2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1809

 

     2025          07              23                                           2025/ШЦТ/1809

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,

улсын яллагч Б.Энхбат /томилолтоор/, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405 00000 0000 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 3 дугаар сарын 26-ны өдөр С аймгийн Онгон суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны X апартметийн 00 тоотод оршин суух, урьд:

- Дархан-Уул аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1995 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар тэнсэн харгалзах ял,

- Дархан-Уул аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1996 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 230 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.3 дахь хэсэг, 124.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял,

- С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 251 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн,

Н овогт Бын С /РД:**0000000/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр байрны гадна хохирогч С.Бн газарт унагасан АйФоне 15про загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 3,352,050 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 207 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч *******.

          1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

          2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******* нь 2024 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр байрны гадна хохирогч С.Бн газарт унагасан АйФоне 15про загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 3,352,050 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

          Энэ нь хохирогч С.Бн “...Би 2024 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн орой арван жилийн найзуудын уулзалт болоод тэнд архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсний улмаас би ухаан санаа, хяналтаа алдсан байсан. Би 08 дугаар сарын 18-ны үүрийн 04 цагт байрныхаа үүдэнд ирсэн ба согтуу байсан болохоор байранд орж чадахгүй гадна талын үүдний шатанд унтсан. Тэгээд 05 цаг 40 минутын орчим сэрээд байрны хаалгыг татаад арай гэж орсон. Би тухайн үед гар утсаа унтсан газарт буюу байрны гаднах шатанд унагаасан байсан үед миний хойно байсан хүн гар утсыг минь авч явсан байна. Одоогоос хоёр сарын өмнө авч байсан Айфоне 15про загварын цэнхэр өнгийн гар утас байгаа. Би гар утсаа эргүүлж авсан, би гэртээ орж унтаад сэрэхэд гар утас байхгүй байсан. Би байрны үүдэнд согтуу ирэхдээ гар утастай ирсэн гэдгээ маш сайн санаж байгаа болохоор байранд орохдоо миний хойд талд байсан цагаан срочкан цамцтай ах авсан байх гэж бодоод байрны гаднах хяналтын камерыг шүүж үзэхэд миний бодож байснаар би байр луу орохдоо миний хойноос орсон ах авсан нь хяналтын камерт тод үлдсэн байсан. Би тэр ахын орсон байрыг дотор талын камераас харахад 69 дүгээр байрны 3 давхар 33 тоот байсан. Би 33 тоотод очиж хаалгыг нь тогшиход нэг 13 орчим настай миний гар утсыг авсан байсан хүнд байрны орцны хаалгыг нээж өгсөн хүүхэд байсан. Тэр хүүхдэд хяналтын камерын бичлэгийг үзүүлж "Чи хаалга тайлж өгсөн хүн миний гар утсыг авсан байна" гэхэд надад "С ах юм байна 08 дугаар сарын 18-ны өдөр манайд ирсэн би орцны хаалгыг нээж өгсөн утасны дугаарыг нь өгсөн. Тэгэхээр нь би дугаар луу нь залгаж "та миний гар утсыг авсан байна бичлэгт тод үлдсэн байна гэхэд тиймээ би байрны гадаа гар утас байхаар нь авсан миний олз, ёндоо шүү дээ, чи гар утсаа авах юм бол ёндоогоо өгөөд аваарай гэхээр нь би миний гар утас яг хэвээрээ ямар нэгэн сэв зураас эвдрэл гэмтэл байхгүй бол ёндоогоо өгөөд авья, харин ямар нэгэн байдлаар гэмтсэн бол би цагдаад өгнө гэхэд "Цагдаад гомдлоо гарга, утас чинь угаасаа надад байхгүй байгаа би дүүдээ өгсөн" гээд дүүгийнхээ дугаарыг нь өгсөн. Би дүүтэй нь ярихад "Гар утсыг чинь Тэди-д өгсөн байгаа, маргааш буюу 08 дугаар сарын 19-ний өдөр ярьж байгаад 100,000 төгрөг өгөөд авчих гэсэн" Би 08 дугаар сарын 19-ний өдөр завгүй байсан учир өөрийнхөө хуурай ах Ааар авхуулсан. Гар утсыг аваад харахад задаргаа хийсэн нь илт мэдэгдсэн дэлгэцэд нь өөрчлөлт орсон, гаднах хавтас нь байхгүй, камерын хамгаалалт нь байхгүй байхаар би уурлаад С гэдэг миний гар утсыг авсан хүн рүү залгаж учир байдлыг хэлэхэд "Би хуурай дүү Дарханбаатар луу өгсөн тэр мэдэж байгаа" гэсэн тэгээд би Дарханбаатар луу ярихад "Би задлаагүй мөнгө хэрэгтэй болоод барьцаанд тавьсан байсан, хавтас болон камерын хамгаалалт хаана байгааг мэдэхгүй" гэсэн. Би одоогоос хоёр сарын өмнө хайрцаг савтайгаар нь авч байсан, ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Миний утас мөн байна. Дарханбаатар гэдэг хүн Теди худалдааны төвд барьцаанд тавьсан байгаа талаар хэлсэн яг аль лангуунд тавьсан талаар хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх25-26/,

