Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2021/ДШМ/013

 

Д.М холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Шүүх хуралдаанд:

Прокурор М.С,

Шүүгдэгч Д.М ,

Түүний өмгөөлөгч М.Д,

Хохирогч Г.С, С.Б, Д.Б /онлайнаар/,

Нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

 

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолтой Д.М холбогдох 2015000700076 дугаартай эрүүгийн хэргийг Улсын дээд шүүхээс дахин хэлэлцүүлхээр буцаасныг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: М, Булган аймгийн .......................... төрсөн, Булган аймгийн ......................... газарт оршин суух хаягтай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин,  урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Д.М  нь 2020 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Булган аймгийн ....................... сумын нутгаас Булган аймгийн чиглэлд **-** улсын дугаартай, Nissan X-Trailзагварын тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүй, согтуугаар жолоодож явахдаа Булган аймгийн ..................... багийн нутаг Ханжаргалант гэх газарт өмнөх тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцдаа Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд Б.Г жолоодож явсан **-**Ү улсын дугаартай, Toyota Probox ззагварын, 4 том хүн, 2 хүүхэд бүхий зорчигч тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж уг тээврийн хэрэгслийн жолооч Б.Г эрүүл мэндэд хөнгөн, зорчигч Д.О, А.Бнарын эрүүл мэндэд хүндэвтэр, С.Б, Н.Б, Г.С нарын эрүүл мэндэд хүнд гэмтэл тус тус учруулж, **-** ХӨҮ улсын дугаартай, Toyota Probox загварын тээврийн хэрэгсэлд 8017500 төгрөгийн шууд болон шууд бус хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч М Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Д.М ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.М аас нийт ******** /арван хоёр сая зургаан зуун наян таван мянга гурван зуун арван гурав/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.От 385248 /гурван зуун наян таван мянга хоёр зуун дөчин найм/ төгрөгийг, хохирогч С.Бд 1849851 /нэг сая найман зуун дөчин есөн мянга найман зуун тавин нэг/ төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Н.Бн хууль ёсны төлөөлөгч Ц.Бд 1454931 /нэг сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга есөн зуун гучин нэг/ төгрөгийг, хохирогч А.Бд 977783 /есөн зуун далан долоон мянга долоон зуун наян гурав/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Гд 8017500 /найман сая арван долоон мянга таван зуу/ төгрөгийг тус тус олгож, хохирогч Д.Оийн нэхэмжлэлийн шаардлагаас 239796 төгрөгийг, хохирогч С.Бн нэхэмжлэлийн шаардлагаас 582600 төгрөгийг, хохирогч Г.Сгийн нэхэмжлэлийн шаардлагаас 2417733 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Н.Бн хууль ёсны төлөөлөгч Ц.Бийн нэхэмжлэлийн шаардлагаас 2694009 төгрөгийг, хохирогч А.Бийн нэхэмжлэлийн шаардлагаас 3245840 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Г нэхэмжлэлийн шаардлагаас 60600 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч нар нь өвчтэй байсан хугацааны цалин, мал маллагааны болон ямаа самнуулсаны хөлс, түүнчлэн эмчилгээ оношлогооны болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.М  нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.М авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Одавж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Д.М  нь Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШТ/133 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно. Тэрээр өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж, хохирогч нарын хохирол, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийн арилгахаа анхан шатны шүүхийн явцад илэрхийлсэн төдийгүй шүүхээр тогтоогдсон хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрч хохирогч нарт учирсан хохирлыг нэн даруй нь барагдуулсан бөгөөд хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байдаг. Харин шүүх Д.М шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан ялыг оногдуулахдаа гэмт хэрэгт нөлөөлсөн хүчин зүйл, хохирогч нарын буруутай үйлдэл, гэмт хэргийн хөнгөрүүлэх нөхцөл байдал, яллагдагчийн хувийн байдлыг харгалзан үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзсэн тул давж заалдах шатны шүүхээр дахин хянуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Тухайлбал: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирогч нарын буруутай үйлдлийг харгалзан үзээгүй, зөвхөн яллах талын мэдүүлэг, нотлох баримтыг шинжлэн судалж шийтгэх тогтоолд дурдсан байгаа нь Д.М оногдуулсан ялын хэмжээнд нөлөөлсөн байх үндэслэлтэй байна. Хавтаст хэргийн 18-19 хуудас иргэний нэхэмжлэгч Б.Г мэдүүлэгт 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Япон улсаас орж ирсэн PROBOX гэх нэртэй тээврийн хэрэгслийг худалдан авсан. Тэгээд би өөрийн таньдаг хүнээр дамжуулан Фэйсбүүкээс Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Тариалан сум орно гэж зар тавьсны дагуу нийт 4 том хүн, 2 хүүхдийг аваад 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн орчимд Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын зүг хөдөлсөн. Тэгээд би зогсож амжихгүй уг тээврийн хэрэгсэлтэй өөд өөдөөсөө мөргөлдсөн. Тэгээд машинаас бууж харахад эсрэг урсгалаас ирж мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч залуу хүрч ирээд бие зүгээр үү гэж асуусан. Тэр үед би гайгүй харин энэ хүмүүс гэж хэлээд машинд байсан зорчигч нарыг машинаас буулгасан..." гэх мэдүүлэг,

