Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/140

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч О.Батнасан,      

Шүүгдэгч Б.Ө,    

Нарийн бичгийн дарга А.Наранбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,           

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б-ийн Ө-д холбогдох 2528000000171 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Биеийн байцаалт:          

Холбогдсон гэмт хэргийн талаар:      

Шүүгдэгч Б.Ө нь 2025 оны 06 дугаар сарын 18-ны шөнө 23 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багийн ... тоот хашааны гадаа Г.Ш-тай найз охиныг нь гичий гэж хэлснээс шалтгаалан маргалдаж, улмаар түүнийг гараараа шанаа хэсэгт нь цохиж, хөлөөрөө ташиж унагааж, толгой хэсэг рүү нь хөлөөрөө дэвсэн зодож, тархи доргилт, зулайд шарх, хүзүүнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                    

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Ө-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

Шүүгдэгч Б.Ө шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг өгсөн учраас өгөхгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 06 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед манай танил дүү Б машиндаа 2-3 хүн суулгачихсан гэрийн гадаа ирсэн. Манай танил дүү мөнгө байдаггүй, ах колонк ороод бензин зээлээр аваад өгөөч гэж хэлсэн. Би танил дүүгийнхээ машиныг унаад, танил дүүгийнхээ хамтаар Баяндалай сум руу явах Петровис шатахуун түгээх станц орж, машинд нь өөрийнхөө мөнгөөр бензин хийж өгсөн. Намайг бензин авчаад машинаа хөдөлгөтөл манай дүүгийн машины хойд талын суудал дээр сууж явсан согтуу танихгүй залуу миний араас зөөлөн яваач пиздаа минь гэж хэлсэн. Би дүүгээсээ энэ хэн юм гэж хэлээд, машинаа зогсоогоод, согтуу танихгүй залуу машинаас гараад ирье гэж хэлсэн. Нөгөө согтуу танихгүй залуу машинаас бууж ирээгүй. Намайг машин бариад явж байхад машины хойд талын суудал дээр сууж явж байсан 2 эмэгтэй миний араас, чи ямар том юм, томыг чинь харна, чамайг хэн гэдэг юм, хэдэн оных юм гээд байхаар нь би тэр 2 эмэгтэйгийн өөдөөс чамд ямар хамаатай юм, би наад хажууд чинь сууж байгаа залуутай чинь ярьсан юм гэж хэлсэн. Тэгтэл нөгөө 2 эмэгтэй амандаа юм хэлээд байхаар нь би гичий чинь гээд хэлчихсэн. Би гэрийн гадаа ирж машинаа зогсоогоод, машинаасаа буугаад, нөгөө согтуу танихгүй залууг машинаас буугаад ир гэж хэлэхэд, тэр согтуу танихгүй залуу машинаас дахиад бууж ирээгүй. Манай танил дүү намайг болио болио гэж хэлэхээр нь би гэр рүү яваад орсон. Манай танил дүү нөгөө хүмүүсийг хүргэж өгөх гээд машинтайгаа яваад өгсөн. 30-40 минутын дараа намайг гэрт амрах гэж байхад Ө гэх залууг миний фейсбүүк чатаар орж ирээд чи юу хийж байна, хоёулаа уулзъя гэж чат бичсэн. Би амрах гэж байна, маргааш ажилтай, ажил дээр ирээд уулзахгүй юу гэж хариу чат бичсэн. Тэгснээ над руу видео колл хийгээд чи миний найз охиныг гичий гэдэг хэн бэ, ална гэж хэлээд тасалсан. Орой 23 цаг 40, 50 минутын үед манай ээж надад чамтай хүн уулзъя гээд ирчихсэн байна гэж хэлсэн. Намайг гэрээс гараад хашааны хаалгаар гартал Ө гэх залуу миний өөдөөс чи миний найз охиныг гичий гэж хэллээ, чи тийм том болчихсон юм уу гэж хэлээд зангидсан гараараа миний зүүн талын шанаа хэсэгт 3 удаа цохиж аваад, хөлөө миний хөлийг ташиж, газар унагаасан. Намайг газар унасан байхад гуталтай хөлөөрөө миний толгойны зүүн тал руу дэвсэлж авсан. Нэг мэдсэн би гэрийн гадаа сууж байсан, миний толгой, хүзүү өвдөөд, хүзүүний зүүн талд, доод уруулын дотор тал урагдсан, хамар, амнаас цус гарсан байсан... Ө намайг зодсон өдрийнхөө маргааш нь буюу 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 3-4 өдөр надаас уучлалт гуйж, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр эмчилгээний зардалд 1,000,000 төгрөгийг манай ахын данс болох ... дугаартай Хаан банкны данс руу шилжүүлсэн. 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр миний өөрийн ... дугаарын Хаан банкны дансанд дахин эмчилгээний зардалд 500,000 төгрөг шилжүүлж, эмчилгээний зардлыг 100 хувь өгч барагдуулсан тул өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Би Өн өгсөн мөнгийг бэлнээр эмчилгээнд зарцуулахад авсан баримтуудыг гаргаж өгсөн, зарим газраас нь баримт аваагүй тул өөр надад гаргаж өгөх баримт байхгүй.” (хавтаст хэргийн 12-14, 15 дахь тал)    

