Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/41

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмандах, М.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Д.Ч

Иргэдийн төлөөлөгч Б.Ш, Б.Б

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.У

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ж

Иргэний нэхэмжлэгч Ц.Ц  (цахим)

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н

Шүүгдэгч П.М нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Чээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С овогт Пийн Мд холбогдох эрүүгийн 2440000000068 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 19.... оны .... дүгээр сарын ...-ны өдөр Д аймгийн С суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, ............. боловсролтой, .............. мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., Х  аймгийн .... сумын .. дүгээр баг ... дугаар байрны .. тоотод оршин суух, урьд

1.Х аймгийн ........ сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 451 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 451,000 төгрөгөөр торгох ялаар,

2.Х аймгийн ....... сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан ялаас чөлөөлж байсан, хэрэг хариуцах чадвартай, .... овогт .................. (РД: ...........)

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч П.М нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 00 цаг 35 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Бор-Өндөр сумын 1 дүгээр баг, 43 дугаар байрны 28 тоотын үүдэнд О.П-тай маргалдаж, улмаар түүний цээжин тус газарт хайчаар дүрж “цээжний зүүн урд хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний үнхэлцэг хальс, зүрхний урд гадаргуу хэсэг, зүрхний баруун хөндийг гэмтээсэн хатгагдсан шарх, зүрх чихэлдэлт, зүүн ташааны ар хэсгийн гүн хатгагдсан шарх, зүүн шанаа хэсэг, доод эрүүний баруун хэсэг, цээжний баруун урд доод хэсгүүдийн зулгаралт” бүхий гэмтэл учруулж хүнийг алсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч П.М шүүхийн хэлэлцүүлэгт: “…болсон үйл явдлыг санаж байна. Талийгаач покер тоглож байгаад мөнгөө алдаад нэлээн ууртай байсан. Бид нар “М” баар орох гээд гэрээс гарсан. Хайчийг би гэрээс авч гараагүй. Талийгаач хайчийг манай гэрээс аваад гарсан байсан. Талийгаач намайг боосон. Тэгээд хайч гаргаж ирээд ноцолдож байхад дүрсэн. Гэрт байхад талийгаач надаас өшөөгөө авна, чамайг ална, чи намайг зоддог байсан гээд хэрэлдээд байсан. …Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.У шүүхийн хэлэлцүүлэгт: “…маш их гомдолтой байна. Миний хүүг маш онц хэрцгийгээр тамлаж алсан. Шүүх хуралдаанд П.М худлаа ярьж байна. Тэр хайчийг миний хүүг авч гарч ирсэн гэж хэлж байна. Миний хүү тийм зан байхгүй. П.М өөрөө гэрээсээ хайч авч гарч ирээд миний хүүгийн цээжинд дүрсэн. Миний хүү хайч бариад эхлээд дайрсан бол П.М хайчийг нь авч дийлэхгүй. Миний хүү том биетэй. Спортоор хичээллэдэг. П.М үнэнээ хэлж болохгүй байгаа юм байх даа.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: “…маш их гомдолтой байна. Сэтгэл санааны маш их хохирол амсаж байна. Охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэмжийг гаргуулна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

1.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 2-15 хуудас), 

2.Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 19-24 хуудас), 

3.Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 25-29 хуудас), 

 

 

4.Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 34-56 хуудас), 

 

5.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Уийн “... Нөхөр бид хоёр хүүтэйгээ хэрэг гарсан шөнийн урьд орой буюу 2024 оны 10 дугаар сарын 14-ний 16 цагийн орчим байх Хэнтий аймгийн төвөөс хамт ирсэн. Хүү маань ирээд усанд орчхоод ойролцоогоор 19 цагийн орчим гэрээсээ гарсан, гэрээсээ гарахдаа маргааш өглөө эрт 05 цагийн орчим Дундговь аймаг руу ажилдаа явна цуг явах хүнтэйгээ машин ярина бэлдэнэ гэж байсан. Ойр зуурын л юм яриад гарсан. Гэрээсээ гарахдаа архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл гарсан. Ажлынхаа хүний хувцсыг аваад ирнэ гээд л гарсан юм. Үүнээс хойш 21 цаг өнгөрч байхад аав нь өглөө эрт явах юм чинь эртхэн ирж амар гэж ярихад одоохон удахгүй гэж ярьсан гэсэн. Тухайн орой бол хаана хэнтэй яваа талаар нь мэдээгүй асуугаач үгүй юм. Дараа нь утсыг нь харахад М гэж залуу нэлээн олон удаа залгасан байсан. Утсаа авахгүй болохоор нь видео калл хийгээд нийлсэн юм билээ. М гэх залуу нь П.Мын гэрт нь байсан талаар би мэдсэн. Би тодорхой сайн мэдэхгүй ч надаас бол хааяа 10.000, 20.000 төгрөг авдаг байсан надад пс тоглож байна гэдэг байсан. Миний хүү бол архи уухаар нүүр улайж биеэр юм гардаг гэдэг байсан найз нөхөдтэйгөө бол пиво уулаа гээд үнэртүүлээд ирдэг л байсан. Миний хажууд архи тамхи хэрэглэж байгааг хараагүй. Зан ааш бол бусдад их тустай ах дүү, аав ээжийгээ хүндэлдэг, цагаан цайлган сэтгэлтэй спортод их дуртай. Уян зөөлөн зантай хүүхэд байсан юм. Зөөлөн зан нь их сул тал нь боллоо гэж бодож байна. Би бол хүүгээ цээжин тус газартаа бусдад хайчаар дүрүүлж шархаа даахгүй нас барсан гэж бодож байна. Хуулийн дагуу зардлуудыг бол нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, (1-р хх-ийн 65-66 хуудас)

 

