| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 313/2025/0133/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/142 |
| Огноо | 2025-08-07 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/142
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч С.Ц, түүний өмгөөлөгч И.Оюунгэрэл,
Нарийн бичгийн дарга А.Наранбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн С-гийн Ц-д холбогдох 2528000000140 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч С.Ц нь 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдрийг шилжих шөнө Өмнөговь аймаг Цогт-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамт ажилладаг гэх Н.Т-ын хэвлийн тус газарт нэг удаа хутгалж хүнд хохирол болгоомжгүй учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч С.Ц-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогч Н.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Өчигдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймаг Мандал-Овоо суманд байрлах жоншны уурхайд хоногийн ээлжээс буугаад байж байсан чинь миний утсанд банканд зээлээ гүйцээж хийнэ үү гэсэн зурвас ирэхээр нь унаа таарвал Цогт-Овоо оръё гэж бодоод байж байтал миний сууж явсан машины эзэн хээр байгаа гээд машиныг нь манай кемпийн залуу унаад ирэхээр нь за тэгвэл бид хоёр очоод авъя гээд Цгээр машин унуулаад машины эзнийг хөдөөгөөс аваад кемпэд хүргэж өгчихөөд бид хоёр машинтай нь сум руу 12 цагийн үед ирээд банканд мөнгөө тушаасан. Дэлгүүр орж ундаа ус авчихаад эргээд ажил руугаа явах гээд сумаас гараад 10 гаруй километрт зогсож байгаад машинд байсан Агар нэртэй 0.75 литрийн архи бид хоёр хувааж уугаад би машины хойд сандал дээр тасраад унасан. Тэгээд би машины арын суудал гэдэснээс юм гарсан байдалтай ухаан орсон юу болсон талаар Ц-гээс асуутал чи хүнтэй маргалдсан 3, 4 мотоциклтой залуучууд байсан чамайг хутгалчихаад явсан гэж хэлсэн. Тэгээд Цогт-Овоо сумын төв рүү ирээд эмнэлэг дээр ирсэн.” (хавтаст хэргийн 28-29 дэх тал)
Гэрч М.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Намайг уурхай руу явж байхад Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас 18 километрт цэнхэр өнгийн Портер зогсож байхаар нь хажуугаар нь өнгөрсөн чинь араас далласан. Тэгсэн манай жолооч Зулаа манай компанид шинээр ирсэн харуул байна гэхээр нь бид хоёр зогссон чинь BOSS гэсэн футболктой халзан хүн гартаа шилтэй архи барьж ирээд архиа ардаа нуугаад манай найзын бие муу байна машин асахаа больчихлоо чирээд яваач гэхээр нь манай машин чирч дийлэхгүй гэсэн чинь хүний бие муу байна шүү дээ гэхээр нь хүнээ манай машинд суулгачих гэсэн чинь дуугарахгүй байхаар нь тэр хүн рүү нь харсан чинь машинаа цаад талд газар хэвтчихсэн байж байгаад өндийгөөд босоод ирээд суусан. Тэгээд би очоод харуулын даргад хэлье машин засварчин хоёр явуулъя гэж хэлээд би хөдлөөд цаашаа явсан. Тэгсэн хажуугаар машинтайгаа уурхай чиглэл рүү давхиад явсан. Би цаашаа 30 километр яваад овоо давсан чинь машинтайгаа зогсож байсан. Тэгээд түрүүний уулзсан залуу даллахаар нь яваад очтол Дундговийн атмаануудад зодуулаад манай найз хутгалуулсан манай хүнийг аваад яваач ээ гэхээр нь машинаасаа буугаад машин дээр нь очоод жолооч талын хаалгыг нь онгойлгосон чинь түлш нь дууссан байсан байхаар түлш чинь дууссан байна гэсэн чинь тэр залуу ачаан дээр түлш байгаа гэхээр нь харсан чинь хоосон сав байсан. Тэгээд жолоочийн эсрэг талын хойд хаалгыг онгойлгоход хар хувцастай хүн дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд хоёр мөрнөөс нь татаад гаргах гэтэл яах юм бэ намайг энд орхи би зүгээр гэсэн. Тэгээд манай ажилтан А тонгойгоод харсан чинь цус гарсан зүйл байхгүй байна шарх нь гайгүй юм шиг байна гэхээр нь за бид хэд сүлжээтэй газар очоод энд ийм юм болсон байна хэлье гэж хэлээд бид хэд цаашаа яваад сүлжээтэй газар очоод кемпийн дарга А гэх хүнд хэлсэн.” (хавтаст хэргийн 32-33 дахь тал)
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би тухайн тээврийн хэрэгслийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Тахилгат овооны наадамд унаж яваад 06 дугаар сарын 04-ний өдөр ирж байхдаа замдаа элсэнд суухаар нь буугаад хамт явж байсан 3 хүнтэйгээ хамт Соёрхол нэртэй 0.75 литрийн 2 ширхэг архи хувааж уугаад байж байтал манай компанийн машин замд таараад элснээс гаргаад тэд нар унаад явсан. Би тэнд хөдөө согтоод үлдсэн байсан. Тэгсэн удалгүй манай харуулын 2 ажилтан машин унаж ирээд намайг суулгаж аваад кемп дээр очоод би буугаад үлдсэн хоол унд идчихээд буцаад гараад ирсэн машин байхгүй байсан. Тэгээд хаашаа явсан талаар нь тодруулсан чинь тог гаргагч моторын хажууд байсан савлаатай түлшнээс 20 литр түлш хийгээд хамгаалалтын 2 ажилтан унаад явсан байсан.” (хавтаст хэргийн 40-41 дэх тал)
Шүүгдэгч С.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... Хутга тухайн үед байсан машинд байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” (хавтаст хэргийн 70 дахь тал)
Өмнөговь аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 39 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн бор ягаан өнгийн бариултай төмөр хутган дээрээс гарын мөр илрээгүй. Хэргийн газраас хураан авсан бор ягаан бариултай нийт 28 см урттай, ажлын хэсэг нь 16 см, бариул хэсэг нь 12 см төмөр хутга дээрээс гарын мөр илрээгүй тул цаашид гарын мөрийн адилтгалын шинжилгээ хийх боломжгүй.” (хавтаст хэргийн 51-54 дэх тал)