Насанд хүрээгүй гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Намайг эмээгийнд байж байхад манай найз Ч 2025 оны 06 дугаар сарын 18-ны орой 21 цагийн үед манай гэрт ирсэн. Би Ч-ыг манай ахын машиныг уначих, хоёулаа Хайрхан дэлгүүр ороод ирье гэж хэлсэн. Ч бид хоёрыг Хайрхан дэлгүүрийн гадаа машинтайгаа зогсож байтал Д ах ирсэн. Д ах халамцуу надаас манай 2 эмэгтэй дүүг хүргээд өгөөч гэж гуйсан. Би Ч-ыг явуулчихаад өрөө машинаа бариад, Д ахыг 2 дүүгийнх нь хамтаар машиндаа суулгасан. Би Ш ахын утас руу залгаад машины бензин дуусах гээд байна шатахуун түгээх станц ороод бензин зээлээд өгөөч гэж гуйсан. Ш ах гэрт хүрээд ир гэж хэлсэн. Би "Есөн өрлөг” дэлгүүрийн гадаа ирэхэд Ш ах машинд суугаад Баяндалай явах замын хажууд байдаг Петровис шатахуун түгээх станц орж, бензин авсан. Бензин авчаад Ш ах машин бариад хөдлөх гэж байхад, машины хойд суудал дээр сууж байсан Д ах зөөлөн яваарай лалраа гэж хэлсэн. Ш ах уурлаад, зөөлөн явах, явахгүйгээ би чамаар заалгахгүй гэж хэлээд машинаа замын хажуу талын шороон зам дээр зогсоогоод машинаас буусан. Ш ах машины хойд талын хаалга онгойлгоод Д ахыг буугаад ир, үзье гэж хэлсэн. Би машинаас бууж очоод Ш ахыг яах гээд байгаа юм гэж хэлээд Ш ахыг машиндаа суулгаад Ш ахыг гэрийн гадаа очсон. Ш ах машин дотор Д ахыг маргааш ирж уулзаарай гэж хэлсэн. Тухайн үед Д ахын хоёр талд сууж байсан 2 эмэгтэйгийн нэг Өгийн найз охин нь Д ах хоёр дүүтэйгээ хамт явж байсан болохоор зөөлөн яваарай гэж хэлсэн байлгүй гэж Ш ахад хэлсэн. Ш ах Ө-гийн найз охинтой маргалдаад байх шиг байсан /юу гэж хэлснийг одоо сайн санахгүй байна/. Өгийн найз охин Ш ахыг чи тийм том юм уу, нэрээ хэл гэж хэлсэн. Ш Ө-гийн найз охиныг чи дуугүй, гичий чинь гэж хэлчихээд машинаас буугаад яваад өгсөн. Би Д ахыг 2 эмэгтэй дүүгийнх нь хамтаар гэрийнх нь гадаа буулгачихаад гэртээ очсон. Намайг гэрт байж байхад орой 23 цаг 12 минутад Ө ах миний чат руу орж ирээд, чи миний найз охиныг танихгүй болчихсон уу, тэр Ш-ынхаа гэрийг зааж өг гэж дарамтлаад байхаар нь би фейсбүүк, гэрийн хаягийг зааж өгсөн. Ө ах Ш-ын гэрийг олохгүй байна чи өөрөө хурдан ир гээд байсан. Би ахынхаа машиныг унаж очоод Ө ахыг дагуулаад Ш ахын гэрийн гадаа ирсэн. Ө ах машинаасаа буугаад Ш ахыг хашаа руу яваад орчихсон. Төд удалгүй Ө, Ш ах хоёр хашаанаас гараад ирсэн. Ш ах хашааны гадаа тамхи татаад, Ө ах хоёр юм яриад байсан. Би тухайн үед машиндаа суугаад хараад байж байтал Ө ах гэнэт зангидсан гараараа толгой руу нь хэд хэдэн удаа цохиж авсан. Ш ах газар толгойгоо бариад унасан. Ө ах Ш ахын толгой руу өшиглөж, дээрээс нь дэвсэлж аваад байсан. Ө миний машин дээр ирээд намайг ална шүү, одоо зайл гэж хэлэхээр нь би яваад өгсөн.” (хавтаст хэргийн 19-21 дэх тал)

Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 06 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед ажил тарсан. А үеэл ах Д ахыгаа машинтай явж байна уу, гэрт хүргээд өгөөч гэж утсаар дуудсан. Д ах Б гэх найзтайгаа машинтай ирсэн. Б машины бензин дуусах гээд байна гээд Ш гэх залууг гэрийнх нь ойролцоо зам дагуу аваад Баяндалай орох Петровис шатахуун түгээх станц орсон. Ш өөрөө мөнгө гаргаж Б-ийн машинд бензин хийж өгсөн. Ш Б-ийн машиныг бариад хөдөлсөн. Ш Б-ийн машиныг огцом, огцом дараад байсан. Д ах, А бид гурав машиных нь хойно сууж явсан. Д ах Ш-ад хөөе зөөлөн явчихаач, 2 жоохон охинтойгоо явж байна. Энэ охин /тухайн үед машины хойд талын хоёр цонх онгорхой байсан/ цонхоор гарлаа шүү дээ гэж хэлсэн. А-ын сууж байсан тал руу бүгд шахагдсан. Ш замаас гарч машинаа зогсоож машинаас бууж ирээд, Д ахыг машинаас буугаад ир үзье гэж хэлсэн. Б Ш ахыг болио хоёр дүүдээ санаа нь зовсон юм байгаа биз гэж хэлсэн. Ш Б-ийн өөдөөс та хоёрыг хавсарч ална шүү гэж хэлсэн. Тэгээд Б машинаа бариад цаашаа явсан. Ш замдаа машин дотор хойшоо Д-ын өөдөөс чам шиг бацаан надад заах болоогүй шүү гээд байсан. Б Ш-ыг болио гэж хэлээд гэр рүү нь хүргэх гээд явж байхад замд Ш машины голоор орж ирж Д ахыг зодож авчих гээд байхаар нь А бид хоёр гараараа Ш-ын урдуур хаагаад, А Ша-д одоо больчхооч, хоёр дүүдээ санаа зовсондоо л тэгж хэлээ биз гэж хэлсэн. Ш тэгсэн А бид хоёрыг гичий нар, бацаанууд минь гэж хэлээд Д, А бид гурвын өөдөөс дунд хуруугаа, бэлэн гаргаад байсан. Д ах Ш-ын өөдөөс лалар гэж хэлсэн. Тэгээд Б Ш-ын гэрийн гадаа ирсэн. Ш машинаас буугаад Д-ыг машинаас буугаад ир, үзье гэж хэлээд, Бд маргааш энэ бацааныгаа над дээр авчирч уулзуулаарай гэж хэлээд гэр рүүгээ орсон. Б А, Д бид гурвыг гэрт хүргэж өгөөд гэр рүүгээ явсан.” (хавтаст хэргийн 24-26 дахь тал)

Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тухайн үйл явдал болохоос 30 минутын өмнө манай гэрт Ө найз охин А-ын хамтаар ирсэн. Ө, Ч, А гурав Ч-ийн машинтай, би өөрийнхөө машинтай Ш гэх залуугийн гэрт очсон. Тухайн үед би Ч-ийн машины ар талд машинтайгаа зогссон. Ө, Ш гэх залуутай Ч-ийн машины урд уулзаж байсан. Би машиндаа утсаа ухаад сууж байгаад надад ажил гараад тухайн үйл явдал болохоос өмнө тэр хэдэд хэлээгүй түрүүлээд машинтайгаа яваад өгсөн.” (хавтаст хэргийн 29-30 дахь тал)

