| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2018/02440/И |
| Дугаар | 101/ШШ2018/03044 |
| Огноо | 2018-09-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2018/03044
| 2018 оны 09 сарын 25 өдөр | Дугаар 101/ШШ2018/03044 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Арвайхээр 0-р баг Ягаантолгой 00-р гудамж 000 тоотод оршин суух /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 00-р хороо, Эмнэлэг 0-р гудамж 00А тоотод оршин суух, Б овогт Д.О /РД:0000000/-д холбогдох,
3,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.С түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А.Саас Д.О нь 3,000,000 төгрөгийг 2015 оны 08 сард хүүхэд сургуульд оруулж өгөхөөр авсан байдаг, дээрхи 3,000,000 төгрөгийг хариуцагч Д.Оийн ХААН банкны 5675293752 тоот дансанд 800,000 төгрөгөөр 2 удаа, 1,400,000 төгрөгөөр нэг удаа шилжүүлсэн. Тухайн үед А.Сын хүү Э.Л нь Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн энгийн ангид 2014 онд элсэж нэгдүгээр курсс төгссөн байсан.
Хариуцагч Д.О нь тус сургуулийн офицерийн ангид оруулж цэргийн болгож өгнө гэж 2015 оны 08 сард 3,000,000 төгрөг авсан боловч амалсан амлалтаа биелүүлээгүй бөгөөд Э.Л нь Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн авто замын барилга мэргэжлээр 2015 оны 05 сарын 15-нд төгсөж, диплом авсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.О Э.Л нарын хооронд ярьсан ярианы бичлэгт үзлэг хийлгэсэн энэ үзлэгээр тодорхой гарсан. Иймд хариуцагчаас 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний үйлчлүүлэгч Д.О нь Э.Лыг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн энгийн ангиас цэргийн буюу офицерийн ангид оруулсан боловч өөрөө оюутан цэрэг хөтөлбөртөө яваагүйгээс хасагдсан.
Д.О үүргээ биелүүлсэн тул 3,000,000 төгрөгийг төлөхгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.С нь хариуцагч Д.От холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.О нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, би мөнгийг өгөх ёстой хүнд нь өгч, офицерийн сургуульд оруулсан тул 3,000,000 төгрөгийг буцаан төлөхгүй гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
А.С Д.О нарын хооронд 3,000,000 төгрөгийн хөлс төлж нэхэмжлэгчийн А.Сын хүү Э.Лыг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн энгийн ангиас цэргийн буюу офицерийн ангид шилжүүлэхээр тохиролцсон болох нь зохигчдын тайлбар,
гэрч С.Батболдын Э.Л нь хөдөөнөөс оюутан болж ирээд манай гэрт амьдардаг байсан. Энэ Оюунчимэг гэж хүнтэй 1-р курсээ төгссөн намар нь хүүгийнхээ ангийг солиулж цэргийн болгох гэж аав, ээж 2 нь уулзахад би машинаараа үйлчилж цуг явсан. Эд нар мөнгө өгсөн бүтнэ гэж ярьж байсан боловч бүтэлгүй энгийн ангиараа төгссөн. гэх мэдүүлэг, Э.Л Д.О нарын хооронд утсаар ярьсан ярианы бичлэгт хийсэн үзлэг зэргээр тогтоогдож байна. /ярианы бичлэгийг сидинд хуулбарлан хавсаргав/
Нэхэмжлэгч А.С нь 2015 оны 08 сарын 12-ний өдөр 1,600,000 төгрөг, 2015 оны 08 сарын 14-ний өдөр 1,400,000 төгрөгийг хариуцагч Д.Оийн ХААН банкны 0000000 тоот дансанд шилжүүлсэн бөгөөд уг дансыг хариуцагч Д.О эзэмшдэг болох нь ХААН банкны албан бичгээр нотлогдсон. /х.х-ийн 7, 48-51 хуу/
Хариуцагч Д.О нь нэхэмжлэгч А.Саас 3,000,000 төгрөг авсан эсэхэд маргаагүй, хариуцагч Д.О нь Э.Лыг офицерийн ангид нь оруулсан боловч оюутан цэрэг хөтөлбөрт яваагүй тул хасагдсан гэж маргасан боловч түүнийгээ нотлоогүй.
Үндэсний батлан хамгаалах их сургуулийн 2013 оны Б/500 дугаар тушаалаар Э.Л нь Цэргийн инженерийн сургуульд Цэргийн алба мэргэжлээр элсэн орж, тус сургуулийн захирлын 2017 оны Б/ 59 тоот тушаалаар Аюулгүй байдлын сургуулийг Цэргийн инженер авто замын барилга мэргэжлээр төгссөн бөгөөд суралцаж байх хугацаандаа өөр ангид шилжин суралцаагүй болох нь сургуулийн тодорхойлолт, бакалаврын диплом зэргээр тогтоогдсон.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрхи хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй. мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж авч чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцаан өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ гэж тус тус хуульчилсан.
Хариуцагч Д.О нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул нэхэмжлэгч А.С нь шаардах эрхтэй гэж үзэн Үндэсний батлан хамгаалах их сургуулийн энгийн ангийг цэргийн болгон сольж өгөх зорилгоор шилжүүлэн авсан 3,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Д.Оээс 3,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Сд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6-д зааснаар хариуцагч Д.Оээс 3,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Сд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Сын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Оээс 62,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Сд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