2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1883

 

2025           07            31                                           2025/ШЦТ/1883

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,

улсын яллагч А.Лхагваа /томилолтоор/, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2502 000000 0000 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны 000 тоотод оршин суух, урьд:

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.1 дэх хэсэгт зааснаар 200 цаг албадан ажил хийлгэх ял,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 256 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3-д зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгэгдэн 2009 оны Өршөөл үзүүлэх хуулиар 2009.07.24-нд суллагдсан,

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 194 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 89.2, 233.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

Ж  овогт Сын М (РД:**00000000).

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-ний өдөрт шилжих шөнө өөрийн түр оршин суух Баянгол дүүргийн 00 дугаар хороо, Голден парк хотхон, 000 дүгээр байр, 000 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан метамфетамин (Methamphetamine), IV жагсаалтад багтсан фентермин (Phentermine)-ын агууламжтай, нийт 1,576 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, метамфетамин (Methamphetamine) гэх нэршилтэй хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисоос бусдад өгч хэрэглүүлсэн буюу бусдад өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 256 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч *******.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн бол түүний өмгөөлөгч нар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болохыг дурдаж байна.

2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч *******г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн үндэслэл тогтоогдсон гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдсан баримтаар 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 25 дугаар хороо Голден парк хотхон 101 дүгээр байр 160 тоотод шүүгдэгч ******* нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан метамфетамин (Methamphetamine), IV жагсаалтад багтсан фентермин (Phentermine)-ын агууламжтай, нийт 1,576 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан, мөн сэтгэцэд нөлөөт бодисоос Э.Ад өгч хэрэглүүлсэн буюу бусдад өгсөн үйл баримт тогтоогдлоо.

Энэ нь нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-8/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-14/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-16/, Э.Аны биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-21-22/, тус үзлэг хийсэн, хураан авсан ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хх-24/ эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-26/, эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-27/,

гэрч Э.Аны “...3 хоногийн өмнө М ахын гэрт мөс гэх нэршилтэй бодисыг хэрэглэж байсан. М ахад байсан мөсийг хэрэглэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-33/, гэрч Э.Аны дахин өгсөн “2024 оны 12 дугаар сард 10 дугаар хороололд байх зочид буудалд М ах намайг дуудаад М ахын хамт мөс гэх бодисыг хэрэглэсэн. Үүнээс хойш М ахтай 4 удаа мөс гэх бодисыг хэрэглэсэн” гэсэн мэдүүлэг /хх-36/, *******, Э.А нарын шээснээс болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсээс сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн тухай шинжээчийн дүгнэлтүүд /хх-44, 50, 59/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.

3. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад "мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис" гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ-ын Конвенци, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгохоор заасан.

Шүүгдэгч *******гийн орон байранд нэгжлэг хийхэд гарч ирсэн ягаан өнгийн хуванцар зүйлтэй хуванцар гуурс холбосон ногоон өнгийн шилэн сав мэт зүйл, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гуурс мэт зүйл, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон зиплок уут 2 ширхэг, №1-4 хүртэл дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн талстлаг нунтаг зүйл тус бүрээс метамфетамин (Methamphetamine), фентермин (Phentermine) илэрсэн. Илэрсэн метамфетамин нь НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2-р жагсаалт, фентермин нь 4-р жагсаалтад багтдаг болно” гэсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2025.05.09-ний өдрийн ЕГ0325/3007 дугаартай дүгнэлт /хх59/,

Мөн Шинжээчийн 2025.04.23-ны өдрийн ЕГО325/3006 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “******* РД:ЦД87021574” гэсэн хаягтай шээснээс MDMA, метамфетамин (methamphetamine) илэрч байна. Илэрсэн MDMA нь НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 1 дүгээр жагсаалтад,  метамфетамин (methamphetamine) нь НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно ” гэжээ. /хх45/

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор заасан.

Шүүгдэгч нь хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн үйлдэл нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

5. Иймд шүүгдэгч *******г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, төлбөр байхгүй болно.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

7.1. Улсын яллагчаас “....шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан бол,

7.2. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эхийн эрүүл мэндийн байдал муу, байнгын асаргаа шаардлагатай байдаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэжээ.  

8. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тус тус дурдаж байна.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хадгалж байсан сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.

10. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025.04.25-ны өдрийн 420 дугаартай “******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ******* нь сэтгэцийн хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ******* нь хэрэг хариуцах чадвартай байна. ******* нь мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна” гэжээ. /хх56/

11. Шүүгдэгчийн гэмт үйлдэлд хуульд зааснаар “1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр заасан ба хуульд заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.

12. Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт үйлдэлд хамаарах буюу тэр дундаа залуу үеийн эрүүл мэнд, хүмүүжил, оюун санаанд хортойгоор нөлөөлдөг учраас энэ төрлийн гэмт хэргийг хор аюулын шинж ихтэйд тооцон үздэг.

Шүүгдэгч *******ий хадгалж, бусдад өгч хэрэглүүлсэн сэтгэцэд нөлөөт бодисын шинж чанар, бусдад өгч хэрэглүүлсэн байдал, мөн шүүгдэгч нь 2025 оны 4 дүгээр сарын 28-нд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үндэслэлээр шүүхээс баривчлах шийтгэл хүлээж байсан хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял сонгон оногдуулах болон тэнсэж үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох боломжгүй гэж дүгнэв.

13. Улмаар шүүгдэгч *******ий гэм буруугаа анхнаасаа хүлээсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

14. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа ягаан өнгийн хуванцар зүйлтэй хуванцар гуурс холбосон ногоон өнгийн шилэн сав мэт зүйл, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гуурс мэт зүйл, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон зиплок уут 2 ширхэг, №1 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг нунтаг зүйлийн цэвэр жин нь 0,2402 грамм, №2 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг нунтаг зүйлийн цэвэр жин нь 0,4459 грамм, №3 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг нунтаг зүйлийн цэвэр жин нь 0,4319 грамм, №4 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг нунтаг зүйлийн цэвэр жин нь 0,4580 грамм бодисуудыг устгахыг Хар тамхитай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

15. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

16. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч *******ий хойшлуулшгүйгээр баривчилсан 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сын Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн хойшлуулшгүйгээр баривчилсан 2 /хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст хадгалагдаж байгаа ягаан өнгийн хуванцар зүйлтэй хуванцар гуурс холбосон ногоон өнгийн шилэн сав мэт зүйл, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гуурс мэт зүйл, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон зиплок уут 2 ширхэг, №1 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг нунтаг зүйлийн цэвэр жин нь 0,2402 грамм, №2 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг нунтаг зүйлийн цэвэр жин нь 0,4459 грамм, №3 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг нунтаг зүйлийн цэвэр жин нь 0,4319 грамм, №4 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг нунтаг зүйлийн цэвэр жин нь 0,4580 грамм бодисуудыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Хар тамхитай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХБААТАР