Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 154/ШЗ2021/00716

 

 ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймгийн сумын харъяат, 1974 оны 01 дүгээр сарын 09-нд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-8, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын багт оршин суух, /РД:/ ******* овогт *******н *******ын нэхэмжлэлтэй ,

Хариуцагч: ******* аймгийн сумын харъяат, 1995 оны 08 дугаар сарын 12-нд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын  багт оршин суух, /РД:/ овогт *******ы *******д холбогдох бусдын эзэмшил ашиглалтанд байгаа газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ж.*******, түүний өмгөөлөгч Б.Хосбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 1997 оноос хойш сумын багт байрлах Удганы өвөлжөө, хаваржааг эзэмшиж ирсэн. Урьд нь эзэмшиж байсан хүмүүс манай эхнэрийн хамаатны хүмүүс байж байгаад хот шилжихдээ чи эзэмш гээд надад үлдээсэн. Тухайн үед манайх Улаан хадын заставд өвөлждөг байсан. Одоо сүүлийн жилүүдэд эхнэр бид хоёр нүүдэл суудал хийх хүч чадал муудаж Удганы өвөлжөө, хаваржаагаа эзэмшин нутаглах гэтэл 2016 оноос хойш ******* түүний ээж нар эзэмшинэ гэж булаацалдаад байна. Урд нь 2016 онд багийн хурал хийгээд манайд эзэмшүүлэхээр шийдвэр гарсан юм. Надад газар эзэмших эрхийн гэрчилгээ байгаа, ноднин энэ залууг би өвөлжүүлсэн. Энэ жил ******* өвөлжөөгүй, ээж нь ирж буусан байгаа, энэ хашаа хүн ашиглах боломжгүй байхад нь би хөлсний трактороор малтаж янзалж авсан. 2020 онд багийн хурал болоход надад эзэмшүүлэхээр шийдсэн. Тэр хурал дээр ******* хүлээн зөвшөөрсөн. Энэ өвөлжөө, хаваржаа манай хадам талын эцэг өвөгдөөс үе дамжин амьдарч ирсэн газар юм. Намайг багийн хурлыг ах дүү нарын хүрээнд хийж өөрийн нэр дээр гэрчилгээ бичүүлж авсан гэж доромжилсон. ******* худаг эзэмшиж малаа услахаар авсан гэрчилгээ гэсэн. Би газрын даамлыг дуудаж энэ айлыг нүүлгэж өг гэхэд газрын даамал ирж тухайн гэрчилгээг авсан. Дулмаа гэдэг хүн эзэмшиж байсан юм. Дулмаа гэдэг хүний хүүхэд нь надад өгсөн. Тэр хугацаа дууссан гэрчилгээг газрын даамал авсан. Би гэрчилгээг 2019 онд авсан гэв.

Хариуцагч Ж.******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анх би 2016 оноос хойш энэ газрыг эзэмшиж байсан. *******ынх ноднин хавар энэ бууринаас манайхыг хөөсөн. Надад гэрчилгээ байсан. Тэр гэрчилгээг Жавхланбаяр гэдэг хүн авч явахад буцааж авъя гэхээр өгөхгүй байгаа, 2012 онд эзэмшиж байсан гэрчилгээ, би 2016 оноос хойш эзэмшиж байсан. Одоо надад албан ёсоор газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй. Би 2012 онд гэрчилгээг Түмэндэмбэрэл гэдэг хүнээс авсан. Би тухайн өвөлжөө, хаваржаа дээр 2016 оноос хойш өвөлжиж, хаваржиж байсан. Надад энэ өвөлжөө, хаваржааг эзэмшдэг болохыг нотлосон баримт байхгүй.

Өмгөөлөгч Б.Хосбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн газрын хувьд яг хэнийх гэдгийг тогтоох боломжгүй. Хэрэгт авагдсан гэрчилгээ нь Засаг даргын захирамжтай хамт ирээгүй, иргэдийн хурлаар санал оруулах ёстой байсан. 2012 оноос эзэмшиж байсан. Дулмаа гэдэг хүн эзэмших эрхээ *******ий ээжид шилжүүлсэн байсан. Сонсох ажиллагаа явуулахгүйгээр гэрчилгээ олгосон байсан. Иймээс газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар урьдчилан шийдвэрлэх боломжтой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ж.*******д холбогдуулан ******* аймгийн сумын багт байрлах Удганы орой гэх газрыг өвөлжөөний зориулалтаар, Удганы бөгс гэх газрыг хаваржааны зориулалтаар эзэмшдэг болохыг тогтоолгох, тухайн өвөлжаа, хаваржааны газрыг Ж.*******ий хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд газартай холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх тухай зохицуулсан ба 60.1.2-т газар эзэмших, ашиглах талаар иргэдийн аж ахуйн нэгж байгууллагын хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд мөн хуулийн 60.2-т иргэн аж ахуйн байгууллага газартай холбогдож үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.3-т заасан байгууллага албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргаан шүүхээр шийдвэрлүүлж болохоор хуульчилсан байна. Нэхэмжлэгч нь уг маргааныг шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн байх ба шүүхээс уг журмыг хэрэглэх боломжтой гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Б.*******ын өвөлжөө, хаваржааны газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар Б.*******ын нэхэмжлэлтэй Ж.*******д холбогдох бусдын эзэмшил ашиглалтанд байгаа газрыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