          Гэрч А.Дын “...Миний төрсөн ах С 2024 оны 8 дугаар сарын 18-аас 19-ний өдөр байх надад Айфоне загварын гар утас өгсөн. Би энэ ямар учиртай утас вэ гэж асуухад "Танай байрын үүднээс олсон чи ав" гэж надад өгсөн. Тэгээд удалгүй эзэн нь гэдэг хүн над руу залгаад гар утсаа авъя гэхээр нь би утсыг эргүүлж өгсөн. Ийм л асуудал болсон. Тийм асуудал байхгүй, угаасаа Айфоне загварын гар утас түгжээтэй болохоор ашиглах боломжгүй байсан. Тэрийг сайн мэдэхгүй, надад танай байрны үүднээс олсон гэж хэлсэн. Эзэнд нь би эргүүлж өгсөн. Би уг гар утсыг бусдад дамжуулаагүй, эзэнд нь өгсөн. Миний төрсөн ах С нь надад хар бараан өнгийн кэйстэй утас байсан, загварыг нь сайн мэдэхгүй байна АйФоне л байсан, манай ах надад ямар нэгэн зүйл хэлээгүй миний утас гэхээр нь би надад өгчих гэсэн чинь надад өгсөн байсан би ашиглах гэсэн чинь кодтой тул болохгүй байсан. Тийм зүйл байхгүй, надад л байсан. Ямар нэгэн зүйл хэлээгүй миний утас байна гээд авсан. Би ёндооны мөнгө авсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх32-34/,

          Мөрдөгчөөс 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн “...14см орчим өндөртэй, 6см орчим өргөнтэй ар талын зүүн дээд буланд 3 камертай, цэнхэр өнгийн гар утас байна. Уг гар утасны зүүн доод булан нь хэвийн бус их биеэсээ дээшээ гарсан байдалтай мөн шил нь хагарсан байдалтай байна. Баруун дээд булангаас зүүн доод булан хүртэл хагарсан урт шулуун зураастай байна, өөр ямар нэгэн гэмтэл байхгүй байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх9-11/,

          Мөрдөгчөөс 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн “...Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр байрны гадна талын хяналтын камерын бичлэг нийт 01 минут 37 секунд үргэлжлэх бичлэг байв, бичлэгийг нээж үзэхэд Орон сууцны хороолол болон автомашины зогсоол байх ба байрны шатны баруун талд газар хар өнгийн урт үүргэвчтэй жижиг цүнх газар хэвтэж байв. Бичлэгийн 23 секундэд цэнхэр өнгийн сорочик цамц, хар өнгийн өмд, хар өнгийн гуталтай эрэгтэй хүн, хар өнгийн цамц хар өнгийн биеийн тамирын цамц, хар өнгийн өмдтэй цагаан ултай пүүзтэй 2 эрэгтэй хүн орц руу орох гэж явж байгааг харуулав. Бичлэгийн 35 секундэд цэнхэр өнгийн сорочик цамц, хар өнгийн өмд, хар өнгийн гуталтай эрэгтэй хүн орцны үүдэнд газар байсан зүйлийг авч зүүн талын өмдний халаасанд хийв. Газар байсан хар өнгийн цүнхийг авч байгаа байдал, Цүнхэнд байгаа эд зүйлийг үзэж байгаа байдал, цүнхэнд байсан эд зүйлийг буцааж хийгээд үлдээж байгаа байдал, зүүн талын халаасанд байсан эд зүйлийг гаргаж байгаа байдал, орцоор орж байгаа байдал...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх14-19/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.           

3. “Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1-24-288 дугаартай “...2023 оны цэнхэр өнгийн АйФоне 15про загварын гар утас 3,352,050 төгрөг...” гэж тогтоожээ. /хх39-40 / Шүүгдэгч, хохирогч нь хохирлын үнэлгээтэй холбоотой аливаа санал, хүсэлт гаргаагүй байх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 3,352,050 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж дүгнэлээ.

4. Монгол Улсын Иргэний хуулийн 116 дугаар зүйлд зааснаар гээгдэл эд хөрөнгө олсон хүн нь өмчлөгчид нэн даруй мэдэгдэж хүлээлгэн өгөх, тийнхүү мэдэгдэх боломжгүй бол цагдаагийн байгууллагад мэдэгдэх, түүнчлэн олон нийтийн газар, албан тасалгаа, нийтийн тээврээс гээгдэл эд хөрөнгө олсон бол тухайн байгууллагын захиргаанд хүлээлгэн өгөх үүрэг хүлээж, улмаар гээгдэл эд хөрөнгийг хүлээлгэн өгсөнтэй холбоотой шагнал шаардах эрхтэй байна.

Гэтэл шүүгдэгч ******* нь иргэний үүргээ биелүүлэлгүй бусдын гээгдэл хөрөнгө гэдгийг мэдсээр байж шунахайн сэдэлтээр хувьдаа завшсан байх тул улсын яллагчийн гээгдэл хөрөнгө завшсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Иргэний хуулийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.   

7. Шүүгдэгч ******* нь хохирогчийн гар утсыг биед байдлаар буцаан өгсөн байх тул бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан. шүүгдэгчээс “хэлэх зүйлгүй” гэжээ.

9. Шүүгдэгч нь хохирогчид эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

11. Иймд шүүгдэгч *******ын хувийн нөхцөл байдлыг харгалзан, түүнд торгох ялыг сонгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бын Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгж буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР