Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2022/02201

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2022/02201

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ................................,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: .......................... миний бие нь 1985 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс Барилгын Материал Үйлдвэрийн Яамны харьяа Барилгын хүнд машин механизмын баазад экскаваторчнаар ажилласан. Ингээд 1990 онд тус бааз нь хувьчлагдаад тарсан. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Надад өгөх өөр ямар ч баримт байхгүй. Энд тэнд шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна.

Иймд намайг 1985 оноос 1990 оныг хүртэл машин механизмын баазад ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ......................, нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.

Хүсэлт гаргагч нь 1985 оноос 1990 оныг хүртэл Барилгын Материал Үйлдвэрийн Яамны харьяа Барилгын хүнд машин механизмын баазад экскаваторчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Үндэсний төв архивын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 379 дүгээр тодорхойлолт, ............................, ........................... нарын бичгээр гаргасан тодорхойлолт, Барилгын Материал Үйлдвэрийн Яамны харьяа Барилгын хүнд машин механизмын баазын даргын 1985 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2/9 тоот ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаал, Машин механизмын баазын даргын 1986 оны 6 дугаар сарын 28-ны өдөр *******т олгосон 059110 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 5-7, 9-12 дахь талд/

Хүсэлт гаргагч ..................... ажилд томилсон чөлөөлсөн тушаал архивд хадгалагдаагүй улмаас ажилласан жил тогтоох боломжгүй байх тул түүний ажиллаж байсныг нотлох дээрх баримтуудыг үндэслэн шүүхийн журмаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд хүсэлтийг хангаж хүсэлт гаргагч .................... 1985 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Барилгын Материал Үйлдвэрийн Яамны харьяа Барилгын хүнд машин механизмын баазад экскаваторчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ..................... регистрийн дугаартай Боржигон овогт ..................................-г 1985 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Барилгын Материал Үйлдвэрийн Яамны харьяа Барилгын хүнд машин механизмын баазад экскаваторчнаар ажиллаж ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