6.Гэрч Г.Эийн “... Би өчигдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 14-15 цагийн орчимд Бор-Өндөр сумын 1 баг 43-28 тоотод оршин суух танил ах П.М Ч.Н, Б.М нарын хамт очсон. Бид очихдоо 1 шил 0.75 “экс” архитай очсон. Тэр архийг Ч.Н бид хоёрыг гэртээ дуудаж уулзахдаа авсан байсан. Хаанаас авсныг нь мэдэхгүй байна. Ингээд П.М, Ч.Н Б.М бид хэд хувааж уугаад хэсэг ойр зуурын юм ярьж сууж байгаад архиа дууссан. Үүнээс хойш 17 цагийн орчим Б.М гараад явсан хаашаа явсныг нь би сайн мэдэхгүй байна. Би хэсэг хугацааны дараа буюу 18 цагийн орчим болов уу гарч 0.75 савлагаатай “экс” нэртэй 1 шил архийг ундаатай  45 байрны хойд талд байдаг “Оронж” дэлгүүрээс худалдаж аваад буцаад орж уусан. Биднийг ууж байхад П.М гаднаас орж ирсэн. Бид архиа уугаад сууж байгаад дуусаад би гарч дахин 0.75 “экс” архийг ундааны хамт авчирч уусан. Ингээд 22 цагийн үед болов уу Б.М, талийгаач О.П дагуулаад нэлээн халамцуу орж ирсэн. Тэр хоёр 4 ширхэг байх лаазтай “cass” нэртэй пивотой орж ирсэн. Бид гаднаас ирсэн болон ууж байсан юмаа дуусгаад нэг юм авъя гээд талийгаач О.П гараад 2.4 литрийн савлагаатай “Сэрүүн” нэртэй 1 пиво, 0.75 л савлагаатай 1 “Хараа” архи аваад орж ирсэн юм. Энэ авч ирсэн архи, пивоо бүгд л хувааж ууцгаасан ба цаг нэлээн орой болж байхад талийгаач О.П, П.М нар жаахан, жаахан маргалдаад л байсан. Талийгаач “чи намайг жаахан байхад зодсон, аавыг маань доромжилсон. Түүнээс хойш бараг 20 жил боллоо. Чамаас өшөөгөө авна. “Ална” гээд байсан юм. Ингээд хэрэлдээд нэг хэсэг болсон ба цаг ч нэлээн явсан 01 цаг ер нь дөхөж байсан болов уу гэж бодож байна. Бөөнөөрөө гарч “М” баар оръё гээд ярилцаж байхад Ч.Н, П.М, П.М, талийгаач О.П нар түрүүлээд гэрээс нь гарсан. Энэ үед Б.М том өрөөнд нь унтаад өгөхөөр нь би түүнийг сэрээж хүүхдийг нь харж байгаарай гэж хэлэх гээд сэрээх гэсэн чинь Б.М сэрэхгүй байсан юм. Том өрөөнд нь П.М 6 сартай охин унтаж байсан юм. Ингээд байж байтал гадаа хаалганы үүдэнд П.М, талийгаач О.П нар хэрэлдээд байх шиг болохоор нь би гутлаа гялс өмсөөд гартал П.М талийгаачийн цээжин тус газарт нь хайчаар дүрчихсэн талийгаач үүдэнд дээшээ хараад толгой нь П.М байрны хаалга руу чигтэй хэвтэж байсан. Цээж хавиас нь нэлээн цус гараад П.М цусыг нь дараад байж байсан... гэх мэдүүлэг (1-р хх-ийн 68-69 хуудас),

7.Гэрч Б.Мийн “...Би тухайн өдөр гэрээсээ 12 цагийн үед Эийн хамт гараад Ч.Н ах дуудахаар нь гэр рүү нь очсон. Гэр рүү нь ороход нэг шил “Экс” нэртэй архи гаргаж ирээд ууя гэхээр нь танайд дэмий юм биш үү гэхэд М ах Н ах руу яриад байх шиг байсан. Тэгээд М гэр рүү очихоор болоод бид 3 гэрээс нь 13 цагийн үед гараад очсон. Гэрт нь очиход М охинтойгоо хоёулаа л байсан. Бид 4 авч очсон архийг нь хувааж уусан. Дуусаад Э ах дэлгүүр гараад 1 шил “Экс” нэртэй архи, 2 ундаа аваад орж ирсэн. Тэрийгээ бид 4 хувааж уусан. Би М ахын охиныг хараад байсан болохоор голоор нь ганц 2 татаад л яваад байсан. Би тэгээд 18 цагийн үед гэрээс нь ганцаараа гараад гэр рүү харьж хоолоо идчихээд байж байтал П чатлахад 51 дүгээр байранд байна. Яваад ирээч гэхээр нь очсон. Бид 2 “Дэлгэрнуур” ресторан руу ороод зааланд нь пиво ууж суусан... М ахын гэр рүү явсан. Гэрт очиход бараг 22 цаг болж байсан байх. Гэр рүү нь орохдоо бид 2 дөрвөн ширхэг лааз пивотой орсон. Би ороод том өрөөнд нь унтаад өгсөн. Гэрт нь ороод юу болсон талаар юу ч мэдэхгүй байна. Шөнө буюу 2024 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 02 цагийн үед цагдаа нар ирээд намайг сэрээсэн” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 71-72 хуудас), 

 

8.Гэрч П.Мийн “... Өчигдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 14-ний орой Г.Э намайг 19 цаг өнгөрч байхад 43-28 тоотод хүрээд ир гэхээр нь би тухайн айлд ирсэн намайг ирэхэд П.М Ч.Н, Г.Э нар байсан. Намайг ирэхэд нэлээн уусан бололтой архи нь дууссан байж байсан. Намайг ирснээс хойш Г.Э гарч 0.75 савлагаатай 1 шил экс архи, ундаатай авчирсан. Гаднаас 22 цагийн орчимд байх Б.М, талийгаач О.П хоёр 4 лааз “cass” нэртэй пивотой орж ирсэн. О.П орж ирээд ер нь утсаараа нэг хэсэг тоглоод байсан санагдаж байна. Тэгж байгаад талийгаач О.П П.М хандан “чи намайг жаахан байхад зодсон, аавыг маань доромжилсон түүнээс хойш удлаа” гэх мэтээр маргалдаад байсан. Ингээд бүгд гаръя “М” орох уу гээд гарсан юм. Ч.Н түрүүлээд доошоо буусан. Г.Энь Б.М сэрээх гээд гэрт нь үлдсэн. Би талийгаач болон П.М нарын араас гутлаа өмсөөд гарахад яг хаалганы цаана талийгаач О.П нэг эвгүй дугараад доошоо суугаад өгөхөөр нь би яасан бэ? юу болов оо гэтэл цаана нь байсан П.М надад хандан “би дүрчихсээн дүрчихсэн” гээд доошоогоо шатны завсраар нэг юм шидсэн юм. Тэр үед би хутгалаад хутгаа шидчихлээ л гэж санасан юм. Би шууд талийгаачийн цээжин дээр нь гараараа дараад нөгөө гараараа утсаа гаргаж ирээд түргэн дуудсан. Энэ үед Г.Э дотроос гарч ирсэн байх” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 74-75 хуудас),

 

9.Гэрч Ч.Нийн “... Би тухайн өдөр 13 цагийн үед М, Э нарыг гэр рүү ороод ирээч гээд дуудсан. Тэр хоёрыг орж ирэхээр нь нэг шил “Экс” нэртэй архи гаргасан чинь яг М залгаж таараад бид 3 М гэр рүү явцгаасан. Гэрт нь очоод бид 4 тэр нэг шил архиа хувааж уусан. Архи дуусахаар нь Э гаргаад нэг шил “Экс” нэртэй архи болон 2 ундаатай авчраад уусан. Тэгээд дуусаж байхад М харилаа гээд гараад явсан. Би тэгээд жаахан унтлаа гээд унтаад сэрэхэд М орж ирж байсан. М орж ирэхээр нь Э дэлгүүр лүү яваад “Экс” нэртэй нэг шил архи авчирч бид нар хувааж уусан. 22 цагийн үед П, М 2 гаднаас орж ирсэн. Орж ирээд П, М хамт утсаараа онлайн покер тоглоод байсан... Би аль өдөр ирсэн болохоор харъя гэж бодоод тухайн үед гараад яваад өгсөн” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 77-78 хуудас),

 

10.Гэрч Н.Эын “...Би П.Мын ээжийнх нь төрсөн дүү юм. П.М төрсөн цагаас нь л мэднэ. П.М багаас нь л харсан, зан байдлын хувьд ёстой сайхан сэтгэлтэй хүн, жаахан түргэн ууртай ч уур нь 10 минутын дотор гардаг хүн байгаа юм. Ер нь бол хамт олон найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай 1-10 анги хүртэл онц сурсан хүүхэд юм. Бор-Өндөр сургуулийн 10 жилийн сургуулийг төгссөн. Би тухайн үед Улаанбаатар хотод явсан чинь манай нэг дүү надад ярихдаа П.М ах хэрэгт холбогдоод шалгагдаж байгаа юм шиг байна, 6 сартай хүүхдийг нь салсан эхнэрийнх нь талын хүүхдүүд түр харж байгаа гэнэ та очиж харсан дээр байх гэх утгатай юм ярихаар нь би холбоо барьсан чинь та ирж хүүхдээ аваа би хичээл сургуульдаа явах шарлагатай байна гэсэн тэгэхээр нь би нөхрөө явуулж хүүхдийг нь аваад өөрөө ирснээсээ хойш байнга хүүхдийг нь өөр дээрээ аваад байгаа хүүхэд давгүй байгаа, тэгээд би ээжийг нь дуудаж хүүхдийг нь өгдөг юм уу гэхэд П.М яах юм бэ та л хүүхдийг маань аваад байж бай тэгвэл би сэтгэл амар байна гэсэн. Ингээд бид хоорондоо сайн ярилцаад би хүүхдийг нь харж байхаар болсон яваандаа бүр үрчлээд аваад байж бай гэсэн. Тэгээд ч Хэнтий аймгаас Гэр бүлийн хэлтсийн хүмүүс П.М уулзахад би эгч Н.Э хүүхдээ үрчлүүлнэ гэж хүсэлт бичиж өгсөн гэсэн” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 80-81 хуудас)

 

11.Гэрч Э.Гын “...Би тухайн шөнө хуваарийн дагуу сумын нэгдсэн эмнэлгийн жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхад 43 байранд хүн хутгалуулсан гэх дуудлагын дагуу яаралтай тусламжийн сувилагч Н.Б жолооч Э.Эын хамт очсон. Биднийг очиход 43 байрны 5 давхарт шатны хажууд орцонд эрэгтэй хэвтэж байсан, нэг хүн шархан дээр нь дарсан байдалтай байсан, уг шархадсан хүнийг анх бол сайн таниагүй, шууд тэр дор нь сувилагч цагдаагийн байгууллагад дуудлага өгчхөөд үзлэгээ хийхэд амь хохирогч ухаангүй, артерийн даралт хэмжигдэхгүй, захад пүүлсгүй, амьсгаатай байсан, тэнд бид яаралтай тусламжийн дагуу эмчилгээ хийж эмнэлгийн байгууллага руу тээвэрлэж хүргэсэн, эмнэлэг дээр ирж хүлээн авах дээр сэхээн амьдруулах хийхэд шархаа даалгүй нас барсан, эмнэлэг дээр ирээд 20-30 минут л болсон байх, анх эмнэлэг рүү тээвэрлэж байхад амьсгал зүрх судас нь зогссон ч анхны тусламж үзүүлэхэд нэг удаа сэргээд эмнэлэг орсон юм. Талийгаачийн цээжний зүүн тал хэсэгт хурц ирмэгтэй зүйлээр хатгагдсан шархтай, уг шархнаас цус гарч байгаад тогтсон бололтой байсан. Би эмнэлэг дотроо өмсдөг ул нь хөндлөн хээтэй, хээн дотроо 3 зураастай тавчиктай явсан. Энэ мөр миний мөр мөн байна, би талийгаачид анхны тусламж үзүүлээд эмнэлэг рүү тээвэрлэх явцдаа шатан дээгүүр явсан....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 85-86 хуудас)

 

12.Гэрч Н.Бийн “....Би тухайн шөнө би байгууллагын хуваарийн дагуу сумын нэгдсэн эмнэлгийн ээлжийн сувилагчаар жижүүрт гарч байсан юм. Тухайн шөнө ойролцоогоор 00 цаг өнгөрч байхад би одоо тодорхой санахгүй байна. манай эмнэлгийн жижүүрийн утсанд 96 тай дугаараас эрэгтэй хүн залгаад 43 байрны хойноосоо 2 дох орцны 5 давхарт хүн хутгалууллаа хурдан ирээрэй гэсэн. Г эмч жолооч бид 3 бэлэн байсан учраас хурдан очсон. Биднийг 5 давхарт гүйгээд гарахад нэг эрэгтэй хүн шатны хажууд цээжин тус газартаа мэсний шархтай ухаангүй, даралт пүүлс нь орж ирэхгүй гэхдээ амьсгаатай байсан. Ингээд би цагдаад дуудлага өгчхөөд уян тавьж шингэн сэлбээд эмнэлэг рүү тээвэрлэсэн, тээвэрлэх явцад талийгаач нэг удаа зүрх судас нь зогсоод орж ирсэн, эмнэлэг дээр очоод 20-30 минут л болоод нас барсан, бид яаралтай тусламж үзүүлж, цээж шахах, амбуугаар амьсгалуулах, зэрэг эмчилгээ, эм тариа хийсэн боловч шархаа даалгүй нас барсан” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 88-89 хуудас),

 

13.Түргэн тусламжийн дуудлагын хуудас (1-р хх-ийн 151-152 хуудас)

14.Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч М.Өын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 027 дугаартай “... Амь хохирогч О.Пын шар өнгийн гадуур хүрэм, цэнхэр өнгийн цамцанд зүсэгдтэл, бусад хувцсанд гэмтэлгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн гадуур хүрэм, цэнхэр өнгийн цамцны зүүн энгэр болон зүүн хажуу хэсэгт нийт 4 ширхэг зүсэгдэлтүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  (1-р хх-ийн 157-162 хуудас), 

15.Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч М.Өын 2024 оны 10 дугаар сарын 29-ний  өдрийн 025  дугаартай “... Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан 4 ширхэг гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Уг 4 ширхэг гутлын мөр нь нэг төрлийн мөр байна. Шинжилгээнд ирүүлсэн Э.Гын гутлын улны мөртэй ерөнхий онцлог шинж тэмдгээрээ тохирч байна...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 167-171 хуудас), 

16.Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч М.Өын 2024 оны 10 дугаар сарын 28-ны  өдрийн 023 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлсээс нийт 13 ширхэг гарын мөр илэрсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс дээрээс илэрсэн "1-13" гэж дугаарласан 13 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй байх тул шинжээчээс асуусан бусад асуултад хариулах боломжгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 177-179 хуудас), 