Өмнөговь аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ӨМГ/0723/241 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Н.Т-ын биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний тасрал, урагдалт, хэвлийн хөндийн шингэн хуралдалт, цээж, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний тасрал, урагдалт, хэвлийн хөндийн шингэн хуралдалт гэмтлүүд нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тус тус хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Н.Т-ын биед учирсан гэмтлүүд хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Н.Т-ын биед учирсан гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-д зааснаар амь насанд аюултай гэмтэлт хамаарах тул хохирлын хүнд зэрэгт хамаарна.” (хавтаст хэргийн 59-60 дахь тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 71 дэх тал)
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 74 дэх тал)
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 75-76 дахь тал)
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 77 дахь тал)
Хохирол төлбөр төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 93-95 дахь тал)
Хохирогч Н.Т-ын бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 105-106 дахь тал)
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 104 дэх тал)
Прокурорын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 57 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 112-113 дахь тал)
Прокурорын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай” 57 дугаартай санал (хавтаст хэргийн 114-116 дахь тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Ц-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч С.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь манай үйлчлүүлэгч С.Ц-гийн хувьд Улаанбаатар хотын Б дүүрэгт эхнэр, хоёр хүүхдийн хамт оршин сууж ажиллаж хөдөлмөрлөж амьдардаг. Өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа учраас өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Хохирогчид хохирол төлбөрт 3,000,000 төгрөгийг төлсөн. Хохирогчийн зүгээс ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй талаар бичгээр илэрхийлсэн... гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн хувьд хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч С.Ц нь 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдрийг шилжих шөнө Өмнөговь аймаг Цогт-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт ажилладаг гэх Н.Тын хэвлийн тус газарт нэг удаа хутгалж хүнд хохирол болгоомжгүй учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч Н.Т-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал), гэрч М.С-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал), гэрч Б.Г-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал), Өмнөговь аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ӨМГ/0723/241 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 59-60 дахь тал), шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Ц-гийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Тын биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний тасрал, урагдалт, хэвлийн хөндийн шингэн хуралдалт, цээж, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ӨМГ/0723/241 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 59-60 дахь тал)-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч С.Ц нь хохирогч Н.Т-ын эрүүл мэндэд хүнд хохирлыг болгоомжгүйгээр учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Ц-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч С.Ц-гийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Т-ын биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний тасрал, урагдалт, хэвлийн хөндийн шингэн хуралдалт, цээж, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Т-ын зүгээс “...Тухайн хүнд миний бие ямар нэгэн санал гомдол байхгүй. Миний гомдол, сэтгэл санааны хохирлыг бүрэн барагдуулсан болно....” (хавтаст хэргийн 105 дахь тал) гэх хүсэлтийг гаргасан байх ба шүүгдэгч С.Ц нь хохирогч Н.Т-д нийт 3,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн талаар мэдүүлснээс гадна хохирол төлбөр төлсөн баримт (хавтаст хэргийн 94-95 дахь тал)-аар давхар тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч С.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялын хязгаарлалтын бүсийг түүний оршин суугаа газар болох Улаанбаатар хотын Б дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн тул батлуулах саналыг гаргаж байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтийг прокуророос хүлээн авч хангаж шийдвэрлэсэн. Үүний дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих бүсийг Улаанбаатар хот Б дүүргээр тогтоох саналыг сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч С.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь улсын яллагчийн саналын хүрээнд ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч нь өөрийн анхаарал болгоомгүйгээс болж хүний биед хүнд хохирол учруулсандаа харамсаж байна. Улсын яллагчаас санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгч С.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч С.Ц-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруу, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-д 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Ц-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсантай холбогдуулан түүнийг Улаанбаатар хот Б дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт 27 см урт бор иштэй, ажлын хэсэг нь 15 см хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, Н.Т-д 3,000,000 (гурван сая) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн С-гийн Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-д 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Шүүгдэгч С.Ц-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсантай холбогдуулан түүнийг Улаанбаатар хот Б дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт 27 см урт бор иштэй, ажлын хэсэг нь 15 см хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Шүүгдэгч С.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, Н.Т-д 3,000,000 (гурван сая) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