| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/1238/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1577 |
| Огноо | 2025-06-12 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1577
2025 06 12 2025/ШЦТ/1577
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Р-д холбогдох эрүүгийн “2503001180373” дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Р нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 2503001180373 дугаартай хэргээс:
Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан ...Жолооч Б.Р нь драйгер багаж ашиглан шалгахад 2.05 хувь тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо... гэх тэмдэглэл /хх-н 03-04/
Баталгаажуулалт хийсэн... спиртийн 2.05хувь... гэх баримт /хх-07/
Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа / 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр эрх хасагдсан гэх /хх-40 хуудас/,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 562 дугаартай шийтгэх тогтоол /хх-28-33 хуудас/,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1465 дугаартай шийтгэвэр /xx-36-38 хуудас/,
Шүүгдэгч Б.Р-ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 25, 39-56/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
1. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Б.Р нь 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан байхдаа Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо Дамбадаржаагийн замд 2025 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 09 цаг 00 минутын үед дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэж "Toyota Prius" маркийн ...... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол усын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан ...Жолооч Б.Р нь драйгер багаж ашиглан шалгахад 2.05 хувь тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо... гэх тэмдэглэл, /хх-н 03-04/
Баталгаажуулалт хийсэн... спиртийн 2.05хувь... гэх баримт /хх-07/
Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа / 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр эрх хасагдсан гэх /хх-40 хуудас/,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 562 дугаартай шийтгэх тогтоол, /хх-28-33 хуудас/,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1465 дугаартай шийтгэвэр /xx-36-38 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулж улмаар уг зүйлийн 5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол уг үйлдлийг эрүүжүүлж эрх хасах болон үндсэн 4 төрлийн ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тухайн үйлдэл нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр нотлогдон тогтоогдож зөрчлийн болон эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн эрх хасах ял дуусаагүй байх хугацаанд дахин дээрх үйлдлийг гаргасан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцогдож эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болсон.
Иймд шүүгдэгч Б.Р-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Р-д ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, энэ хорих ял дээр урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 562 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 7 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 1 сар 17 хоногийн хорих ялаар дүйцүүлэн нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 17 /арван долоо/ хоног хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувьд 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 2,40 хувийн согтолтын зэрэгтэй, 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 1,70 хувийн согтолтын зэрэгтэй, 2025 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 2,05 хувийн согтолтын зэрэгтэй байгаа нь олон давтамжтай, согтолтын хүнд зэргүүдтэй байгааг илтгэж байгаа ба шүүгдэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцдог дадал зуршилтай зэргээрээ олон нийт, бусад хүн, хуулийн этгээдийн амь нас, эрх, эрх чөлөөнд бодитой аюул учруулахуйц үйлдлүүдийг удаа дараа гаргасныг харгалзан түүнд хорих ялыг сонгон оногдуулах нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Р нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 562 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жилийн хугацаагаар эрх хасах ялаар шийтгүүлсэн ба уг ялаас 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 1550 хоногийн үлдэгдэлтэй болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 04-Е/10885 дугаартай албан бичгээр тогтоогдож байгаа бөгөөд 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар тооцож үзэхэд 1522 хоног эрх хасах ялын үлдэгдэлтэй байна.
Хэдийгээр Эрүүгийн хуульд эрх хасах ялыг нэмж нэгтгэх нарийвчилсан зохицуулалт байхгүй ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна, нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсний дагуу өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн эрх хасах ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах ялыг нэмж нэгтгэх нь шударга ёсны зарчимд нийцэхээс гадна шүүгдэгчийг ял завшихаас сэргийлэх ач холбогдолтой.
Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 562 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жилийн хугацаагаар эрх хасах ялаар шийтгүүлснээс 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 1522 хоног тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар эрх хасах ялыг нэмж нэгтгэх биечлэн эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг 2 жил 1522 хоногоор тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Р-д оногдуулсан эрх хасах ялыг, хорих ялаа эдэлж дуусан үеэс тооцож, хяналт тавиулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Р-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн цагдан хорьж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б.Р-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Р-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 562 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 7 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялын 1 жил 1 сар 17 хоногийн хугацаагаар дүйцүүлэн энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 17 /арван долоо/ хоног хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Р-д оногдуулсан 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 17 /арван долоо/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 562 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 1522 хоног тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэмжээг 2 жил 1522 хоногоор тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Р-д оногдуулсан эрх хасах ялыг, хорих ял эдлэж дууссан үеэс тооцуулж, хяналт тавиулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Б.Р-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Р-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР