Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/141

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч О.Батнасан,

Шүүгдэгч Ц.М,      

Нарийн бичгийн дарга А.Наранбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,            

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Ц-ийн Ма-д холбогдох 2528001860168 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Биеийн байцаалт:          

Холбогдсон гэмт хэргийн талаар:                   

Шүүгдэгч Ц.М нь 2025 оны цагаан сарын үеэр хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргалдаж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.О-ийн зүүн талын нүд, зүүн талын шуу руу нь гараараа цохиж хөхрүүлсэн, мөн 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэртээ уруул хэсэг рүү нь гараараа цохиж зодсон, мөн согтуугаар 2025 оны 05 дугаар сарын 04-ний шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг ... гэр хорооллын задгайд байх гэртээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан Б.О-тэй маргалдаж улмаар тогоотой халуун ус руу түүнийг унагааж биед нь зүүн шилбэ, шагай дахь биеийн гадаргуугийн 2 хувийг хамарсан 2 дугаар зэргийн түлэгдэл гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.     

            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.М-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Ц.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өмнө мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2025 оны 05 дугаар сарын 04-ний шөнө /цагийг нь сайн мэдэхгүй байна/ Өмнөговь аймаг Даланзадгад сум 6 дугаар баг ... гэр хорооллын задгайд тоот болох гэртээ хийн плиткэнд хоол хийх гээд тогоон дээр ус буцалгаж тавьчхаад гэрээс гарч явсан байсан. Тухайн үед Ц.М хоёр хоорондоо гэр бүлийн асуудлаас болж маргалдсан байсан. Би гадаа гарч бие засчихаад гэрт орж ирэхэд Ц.М гал түлэх гээд зогсож байсан. Тэгээд намайг гэрт ороод ирэнгүүт Ц.М юу ч хэлэлгүй намайг буцалж байсан тогоотой ус руу үүрээд аваад шидсэн. Би тогоотой буцалж байсан усан дээр ойчоод зүүн талын хөлийн шилбэ болон шагайгаа түлсэн. Тухайн үед миний төрсөн ээж болох С.Н гэрт байсан хүүхэд түлчихлээ хөөе гэж босож ирээд миний хөлийг давуугаар ороогоод эмнэлэгт очиж боолт хийлгүүлсэн. Өмнө нь Ц.М намайг 2025 оны цагаан сарын үеэр хөдөө явах гээд маргалдаад миний зүүн талын нүд, зүүн гарын шуу руу цохиод хөхрүүлж байсан. Мөн 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр орны шугуй руу түлхэж суулгаж байгаад миний уруул хэсэг рүү гараараа цохиж уруул язалж цохиж зодсон. Тэгээд 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр манай дүү охин болох Нийг гэрт очиход Ц.М-ын ээж нь хэл амаар доромжлоод байхаар нь манай дүү нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Ц.М хөл түлэгдсэн асуудал дээр миний эмчилгээний зардал болох эм тариа ав гэж 130,000 төгрөг өгсөн, тэр мөнгөөр нь би эм тариа авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй.” (хавтаст хэргийн 22-23 дахь тал)   

Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хөдөөгөөс аймагт орж ирэхдээ замдаа төрсөн эгч болох Б-ын О-ийн гэр болох Өмнөговь аймаг Даланзадгад сумын 6 дугаар багийн нутагт байх ... гэр хорооллын задгайд байрлах гэрт нь очиход манай эгчийн нөхөр М болон эгч О, Мын ээж Ц, мөн Ц-ийн дүү Ц, эгчийн хажуу айлын хүн болох Цэ нар байсан. Намайг тэднийд очиход манай эгч О-эс бусад нь архи уугаад сууж байсан. Манай эгч ганцаараа эрүүл хоол хийгээд байж байсан. Тэгээд байж байтал Ц гэнэт над руу хандаж чи аймагт байх газар байхгүй, наашаа гэх хүнгүй гэж хэлэхээр нь би ээжийг нь утсаар дуудсан. Ер нь 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр манай эгчийг М халуун буцалж байсан ус руу өргөж шидээд биеийг нь түлсэн байсан болохоор нэг мөсөн цагдаагийн байгууллагаар шалгуулъя гэсэн бодлоор дуудлага өгсөн юм. Бас М манай эгч О-ийг 2025 оны цагаан сараар бас зодож байсан зодсоны дараа би очиж уулзахад эгч нөхөртөө зодуулсан гээд нүд, зүүн гарын шуу зэрэг хөхөрчихсөн байсан. Бас 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр эгчийг зодож доод уруулыг нь язалж, зүүн нүдийг нь хөхрүүлсэн байсан. Эдгээр зодуулсан үйлдлүүдээ өөрөө надад хэлж байсан. Бас сүүлд дуудлага өгөхөд М-ын ээж Ц 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр М бид 2 танай эгчийг нийлж зодсон гэж хэлж байсан.” (хавтаст хэргийн 26-27 дахь тал)            