17.Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Ж.Аийн  2024 оны 10 дугаар сарын 29-ний  өдрийн 16  дугаартай “... Талийгаач О.Пын цогцост цээжний зүүн урд хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний үнхэлцэг хальс, зүрхний урд гадаргуу хэсэг, зүрхний баруун хөндийг гэмтээсэн хатгагдсан шарх, зүрх чихэлдэлт, зүүн ташааны ар хэсгийн гүн хатгагдсан шарх, зүүн шанаа хэсэг, доод эрүүний баруун хэсэг, цээжний баруун урд доод хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх цээжний зүүн урд хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний үнхэлцэг хальс, зүрхний урд гадаргуу хэсэг, зүрхний баруун хөндийг гэмтээсэн хатгагдсан шарх, зүрх чихэлдэлт, зүүн ташаан ар хэсгийн гүн хатгагдсан шарх бүхий гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба дээрх цээжний зүүн урд хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний үнхэлцэг хальс, зүрхний урд гадаргуу хэсэг, зүрхний баруун хөндийг гэмтээсэн хатгагдсан шарх, зүрх чихэлдэлт бүхий гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн, үхэлд шууд нөлөөлсөн гэмтэл болно. Талийгаачид шинжилгээгээр үхэлд нөлөөлөх эмгэг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байна. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь цээжний урд хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдсан шархны улмаас зүрх чихэлдэж нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 184-193 хуудас), 

18.Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч М.Өын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 028 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч О.Пын цогцосны гарын дардас гарын хээний нэгдсэн санд байх эзэн холбогдогч нь тогтоогдоогүй гарын мөрүүдтэй тохирохгүй байна....” гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 199-201 хуудас), 

19.Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч М.Ө 2024 оны 10 дугаар сарын 29-ний  өдрийн 026 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн яллагдагч П.М хувцаснууд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн цамцанд 1 ширхэг урагдалт байна. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн цамцны урд хэсэгт 60 мм хэмжээтэй урагдалт байна. (1-р хх-ийн 206-209 хуудас), 

20.Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч М.Ө 2024 оны 10 дугаар сарын 28-ны  өдрийн 024 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хайчнаас гарын мөр илрэхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн хайчнаас гарын мөр илрэхгүй байх тул шинжээчээс асуусан бусад асуултад хариулах боломжгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 214-216 хуудас), 

21.Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Ш 2024 оны 11 дүгээр сарын 11-ний  өдрийн 6106 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хайчин дээрээс цус илэрсэн, биологийн бусад ул мөр илрээгүй. Хайчин дээрх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. О.П ДНХ-ийн тогтцыг тогтоов. Хайчин дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь О.П ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...”  гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 222-225 хуудас)

22.Иргэний нэхэмжлэгч Ц.Цын “...Би амь хохирогч О.П эхнэр байгаа юм. Бид 2019 оноос гэр бүлж 2020 онд охин П.С мэндэлсэн. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан. Би Улаанбаатар хотод оюутан, талийгаач Бор-Өндөр суманд ажиллаж амьдарч байсан учраас бид тусдаа амьдарч байсан. Харин охин П.С манай гэр буюу Х аймгийн Б суманд манай ээж, аав дээр байдаг. Би энэ хэрэгт талийгаач О.П эхнэр мөн түүний охин П.С ээж гэдэг утгаараа нэхэмжлэгчээр оролцож байна. Би энэ хэрэгт П.С тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилж байгаа юм. Охин П.С одоо Х аймгийн Б суманд миний ээж, аав буюу өвөө, эмээ дээрээ амьдарч байна. Миний бие Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа ба манай хадам ээж Н.У намайг болон хохирогчийг төлөөлж оролцоход татгалзах зүйлгүй” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 95-96 хуудас)

23.Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар П.М, Ч.Н, П.М, Б.М, Г.Э нарт шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас (3-р хх-ийн 109-113 хуудас)

24.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 691 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ “1.Хууль ёсны төлөөлөгч Нийн У /РД: ................/-ийн сэтгэцэд 2024 оны 10 сарын 15-ны шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн эмгэгийн шинжүүд илэрч байна. 2.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна. 3.Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” гэх дүгнэлт (3-р хх-ийн 145-147 хуудас),

25.Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, (3-р хх-ийн 232-р хуудас), 

 

26.Гэрч Э.Оийн “... П.М бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй, би охиноо анхнаасаа П.М үлдээнэ гэж тохирсон болохоор би авахгүй,...охиноо П.М эгч Н.Э үрчлүүлэхээр тохирсон байна лээ. Би ч энэ байдлыг хүлээн зөвшөөрч байгаа миний зүгээс татгалзах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, (3-р хх-ийн 237-238-р хуудас),

27.Гэрч Ц.Эийн “... Тэгээд Ж.У, Н.Э нарын бүрдүүлсэн материалыг үзэхэд хуулийн дагуу үрчлүүлэх боломжтой байгаа учраас 2025 оны 05 сарын 28-ны а/137 дугаар Захирамжийн дагуу П.М Аг Ж.У, Н.Э нарын гэр бүлд үрчлүүлэхийг зөвшөөрсөн.” гэх мэдүүлэг, (3-р хх-ийн 240-р хуудас),

28.Гэрч Ж.У “... А бид бүгд зөвлөлдөөд аав ээж нь хүлээн зөвшөөрч ямар нэгэн татгалзах зүйлгүй гээд эхнэр бид хоёрт үрчлүүлэхээ илэрхийлсэн баримт бичгээ сумын ЗДТГ-т гаргаад хуулийн дагуу Засаг дарга захирамж гаргаад овгийг нь солиулж би өөрийн нэр дээр гэрчилгээг нь авсан. Бид хоёр дүүгийнхээ хүүхдийн сайн хүмүүжилтэй сайн хүн болгож төлөвшүүлнэ гэж бодож байна...” гэх мэдүүлэг, (3-р хх-ийн 242-р хуудас),

29.Гэрч Ц.Эс гаргаж өгсөн  сумын Засаг даргын А/137 дугаар “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамж, холбогдох баримтууд, (3-р хх-ийн 245-250, 4-р хх-ийн 1-4-р хуудас)

30.Шүүгдэгч П.Мын согтуурлыг шалгасан баримт (1-р хх-ийн 30-р хуудас)

31.Гэрч Э.Оийн “...Би талийгаач О.Пын найз нь юм. Бид хоёр ангиасаа нэг анги байсан. Манай найз бага байхын хүнд их тустай, байнга инээж явдаг, найз нөхөд анги хамт олон дундаа нэр хүнд сайтай, ээж аав болон ахмад хүнийг их хүндэлдэг, сайхан сэтгэлтэй, спортод дуртай, сагс тоглодог, Бор-Өндөр суманд хөгшин залуу танихгүй хүн байхгүй хүн байсан. О.Пэрүүл ч бай, согтуу ч бай хүнтэй эв найртай ханддаг, ер нь их сайхан сэтгэлтэй, зөөлөн зантай залуу байсан.” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 97-98-р хуудас)

32.Гэрч Э.Ч “...Би талийгаач О.П найз нь юм. Бид 2011 оны үеэс манай ангид шилжиж ирээд түүнээс хойш найз болсон. О.П найз нөхөдтэйгөө их эвтэй,  тусч сайхан харьцаатай, ер нь Бор-Өндөрт танихгүй хүн байхгүй залуу байсан. Сагсан бөмбөг их тоглодог. Тэр талаараа хүмүүсийг их хүрээлүүлдэг хүн байсан. Аав ээждээ их эрх, мөн эцэг эхдээ их тустай залуу байсан.” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 100-101-р хуудас)

