Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2018/02940

 

 

 

 

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2018/02940

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 00-р хороо 00 байр 00 тоотод оршин суух Батцэнгэл овогт Э.С /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0-р хороо, 0-р байр 00 тоотод оршин суух, Харчу овогт Б.Б /РД:0000000/-д холбогдох

гэрлэлт цуцлуулж, охин хүү хоёроо өөрийн асрамжинд авч, эцэг Б.Баас тэтгэлэг гаргуулах, Баянзүрх дүүрэг 00р хороо, 00байр 00 тоот 2 өрөө орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.С, нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Б.Бтай 2003 онд танилцаж 2005 онд гэр бүлээ бүртгүүлсэн. Хамт амьдрах хугацаанд 2005 онд охинБ.Н, 2008 онд хүүБ.Э нар төрсөн. Нөхөр маань 2008 оноос эхлээд архийг хэтрүүлэн хэрэглэж, ар гэртээ байнга агсам тавьж гэрийнхээ эд хогшилыг эвдэж байнгын айдас дарамттай амьдарч ирсэн, 7 хоногийн 3-4 өдөр байнга согтуу байж намайг болон үр хүүхдээ байнгын дарамтанд байлгасаар 10 жилийг үзсэн.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд гэрлэлт цуцлуулах өргөдлөө 2016 онд өгсөн боловч Б.Б нь 2 хүүхдээ бодъё архи уухгүй архины эмчилгээнд явна, эхнэр хүүхдээ зовоохгүй гэж уучлалт гуйсан тул шүүхээс нэхэмжлэлээ татан авсан.

Гэтэл улам их архи ууж агсам тавьж, гэр орны эд хогшилоо эвдэж, 2 хүүхдийнхээ нохойг хана руу савж үхлүүт болгож гэрээсээ гаргаж хаясан. Би удаа дараа цагдаа дуудаж байсан 2018 оны 07 сард хутга барьж өөрийгөө ална гэж 2 хүүхдээ сүрдүүлэн намайг зодсон. Манай нөхөр БЗД-ийн Цагдаагийн хэлтэст жижүүрийн ахлахаар ажиллаж байгаад архины асуудлаас болж ажлаасаа гараад 2 жил болж байна.

Ийм байдлаар бид 3 тайван амьдрах боломжгүй байгаа тул бидний гэрлэлтийг цуцлаж, хүү охин хоёрыг миний асрамжинд үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулах орон сууцнаас ногдох хэсгээ гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч бид гэрлэлтээ цуцлуулан, охиноо аавд нь үлдээж, хүүгээ өөрийн асрамжинд авч, хэн аль нь тэтгэлэг авахгүйгээр, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж төлбөрийг тэнцүү хуваан авахаар тохиролцон шүүхийн шатанд эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.

Хариуцагч Б.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Сы гаргасан гэрлэлт цуцлуулах, охин хүү хоёроо өөрийн асрамжинд авч, эцэг Б.Б надаас тэтгэлэг гаргуулах, Баянзүрх дүүрэг 22-р хороо, 106/7 байр 33 тоот 2 өрөө орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт бид доорхи байдлаар эвлэрч байна.

 

Бид гэрлэлтээ цуцлуулан, охиноо би өөрийн асрамжинд үлдээж, хүүгээ ээжийнх нь асрамжинд өгч, хэн аль нь хүүхдийн тэтгэлэг авахгүй, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж төлбөрийг тэнцүү хуваан авахаар тохиролцсон гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.С нь хариуцагч Б.Бд холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хоёр хүүхэддээ тэтгэлэг гаргуулах Баянзүрх дүүрэг 22-р хороо, ХД106/7 байр 33 тоот 2 өрөө орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч зохигчид эвлэрсэн байна.

Нэхэмжлэгч Э.С хариуцагч Б.Б нар нь 2002 оны 11 сарын 14 өдөр гэр бүл болсноо 2005 оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн, гэрлэгчдийн эрх үүргийг үүсгэсэн байх бөгөөд хамтын амьдралтай байхдаа 2005 оны 04 сарын 23-ний өдөр охинБ.Н, 2008 оны 09 сарын 28-ний өдөр хүүБ.Э нарыг тус тус төрүүлж өсгөсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэсний гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.

Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан гэрлэгчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүргээ зохигчдын хэн аль нь биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй байдал, бие, биенээ гэх хайр халамжгүй, эхнэр, нөхрийн дотно харьцаа байхгүй, одоогоор тус тусдаа амьдарч байгаа, гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй, хэн алин нь гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байгаа зэрэг бусад нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээдэг.

Зохигчид нь хүүхдийн асрамж болон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Баянзүрх дүүрэг 22-р хороо, ХД106/7 байр 33 тоот 2 өрөө орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагадаа дараах байдлаар эвлэрсэн байна.

Үүнд: Зохигчид 2005 оны 04 сарын 23-ний өдөр төрсөн охин Б.Нандин-Эрдэнийг эцэг Б.Бын, 2008 оны 09 сарын 28-ний өдөр төрсөн хүүБ.Эийг эх Э.Сы асрамжинд үлдээж, хэн аль нь хүүхдийн тэтгэлэг авахгүй, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Баянзүрх дүүрэг 22-р хороо, ХД106/7 байр 33 тоот 2 өрөө 50,6 мкв Б.Б, Э.С нарын өмчлөлийн орон сууцыг худалдан борлуулж, олсон орлогыг ижил тэнцүү 50% хуваан авахаар тохиролцон зохигчид гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Зохигчид бага насны хүүхдүүд болохБ.Н,Б.Э нарыг эцэг эхийн тус тусын асрамжинд үлдсэн ч 2 хүүхдийг эх, эцэгтэйгээ уулзах эрхийг хэн аль нь хориглох болон хязгаарлахгүй байхыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 156,429 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Сд олгох нь зүйтэй байна.

Хариуцагч Б.Б нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй гэсэн бичгийн хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар нэхэмжлэгч Э.С, хариуцагч Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2005 оны 04 сарын 23-ний өдөр төрсөн охин Б.Нандин-Эрдэнийг эцэг Б.Бын, 2008 оны 09 сарын 28-ний өдөр төрсөн хүүБ.Эийг эх Э.Сы асрамжид тус тус үлдээж, зохигч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Баянзүрх дүүрэг 22-р хороо, ХД106/7 байр 33 тоот 2 өрөө 50,6 мкв Б.Б, Э.С нарын өмчлөлийн Ү2204043921 гэрчилгээтэй орон сууцыг худалдан борлуулж, олсон орлогыг ижил тэнцүү 50% хуваан авахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Э.С, хариуцагч Б.Б нар нь дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд нь хэн алиндаа саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Сы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 156,429 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Сд олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцласан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Галдандагвад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