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 189 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.О-ийн биед зүүн шилбэ, шагай дахь биеийн гадаргуугийн 2 хувийг хамарсан II зэргийн түлэгдэл гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 заалтаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” (хавтаст хэргийн 31-32 дахь тал)

Эрх бүхий албан тушаалтны гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44 дэх тал)

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал)

Төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал)

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал)

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 48-50 дахь тал)

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал)

Ц.М, Б.О нараас бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 60-61 дэх тал)

Прокурорын 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 59 дүгээр тогтоол (хавтаст хэргийн 62-63 дахь тал)

Прокурорын 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай” 59 дүгээр санал (хавтаст хэргийн 64-65 дахь тал). 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Ма-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.     

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.    

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.     

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ц.М нь 2025 оны цагаан сарын үеэр хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргалдаж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.О-ийн зүүн талын нүд, зүүн талын шуу руу нь гараараа цохиж хөхрүүлсэн, мөн 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэртээ уруул хэсэг рүү нь гараараа цохиж зодсон, мөн согтуугаар 2025 оны 05 дугаар сарын 04-ний шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг ... гэр хорооллын задгайд байх гэртээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан Б.О-тэй маргалдаж улмаар тогоотой халуун ус руу түүнийг унагааж биед нь зүүн шилбэ, шагай дахь биеийн гадаргуугийн 2 хувийг хамарсан 2 дугаар зэргийн түлэгдэл гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.      

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.О-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал), гэрч Г.Н-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 189 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал), эрх бүхий албан тушаалтны гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Ц.М нь хохирогч Б.О-ийн биед халдсан, хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 дэх заалтаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.

Мөн шүүгдэгч Ц.М нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.М-ын үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.                   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ.  

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн  5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж заасан байна.  

Шүүгдэгч Ц.М, хохирогч Б.О нар нь хамтран амьдраад 4 жил болж байгаа болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа бус, өмнө таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, бие махбодод халдаж байсан талаар оролцогчид мэдүүлж байх тул дээрх хуулийн тайлбарын үйлчлэлд хамаарах этгээд гэж үзэж, шүүгдэгчийн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж дүгнэлээ.         

Иймд шүүгдэгч Ц.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.           

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.     

Шүүгдэгч Ц.М-ын буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.О-ийн биед зүүн шилбэ, шагай дахь биеийн гадаргуугийн 2 хувийг хамарсан II зэргийн түлэгдэл гэмтэл бүхийн хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 189 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал)-ээр тогтоогдсон бөгөөд хохирогч Б.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Ц.М хөл түлэгдсэн асуудал дээр миний эмчилгээний зардал болох эм тариа ав гэж 130,000 төгрөг өгсөн, тэр мөнгөөр нь би эм тариа авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй.” (хавтаст хэргийн 22-23 дахь тал) гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.                 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.                                                                           

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Ма-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх саналыг танилцуулахад зөвшөөрсөн тул тухайн саналыг батлуулах саналыг гаргаж байна гэх дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд улсын яллагчаас санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа талаар  тайлбарыг тус тус гаргав.                                    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.    

Шүүх шүүгдэгч Ц.М-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ма-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.      

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ма-д шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.   

Бусад асуудлаар.           

Шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.О нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.   

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ма-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.   

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:     

1. Шүүгдэгч А овгийн Ц-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ма-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ма-д шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

5. Шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.О нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.         

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.          

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Ма-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

                                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