33.О.П хувийн байдлыг тогтоосон баримтууд, оршуулгын зардалтай холбоотой баримтууд (2-р хх-ийн 79-142-р хуудас)

34.Гэрч Я.Бын “...П.М ядарсан, дорой хүмүүст их тустай, өрөвч зантай, ер нь хүнд тустай, шударга талдаа зантай, архи, тамхи тохируулан хэрэглэдэг. Ажлын их туршлагатай, хамт олноо болон дарга ахлахуудаа хүндэлдэг, ердөө худлаа ярьдаггүй, за л гэсэн бол заавал хэлсэн ажлаа хийдэг. Урлаг, спортод дуртай, морь сонирхдог. Сүүлд нэг эмэгтэйтэй сууж байгаад тэр нь нэлээн өр ширэнд оруулаад, хүүхэдтэй нь хаяад явсан. Тэрнээс хойш жаахан архи уугаад байх шиг санагдсан.” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 91-92-р хуудас)

35.Гэрч Г.Сийн “...би П.Мыг 10 дугаар ангийг төгсгөсөн ангийн багш нь юм. Манай анги 32 хүүхэд төгссөн. П.Мыг би 9, 10 дугаар ангид нь авсан. П.М дуу муутай, олон үг яриад байдаггүй, томоотой, даруухан хүүхэд байсан. Хичээл сурлагадаа сайн боловч өөрөө сайн мэрийдэггүй байсан байх гэж бодож байна. Ангийнхандаа нэр хүнд сайтай, сагсан бөмбөг тоглодог, 10 дугаар ангид байхдаа хамтлаг дууны төрөлд урлагийн үзлэгт орж Гүнж дууг дуулж 1 дүгээр байранд шалгарч байсан. Олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог. П.Мыг сургуульд сурч байхад ар гэрийн анхаарал халамж дунд зэрэг байсан. Ээж нь хааяа хуралд ирдэг байсан. Хэдэн жилийн өмнө нас барсан гэж сонссон.” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 94-95-р хуудас)

36.П.Мын яллагдагчаар өгсөн “...Би Х аймгийн сумын  баг  байрны  тоотод өөрийн охин  сартай М.А хамт амьдардаг юм. Би өөрөө  үйлдвэрийн харьяа төмөр замын цехэд зүтгүүрийн туслах машинист ажилтай би 2006 оноос хойш У-т ажиллаж байгаа юм. Би ээлжийн ажилд гарах үедээ охиноо заримдаа эгч Н.Э, зарим тохиолдолд өдрийн 40.000 төгрөг төлж танил эгчээрээ хүүхдээ харуулдаг юм. Охины ээж Э.О нь охиныг 5 cap орчимтой байхад нь бид хоёрыг орхиод явсан одоо Улаанбаатар хотод амьдардаг холбоогүй шахуу байдаг. Намайг 2024 оны 10 сарын 14-ны өглөө 10 цагийн орчимд би өөрийн гэр болох Х аймгийн  сумын  баг байрны  тоотод охинтойгоо хамт байхад найз Н ажлаасаа бууж байна нэг юм уух уу гэсэн чинь би охиндоо хоол унд хийж өгч байна завгүй байна гэсэн чинь за за тэгвэл би харилаа гээд тасалсан юм. Тэгээд би охиндоо хоол ундыг нь хийж өгчхөөд байж байтал охин маань 12 цагийн орчим унтаад өгөхөөр нь би найз Н руу залгаад яах гээд байсан юм бэ охин унтчихлаа гэхэд за за яръя гээд утсаа тасалсан. Удалгүй Н манайд Э М хоёрыг дагуулаад 1 шил 0.75 экс архитай орж ирээд хамт ууцгаасан. Удалгүй архи дуусах үед М хаашаа ч юм гараад явсан тэгээд байж байхад М гаднаас орж ирсэн би бол дуудаагүй хэн дуудсан нь мэдээгүй, Энэ үед мөн Г.Э гадагшаа архинд гараад 0.75 л савлаагаатай экс архитай орж ирээд бүгдээрээ хамт ууцгаасан. Ингээд ууцгаагаад ойр зуурын юм яриад сууцгааж байхад ойролцоогоор 22 цаг өнгөрч байхад гаднаас М, талийгаач О.Пыг дагуулаад дугуйтай том чамдам түрээд аль аль нь халамцуухан орж ирсэн. Талийгаач орж ирээд мэнд мэдээд утсаараа покер тоглоод архи хийж өгвөл уучхаад ойр зуурын юм яриад сууцгааж байснаа 00 ороод бие засангаа хэсэг удсан 00-д бас тоглосон байх гэж бодож байна, тэгээд 00-оос гарч ирэхдээ ууртай мөнгөө алдчихлаа пиздаа гээд уурлаж гарч ирээд надад хандан Мөөгий чи намайг жаахан байхад цохиод аавтай минь маргалдсан биз дээ би чамайг алнаа, өшөөгөө авна гэх мэтээр хэдэн хэдэн удаа хэлж, хэл амаар дайраад байсан, энэ үед Г.Э талийгаачид хандан чи М ах руу ингэж болохгүй, тоглож сур л даа алдчихаад уурлах байсан юм бол яахаа тоглоод байгаа юм бэ гэж талийгаачийг нэг хэсэг тайвшруулсан, удалгүй талийгаач дахин би чамайг өнөөдөр алнаа л гээд байсан талийгаачийг тэгж хэллээ гээд муудаж маргалдаагүй, гэхдээ надад бол үнэн голоосоо хэлээд байгаа юм шиг санагдсан би бол айсан, ингээд байж байгаад тэнд байсан хүмүүс "М" баар оръё эн тэр гээд байж байтал талийгаач намайг гэрийн коридорт тавчиктай байж байхад цамцнаас гараараа чирээд үүдээр гараад үүдэнд шатны хөндлөн төмөр дээр шууд намайг шахаад цамцаар маань боож чамайг алнаа өшөөгөө авна гэсэн. Би түүнтэй ноцолдож байгаад боолтыг нь тавиултал талийгаач баруун гартаа хайч бариад дайрсан, би шууд хайчтай гаран дээрээс нь барьж аваад ноцолдсон, ноцолдож байх явцад талийгаачийн бие нь сулраад хамаг юмаа тавиад доошоо унасан, тэгээд харахад талийгаач цээжин дээрээс нь цус гоожиж байсан, нөгөө хайч нь хажууд байхаар нь хөлөөрөө түлхсэн. Хайч хаачсаныг бол мэдэхгүй байна. Би талийгаачийг хараад шоконд ороод халаасаа үзэхэд миний утас халаасанд байгаагүй Энэ үед Мийг эмнэлэг дуудаарай гэсэн, тэгээд буцаж ороод гутлаа /хоромон гутал/ өмсөөд гарч ирсэн. Тэгээд байтал удалгүй эмнэлэг болон цагдаагийнхан ирсэн. Ингээд талийгаачийг яаралтай эмнэлэг авч явах шаардлагатай гэсэн учраас би нацилкны нэг талаас нь барьж буулгалцсан.Тэгээд эмнэлгийн автомашинд оруулж өгөөд цагдаа нартай хамт цагдаагийн хэлтэс дээр ирсэн.

Н бол түрүүлээд буугаад явчихсан байсан. М бол гэрт унтаж байсан, талийгаач бид хоёрыг маргалдаж байхад Э, М нар гарч ирээгүй. Тухайн хайч нь манай гал зуухны хэсэгт гал зуухны шүүгээн дээр ил байсан, ахуйн хэрэгцээнд ашигладаг хайч байсан юм. Манайх гал тогооны өрөөгөө жижиг өрөө болгоод гал зуухаа үүдний баруун тал хэсэгт байрлуулсан байсан юм. Үүдээр гарахад манай гал тогоо бол ойрхон байдаг, тийм учраас би талийгаачийг гарахдаа хайчийг авч гарсан юм болов уу гэж ойлгож байгаа.” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 13-14-р хуудас)

37.Х аймгийн  сумын Засаг даргын тамгын газрын 833 дугаартай “П.М ам бүл”-ийн тодорхойлолт, үйлдвэрийн “П.М цалин”-гийн тодорхойлолт (2-р хх-ийн 86-88-р хуудас)

38.Хохирол төлсөн баримт (4-р хх-ийн 06-07-р хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч П.М нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 00 цаг 35 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Бор-Өндөр сумын 1 дүгээр баг, 43 дугаар байрны 28 тоотын үүдэнд О.Птай маргалдаж, улмаар түүний цээжин тус газарт хайчаар дүрж “цээжний зүүн урд хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний үнхэлцэг хальс, зүрхний урд гадаргуу хэсэг, зүрхний баруун хөндийг гэмтээсэн хатгагдсан шарх, зүрх чихэлдэлт, зүүн ташааны ар хэсгийн гүн хатгагдсан шарх, зүүн шанаа хэсэг, доод эрүүний баруун хэсэг, цээжний баруун урд доод хэсгүүдийн зулгаралт” бүхий гэмтэл учруулж, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 2-15 хуудас), 

-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 19-24 хуудас), 

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 25-29 хуудас), 

-Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 34-56 хуудас ), 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Уийн “...Би бол хүүгээ цээжин тус газартаа бусдад хайчаар дүрүүлж шархаа даахгүй нас барсан гэж бодож байна. Хуулийн дагуу зардлуудыг бол нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, (1-р хх-ийн 65-66 хуудас)

-Гэрч Г.Эийн “...Ч.Н, П.М, П.М, талийгаач О.П нар түрүүлээд гэрээс нь гарсан. Энэ үед Б.М том өрөөнд нь унтаад өгөхөөр нь би түүнийг сэрээж хүүхдийг нь харж байгаарай гэж хэлэх гээд сэрээх гэсэн чинь Б.М сэрэхгүй байсан юм. ...гадаа хаалганы үүдэнд П.М, талийгаач О.П нар хэрэлдээд байх шиг болохоор нь би гутлаа гялс өмсөөд гартал П.М талийгаачийн цээжин тус газарт нь хайчаар дүрчихсэн талийгаач үүдэнд дээшээ хараад толгой нь П.Мын байрны хаалга руу чигтэй хэвтэж байсан. Цээж хавиас нь нэлээн цус гараад П.М цусыг нь дараад байж байсан... гэх мэдүүлэг (1-р хх-ийн 68-69 хуудас),

-Гэрч П.Мийн “...Би талийгаач болон П.М нарын араас гутлаа өмсөөд гарахад яг хаалганы цаана талийгаач О.П нэг эвгүй дугараад доошоо суугаад өгөхөөр нь би яасан бэ? юу болов оо  гэтэл цаана нь  байсан П.М надад хандан “би дүрчихсээн дүрчихсэн” гээд доошоогоо шатны завсраар нэг юм шидсэн юм. Тэр үед би хутгалаад хутгаа шидчихлээ л гэж санасан юм. Би шууд талийгаачийн цээжин дээр нь гараараа дараад нөгөө гараараа утсаа гаргаж ирээд түргэн дуудсан энэ үед Г.Э дотроос гарч ирсэн байх” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 74-75 хуудас),

-Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч М.Өын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 027 дугаартай “... Амь хохирогч О.Пын шар өнгийн гадуур хүрэм, цэнхэр өнгийн цамцанд зүсэгдэлт, бусад хувцсанд гэмтэлгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн гадуур хүрэм, цэнхэр өнгийн цамцны зүүн энгэр болон зүүн хажуу хэсэгт нийт 4 ширхэг зүсэгдэлтүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  (1-р хх-ийн 157-162 хуудас), 

-Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч М.Өын 2024 оны 10 дугаар сарын 29-ний  өдрийн 025  дугаартай “... Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан 4 ширхэг гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Уг 4 ширхэг гутлын мөр нь нэг төрлийн мөр байна. Шинжилгээнд ирүүлсэн Э.Гн гутлын улны мөртэй ерөнхий онцлог шинж тэмдгээрээ тохирч байна...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 167-171 хуудас), 

-Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч М.Өын 2024 оны 10 дугаар сарын 28-ны  өдрийн 023 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлсээс нийт 13 ширхэг гарын мөр илэрсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс дээрээс илэрсэн "1-13" гэж дугаарласан 13 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй байх тул шинжээчээс асуусан бусад асуултад хариулах боломжгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 177-179 хуудас), 

-Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Ж.Агийн  2024 оны 10 дугаар сарын 29-ний  өдрийн 16  дугаартай “... Талийгаач О.П цогцост цээжний зүүн урд хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний үнхэлцэг хальс, зүрхний урд гадаргуу хэсэг, зүрхний баруун хөндийг гэмтээсэн хатгагдсан шарх, зүрх чихэлдэлт, зүүн ташааны ар хэсгийн гүн хатгагдсан шарх, зүүн шанаа хэсэг, доод эрүүний баруун хэсэг, цээжний баруун урд доод хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх цээжний зүүн урд хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний үнхэлцэг хальс, зүрхний урд гадаргуу хэсэг, зүрхний баруун хөндийг гэмтээсэн хатгагдсан шарх, зүрх чихэлдэлт, зүүн ташаан ар хэсгийн гүн хатгагдсан шарх бүхий гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба дээрх цээжний зүүн урд хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний үнхэлцэг хальс, зүрхний урд гадаргуу хэсэг, зүрхний баруун хөндийг гэмтээсэн хатгагдсан шарх, зүрх чихэлдэлт бүхий гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн, үхэлд шууд нөлөөлсөн гэмтэл болно. Талийгаачид шинжилгээгээр үхэлд нөлөөлөх эмгэг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байна. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь цээжний урд хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдсан шархны улмаас зүрх чихэлдэж нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 184-193 хуудас), 

-Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч М.Өын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 028 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч О.Пын цогцосны гарын дардас гарын хээний нэгдсэн санд байх эзэн холбогдогч нь тогтоогдоогүй гарын мөрүүдтэй тохирохгүй байна....” гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 199-201 хуудас), 

-Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч М.Өын 2024 оны 10 дугаар сарын 29-ний  өдрийн 026 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн яллагдагч П.Мын хувцаснууд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн цамцанд 1 ширхэг урагдалт байна. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн цамцны урд хэсэгт 60 мм хэмжээтэй урагдалт байна. (1-р хх-ийн 206-209 хуудас), 

-Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч М.Өын 2024 оны 10 дугаар сарын 28-ны  өдрийн 024 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хайчнаас гарын мөр илрэхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн хайчнаас гарын мөр илрэхгүй байх тул шинжээчээс асуусан бусад асуултад хариулах боломжгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 214-216 хуудас), 

-Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Шын  2024 оны 11 дүгээр сарын 11-ний  өдрийн 6106 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хайчин дээрээс цус илэрсэн, биологийн бусад ул мөр илрээгүй. Хайчин дээрх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. О.Пын ДНХ-ийн тогтцыг тогтоов. Хайчин дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь О.Пын ДНХ-ийн тогтоцтой тохирч...”  гэх шинжээчийн дүгнэлт (1-р хх-ийн 222-225 хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд “Хүнийг алах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

 

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг, гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч П.М нь 2024 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 43 дугаар байрны 28 тоотын үүдэнд амь хохирогч О.Птай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа маргалдаж, улмаар түүний цээжин тус газар хайчаар дүрж, “цээжний зүүн урд хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний үнхэлцэг хальс, зүрхний урд гадаргуу хэсэг, зүрхний баруун хөндийг гэмтээсэн хатгагдсан шарх, зүрх чихэлдэлт, зүүн ташааны ар хэсгийн гүн хатгагдсан шарх, зүүн шанаа хэсэг, доод эрүүний баруун хэсэг, цээжний баруун урд доод хэсгүүдийн зулгаралт” бүхий гэмтэл учруулж,  цус алдаж нас барсан” болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч П.Мын мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон.

 

Амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд нь шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч П.М нь амь хохирогч О.Птай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас маргалдаж, маргаанаа эв зүйгээр шийдвэрлэж чадалгүй, өөрийн идэвхтэй үйлдлээр амь хохирогчийн биед халдаж амь насыг нь хохироосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нийн “…шүүгдэгч П.Мыг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотлоогүй. П.М холбогдох хэргийг ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү.” гэх дүгнэлтийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Уранчимэгийн “…миний хүүг шүүгдэгч П.М зохион байгуулалттайгаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар алсан” гэх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээж авах үндэслэлгүй байна  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

-Гэрч Г.Эийн “...П.М талийгаачийн цээжин тус газарт нь хайчаар дүрчихсэн, талийгаач үүдэнд дээшээ хараад толгой нь П.Мөнх-Одын байрны хаалга руу чигтэй хэвтэж байсан. Цээж хавиас нь нэлээн цус гараад П.М цусыг нь дараад байж байсан... гэх мэдүүлэг (1-р хх-ийн 68-69 тал),

-Гэрч П.Мийн “...Би талийгаач болон П.М нарын араас гутлаа өмсөөд гарахад яг хаалганы цаана талийгаач О.П нэг эвгүй дуугараад доошоо суугаад өгөхөөр нь би яасан бэ? юу болов оо  гэтэл цаана нь  байсан П.М надад хандан “би дүрчихсээн дүрчихсэн” гээд доошоогоо шатны завсраар нэг юм шидсэн юм. Тэр үед би хутгалаад хутгаа шидчихлээ л гэж санасан юм. Би шууд талийгаачийн цээжин дээр нь гараараа дараад нөгөө гараараа утсаа гаргаж ирээд түргэн дуудсан энэ үед Г.Э дотроос гарч ирсэн...” (1-р хх-ийн 74-75 тал) гэх мэдүүлгүүдийг үгүйсгэсэн, няцаасан өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Тухайн гэмт хэрэг гарах цаг хугацаанд амь хохирогч О.П, шүүгдэгч П.Мхоёр байсан, гэмт хэрэг гарсаны дараахан буюу араас нь гэрч П.М, гэрч Г.Э нар цувж гарч ирсэн, шүүгдэгч П.М нь өөрөө “би амь хохирогчийг дүрчихсэн” гэж хэлсэн, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэг, эд мөрийн баримтаар хурааж авсан хайчийг нотлох баримтаар тооцсон, амь хохирогчийн амь насаа алдсан шалтгаан, хэрэгт хамааралтай гаргасан шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч П.Мын “би гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэргээс дүгнэлт хийхэд шүүгдэгч нь хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна.  

 

Иймд шүүгдэгч Пгийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн  дүгнэсэн.

 

Түүнчлэн шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон Б.Ш, Б.Б нар нь “шүүгдэгч П.Мыг гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлт нь шүүх бүрэлдэхүүний хууль зүйн дүгнэлттэй нийцэж байгаа тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосныг дурдах нь зүйтэй.

 

 

 

Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.У нь шүүхийн хэлэлцүүлэгт “…маш их гомдолтой байна. Хохирлын хувьд

1-рт.Талийгаачийг оршуулахтай холбогдсон зардалд 53,305,500 төгрөг гаргуулна.

2-рт.Талийгаачийн цалингийн зээлийн үлдэгдэл 21,237,168 төгрөгийг гаргуулна.

3-рт.Талийгаачийн асрамжид байсан насанд хүрээгүй гэр бүлийн гишүүн болох 4 настай охин С.С 18 нас хүртэл нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг сар бүр 2,125,000 төгрөгийг гаргуулна.

4-рт. Сэтгэл санааны хохирол гэмт хэрэг гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлж, 99,000,000 төгрөгийг гаргуулна” гэжээ.

 

1-рт.Талийгаачийг оршуулахтай холбогдсон зардалд 53,305,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирлын тооцоог хүснэгтээр гаргасан /2-р хх-ийн 248-250/ байх бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй нэхэмжлэлээс дурдвал:

-2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн худалдан авсан бараа бүтээгдэхүүний нийт дүн 1,668,855 төгрөгнөөс хадагны 53,000 төгрөг, зулын тос, буяны багц 250,000 төгрөг, нийт 303,000  төгрөгийн зарлагын падаан нь тамгагүй, /2-р хх-ийн 115, 116 хуу/ 

-2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн худалдан авсан бараа бүтээгдэхүүний нийт дүн 10,189,163 төгрөгнөөс зэд 2,400,000 төгрөг, хадаг 45,000 төгрөг, идээ 150,000 төгрөг, бараа 22,500 төгрөг, цай 187,500 төгрөг, хүнс 1,891,600 төгрөг, зэд 2,273,500 төгрөг, зэд 303,600 төгрөг, буяны зүйлс 352,000 төгрөг, нийт 7,625,700 төгрөгийн зарлагын падаанууд тамгагүй /2-р хх-ийн 119-122 хуу/

-2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр худалдан авсан бараа бүтээгдэхүүний нийт дүн 1,617,730 төгрөгнөөс дээлийн өнгө, хадагны 448,300 төгрөгийн нэхэмжлэл нь огт баримтгүй /2-р хх-ийн 125 хуу/

-2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр худалдан авсан бараа бүтээгдэхүүний нийт дүн 4,581,750  төгрөгнөөс хүнсний 3,440,000 төгрөгийн зарлагын падаан тамгагүй, /2-р хх-ийн 129 хуу/

-2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр худалдан авсан бараа бүтээгдэхүүний нийт дүн 584,362 төгрөгнөөс цагаан идээний 143,800 төгрөгийн тооцооны хуудас нь тамгагүй /2-р хх-ийн 132 хуу/

-2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр худалдан авсан бараа бүтээгдэхүүний нийт дүн 18,669,300 төгрөгнөөс жагсаалтын 5 дахь мөр буюу уншуулсан ном Төв гандан 209,000 төгрөгнөөс бензин 250,000 төгрөг хүртэл /22 мөр/ нийт 10,511,300 төгрөгийн нэхэмжлэл болон 1,216,060 төгрөгийн нэхэмжлэл огт баримтгүй байна.