Хавтаст хэргийн 25-27 хуудас хохирогч Д.Оөөс авсан мэдүүлэгт: "...би зарын дагуу замын унаа болох **-** ХӨҮ улсын дугаартай PROBOX тээврийн хэрэгсэлд сууж явсан. ...Би жолоочийн харалдаа арын суудалд зорчиж явсан бөгөөд жолооч бид 2-с гадна тээврийн хэрэгсэлд 2 том хүн, 2 хүүхэд хамгаалах бүс хэрэглээгүй байсан. ...М гэх хүний эгч нь Гэмтэл согог судлалын үндэсний  төв дээр эргэж ирсэн бөгөөд эмчилгээндээ хэрэглээрэй гээд дансанд 300.000 төгрөг хийсэн байсан..." гэх мэдүүлэг,

Хавтаст хэргийн 33 хуудас 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хохирогч С.Бэс мэдүүлэг авсан тэмдэглэл: "...2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос Хутаг-Өндөр суманд очихоор унаа хайж фэйсбүүк дээр зар тавьсны дагуу над руу нэг хүн утсаар залгаад хаашаа явах юм бэ гэхэд Хутаг-Өндөр сум явна гэхэд тийшээ явна гэж хэлээд намайг 10 цагийн үед гэрээс ирж авсан. Тэгээд Монел гэх газраас нэг хүүхэдтэй эгчийг авсан. Тэгээд Сансарын тойргоос нэг хүүхэдтэй эгчийг авсан. Тэгээд драгон гэх газраас нэг эгчийг авсан. Тэгээд Улаанбаатар хотоос 14 цагийн орчимд хөдөлсөн. Би гарах гэсэн боловч суудлын бүс гацсан байсан. Миний бүсийг ах ирж хутгаар тайрч өгөөд намайг буулгасан. Тэр ах бид нарыг мөргөсөн машины ах байсан юм билээ. ...Би урд талын зорчигчийн суудал дээр сууж явсан. Хамгаалах бүс хэрэглэсэн. М гэх ах эмчилгээнд 200.000 төгрөг өгсөн. Тэгээд хэд хоногийн дараанаас 800.000 төгрөг өгсөн. Нийт 1.000.000 төгрөг өгчихөөд байгаа..." гэх мэдүүлэг,

Хавтаст хэргийн 41-43 хуудас хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл А.Б: "...би өөрийн фэйсбүүк хаягаас Хөвсгөл аймаг руу явна гэсэн машины зар харж утсаар холбогдоод Баянзүрх дүүргийн Сансарын колонкийн хажуугаас жижиг суудлын машинд суусан. ..Дүүгийнхээ хүүхдийн аваад жолоочийн эсрэг талын арын суудалд суусан. ..Арын суудалд мөн нэг үл таних хүүхэдтэй хүүхэн байсан. ..Ингээд Хархорин захын хажуугаас мөн Тариалан сумын иргэн гэх нэг эмэгтэйг аваад Хөвсгөл аймгийн чиглэлд хөдөлсөн. Ингээд явсаар байгаад "Атар" нэртэй зоогийн газрын гадаа очиж зогсоод хоолонд ороод тэндээсээ хотоос гарахдаа сууж явсан суудалдаа суугаад хөдөлсөн. Хөдлөөд нэлээн явж байтал замын пост таараад бид нар Төв аймгийн Эрдэнэсант суманд яваа, буруу явж байгаагаа мэдсэн. Ингээд буцаж яваад Булган аймаг өнгөрөөд Арвай гэх нэртэй зоогийн газрын хажууд зогсоод жолооч кофе уугаад, би цай уугаад хөдөлсөн... гэх мэдүүлэг,

Хавтаст хэргийн 49-50 хуудас хохирогч Г.Сгөөс хохирогчоор авсан мэдүүлэг: "...Би Хөвсгөл аймгийн Тариалан сум явахаар фэйсбүүкээс зар харж байгаад нэг машин явна гээд зар тавьсан байхаар нь утас руу нь залгаад тэр жолооч гэрт ирээд хүү бид 2-ыг аваад Тариалан сумын чиглэлд өдөр 16 цагийн үед явсан. ...Намайг хагалгаанд орох үед 2 сая төгрөг өгсөн. Би тэр мөнгийг нь эмчилгээндээ зарцуулсан.  Хавтаст хэргийн 51 хуудас ...надад 2.400.000 төгрөг өгсөн..." гэх мэдүүлэг.

Хохирогч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр  буюу 05 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн байдаг бөгөөд хохирогч нарын мэдүүлэг болсон явдлын талаар тогтвортойгоор мэдүүлсэн байдаг. Мэдүүлгээс үзэхэд **-** ХӨҮ улсын дугаартай Probox маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Г нь хүн тээвэрлэх зөвшөөрөлгүй атлаа фэйсбүүк /цахим хаяг/-ээр зараар хүн тээвэрлэх тухай зар тавьсны дагуу 4 том хүн, 2 хүүхэд нийт 6 зорчигч, өөртэй нийлээд 7 хүн тээвэрлэн явсан, ингэхдээ зорчигч нарыг тээврийн хэрэгсэлд зорчихдоо хамгаалалтын бүс зүүх, хүний болон ачааны даац хэтрүүлэхгүй байх, бага насны хүүхдийг хамгаалалтын суудалд суулгах, хамгаалах бүс зүүлгэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, ядарч сульдсан үедээ жолоо барихгүй байх, үзэгдэх орчин хязгаарлагдмал харанхуй орчинд тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг стандартын дагуу тусгах зэрэг нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон дүрэм журам болон Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсний улмаас олон хүн гэмтэл авч, гэмт хэргийг хүндрүүлэх шалтгаан болсон байгааг шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ харгалзан үзэж дүгнэлт хийгээгүй байна. Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас олон хүн гэмтэл авч, гэмт хэргийг хүндрүүлэх шалтгаан болсон байгааг шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ харгалзан үзэж дүгнэлт хийгээгүй байна.

Мөн хавтаст хэргийн 72 хуудас 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 25 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “...Б.Г цусанд 0.5 хувийн спиртын зүйл илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, 2 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр хуудаст “...Булган аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1/387 тоот албан бичигт Цагдаагийн дарга Н.Б танаа ...иргэний нэхэмжлэгч Б.Г үйлдэл Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахъ хэсэгт заасны улмаас зөрчлийн шинжтэй байх тул эрх бүхий албан тушаалтнаар шалгуулж хариуг ирүүлнэ үү... ” гэх албан бичиг, хавтаст хэргийн 131-135 хуудас Булган аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт: “....жолооч... Б.Гнар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч Б.Гнь **-** улсын дугаартай “пробокс” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “жолооч дараах зүйлсийн хориглоно тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадаагүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 “жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.” гэх шинжээчийн дүгнэлт, хавтаст хэргийн 41-43 хуудас хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл А.Б гийн мэдүүлэгт: "...Хөдлөөд нэлээн явж байтал замын пост таараад бид нар Төв аймгийн Эрдэнэсант суманд яваа, буруу явж байгаагаа мэдсэн. Ингээд буцаж яваад Булган аймаг өнгөрөөд Арвай гэх нэртэй зоогийн газрын хажууд зогсоод жолооч кофе уугаад явсан... ” гэх мэдүүлэг, нотлох баримтуудаас үзвэл Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, явж буй замын чиглэл, нөхцөл байдлыг тооцоолоогүй, жолоо барьж байхдаа ядарч сульдсан байдалтай байсан, хөдөлгөөний аюулгүй байдалд аюул тулгарахыг мэдсэн даруйд хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүй зэрэг нь түүнийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Зөрчлийн тухай хуулийг тус тус зөрчсөн болохыг нотолж байна. Гэтэл шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад тухайн нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй, зөвхөн шүүгдэгч Д.М ын буруутайг нотлох талын баримтад дүгнэлт хийгээд Б.Г буруутай үйлдэл болон хохирогч нарын хамгаалалтын бүс зүйгээгүйн улмаас гэмтлийн зэрэг хүндэрсэн байх болзошгүй шинж тэмдэг болон бусад нотлох баримтын үгүйсгэлийг заахгүйгээр дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зөрчсөн гэж үзэж байна. Мөн мөрдөн байцаалтын явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийхдээ мөрдөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж тэмдэглэл үйлдсэн үйлдлийг хэлэлцээгүй, дүгнэлт хийж тогтоолд тусгаагүй байна.

