Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2021/ДШМ/14

 

                                           Б.Т холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Шүүх хуралдаанд:

Прокурор П.Ш,

Шүүгдэгч Б.Т ,

Түүний өмгөөлөгч Р.Ц,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Г,

Түүний өмгөөлөгч Ц.Э, нарийн бичгийн дарга М.Энхмаа нар оролцов.

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/201 дугаар шийтгэх тогтоолтой Б.Т холбогдох 2015002270169 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Гын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Т, Булган аймагт  ............... төрсөн, Булган аймгийн ........................ тоот хаягт оршин суугаа, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, бичээч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Т  нь 2020 оны 06 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Улаанбаатараас хотоос Булган аймгийн ............. сум руу **-** улсын дугаартай “Тоёота королла” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Булган аймгийн ................... багийн нутаг “................” гэх газарт байх засал замд авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч зорчигч Р.Мнас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

   Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/201 дугаар шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч Т-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Т ийг гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгах арга хэмжээ авах албадлагын арга хэмжээ авсугай.

4. Шүүгдэгч Б.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 6,345,830 төгрөгийг гаргуулж, хохирогч Булган аймгийн ......................тоотод оршин суух ................Гт олгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагаас 10,969,383 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч энэ хэрэгтэй холбоотой гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй” гэж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Г давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Б.Т ял оногдуулаагүй тэнсэх ял өгсөнд гомдолтой байна. Талийгаачийн буяны ажилд зарцуулсан 10,969,383 төгрөгийг өдөр тутамын хэрэглээ мэт байна, гарын үсэг дутуу байна гэж хассанд санал нийлэхгүй байна. 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс хойш буяны ажилд ирж амжаагүй их сургуулийн, хамаатан садан, найз нөхөд, 49 хоногоос өмнө гээд зарим ажил төрлөө зохицуулаад ирж байгаа хүмүүст дайлж цайлахгүй хоног нь дууссан гээд хоосон суултай биш дээ. Одоог хүртэл зарлага гарч байна. Талийгаач том охин Лтай 2020 оны 06 сарын 15-ны өдрийн 13 цагийн үед ээж нь ............ зар дээрээс Хутаг руу явна гээд Т тавьжээ. Сая ярьлаа оройхондоо явна гэж байна. 15 цагийн үед ээж нь драгон руу явна, өгч явуулах хувцасаа 16 цагийн үед аваад ирээрэй гэж хэлсэн. 16 цаг 47 минутын үед Ттэй ярихад очиж байна, драгон ороод таныг аваад явна гэж байна  одоо та 3 явдаа, бороо орох гээд харанхуйлаад байна гэж хэлсэн байдаг. 18 цаг 13 минутын үед талийгаач надтай залгаад хотоос гарч байна гэхээр нь ямар машинтай хэнтэй явж байгаан гэхэд манай нутгийн хүн гэсэн. Том охин Л 20 цаг 20 минутын үед Баяннуур өнгөрөөд явж байна, гэр гуанзанд хоол захиалчихаад сууж байна гэж хэлсэн байсан.  ...2020 оны 06 дугаар сарын 16-ны өглөө 07 цагийн үед дүү Б Л руу залгаад ээжийг ямар унаагаар явуулчихваа гээд орилоод аваарт орсон байна гэсэн. Ттай өглөөний 08 цаг 05 минутад утсаар яриад яг юу болоод байгаа талаар асуухад ах нь сайн мэдэхгүй байна дөнгөж гэртээ орж ирж байна. Рулийн тэр хавьд нь юм гацсан юм шиг байна лээ гэж ярьсан. Хэргийн газар хово маркийн машины жолооч талийгаачийг машины урд талын хаалгыг хөшиж онгойлоод арын суудлыг ханзалж дээр нь хэвтүүлсэн гэж Т өөрөө хэлсэн. ...2020 оны 07 сарын 08-нд Эрдэнэт рүү том охин Лтай хамт яваад буцахдаа Булганаар орж байцаагч н.Бтай уулзсан Тээс мэдүүлэг авсан болов уу гэж асуухад ярьсан та хаагуур байна бие чинь гайгүй юу болж өгвөл даруухан ирж мэдүүлэг өгөөрэй гэхэд хотод эмнэлэгээс гараад 2,3 хонож байна, 2,3 хоногоос очино гэж байсан. Тэгээд том охин Л уурлаад яагаад өдий болтол мэдүүлэгийг нь аваагүй байгаа юм гэхэд та юм ярихгүй хохирогч П.Г л ярина гэж байсан. Ядаж толгойг нь түшиж сууж байгаад ганц, хоёр үг ч солих боломж байсан гомдолтой байна. ... Тийн явсан замын цаг хугацаа худлаа яахаараа Баяннуураас 21 цаг орчимд гарлаа гэхэд 22 цаг гээд Булган сумын Тэрэмээс уух зүйл юм аваад гарлаа гэж Т мэдүүлсэн байсан.  Энэ хэргийг шат шатанд сайн шалгаж үзсэн бол ярьж хэлсэн мэдүүлэгээс ахуулаад зөрүүтэй зүйл байсан л байх. Иймд дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг ахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Гын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянан үзлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т  нь 2020 оны 6 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө авто тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2,12.3-т заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч зорчигч Р.Мнас барсан болох нь хэргийн газар болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний болон зам тээврийн ослын талаархи дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх эмнэлэгийн болон тусгай мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр зорчигч Р.Мнас барж хүнд хохирол, хор уршиг учирсан нь шүүгдэгч Б.Т ийн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12,3 дахь заалтуудыг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.       

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Т ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон  гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилээр хасч, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 6.345.830 /зургаан сая гурван  зуун дөчин тав гайман зуун гуч/ төгрөг гаргуулж хохирогч П.Гт олгож, нэхэмжлэлээс 10.969.383 /арван сая есөн зуун жаран ес гурван зуун наян гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,энэ хэрэгтэй холбоотой бусад зардлаа Иргэний журмаар жич гэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзнэ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодоруулсан бөгөөд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласны улмаас шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болхуйц нөхцөл байдал бүхий ноцтой зөрчил тогтоогоогүй, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт тогтоогдоогүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогчид  14.345.830 /арван дөрвөн сая гурван зуун дөчин тав найман зуун гуч/ төгрөгний хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Б.Т  нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгийн үед 8.000.000 /найман сая/ төгрөг,  шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа 6.500.000 /зургаан сая таван зуу/ төгрөг  нийт 14.500.000 /арван дөрвөн сая таван зуу/ төгрөгийг төлж, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлж байгааг үндэслэн хохирогч П.Гын “...хохиролыг бүрэн барагдуулаагүй, хорих ялыг тэссэн тул хэргийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр  анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. 

Харин анхан шатны шүүх шүүгдэгчид тэнсэн харгалзах ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлах байтал мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтласан нь буруу болсон байх тул дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.                  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/201 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2” гэснийг “...7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Гын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Б.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар шүүх анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ё.БЯМБАЦЭРЭН

                                          ШҮҮГЧИД                                       М.ХҮРЭЛБААТАР

                                                                                                Д.МӨНХӨӨ