 

Нотлох баримтын шаардлага хангаж буй 29,616,534 төгрөгний нэхэмжлэлээс шүүгдэгч П.М 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 25,000,000  /4-р хх-ийн 07 хуу/ төгрөгийг хасч 4,616,534 төгрөгийг шүүгдэгч П.Мс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.У олгохоор шийдвэрлэв.

 

Зөрүү 23,688,966 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зардал 5 сая төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагдаагүй тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

2-рт.Талийгаачийн цалингийн зээлийн үлдэгдэл 21,237,168 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Амь хохирогчийн банктай зээлийн гэрээ байгуулж авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг энэ гэмт хэргийн шууд хохирол, энэхүү гэмт хэрэгтэй шууд холбоотой гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Амь хохирогчийн бусадтай байгуулсан зээлийн гэрээ нь иргэний эрх зүйн харилцааны шинжтэй, нэхэмжлэгч этгээд нь зээлдүүлэгч байх учиртай.

Иймд амь хохирогчийн цалингийн зээлийн үлдэгдэл 21,237,168 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

3-рт.Талийгаачийн асрамжид байсан насанд хүрээгүй гэр бүлийн гишүүн болох 4 настай охин П.С 18 нас хүртэл нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү сар бүр 2,125,000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:

Хэрэгт амь хохирогчийн цалингийн тодорхойлолтоос өөр нотлох баримт авагдаагүй байна. (2-р хх-ийн 235-р хуудас)

Тодруулбал: Насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг тогтооход шаардагдахуйц нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Өөрөөр хэлбэл, амь хохирогчийн ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа, тодорхойлолт зэрэг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул 4 настай охин П.С 18 нас хүртэл нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү сар бүр 2,125,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөн иргэний нэхэмжлэгч Ц.Ц нь нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэлээ.

4-рт. Сэтгэл санааны хохирол гэмт хэрэг гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлж, 99,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:

 

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж заасан.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршиг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирол, цаашид гарч болох сэтгэцийн хохирол зэргийг харгалзаж, сэтгэцийн хохирлыг гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг буюу гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч П.Моос оршуулгын зардлын 4,616,534 (дөрвөн сая зургаан зуун арван зургаан мянган таван зуун гучин дөрвөн) төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохиролд 99,000,000 (ерэн есөн сая) төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.У олгож,   тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон оршуулгын зардал 23,688,966 төгрөгийн нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй орхиж, цалингийн зээлийн үлдэгдэл 21,237,168 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч Д.Ч нь: “Шүүгдэгч П.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хорих ял оногдуулах саналтай байна. Түүний эдлэх ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх, цагдан хоригдсон 72 хоногийг эдлэх ялд оруулан тооцох, бусдад төлөх төлбөртэй, шүүгдэгч П.М нь энэ хэрэгтээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зардалгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хайч бусад зүйлийг устгуулах саналтай байна” гэх ялын дүгнэлтийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н нь: “Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг сонслоо. Шүүгдэгч П.Мнь энэ хэрэгтээ маш их гэмшиж байгаа. …8-15 жилийн хорих ял оногдуулах санкцтай байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хамгийн доод хэмжээ буюу 8 жилийн хорих ял оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.”, 

мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” 

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч П.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 (арван нэгэн) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч П.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг эдлүүлэхдээ шүүгдэгч П.М нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М цагдан хоригдсон 72 (далан хоёр) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан хорих ялын доод хэмжээ буюу 8 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт, улсын яллагч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан 15 жилийн хорих ял оногдуулах санал, хүсэлт зэргийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

 

Учир нь: Шүүгдэгч П.М гэм буруутай үйлдлийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирч, нөхөж баршгүй хүнд хор уршиг учирсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн маш их гомдолтой гэх мэдүүлэг, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, сэдэлт, санаа зорилго, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчмыг үндэслэл болгон 11 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн 2440000000068 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Хар бариултай хайч 1 ширхэг, “arkhi” гэсэн бичиглэлтэй 0.75 архины шил 2 ширхэг, “Хараа” гэсэн бичиглэлтэй 0.75 архины шил 1 ширхэг, cass гэсэн бичиглэлтэй пивоны лааз 4 ширхэг, “Сэрүүн” гэсэн бичиглэлтэй 2.4 литрийн савлагаатай пивоны сав 1 ширхэг,  хар өнгийн цамц-1 ширхэг, хар өнгийн өмд 1ширхэг, урт түрийтэй гутал, шар өнгийн малгайтай куртик, хар өнгийн өмд, хагас ханцуйтай цэнхэр өнгийн фудволк” зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, мөн хэргийн газрын үзлэгт хавсаргасан бичлэг бүхий “cd”-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч .....овогт Пийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч ........ овогт Пийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 (арван нэгэн) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мд оногдуулсан 11 (арван нэгэн) жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мын цагдан хоригдсон нийт 72 (далан хоёр) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Моос оршуулгын зардалд 4,616,534 (дөрвөн сая зургаан зуун арван зургаан мянган таван зуун гучин дөрвөн) төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохиролд 99,000,000 (ерэн есөн сая) төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.У олгосугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон оршуулгын зардал 23,688,966 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй ориж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж, цалингийн зээлийн үлдэгдэл 21,237,168 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Хар бариултай 15 см ажлын хэсэгтэй, 26.5 см урттай хайч 1 ширхэг, “arkhi” гэсэн бичиглэлтэй 0.75 архины шил 2 ширхэг, “Хараа” гэсэн бичиглэлтэй 0.75 архины шил 1 ширхэг, cass гэсэн бичиглэлтэй пивоны лааз 4 ширхэг, “Сэрүүн” гэсэн бичиглэлтэй 2.4 литрийн савлагаатай пивоны сав 1 ширхэг,  хар өнгийн цамц-1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, урт түрийтэй гутал, шар өнгийн малгайтай куртик, хар өнгийн өмд, хагас ханцуйтай цэнхэр өнгийн фудволк” зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгасугай.

 

8.Эрүүгийн 2440000000068 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хэргийн газрын үзлэгт хавсаргасан бичлэг бүхий “cd”-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9.Шүүгдэгч П.М урьд авсан “хувийн баталгаа гаргах” болон “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, ял эдлэх хугацааг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

   10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

   11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

  12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 

         ШҮҮГЧИД                                     Т.ЭНХМАНДАХ

         

                                    М.ЭНХМАНДАХ