Тухайлбал: мөрдөгч хэргийн оролцогч нараас мэдүүлэг авахдаа тухайн гэмт хэрэг болсон цаг хугацааны хувьд зөрүүтэй тэмдэглэл үйлдсэн, хохирогчоос мэдүүлэг авахдаа гэрчийн эрх үүргийн тайлбарлаж тэмдэглэлд тусгасан зэрэг нь хавтаст хэргийн 17 хуудас “Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай олсон нь хэсэгт 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн..”, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөгчийн даалгавар олсон нь хэсэгт 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн..., 2020 оны 03 дугаар 25-ны өдрийн мөрдөгчийн тогтоолын олсон нь хэсэгт 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн...” гэх хавтаст хэргийн 22, 24 хуудас 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөгчийн тогтоол олсон нь хэсэгт 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн.., хавтаст хэргийн 30 хуудас 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөгчийн даалгавар олсон нь хэсэгт “...2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн..., хавтаст хэргийн 31 хуудас 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тогтоол олсон нь хэсэгт “...2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн...”, хавтаст хэргийн 31 хуудас 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тогтоол олсон нь хэсэгт “...2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн...”, хавтаст хэргийн 35 хуудас 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тогтоол олсон нь хэсэгт “...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн...”, хавтаст хэргийн 36 хуудас 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тогтоол олсон нь хэсэгт “...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн...”, хавтаст хэргийн 38-39 хуудас 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тогтоол олсон нь хэсэгт “...2020 оны 02 дугаар сарын 05- ны өдрийн..., хавтаст хэргийн 41 хуудас 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөгчийн даалгавар олсон нь хэсэгт “...2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн...”, хавтаст хэргийн 248 хуудас 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөгчийн санал олсон нь хэсэгт “...2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ...” гэх тэмдэглэлд тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацааг зөрүүтэй тэмдэглэсэн,

2 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр хуудаст “...Булган аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1/387 тоот албан бичигт Цагдаагийн дарга Н.Б танаа ...иргэний нэхэмжлэгч Б.Г үйлдэл Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны улмаас зөрчлийн шинжтэй байх тул эрх бүхий албан тушаалтнаар шалгуулж хариуг ирүүлнэ үү...” гэх аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.Мийн гарын үсэг бүхий албан бичгийг хэрэгт хавсарган тодорхой үйлдлийг шалгуулахаар Цагдаагийн газарт даалгасан байхад уг ажиллагаа хэрхэн хийгдсэн, Б.Г зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эцэслэн тогтоохгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлэсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хянуулахаар Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11 -ний өдрийн 2020/ШТ/133 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа төдийгүй дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч Д.М ыг бага насны 3 хүүхдээ асран хамгаалдаг, анх удаа гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаа, гэр бүл амьдралаа дан ганц өөрийн хөдөлмөрийн үр шимээр тэжээн тэтгэдэг, төлөв даруу зантай, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өөрийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөн хохирогч нарт учирсан хохирлыг нэн даруй төлж барагдуулсан, гэмт хэрэг болсон цаг хугацаанд хохирогч нарт анхан шатны тусламж дэмжлэг үзүүлж эмнэлэгт хүргэх арга хэмжээ авсан байдал, гэмт хэргийн хор уршгийг арилгаж хохирогч нарын эмчилгээнд санаа тавьж мөнгөн тусламж үзүүлсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж Д.М оногдуулсан ялыг хөнгөрүүлж, эсхүл ялыг тэнсэх үүрэг хүлээлгэж өгнө үү” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Оын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Шүүгдэгч  Д.М ыг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.М ын гэм бурууг хянан хэлэлцэж, хууль заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож”,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1- зааснаар нийт 12.685.313 /арван хоёр сая зургаан зуун наян таван мянга гурван зуун арван гурав/ төгрөг гаргуулж хохирогч нарт олгох, цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.М ыг 2020 оны 02 дугаар сарыг 04-нөөс 05-нд шилжих шөнө Булган аймгийн .......................... Булган аймгийн чиглэлд **-** улсын дугаартай “Hissan X-Trail” завгарын тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүй, согтуугаар жолоодож явахдаа Булган аймгийн ....................... багийн нутаг “......” гэх газарт өмнөх тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцдаа Хөвсгөл аймгийн чиглэлд Б.Г жолоодож явсан **-** улсын дугаартай “Toyota Probox”завгарын авто машинд 4 том хүн, 2 хүүхэд бүхий зорчигч тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гарган жолооч Б.Г эрүүл мэндэд хөнгөн, зорчигч Д.О, А.Бнарын эрүүл мэндэд хүндэвтэр, С.Б, Н.Б, Г.С нарын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулж, Б.Г жолоодож явсан тээврийн хэрэгсэлд 8.017.500 төгрөгийн шууд болон шууд бус хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасны дагуу зүйлчлэсэн нь хууль ёсны зарчимд нийцсэн, шүүхийн шийдвэр гэж үзэв.

 

 

Шүүх эмнэлгийн болон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч нарын биеийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол, хор уршиг учирсан нь шүүгдэгч Д.М ын Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.3, 13.1 дахь заалтуудыг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.      

 

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.О, М.Д нар гаргасан гомдолдоо:  “... иргэний нэхэмжлэгч Б.Г цусанд 0.5 хувийн спиртийн зүйл илэрсэн энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэж, мөн Б.Гг “ ... замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.3-т заасныг зөрчсөн” тухай  шинжээчийн дүгнэлтүүдээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрэм, зөрчлийн тухай хуулийг зөрчсөн болохыг нотолддог гэтэл шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад тухайн нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй, зөвхөн шүүгдэгч Д.М ын буруутайг нотлох талын баримтад дүгнэлт хийгээд Б.Г буруутай үйлдэл болон хохирогч нарын хамгаалалтын бүс зүйгээгүйн улмаас гэмтлийн зэрэг хүндэрсэн байх болзошгүй шинж тэмдэг болон бусад нотлох баримтын үгүйсгэлийг заахгүйгээр дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зөрчсөн гэж үзэж байна.

Мөн мөрдөн байцаалтын явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийхдээ мөрдөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж тэмдэглэл үйлдсэн үйлдлийг хэлэлцээгүй, дүгнэлт хийж тогтоолд тусгаагүй байна. /х.х-ийн 41-43, 72 тал/   

 Шүүгдэгч Д.М  нь бага насны 3 хүүхдээ асран хамгаалдаг, анх удаа гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаа, гэр бүл амьдралаа дан ганц өөрийн хөдөлмөрийн үр шимээр тэжээн тэтгэдэг, төлөв даруу зантай, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өөрийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөн хохирогч нарт учирсан хохирлыг нэн даруй төлж барагдуулсан, гэмт хэрэг болсон цаг хугацаанд хохирогч нарт анхан шатны тусламж дэмжлэг үзүүлж эмнэлэгт хүргэх арга хэмжээ авсан байдал, гэмт хэргийн хор уршгийг арилгаж хохирогч нарын эмчилгээнд санаа тавьж мөнгөн тусламж үзүүлсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж Д.М оногдуулсан ялыг хөнгөрүүлж, эсхүл ялыг тэнсэх үүрэг хүлээлгэж өгнө үү гэжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгалагдсан эрхийг хассан, хязгаарласны улмаас шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц байдал бүхий ноцтой зөрчил тогтоогдоогүй, Д.М ын гэм буруутай эсэхэд үүсэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх үйл баримт тогтоогдоогүй, Б.Г буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар  давж заалдах гомдол гаргасан өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.О, М.Д нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Д.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Булган аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газрын цагдаг хорих байранд цагдан хорьсугай.

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.М ын цагдан хоригдсон нийт 104 хоногийн хугацааг эдлэх ялд оруулан тооцсугай.

 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар шүүх анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.