Гэрч И.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “О бид хоёр нийтийн байр түрээсэлж хамт амьдардаг. 2025 оны 06 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед Ө гэрт найз охин А-ын хамтаар ирсэн. Ө нэг айлд очих гэсэн юм машинаараа айлд хүргээд өгөөч гэж хэлсэн. Өөр юм хэлээгүй. Би Ө-г найз охин А-ын хамтаар машиндаа суулгаад, О өөрийнхөө машинтай хойноос дагаад явсан. О хаачих гэж байгааг мэдээгүй, дагаад яваад байсан. Ө Гурвансайханд байрлах нэг дэлгүүрийн /нэрийг мэдэхгүй байна/ гадаа зогсоод Ө Б гэх залууг чатаар залгаж дуудсан. Төд удалгүй Б залуу машинтай ирээд Ш гэх залуугийн гэрийг зааж өгсөн. Ө машинаасаа буугаад Ш-ын хашаа руу яваад орсон. Б өөрийнхөө машинд, би А-ын хамтаар өөрийнхөө машинд, О өөрийнхөө машинд сууж байхад 4-5 минутын дараа Ө Ш гэх залууг гэрээс нь дагуулж гарч ирээд, хашааных нь үүдэнд юм яриад зогсоод байсан. Ш тамхи татаад байсан. Ө найз охиноос нь уучлалт гуйх талаар яриад байх шиг байсан. Гэнэт Ө Ш-ыг хөлөөрөө хавирч аваад газар унагаад, дээрээс нь хөлөөрөө 1 удаа өшиглөж авахаар нь А бид хоёр машинаас буугаад Өг салгаад машиндаа суулгасан. Ш газраас босоод гэр рүүгээ орсон.” (хавтаст хэргийн 33-34 дэх тал)

Гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 06 дугаар сарын 18-ны орой /22 цагийн үед байсан байх, цаг хараагүй/ ажлаасаа тарах гэсэн чинь унаагүй болоод Д ахыг утсаар нь дуудсан. Д ах Б гэх залуугийн хамтаар ирсэн. Манай ажлын охин Ц, Д ах бид гурав Б гэх залуугийн машины хойд талын суудал дээр суусан. Б гэх залуу Ш гэх залуугаар машиндаа бензин хийлгэх гээд дэлгүүрийн гадаа /нэрийг мэдэхгүй байна/ очиж авсан. Баяндалай явах замын Петровис шатахуун түгээх станц орж бензин хийсэн. Ш шатахуун түгээх станцаас Бийн машиныг унаад аймар хүчтэй, огцом огцом дараад байхаар нь Д ах Ш гэх залуугийн хойноос чи жоохон зөөлөн яваач, би охин дүүгийнхээ хамтаар явж байна гэж хэлсэн. Ш уурлаад Д хараад, зам дагуу зогсоод, машинаасаа буугаад Д ахыг машинааcaa буугаад ир, үзье гээд байсан. Д ах маргааш болъё гэж хэлсэн. Д ахыг машинаас буулгаагүй, Ш пизда гэж хараагаад байхаар нь би Шын өөдөөс чи болиоч гэж хэлсэн. Ш миний өөдөөс чи хэн юм гичий минь гэж хэлсэн. Б Ш-ыг болио гэж хэлээд гэрийнх нь гадаа буулгасан. Д, Ц бид гурав гэр гэртээ харьсан. Би гэртээ орж ирээд найз банди Өд юу болсон талаараа хэлсэн. Ш гэдэг хүн намайг гичий гэж хэлсэн талаар хэлсэн. Ө уурлаад, Ч, О гэсэн 2 найзыгаа аваад Бэр Ш-ын гэрийг заалгаад очсон. Чийн машинд Ө бид хоёр суугаад, О, Б тус тусдаа машинтайгаа явсан. Ө, О, Ч хоёрт юу болсон талаараа хэлээгүй, нэг хүн дээр очоод ирье гэж хэлээд дагуулаад явсан. Ш-ын гэрийн гадаа очоод Ө хашаа руу нь явж ороод Шыг дагуулаад гараад ирсэн. Тухайн үед Б, О хоёр өөр өөрсдийнхөө машинд сууж байгаад, О яваад өгсөн байсан. Ч бид хоёрыг машинд сууж байхад Ш тамхи татаад, хашааныхаа үүдэнд Ө хоёр зогсож байгаа харагдсан. Машин дотор байсан болохоор юу ярьж байгаа нь сонсогдоогүй. Гэнэт Ө гэнэт Ш-ын толгой хэсэг рүү 1 удаа цохиж автал Ш газар унасан. Ө Ш-ын дээрээс нь 1 удаа өшиглөж авах шиг болохоор нь Ч бид хоёр машинаас буугаад Ө-г салгаад машинд оруулж суулгасан.” (хавтаст хэргийн 37-39 дэх тал)

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 252 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Г.Ш-ын биед тархи доргилт, зулайд шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Г.Ш-ын биед учирсан тархи доргилт, зулайд учирсан шарх гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт, хүзүүний зулгаралт гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй.” (хавтаст хэргийн 53-54 дэх тал)   

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал)

Г.Ш-ын Цагдаагийн газарт бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 7 дахь тал)

Хохирол төлсөн баримтууд (хавтаст хэргийн 86, 89 дэх тал)

Г.Ш, Б.Ө нараас бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 94-95 дахь тал)

Прокурорын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 58 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 102-103 дахь тал)

Прокурорын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай” 58 дугаартай санал (хавтаст хэргийн 104-105 дахь тал).    

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Ө-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.     

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.    

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.Ө нь 2025 оны 06 дугаар сарын 18-ны шөнө 23 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багийн ... тоот хашааны гадаа Г.Ш-тай найз охиныг нь гичий гэж хэлснээс шалтгаалан маргалдаж, улмаар түүнийг гараараа шанаа хэсэгт нь цохиж, хөлөөрөө ташиж унагааж, толгой хэсэг рүү нь хөлөөрөө дэвсэн зодож, тархи доргилт, зулайд шарх, хүзүүнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.          

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Ш-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14, 15 дахь тал), насанд хүрээгүй гэрч Т.Б-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21 дэх тал), гэрч Б.Ц-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-26 дахь тал), гэрч Д.О-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал), гэрч И.Ч-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал), гэрч Т.А-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 37-39 дэх тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 252 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дэх тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал), Г.Ш-ын Цагдаагийн газарт бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 7 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.                                                    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.                                                                        

Шүүгдэгч Б.Ө-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Ш-ын биед тархи доргилт, зулайд шарх бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 252 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дэх тал)-ээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.                

Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Б.Ө, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Ш-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.                

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Ш нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Ө намайг зодсон өдрийнхөө маргааш нь буюу 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 3-4 өдөр надаас уучлалт гуйж, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр эмчилгээний зардалд 1,000,000 төгрөгийг манай ахын данс болох ... дугаартай Хаан банкны данс руу шилжүүлсэн. 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр миний өөрийн ... дугаарын Хаан банкны дансанд дахин эмчилгээний зардалд 500,000 төгрөг шилжүүлж, эмчилгээний зардлыг 100 хувь өгч барагдуулсан тул өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” (хавтаст хэргийн 12-14, 15 дахь тал) гэж мэдүүлж байх ба шүүгдэгч нь хохирогчид 1,500,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь хохирол төлбөр төлсөн баримт (хавтаст хэргийн 84, 86 дахь тал)-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.                 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.              

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч Б.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг танилцуулахад зөвшөөрсөн тул тухайн саналыг батлуулах саналыг гаргаж байна гэх дүгнэлтийг,       

Шүүгдэгч нь дахиж ийм алдаа гаргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, улсын яллагчаас санал болгосон ялыг зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус гаргав.       

Шүүгдэгч Б.Ө-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.        

Шүүх шүүгдэгч Б.Ө-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-д шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Ша-д 1,500,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.    

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Б овгийн Б-ийн Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.        

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-д шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Ша-д 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.              

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.          

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                                                                     

                                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