 тоотод очиход гар нь хугарсан гэх хүн  архи уучихсан  согтуу газарт хэвтэж байсан. Гар нь илтэд хугарчихсан санжигнаж байсан, өвчин намдаах тариа хийгээд гарын хугаралд нь хоёр талаас нь чиг тавьж боогоод  цагдаатай хамт өргөөд гаргасан гэжээ. /хх-27/

Согтуурлыг шалгасан тухай тэмдэглэлд “2017 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр Б.Алтаншагайн согтуурлын зэргийг шалгахад 0.107 хувь, О.Ганболдын согтуурлын зэргийг   шалгахад 0.119 хувь гарч байв”  гэжээ /хх 6-7/

Шүүгдэгч Б.Алтаншагайн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр сэжигтнээр /хх-39-40/, 2017 оны 5 дугаар сарын 16-нд яллагдагчаар /хх-41-42/ тус тус байцааж авсан тэмдэглэл

Шүүгдэгч Б.Алтаншагай нь урьд ял шийтгүүлж байгаагүй тухай ял шалгах хуудас /хх-46/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

2017 оны 4 дүгээр сарын 29-ний шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хорооны 80 дугаар байрны 30 тоот байранд /О. Ганболдынд/  О.Ганболд нэг шил архи гаргаж хадам ах Б.Алтаншагайтай уусан, энэ үедээ Ганболд нь гэрээсээ гарч явна гэж эхнэр Б.Адъяацэцэгтэй маргалдан  гараараа түүний шанаанд нь нэг удаа цохиж нүүр лүү нь гараараа түлхэснээс толгойг нь хананд цохих зэргээр хүч хэрэглэхэд нь Б.Алтаншагай “дүү Адъяацэцэгийг зодлоо” гэж уурлан О.Ганболдын өмсөж байсан цамцны хормойг дээш нь шууж хоёр гарыг нь уургалж доош нь дарж газар унагаасан, босож ирэхэд нь дахин барьж авч газар унагаасан зэргээр хүч хэрэглэж Ганболдын бие махбодид зүүн гарын бугалга ясны ташуу хугарал бүхий гэмтэл учруулсан нь шинжээчийн “О.Ганболдын биед зүүн гарын бугалга ясны ташуу хугарал гэмтэл тогтоогдлоо” гэсэн дүгнэлт, гэрч Б.Адъяацэцэгийн “...Б.Алтаншагай ах Ганболдыг сарвалзаад байхаар нь хөдөлгөөнийг нь хорих гэж цамцаар нь уургалж байгаад дарж унасан. Тэгээд босоод ирэхэд гар нь хугарчихсан байсан тул гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орсон” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч А.Хонгорзулын  “аав Алтаншагай босч ирээд Ганболд ахын куртикнээс нь татаад толгой дээгүүр нь давуулж угзраад доошоо дарсан. Цагдаа ирсний дараа Ганболд ах гар эвгүй болчихлоо гэж байсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Дээрх үйлдлийг нотолж байгаа баримтуудыг дүгнэхэд: шинжээчийн 09шэ/131  тоот дүгнэлт нь хэрэгт хувийн сонирхолгүй, тухайн салбарын мэдлэг, чадвартай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан, дүгнэлтийн үндэслэл нь тодорхой, хууль ёсны шаардлагыг хангасан ба түүнийг талууд маргаагүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн байна. Хохирогчийн мэдүүлгийн үнэн зөв болох нь гэрчүүдийн мэдүүлэг, хүн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эмчийн мэдүүлэг зэргээр батлагдаж байна. Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч Б.Адъяацэцэг, насанд хүрээгүй гэрч А.Хонгорзул нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар батлагджээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн  үйлдэлд хамааралтай, үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны бөгөөд үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Б.Алтаншагай дээрх үйлдлийг хийх  үедээ болон дараа нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах, үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадвартай байсан болон хэрэг хариуцах бүрэн чадвартайд нь эргэлзээ үүсээгүй болно.

Хохирогч Ганболдын “эхнэр Адъяацэцэгт хүч хэрэглэсэн” хууль бус үйлдэл  нь Б.Алтаншагайн бухимдлыг төрүүлж Ганболдын биед халдах сэдэлт болсон байна. Хохирогчийн биед учирсан гэмтэл нь хүндэвтэр зэргийн гэмтэл болох нь шинжээчийн 09шэ/131 тоот дүгнэлтийн “дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн заалтаар тогтоогдсон. 

Иймд Б.Алтаншагайг Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах буюу бусдын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож тухайн зүйл хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь  “Г.Алтаншагай нь 0,107 хувийн согтолттой” гэсэн согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэлээр нотлогджээ. Энэ нь бага хэмжээний согтолт тул ял хүндрүүлэх нөхцөл гэж үзээгүй болно.

 Шүүгдэгч хохирогчийн эмчилгээний зардлыг сайн дураар төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт үйлдэлд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.5, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд  болно.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, урьд ял шийтгүүлж байгаагүй зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялуудаас албадан ажил хийлгэх ялын доод хэмжээг сонгож хэрэглэх нь зохистой үзнэ.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Боржигон овгийн Баатарын Алтаншагайг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Баатарын Алтаншагайг хоёр зуун жаран /260/ цагийн албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар Б.Алтаншагайд оногдуулсан ялыг ШШГЕГ-ын харъяа Баянзүрх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэлийн хэсгийн мэдэлд нийгэмд ашигтай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар ялтан нь албадан ажил хийлгэх ялаас санаатай зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялыг баривчлах ялаар сольж эдлүүлэх журамтайг  мэдэгдсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч О.Ганболдод 300 000 төгрөгийг төлсөн,  О.Ганболд цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
  6. Тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Алтаншагайд урьд авсан бусдын батлан даалтад  өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
  7.  Б.Алтаншагайд  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдоогүй ба хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй зэргийг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
  9. Тогтоолыг давж заалдвал биелэлтийг түдгэлзүүлж Б.Алтаншагайд  авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Д.ОЮУНБАТ