2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1813

 

2025            07              23                                          2025/ШЦТ/1813

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,

улсын яллагч Ж.Цээрүүгүндүү, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508 00000 0000 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Зээлийн 00-00 тоотод оршин суух, урьд:

- 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 621 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

Өөлд овогт Цын Г. /РД:**0000000/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Москва хорооллын 000 дугаар байрны 000 тоотод хохирогч М.Гын нүүрэн тус газарт гараараа 3-4 удаа цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үл ялих зүйлээр шалтаглан, хохирогч Д.Пын нүүрэн тус газарт нь цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 263А дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч *******.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргах зүйлгүй, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Москва хорооллын 000 дугаар байрны 000 тоотод “...бугуйн цаг надаас дээрэмдэж авч байсан тэр цаг одоо хаана байна...” гэж хэллээ гэх шалтгаанаар хохирогч М.Гын нүүрэн тус газарт гараараа 3-4 удаа цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “хуурай дүүтэй маргалдлаа” гэж үл ялих зүйлээр шалтаглан, хохирогч Д.Пын нүүрэн тус газарт нь цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            2.1. Энэ нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх4/,

Хохирогч М.Гын: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 05 цагийн үед 3, 4 дүгээр хороолол дээр найз Мтэй хамт явж байхад найзын гар утас дээр нь дүү нь гэх Халиунаас эрэгтэй хүмүүс явуулахгүй байна гэсэн утгатай мессеж ирсэн байсан. Найз надад тухайн мессеж харуулаад хамт явах уу? гэхээр нь за гэж хэлээд хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хороолол хэд дүгээр байр, хэдэн тоот хаяг дээр очсон талаар одоо сайн санахгүй, мэдэхгүй байна. Ямар ч байсан Халиунтай утсаар холбогдож байгаад тус айлд орох үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай 4 эрэгтэй, 2 эмэгтэй хүмүүс байсан. Тухайн залуучууд нь зүс таних хүмүүс байсан тул хамт сууж ойр зуурын юм яриад, нэг аяга пиво уугаад байж байх даа Галаа гэж дууддаг залуугаас би, чи өмнө буюу 2024 оны 07 сард миний бугуйн цаг надаас дээрэмдэж авч байсан тэр цаг одоо хаана байна гэхэд учиргүй уурлаж, чи надаас юу авах гээд байгаа юм гээд Галаа гэх залуу миний нүүр хэсэгт 3-4 удаа цохиод авсан. Хажууд зогсож байсан хүмүүс зодоон болох гээд байх шиг байна. Чи одоо яв гээд байхаар нь би гараад явах гээд гутлаа өмсөөд байж байхад дахин миний хажууд ирээд хайруулын тавгаар толгой буюу зулай хэсэгт 2 удаа цохиод авсан тул гарч яваад цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг/хх19-20/, хохирогч М.Гын дахин өгсөн: “...Миний бие тухайн асуудал болсны дараа Мэд траума эмнэлэгт 150.000 төгрөгөөр толгойны томографикийн зураг авхуулсан. Мөн шүдний зургаа эмнэлэгт 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 50.000 төгрөгөөр авхуулсан ...ингээд би нийт 200.000 төгрөгийн зураг авхуулсан ...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй ...одоо 3-4 сарын дараа хамрын хагалгаанд орно. Тэр үед шаардагдах мөнгийг нэхэмжилж байна...” /хх-61-62/, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохоос татгалзсан тухай баримт /хх-63/,

Гэрч Ө.Аын: “...Тухайн үед дуудлага мэдээллийн дагуу дуудлага өгөгч иргэнтэй холбогдоход Сонгинохайрхан дүүргийн 00 хорооны нутаг дэвсгэрт байрлах МТ колонкийн хажууд зогсож байсан бөгөөд юу болсон талаар асуухад 10 дугаар байранд найзынхаа гэрт Галаа гэгчид зодуулсан гэж хэлсэн. Улмаар тухайн залууг хэлтэс дээр авч ирээд тайлбар мэдүүлэг авч. Зодсон гэх Галаа гэгчийн Сонгинохайрхан дүүргийн 00 хороо 00 дугаар байрны 0 давхарт байрлах гэрээс нь авч ирж жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Тухайн үед хохирогч залуу хамраа бариад байсан. Мөн нүүр л улайчихсан байсан. Хамраас нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг/хх-22-23/,

Гэрч Э.Цийн: “...Би тухайн өдөр гэр болох Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо 000-0-000 тоотод ганцаараа байж байгаад 20 цагийн үед танил дүү болох Хг гэрээ дуудаад манайд ирэхээр нь бид хоёр гэрийн ойролцоо дэлгүүрээс 500грамм Сэнгүр нэртэй лаазтай пиво 6 ширхгийг аваад бид хоёр манай гэрт ойр зуур юм ярилцангаа ууж байсан бөгөөд Халиунаа 23 цагийн үед ах нараа дуудчихъя гээд Г, Б хоёр манайд ирээд мөн адил архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байсан чинь 03 цагийн үед Халиунаа дахиад хоёр ахаа дуудсан. Миний харж байгаагүй танихгүй хүмүүс байхаар нь бид хэд хоорондоо танилцсан. Тэгээд удалгүй би 00 ороод тамхи татаад байж байтал гэнэт хоорондоо маргалдсан чимээ шуугиантай болчихоор нь гараад харсан чинь хоёр Галаа хоорондоо зодолдоод Г найзтайгаа гараад явчихсан. Би яг юунаас болж хоорондоо зодолдсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-45- 46 хуудас/,

******* яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би цаг байхгүй алга болчихсон байна лээ гэж хэлэхэд өөдөөс цаг нэхээд уурлаад байхаар нь би хамар руу нь гараараа 1-2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-55-56/,

2.2. Хэргийн газрын үзлэг хийсэн “...Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо 4а байрны хажуугийн саравчинд үзлэг хийхээр тогтов. Уг саравч нь ойр орчимдоо орон сууцны байр болон хойд талаараа 00 дугаар сургуультай ойролцоо байх тул ерөнхий байдлыг гэрэл зургаар бэхжүүлэв... Үзлэгийг үргэлжлүүлэн тус саравчинд орж хийхэд уг саравчинд эвдэрсэн эд зүйлгүй болон биологийн ул мөр цус байхгүй байсныг тэмдэглэлд тусгахаар болов...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-93-94/,

Хохирогч Д.Пын “...2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Э, М.П нарын хамт 18 цагийн үед Эны гэрээс гарсан. Үүний дараа мах импекс гэх газарт найз охин Нандины гэрт очиж уулзсан. Очих замдаа 1 ширхэг 2,5 литрийн сэнгүр нэртэй пиво, жижиг шилтэй архи 1 ширхгийг авч очсон. Ингээд тэнд байсан хүмүүс бүгд уусан бөгөөд оройны 22 цагийн үед тус тоотоос харих зорилгоор гарсан. Тэгээд харьж байх замд бороо ороод байхаар нь Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай саадад орж суусан. Ингээд тамхи татаж байхад Э үл таних хүүхэдтэй маргалдсан. Тэгсэн цаанаас ах нь гэх залуу ирээд Эыг гараараа нүүр рүү нь цохих шиг болсон. Тэгэхээр нь би салгатал тухайн залуу миний араас бариад авахаар нь эргээд хартал миний хамар руу гараараа хоёр удаа цохисон... Этай маргалдаж байсан хүүхдийн хуурай ах гэх залуу миний хамар руу гараараа хоёр удаа цохиж гэмтэл учруулсан... Миний сэтгэл санаа хэвийн тогтвортой зүгээр тул сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй. Миний биед гэмтэл учруулсан залуугаас эмчилгээний зардал болох 500,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5625247614 дугаартай дансанд авсан...” гэх мэдүүлэг /хх-118-120/,

Гэрч Ц.Бийн “...Тэр өдөр Г нэлээн согтолттой байсан. Тэнд байсан хар савхин куртиктэй залууг гараараа олон удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-122/,

Гэрч Ч.Мын “...Г нь хар савхин куртиктэй хүүхдийн хамар руу нь гараараа 2 удаа цохиж авсан. Мөн одоо яв гэж хэлээд орилж, хашхираад байсан...” гэх мэдүүлэг/хх-124/,

Насанд хүрээгүй гэрч Б.Бн “...Дараагаар нь Г ах хар савхин куртиктэй залууг гэдэс хэсэгт нь гараараа хоёр удаа цохисон. Мөн орилж ирээд нүүр хэсэгт нь гараараа хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-127-128/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-97-102/,шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч нарын эрүүл мэндэд үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтүүд, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байна.

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тодорхойлохдоо 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ЕГ0725/2058 дугаартай “...М.Гын биед хамар ясны баруун хажуу хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2 дугаар шүдний ирмэгийн сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэжээ /хх-24-27/,

ЕГ0725/7122 дугаар дүгнэлтэд Д.Пын биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэжээ /хх-139-140/.

4. Хохирогч нарын биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогч нарыг гараараа цохиж зодсон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас  хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох,  гэмт хэрэг үйлдэж  хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан.

Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, мөн зүйлийн 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.

7. Хохирогч М.Г, Д.П нар нь эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой баримт гаргаж өгөөгүй ба шүүгдэгчийн зүгээс хохирогч Д.Пт 500,000 төгрөг нөхөн төлсөн байна. Иймд шүүгдэгчийг тус тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэн харин хохирогч М.Г нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болно.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан бол, шүүгдэгчээс “...дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэжээ.

9. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзлээ.

11. Шүүгдэгчийн үйлдэлд 450 нэгжээс 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 6 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан.

12. Шүүгдэгч нь 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсныг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 1 хохирогчийн хохирол төлсөн, хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүйг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч М.Г нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.МӨНХБААТАР